Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Бүжмаа   

 улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

 нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн  ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Д.Б

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 01 сарын 26-ны өдөр Сайншанд сумын  Спорт зааланд Ц.Оийн гээгдүүлсэн Самсунг-E-5 маркийн гар утас олж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллагдагчаар татах тогтоолд/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Ц.Оий хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2017 оны 01 сарын 26-ны өдөр аймгийн спорт зааланд өсвөрийн аварга шалгаруулах боксын тэмцээн 10 цагаас эхэлж финалын тоглолт болсон учир би шүүгчээр ажилласан. 16 цагийн орчим тэмцээн дууссан. Говьсүмбэр, Улаанбаатар хотоос дасгалжуулагч ирсэн ба тэмцээн дуусах үеэр хоол захиалчихсан байсан учир гаднаас ирсэн 3 дасгалжуулагч нарт хоол өгсөний дараа 0,5 л ”Ерөөл” архи 2 шилийг гаргаж хувааж уусан. Би 18 цагийн үед заалнаас гарахдаа хувцасаа солиод өмссөн чинь өмдний халаасанд байсан “СамсунгЕ-5” маркийн бор өнгөтэй мэдрэгчтэй гар утас маань алга болсон байсан. Хохирлоо бүрэн авсан гомдолгүй” гэсэн мэдүүлэг

 

              Гэрч Ц.Сгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын сүүлээр шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна.Тухайн үед аймгийн спорт зааланд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан ба манай нөхөр туслах дасгалжуулагч 3 хоног хийсэн.Тэмцээний сүүлийн өдөр манай нөхөр нилээн халамцуу бор өнгөтэй “Самсунг- Е-5” маркийн гадна талын гадар нь шаргал өнгөтэй мэдрэгчтэй гар утас бариад гэртээ орж ирэхээр нь би юун утас юм бэ? гэж асуухад заалны хаалганы хажуунаас олсон гэж надад хэлсэн. 2017 оны 01 сарын сүүлээр цалингийн зээл нэхэгдээд байхаар би Бэс ломбарданд тавих уу гэсэн чинь тэгээ гэж зөвшөөрсөн. Би 2017 оны 02 сарын 06-ны орой 21 цагийн вагоноор Улаанбаатар хот руу хувийн ажлаар явахаар болоод нөхрийнхөө олсон гар утсыг аваад хотод 2017 оны 02 сарын 10-ны өдөр .... тоотод үйл ажиллагаа явуулж байсан "....-ны ломбарданд гар утсаа зээл төлөх болоод мөнгөний хэрэгцээ гараад 150,000 төгрөгний барьцаанд тавьчихсан.Түүнээс мөнгөний бололцоо байхгүй байсан учир гар утасаа эргүүлж авч чадалгүй өнөөдрийг хүргэсэн юмаа гэсэн мэдүүлэг,        

                                               

            Гэрч Д.Мгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Бэс юун хүний гар утас хаанаас олсон юм бэ? гэж асуусан чинь заалны үүднээс гар утас олсон гэж надад хэлсэн ямар маркийн гар утас олсон талаараа надад хэлээгүй өөр нарийн ширийн зүйл надад Б яриагүй “гэсэн мэдүүлэг,

 

                 Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 17/

                 Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/

                 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  Д.Б нь 2017 оны 01 сарын 26-ны өдөр Сайншанд сумын  Спорт зааланд Ц.Оийн гээгдүүлсэн Самсунг-E-5 маркийн гар утас олж хувьдаа завшсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ. Үүнд, Хохирогч Ц.Оий хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2017 оны 01 сарын 26-ны өдөр би 18 цагийн үед заалнаас гарахдаа хувцасаа солиод өмссөн чинь өмдний халаасанд байсан “СамсунгЕ-5” маркийн бор өнгөтэй мэдрэгчтэй гар утас маань алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,  Гэрч Ц.Сгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тэмцээний сүүлийн өдөр манай нөхөр нилээн халамцуу бор өнгөтэй “Самсунг- Е-5” маркийн гадна талын гадар нь шаргал өнгөтэй мэдрэгчтэй гар утас бариад гэртээ орж ирэхээр нь би юун утас юм бэ? гэж асуухад заалны хаалганы хажуунаас олсон гэж надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Мгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Бэс юун хүний гар утас хаанаас олсон юм бэ? гэж асуусан чинь заалны үүднээс гар утас олсон гэж надад хэлсэн ...“гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хохирогч Ц.Оийн шүүхэд ирүүлсэн “хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

 

Шүүгдэгч Д.Б иргэн Ц.Оийн хайхрамжгүй байдлаас хаягдаж орхигдсон  “СамсунгЕ-5” маркийн гар утсыг хувьдаа завшсан болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгч Д.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Ц.Оэтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон бичгийн нотлох баримт шинжлэн судлах үеэр тогтоогдож байна.

 

 Иймд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

    Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

    Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Бийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН