Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

          УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүргийн .................. тоот хаягт оршин суух М овогт О.Э /000000000/

 

нэхэмжлэгч- Баянгол дүүргийн ............ тоот хаягт оршин суух М овогт О.Э /00000000/

 

нэхэмжлэгч- Баянгол дүүргийн ............ тоот хаягт оршин суух Н овогт Т.Т /00000000/

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүргийн ............. тоот хаягт оршин суух М овогт Х.Д /00000000/

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүргийн ............ тоот хаягт оршин суух Ө овогт Б.У /00000000/

 

хариуцагч- Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт оршин суух Д овогт Х.Э /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 5 281 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э, Х.Д, Т.Т, Б.У, О.Э нар нь Х.Э-од холбогдуулан гэм хорын хохирол, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 5 281 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020.08.10-ны өдөр шөнийн 22.35 цагийн үед приус 20 маркийн 0000 ААА улсын дугаартай суудлын автомашинаар Хан-Уул дүүргийн .......... замд урдаас хойш чиглэлд явж байх үед зам дээр гэнэт унага гарч ирсэн тул миний бие зайлшгүй зогсолт хийн зогсож байх үед ард талаас иргэн Х.Э Митцубиши маркийн 0000 ААА улсын дугаарын автомашинаар урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг баримталж явалгүйгээр шууд мөргөж зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаагийн албанд дуудлага өгч зөрчил гаргасан газарт үзлэг, хэмжилт хийж иргэн Х.Э-ын буруутай нь тогтоогдож зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан байгаагаас хариуцагчийн гэм хор учруулсан байгаа нь харагдана. Түүний энэ буруутай үйлдлийн улмаас О.Э-ийн өмчлөлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд миний бие болон хамт зорчиж явсан 3 зорчигч буюу нэхэмжлэгч Б.У, Т.Т, Х.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Автомашины үнэлгээг Т ХХК-иар хийлгэхэд 2 785 000 төгрөг, И-иар оношилгоо хийлгэхэд гарсан төлбөр 75 000 төгрөг болсон бөгөөд Х.Э нь зөвхөн Н даатгалаас 2 785 000 төгрөг гаргуулан төлж, үнэлгээ болон оношилгоо хийлгэсний төлбөр болох 197 000 төгрөгийг өөрийн зүгээс төлж барагдуулсан ч гэсэн машин маань бүрэн засагдаагүй, ослоос өмнөх хэвийн байдалдаа эргэж очоогүй тул өөрийн зүгээс 730 000 төгрөгийг гарган засвар, үйлчилгээ хийлгэсэн бөгөөд энэ талаар бид ярьж тохиролцон Х.Э нь учирсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ хэлж тохиролцсон. Гэвч Х.Э-ын хүүхдүүд машинд учруулсан хохирлоос бусдыг төлөхөөс эрс татгалзан саад хийж төлүүлэхгүй байгаагаар зогсохгүй ослын улмаас зорчигчдын хийлгэсэн эмчилгээний төлбөрийг төлөхгүй гэсэн. Ахин 2020.09.28-ны өдөр Х.Э хохирлын үнийн дүнг тохиролцох санал тавихад татгалзсан. Иймд хариуцагч Х.Э-оос О.Э-ийн машинд учруулсан хохирлын үлдэгдэл 730 000 төгрөг, 2020.08.12-ны өдрөөс 2020.08.21 хүртэлх хугацааны нэхэмжлэгчдийн олох ёстой байсан орлого болох 7 хоногийн ажлын хөлс нэхэмжлэгч Х.Д 636 000 төгрөг эмчилгээний зардал 1 252 400 төгрөгийн хамт нийт 1 888 400, О.Э цалин 318 000 төгрөг, эмчилгээний зардал 699 700, нийт 1 099 700 төгрөг, Б.У цалин 397 000 төгрөг, эмчилгээний зардал 699 700 төгрөг, нийт 1 099 700 төгрөг, Т.Т цалин 381 000 төгрөг, эмчилгээний зардал 699 700 төгрөг, нийт 1 099 700 тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Одоо цалинд холбогдох 1 732 000 төгрөгөөс татгалзаж, автомашины хохирлын үлдэгдэл төлбөр 730 000 төгрөг, эмчилгээний зардал 4 551 500 төгрөг гаруулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл, түүний шаардлага нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт 2020.08.10-ны өдөр шөнийн 22.35 цагийн үед приус 20 маркийн 0000 ААА улсын дугаартай суудлын автомашинаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны ............. замд урдаас хойш чиглэлд явж байх үед зам дээр гэнэт унага гарч ирсэн тул миний бие зайлшгүй зогсолт хийн зогсож байх үед гэж нь бодит байдалтай нийцэхгүй буюу үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Уг осол гарах шалтгаан нь зогсолт хийсэн автомашиныг мөргөсөн мэтээр төөрөгдүүлж бичсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд О.Э нь приус 20 маркийн 0000 ААА улсын дугаартай суудлын автомашинаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ............. замд урдаас хойш чиглэлд явж байх үед зам дээр гэнэт гарч ирсэн адууг зогсолт хийж амжилгүй хүчтэй мөргөсний улмаас Замын хөДий аюулгүй байдлын тухай хуулийн 31.6-д заасан зам тээврийн осол гарсан болно. О.Э нь шударга иргэний хувиар адууны эзнийг олж гэм хорыг арилгавал зохилтой байтал шударга бус нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт энэ буруутай үйлдлийн улмаас О.Э-ийн өмчлөлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд миний бие болон хамт зорчиж явсан 3 зорчигч буюу нэхэмжлэгч Б.У, Т.Т, Х.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэжээ уг хохирол, гэмтэл нь дан ганц Х.Э-ын буруутай үйлдлээс үү эсхүл адуу мөргөснөөс үүссэн хохирол, гэмтэл үү гэдгийг ялгаж, тусгаарлан шинжилсэн хариу биш юм. Мөн нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Х.Э нь учирсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ хэлж тохиролцсон гэжээ. Иргэн Х.Э нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл Жолоочийн хүлээх үүргийн 13.1.1-т заасан жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх, 13.1.2-т заасан даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах үүргээ биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн болно. Тохиролцох гэдэг бол 2 талын харилцан ойлголцол байдаг. Түүнээс автомашины үнийг зах зээлийн ханшаар буюу орж ирсэн гаальтай автомашин авч өг гэсэн дарамт шахалтыг хэлэхгүй. Нэхэмжлэгч хохирол төлбөр зөвхөн 2 785 000 төгрөг авсан мэтээр дурджээ. Гэтэл Н даатгалийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн шийдвэр №2005140419-д Хохирлын үнэлгээ: Т ХХК-ийн үнэлгээгээр 2 785 000 төгрөг, О.Э гэмтсэн эмнэлэг эмчилгээний зардал 274 600 төгрөг 100 хувь бүрэн олгов, даатгалын үнэлгээ 5 000 000 төгрөг гэсэн утга бүхий тодорхой мэдээллүүд дурдагдсан байгаа нь тухайн үед баримтаа аргаж өгсөн бол 5 000 000 төгрөг хүртэл хэмжээний хохирлыг гаргуулах боломжтой байсныг харуулж байна. Харин жолооч О.Э-ыг тухайн даатгалын компани дээр очоод ахин хохирол, төлбөртэй холбоотой баримт байвал авчирч өгөх 1 хоногийн хугацаа олгосон байтал Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл Жолоочийн хүлээх үүргийн 13.1.3-т заасан даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх, мөн хуулийн 14 дүгээр зүйл Хохирогчийн хүлээх үүргийн 14.2-т заасан Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байгаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Мөн хэрэг үүссэнээс хойш ажилтай байна, ажлын байраа орхиж болохгүй байна гэх зэргээр цаг хугацаа алдуулж байсан, бид ажлын байрны ойролцоо газарт цайны цагаар нь уулзаж байсан, нэхэмжлэгч нар ээлжээр гардаг тул амралтын өдрийг тааруулж даатгал, цагдаагийн газар очиж байсан зэргээс харвал О.Э нарт чөлөө авсан, цалин хасуулсан тухай ойлголт байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь бодит байдлаас илт зөрүүтэй худал, хавсаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Эмчилгээ хийлгэсэн гэх төлбөрийн баримтууд нь ибаримтаар баталгаажаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд тархи доргилттой гэсэн оношийн дагуу бариа эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь нотлогдохгүй байна. Мөн Х.Э нь Цагдаагийн байгууллага, үнэлгээний компани зэрэг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хохирлын баримтын хүрээнд даатгалын компаниар дамжуулан холбогдох бүх хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, 2020.08.21-ний өдрийн 9506, 9508 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2020.08.20-ны өдрийн 9570 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2020.08.21-ний өдрийн 9507 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, М даатгалын Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 2020.08.12-ны өдрийн Кассын орлогын ордер, И дүгнэлт, фото зураг, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2020.08.27-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020.08.13-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Т ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, фото зургууд, 2020.10.01-ний өдрийн 275 дугаартай итгэмжлэл, 2020.09.27-ны өдрийн 129 дугаартай итгэмжлэл, 2020.09.25-ны өдрийн итгэмжлэл, чөлөөний хуудсууд, 2020.09.21-ний өдрийн 72, 75, 73, 74 дугаартай Р сентр ХХК-ийн тодорхойлолт, 2020.08.13-ны өдрийн зарлагын баримт, 2020.08.12-ны өдрийн зарлагын баримт, 2020.08.18-ны өдрийн зарлагын баримт, 2020.08.12-ны өдрийн зарлагын баримт, 2020.10.01-ний өдрийн Р ХХК-ийн тодорхойлолт, У эмнэлэгийн бичиг, НӨАТ-ын баримтууд, зарлагын баримтууд, Баталгааны хуудас, С ХХК Н томографийн оношилгоо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографиуд, 2021.02.02-ны өдрийн 60 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-60, 77 ху/

 

Хариуцагчаас: 2020.10.16-ны өдрийн 829 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 67 ху/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н даатгал ХХК-иас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн шийдвэр, 2020.09.01-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Р ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8 дугаар сарын тайлан, Р ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, О.Э-ын нийгмийн даатгалын дэвтэр, Т.Т-гийн нийгмийн даатгалын дэвтэр, Х.Д-ийн нийгмийн даатгалын дэвтэр, Б.У-гийн нийгмийн даатгалын дэвтэр, Р ХХК-ийн 2021.09.28-ны өдрийн албан тодорхойлолт, Р төвийн 2020 оны 8 дугаар сарын ажилчдын цаг бүртгэлийн тайлан, Р ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна /хх 99-110, 122-131 ху/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.Э автомашинд учирсан хохирол 730 000 төгрөг, нэхэмжлэгч О.Э, Х.Д, Т.Т, Б.У нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон цалинд 6 213 158 төгрөг, нийт 6 943 158 төгрөгийг хариуцагч Х.Э-оос гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч О.Э, Х.Д, Т.Т, Б.У нар нь 7 хоногийн цалинд нэхэмжилсэн 1 732 000 төгрөгөөс татгалзаж, автомашинд учирсан хохирол 730 000 төгрөг, эмчилгээний зардал 4 551 500 төгрөг, нийт 5 281 500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

1.1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын 2 951 500 төгрөгийг хангаж, үлдэх 2 132 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нар 2020.08.10-ны өдөр шөнийн 22.35 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны ............. замд урдаас хойш чиглэлд явж байх үед зам дээр гэнэт унага гарч ирснээс зайлшгүй зогсолт хийн зогсоход араас иргэн Х.Э Митцубиши маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинаар урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг баримталж явалгүйгээр шууд мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас О.Э-ийн өмчлөлийн автомашинд хохирол учирсан ба хохирлын заримыг буюу 3 059 600 төгрөгийн нөхөн олговорыг Н даатгалаас төлсөн машин бүрэн засагдаагүй тул 730 000 төгрөгөөр нэмэлт засвар, үйлчилгээ хийлгэсэн. Мөн нэхэмжлэгч О.Э, Б.У, Т.Т, Х.Д нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.08.20-ны өдрийн 9570, 2020.08.21-ний өдрийн 9506, 9507, 9508 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд эмчилгээний зардал 4 551 500 төгрөг болсон. Иймд эд хөрөнгө болон эрүүл мэндийн гэм хорын хохиролд 5 281 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд зам тээврийн осол гаргасан гэм буруугийн тухайд маргаан байхгүй хэдий ч автомашинд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалын дээд хэмжээ болох 5 000 000 төгрөгийн хэмжээнд барагдуулах боломжтой байсан атал нэхэмжлэгч тухайн эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр 730 000 төгрөгийн төлбөрийг, эм тарианы төлбөрийн баримт нь нэмүү өртгийн албан татварын и-баримтаар баталгаажаагүй, тархи доргилтод бариа заслын эмчилгээ зайлшгүй шаардлагатай нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр эмчилгээний зардлыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, 2020.08.10-ны өдрийн 22 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны ............. замд Х.Э нь Митцубиши маркийн 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөДий дүрмийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөДий хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчиж, О.Э-ын жолоодож явсан Тоёота Приус маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас О.Э-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2 785 000 төгрөгийн хохирол, О.Э, Х.Д, Т.Т, Б.У нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Н даатгалаас жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт автомашины хохирол 2 785 000 төгрөг, О.Э-ын эмчилгээний зардалд 274 600 төгрөг, нийт 3 059 600 төгрөгийн нөхөн төлбөр олгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигч зам тээврийн осол гаргасан гэм буруугийн тухайд маргаангүй, харин эд хөрөнгөд болон эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ нотлогдож байгаа эсэх талаар маргаж байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д .Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан ба энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан шалтгаант холбоотой байхыг ойлгоно.

 

Иймд хариуцагч гэм хор учруулсан гэм буруугийн тухайд маргаангүй, түүнчлэн зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч, эмчилгээний зардал нь нэмүү өртгийн албан татварын и-баримтаар баталгаажаагүй үндэслэлээр эмчилгээний зардлыг төлөхөөс татгалзсан боловч Т.Т, Х.Д, Б.У, О.Э нарын 2020.08.12-ны өдрөөс 2020.08.18-ны өдрийн хугацаанд эмчийн үзлэгт хамрагдаж, хийгдэх эмчилгээ, сахих гам дэглэмийн талаар зөвлөгөө авсан болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн картаар нотлогдох ба тухайн картад бичигдсэн кетанол, физам, церефрализин, цераксин, актовегин зэрэг эм тариаг дагалдах хэрэгслийн хамт Энхжаргалан эмийн сангаас худалдан авсан болох нь Т ХХК-ний зарлагын баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзээд Т.Т-гийн эмчилгээний зардалд 699 700 төгрөг, Х.Д-ий эмчилгээний зардалд 852 400, Б.Угийн эмчилгээний зардалд 699 700 төгрөг, О.Э-ын эмчилгээний зардалд 699 700 төгрөгийг хариуцагч Х.Э-оос гаргуулан олгохоор шийдвэрлэв. /хх 32-35 ху/

 

Харин дээрх картад хүйтэн жин тавих, хэвтрийн дэглэм сахих зэрэг гам дэглэмийг дурдсанаас үзэхэд бариа заслын эмчилгээ зайлшгүй шаардлагатай байсан нь нотлогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзээд бариа заслын эмчилгээний зардал 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан ба нэхэмжлэгч О.Э автомашинд учирсан хохирлоо гэм хор учруулагчаас шаардах эрхтэй боловч түүний шаардлагыг үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Т ХХК-ний 2020.08.13-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд Тоёота Приус маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 2 785 000 төгрөгөөр үнэлж, тээврийн хэрэгсэл үнэлгээ хийх үед ямар байсан гэх хэсэгт мотор болон явах эд хөрөнгөд оношлогоо хийлгэж, эвдрэл гарсан үед нэмэлт үнэлгээ хийнэ гэж дурдсан байх ба 2020.09.01-ний өдөр Н даатгал ХХК уг үнэлгээний тайланг үндэслэн 2 785 000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэгч О.Э-т шилжүүлсэн байна. /хх 35, 99-102 ху/

 

Нэхэмжлэгч О.Э-ийн 730 000 төгрөгийн хохирлоо нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд, машин ачилтын баримтууд 2020.08.31-ний өдрийн огноотой байхаас гадна хойд буфер, хойд гэрэл, хойд багажны хайрцаг, хойд амортизатор зэргийн баримтууд байгаа нь тухайн эвдрэлтэй холбоотой зардлууд дээр дурдсан үнэлгээний тайланд тусгагдаж, Н даатгалаас олгогдсон нөхөн төлбөрт хамаарч байна гэж үзэхээр байх тул 730 000 төгрөгийн нэмэлт зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Дээрх бүгдийг нэгтгэвэл, хариуцагч Х.Э-оос нэхэмжлэгч Т.Т-гийн эмчилгээний зардалд 699 700 төгрөг, Х.Д-ий эмчилгээний зардалд 852 400, Б.Угийн эмчилгээний зардалд 699 700 төгрөг, О.Э-ын эмчилгээний зардалд 699 700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх автомашины хохирол 730 000 төгрөг, бариа заслын үнэ 1 600 000 төгрөг, нийт 2 132 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

7. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Ц.Э томилогдсон боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж заасныг баримтлан зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгч Ц.Э-ийн эзгүйд, нэхэмжлэгч О.Э-т шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт ирүүлээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч О.Э-ийн эзгүйд тус тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Д овогт Х.Э /00000000/-оос 2 951 500 /хоёр сая есөн зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н овогт Т.Т /00000000/-д 699 700 /зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун/ төгрөг, М овогт Х.Д /00000000/-д 852 400 /найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, Ө овогт Б.У /00000000/-д 699 700 700 /зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун/ төгрөг, М овогт О.Э /00000000/-т 699 700 /зургаан зуун ерэн есөн мянга долоон зуун/ төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 132 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-оос 62 174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э, Х.Д, Т.Т, Б.У, О.Э нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                  Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                        Д.МӨНХЦЭЦЭГ