Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2022/0139

 

 

 

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Тус шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би, ..... байрлах Ш ХХК /РД:***5/-ийн нэхэмжлэлтэй, *** тоотод оршин суух, М ХХК /РД:***4/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 28,189,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БС/08 тоот Худалдах, худалдан авах гэрээг М ХХК-тай байгуулсан. ...Иймд дээрх гэрээний дагуу М ХХК-аас Ш ХХКд гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 18,793,200 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 9,396,600 төгрөг, нийт 28,189,800 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Уг нэхэмжлэлд дурдагдсан үндсэн зээлийн төлбөр болох 18,793,200 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн маргах зүйлгүй болно. Гэхдээ уг зээлийг Мөнхбаатар нь компанийнхаа нэр дээр авсан боловч өөрийнхөө хамгийн дотнын найздаа авч өгч найз нь гэнэтийн тохиолдлоор нас барсны улмаас зээл төлөлтийн хугацаа хэтэрч төлөгдөх ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн болох бодит шалтгааны үндэслэлийг тунгааж үзэх нь зүйтэй болов уу. Хэдийгээр Мөнхбаатарын хувьд түүний өмнөөс бүхий л нөхцөл байдлыг үүсгэж өөрийнхөө компанийн нэрээр халхавчилж Ш ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийснээрээ хариуцлагыг бүрэн хариуцаж төлөх хууль зүйн үндэслэлтэй болох нь ойлгомжтой боловч Монгол улсын эдийн засаг хямарч хүн бүрийн амьдрал ахуй доройтож цаг үеийн нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч буй байдалтай холбогдуулан уг нэхэмжлэлд дурдагдан тооцоологдсон алданги болох 9,396,600 төгрөгийн тооцоон дээр эргэн нягталж хоёр талын харилцан зөвшилцөл ойлголт тохиролцооны зайлшгүй байдал хөндөгдөж байгаа болно. Иймд энэхүү нөхцөлөөр уг төлбөрийн асуудлыг анхаарч боломжит байдлыг хангаж өгөхөд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэрэг дараах байдлаар эвлэрч байна. Нэг сарын хугацаанд үндсэн төлбөр 18,793,200 төгрөг, алдангийн 50 хувиар бууруулж 4,698,300 төгрөг болгож нийт 23,491,500 төгрөгөөр тохирч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 28,189,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 18,793,200 төгрөгийг мөн алданги 9,396,600 төгрөгийг 4,698,300 төгрөг болгон бууруулж нэг сарын хугацаанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Этай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага 28,189,800 төгрөгийг багасгаж 23,491,500 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Ш ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 23,491,500 төгрөг болгосныг хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж хүлээн зөвшөөрч нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 149,449.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА