| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0175/э |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч У овгийн Ц Н холбогдох 2416000000184 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******** регистрийн дугаартай, У овгийн Ц Н,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ****** аймгийн ******* сумын ***** баг ****** хороо **** тоотод А.Н ээжийг амьд байхад нь нэг ч ирээгүй байж нас барсных нь дараа ирлээ гэж шалтаглан нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө цээж рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, духанд зулгаралт, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл үүсгэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ***** аймгийн ***** сумын **** баг ******хороо ***** тоотод А.Н ээжийг амьд байхад нь нэг ч ирээгүй байж нас барсных нь дараа ирлээ гэж шалтаглан нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө цээж рүү нь өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас А.Н биед тархи доргилт, духанд зулгаралт, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Н гэм буруутай болох нь:
1.Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед найз охин А, охин О нарын хамт Ц эгчийн приус-20 загварын машинаар **** тоотод байдаг А өвөө, эмээг авахаар очсон. Тэгээд хашааны үүдэн дээр зогсож байхад А ах Н машины хаалга ногоолгоод миний нүүр рүү гараараа давтамжтай нэлээн олон цохиод дараа нь цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг өвөө, эмээ хоёрыг үзүүлчхээд ир, ирэхээр чинь би чамайг ална гээд би тэндээс явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-р хуудас/,
2.Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Н нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж 38.767 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06- ны өдөр Амбулторын үзлэг 31,049 төгрөг, мөн өдөр амбулторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 31,049 төгрөг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр амбулторын үзлэг, оношилгоо. шинжилгээний багц 73,128 төгрөг нийт 173,993 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Үйлчилгээний мөнгө болох 173,993 төгрөгийг гаргуулах авах хүсэлттэй байна..." гэх мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/,
3.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 08 сарын 12-ны өдрийн “...1.2. А.Н биед тархи доргилт. духанд зулгаралт, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. А.Н биед учирсан тархи доргилт, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 'Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Бусад зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Н хохирогч А.Н биед халдаr зодсон үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх58/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх61-73/, иргэний нэхэмжлэл 173,993 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт /хх76/, хохирогч А.Н гараар бичсэн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 (Нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 (Нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.Н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч А.Н гараар бичсэн “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй, ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 19 дүгээр хуудас/, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 173,993 (Нэг зуун далан гурван мянга есөн зуун ерэн гурав) төгрөг төлсөн баримт /хх 76 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Н шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 173,993 (Нэг зуун далан гурван мянга есөн зуун ерэн гурав) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч У овгийн Ц Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н 1,350 (Нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 (Нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н оногдуулсан 1,350 (Нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 (Нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 173,993 (Нэг зуун далан гурван мянга есөн зуун ерэн гурав) төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР