| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0305/3 |
| Дугаар | 128/ШШ2019/0358 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: М.А
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/911 тоот сахилгын сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг бүхэлд нь, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын дэд бөгөөд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Дэд хурандаа М.А надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/911 тоот тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд хандахад 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 56/859 тоот албан бичгээр “тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариуг ирүүллээ. Уг хариу албан бичгийг миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан бөгөөд хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Уг Б/911 тушаал нь цорын ганц зөрчил дээр буюу “албан бичгийн хариуг 2 цаг 36 минут хоцроосон” байсныг огт өгөөгүй гэж үзээд “сануулах” шийтгэл оногдуулсан. Миний бие дараах 2 үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
1. Албан бичгийн хариуг хугацаа хэтрүүлж явуулаагүй: Учир нь Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 36/6125 тоот албан бичгийн дагуу тус Автобааз 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагт түргэн цугларалт зарлан, 169 албан хаагч цугларч, жагсаалын үзлэгийг иж бүрнээр нь хийсэн бөгөөд дээрх тоотын хариуг заагдсан хүснэгтийн хамт үйлдэн, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагт 6в/993 тоот албан бичигт гарын үсэг зуран бэлэн болгоод, бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Б-д өгч, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгасан болно.
Харин цагдаагийн дэд ахлагч Г.Б тус тоотыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөртөө оруулалгүй, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 06 минутад одоо хүртэл идэвхитэй төлөвт ажиллаж байгаа “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” нэртэй цахим шууданд хийсэн байна.
Гэтэл бодит байдалд ажиллаж байгаа “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” нэртэй цахим шууданг нээж, шалгаж үзээгүй Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлах даслэгч О.Уянгын хариуцлагагүй үйл ажиллагааг шалгаж тогтоолгүй, Аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Н нь албаны шалгалтыг буруу хийж, асуудалд хариуцлагагүй хандан цагдаагийн дэд хурандаа М.А намайг Цагдаагийн ерөнхий газрын даргад буруутай мэтээр танилцуулсан байна
Аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Н цагдаагийн дэд хурандаа М.А надтай албаны шалгалт хийж уулзах үедээ дээрх “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” гэдэг цахим шууданг ажилладаггүй бөгөөд ажилладаггүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгч цагдаагийн ахлах дэслэгч О.У, “Хүлээх төв”-ийн оператор цагдаагийн дэд ахлагч Ч.П нар нотлон тайлбараа өгсөн гэж худал хэлсэн болно.
Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч О.У, ‘Хүлээх төв”-ийн оператор цагдаагийн дэд ахлагч Ч.П нар өөрсдийн бичсэн тайлбартаа “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” гэдэг цахим шууданг ажилладаггүй гэсэн ганц үг, өгүүлбэр бичээгүй байсан.
Харин 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6в/26 албан тоотоор Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” цахим шуудан ажиллаж байгаа эсэх талаар лавлагааг авахад уг цахим шуудан шинэчлэгдэн нээгдсэн байгаа гэх, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6в/87 тоотоор, Мэдээллийн технологи холбооны төвөөс “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” цахим шуудан ажиллаж байгаа эсэх талаар лавлагаа авахад тус цахим шуудан идэвхтэй төлөвт ажиллаж байгаа бөгөөд алба нэгжүүдээс ирүүлсэн захидлуудыг нээж үзээгүй байна гэх тайлбаруудыг Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн 5а/298, Мэдээллийн технологи холбооны төв 20/31 тоот албан бичгүүдээрээ өгсөн байна.
Ийнхүү 36/6125 тоотын хариуг 2 цаг 36 минут хоцроон явуулсан байсныг Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлах дэслэгч О.У ажилдаа хариуцлагагүй хандан, ажиллаж байгаа “Цагдаагийн ерөнхий газрын бичиг хэрэг” цахим шуудангаа нээж үзээгүйг Аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Н зөв шалгаж тогтоолгүй хариуцлагагүй албан шалгалт явуулж, буруугүй цагдаагийн дэд хурандаа М.А намайг тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэн, гомдолтой байгаа тул шийтгэлийг арилгуулахаар 2019.01.18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын салбар зөвлөлд гомдол гаргасан боловч, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б, намайг хэлмэгдүүлсэн Б/911 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм.
2. Албаны шалгалтын дүнг хоцроосон маш олон байгууллага байсан. Гэтэл тэр бүхнээс зөвхөн М.А намайг сонгож “сануулах” шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болох “Тэгш эрхийн”, “Хууль ёсны” зарчмыг зөрчиж ялгавартай хандаж байгаа хэрэг гэж үзэж байна.
Мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын дарга дахин 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаал гаргаж, намайг “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дэд дарга бөгөөд Захиргаа удирдлагын хэлтсийн даргаас Ахлах офицер болгон /ТТ-14-өөс ТТ-12 болгон/ бууруулж, улмаар Нийслэлийн Цагдаагийн газрын ШУХ /хуучнаар УЗБХ/-Н жижүүрийн ахлах офицероор томиллоо.
Энэхүү тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн бөгөөд хууль бус, үндэслэлгүй тушаал тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2019.02.13-ны өдрөөс 21 хоногийн хугацаатай манай Автобааз дээр “Төлөвлөгөөт бус” шалгалт явагдсан. Ингэхдээ хамрах хугацааны хувьд 2018 оныг бүхэлд нь хамарч шалгасан юм. Тухайн жил би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-нийг дуустал ээлжийн амралтаа эдлээд, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орж, хуанлийн 18 хоног ажилласан байтал Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/123 тушаалаар албан тушаалын бүрэн эрхийг маань хуанлийн 248 хоног түдгэлзүүлсэн.
Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 тоот тушаал гаргаж, миний бие 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс алба үүрэгтээ орсон. Өөрөөр хэлбэл миний бие жилийн 365 хоногоос 85 хоногт, ажлын хоногоор тооцвол 261 хоногоос 56 өдөр буюу тавны нэгд л ажилласан юм.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 тоот сахилгын сануулах шийтгэл ногдуулах тухай тушаалыг бүхэлд нь, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмын хүрээнд дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх үүрэгтэй.
Алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, “Алба хаагчид албаны үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох хураан авах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36/6125 дугаартай албан бичгээр “алба хаагчдын албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, хүргүүлсэн хүснэгтийн дагуу судалгааг гарган, дүнг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх" талаар үүргийг цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт хүргүүлжээ.
Тухайн үед нэхэмжлэгч нь Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн бичигтэй танилцан, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр алба хаагчдын албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг хийх ажлыг зохион байгуулсан боловч дүнг тогтоосон хугацаанд ирүүлээгүй байна.
Үүргийн биелэлтийг хангаж ажиллаагүй дээрх асуудлыг шалгахад нэхэмжлэгч нь дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй2, эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж ажиллаагүй 3 болох нь тус тус тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд “81.4.1 .сануулах;" гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 14.1.3-т цагдаагийн төв байгууллага нь “цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт аюулгүй байдлыг хангах;”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “цагдаагийн төв байгууллагын дарга нь “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэптэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;”, “цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;”, “цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;” чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.
Цагдаагийн ерөнхий газраас харьяа нэгж болох Авто баазын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, зохион байгуулсан ажлын үр дүн, Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийн биелэлт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор мөн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалгалт явуулсан.
Шалгалтаар Автобаазын үйл ажиллагааг “Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д заасан аргачлалын дагуу үнэлэхэд 66.0 буюу “Дутагдалтай” дүгнэгдсэн бөгөөд дээрх нөхцөл байдал нь тус байгууллагын удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн.
Нэхэмжлэгч М.А-ын тухайд ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан Дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцон, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй, алба Хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, ашиглалтын инженер, цагдаагийн ахмад О.П, цагдаагийн дэд ахлагч Б.А нараар ажлын байр албан тушаал/-ны тодорхойлолтод заагдсан ажлын үндсэн чиг үүргийг гүйцэтгүүлээгүй, үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, диспетчер Б.Золзаяаг томилогдсон ажил, үүргээс өөр “хүний нөөцийн туслах" гэх байгууллагын орон тоо, бүтцэд байхгүй ажил үүрэг гүйцэтгэж байхад хяналт тавьж, таслан зогсоогоогүй, Цагдаагийн байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах зориулалт бүхий албаны гаражид хувийн эд зүйлийг хадгалсан, эрхэлсэн ажилдаа үр дүн гаргаагүй атлаа тухайн оны 11, 12 дугаар саруудад цалинг 36-40 хувиар нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/911 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн байгаа нь удирдлагын манлайллыг хангаж ажиллаагүй болох нь шалгалтаар тогтоогдсон.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.13 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, үндсэн зорилтын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3.1.1, 3.2.1, 3.3.1, 3.4.1, 3.5.1, 3.5.4 дэх заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1, 2.1.1, 2.1.2, 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 13.11, 13.17 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар Авто баазад хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд нэхэмжлэгчид холбогдох зөрчлийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд “81.4.3.албан тушаал бууруулах” гэж заасан.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар М.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.А тус шүүхэд хандаж “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/911 тоот сахилгын сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг бүхэлд нь, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албан бичгийн хугацааг хэтрүүлж явуулаагүй, албаны байгууллагын шалгалтын дүнг хоцроосон олон байгууллага байсан боловч зөвхөн намайг сонгож шийтгэл ногдуулсан...” гэж тодорхойлон, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй, үүргийн биелэлтийг хангуулаагүй, цагдаагийн байгууллагын дотоод хяналтаар дутагдалтай дүгнэгдсэн...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.А-ыг “дээд шатны байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй...” гэх үндэслэлээр “Сануулах” сахилгын шийтгэл, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар “албан тушаал бууруулах сахилгын шийтгэл”-ийг тус тус оногдуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36/6125 дугаартай албан бичгээр “алба хаагчдын албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, хүргүүлсэн хүснэгтийн дагуу судалгааг гарган, дүнг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх" талаар үүргийг цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт хүргүүлсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн бичигтэй танилцан, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр алба хаагчдын албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг хийх ажлыг зохион байгуулсан боловч дүнг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримт, болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулах тухай удирдамж”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, аюулгүй байдлын хэлтсээс хяналт шалгалтыг хийсэн бөгөөд Авто баазын үйл ажиллагааг 66.0% буюу “Дутагдалтай” гэж дүгнэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.3-д “албан тушаал бууруулах”, 97 дугаар зүйлийн 97.1-д “.Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1-д “хууль дээдлэх”, гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтууд болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг нарийвчлан зохицуулсан журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаас үзвэл нэхэмжлэгч М.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан “Дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тогтоосон хугацаанд хангах үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй, алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй болох нь тогтоогдсон байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаал, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалууд нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь түүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байгаа тул уг захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 81 дүгээр зүйлийн 81.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Аоос гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/911 тоот сахилгын сануулах шийтгэл ногдуулсан тушаалыг бүхэлд нь, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН