Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2022/00166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Өндөр настан 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух, Шаалуу Батбаатарын ******* /РД:УД00232731/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хулан тауэр хотхонд байрлах, “Сүккистар тур” ХХК /РД:5397723/-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүндсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийг төлөөлж байсан Ц.Мөнхболд гэх хүнтэй 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, 1 давхрын 39,8 м.кв талбайтай орон сууцны төлбөрт 35,000,000 төгрөгийг тус компанийн 5087272875 тоот дансанд шилжүүлсэн.

Гэрээнд заасны дагуу тус барилга 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч ороогүй.

Би хариуцагч “Сүккистар тур” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж авах талаар удаа дараа хэлсэн.

Хариуцагч “Сүккистар тур” ХХК орон сууцыг 2021 оны 3 дугаар сард ашиглалтад орно гэсэн хариу өгсөн. Гэтэл барилга одоог хүртэл ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй байна.

2021 оны 3 дугаар сард “Сүккистар тур” ХХК-ийг хариуцаж байсан Д.Гүндсамбуутай уулзахад “танай байр зарагдчихсан. Тантай байгуулсан гэрээг цуцалж, өөр хүнтэй гэрээ байгуулсан” гэж хэлсэн.

Иймд хариуцагч “Сүккистар тур” ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан тул 35,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 2,709,000 төгрөг нийт 37,709,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ хийсэн, гэрээн дээрх тамга хуурамч гэж маргасан. Би гэрээг хуурамч эсэх талаар маргахгүй. Харин орон сууцны төлбөр 35,000,000 төгрөгийг хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн дансанд шилжүүлснээ баримтаар нотолсон. Харин би уг мөнгийг хэн, яаж зарцуулсныг мэдэхгүй ба хариуцахгүй. Иймд үндэслэлгүйгээр авсан 35,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Алданги 2,709,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн тайлбарын агуулга: Б.*******ын нэхэмжлэлтэй “Сүккистар тур" ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “орон сууц захиалгын гэрээ”-г үндэслэл болгосон байна. Нэхэмжлэгч Б.*******тай манай компани орон сууц захиалгын гэрээг огт байгуулаагүй. Учир нь:

 Манай компанийн ажилтан Ц.Мөнхболд нь компанийн захирал Ц.********ийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч тамга дарж иргэн Б.*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан. Мөн Б.*******ын өгсөн 35,000,000 төгрөгийг компанийн дансаар дамжуулан хувьдаа завшсан үйлдэл гаргасан. Уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан.

Манай компанийн худалдан борлуулж буй орон сууцны м.кв талбайн үнэ 879,400 төгрөг биш. Энэ иргэний хэргийн хариуцагч нь Ц.Мөнхболд юм.

Иймд тухайн орон сууц захиалгын гэрээтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Орон сууц захиалан бариулах 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримт, Б.*******ын ХААН банкны дансны хуулга зэргийг баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч “Сүккистар тур” ХХК-иас үндэслэлгүйгээр олж авсан 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс 2,709,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч “Сүккистар тур” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 46 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус болохыг маргалгүй зөвшөөрч, гэрээний дагуу шаардсан алданги 2,709,000 төгрөгөөс татгалзсан. Харин хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгөө шаардсан.

 

3.Хариуцагч “Сүккистар тур” ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэсэн. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээн дээрх захирлын гарын үсэг, тамга нь хуурамч тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Компанийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг ажилтан Ц.Мөнхболд хувьдаа завшсан тул төлөхгүй гэж маргасан.

 

4.Шүүх хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүндсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарт шүүх хуралдааны товыг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 46 дугаартай “орон сууц захиалан бариулах” гэрээний дагуу харилцан үүрэг хүлээгээгүй болохоо зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр бус байгаа болон хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн 5087272875 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөг шилжсэн талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч Б.******* гэрээний дагуу үүссэн нэмэлт үүрэг болох алданги 2,709,000 төгрөгөөс татгалзсан.

 

            Иймд зохигчид гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй тул шүүх уг үйл баримтад хөндлөнгөөс дүгнэлт өгөхгүй байх нь диспозитив зарчимд нийцнэ гэж үзэв.

 

6.Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байгаа тул хариуцагч “Сүккистар тур” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 234 дугаар зүйлийн 234.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүрэг хүлээхгүй.

Мөн нэхэмжлэгч Б.******* хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 46 дугаар гэрээ байгуулан, хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн эзэмшдэг ХААН банкан дахь 5087272875 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны төлбөр 35,000,000 төгрөг шилжүүлсэнд хариуцагч тал гэм буруугүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан хохирол учруулсан гэж үзэхгүй.

7.Харин нэхэмжлэгч Б.******* нь 35,000,000 төгрөгөө үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үүснэ.

Хариуцагч “Сүккистар тур” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дансаар орж ирсэн 35,000,000 төгрөгийг ажилтан Ц.Мөнхболд захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна Банк нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4.-д зааснаар харилцагч “Сүккистар тур” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байна.

Иймээс хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийг үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Б.*******ын 35,000,000 төгрөгийг олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,495 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Сүккистар тур” ХХК-иас 35,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч “Сүккистар тур” ХХК-иас 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шаалуу Батбаатарын *******ад олгож, нэхэмжлэлээс 2,709,000 /хоёр сая долоон зуун есөн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,495 /гурван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Сүккистар тур” ХХК-иас 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС