Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 1

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01270/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Г Ф” ХХК

                   Т.Б- нарт холбогдох

“22.324.560 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Т.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Т-ээс:

...Иргэн Б.Т- би өөрийн 97-41 УНИ, 82-70 УНР ачааны машинаар Дархан-Уул аймагт байрлах “Д Г Ф” ХХК-аас төмрийн хүдэр ачиж Өмнөговь аймгийн Тавантолгойд байрлах “Энержи Ресурс” ХХК-д буулгахаар 2014.05.19-ний өдрөөс 2015.05.25-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн рейс тээвэр хийсэн. Дээрх хоёр машин хоёулаа миний өмч бөгөөд би өөрийн төрсөн ах Бодио овогтой Насандэмбэрэлээр өөрийн хувийн машинаар цуг тээвэрт явж хөлсөө авч чадаагүй юм. Тээвэрт явж эхэлснээс хойш тээврийн хөлс мөнгөө авах талаар Ганболдтой удаа дараа ярьж шаардаж явсан ба “Энержи Ресурс” ХХК мөнгөө өгөхгүй байна. Том газар юм чинь бөөнөөр нь өгчих байх гэж тайлбарладаг байсан. Ингэж удаан хүлээсний эцэст “Д Г Ф” ХХК нь 2014, 2015 онд захирал хийж байсан Төмөрбаатарын Б-тэй өөрийн ах Д.Энхтөр хуулийн зөвлөх Батхүү нарыг 2017.04.23-ны өдөр уулзуулахад 97-41 УНН, 82-70 УНР улсын дугаартай автомашинуудаар 2014, 2015 онуудад төмрийн хүдрийн ачаа тээвэр хийлгэсэн нь үнэн үүссэн өр төлбөрийг барагдуулах акт баримтанд гарын үсэг зурахад бэлэн ямар ч төлбөр төлөөгүй байгаа нь үнэн. Энэ төлбөрийг барагдуулна гэж удаа дараа хэлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн Хангай захын зүүн талын 12 давхар байранд оршин суух “Д Г Ф” ХХК-ийн нягтлан бодогч Баярмаатай 2017.04.29-ний өдөр 97-41 УНН, 82-70 УНР улсын дугаартай Б.Т-, Б.Насандэмбэрэл нарын 2014, 2015 онд хийсэн төмрийн хүдэр тээврийн тооцоог компьютерын программаас нэг бүрчлэн шүүж тулган шалгаж 22.324.560 төгрөгийн авлагатай болох тухай тооцоо нийлсэн бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуруулж баталгаажуулан авсан юм. Иймд надад учирсан тээврийн хөлс болох 22.324.560 төгрөгийг “Д Г Ф” ХХК болон иргэн Т.Б- нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Д Г Ф” ХХК-аас:

1. ....компани тээврийн хөлсийг Т.Б-д төлөх, Т.Б- тээвэрлэгчийн үүргийг тус тус хүлээж хамтран ажиллаж байсан. Компани Т.Б-ээр тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгүүлж, түүний хариу төлбөрийг төлөх үүргийг хүлээж байсан ба зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

2. Компани нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь компанид ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах болон тээвэрлэх, тээвэрлүүлэх талаар санал тавьж хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй. ...Т.Б-тэй өөрөө биечлэн уулзаж байгаагүй., ...Т.Б-тэй бол нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй гэж мэдүүлэг өгсөн байгаа нь компани болон нэхэмжлэгч нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг харуулж байна. Лхагвасүрэн, Ганболд, Т- гэх хүмүүсийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх боломжтой.

3. ...Т.Б- нь “Д Г Ф” ХХК-ийн удирдлагад огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй бөгөөд компанийг төлөөлөх эрх Т.Б-д олгогдож байгаагүй, харин Т.Б-, “Д Г Ф” ХХК-ууд нь хоорондоо иргэний эрх зүйн харилцаанд гэрээний талууд болж оролцож байсан.

4. Энэ хэрэгт нэгэн анхаарал татах зүйл болсон нь нэхэмжлэгч анх компанийг хариуцагчаар татсан, түүний дараа Т.Б-ийг хамтран хариуцагчаар татсан, удалгүй Т.Б-ийг хариуцагчаас хасаж өгөхийг хүссэн. Энэ үйл явдлын цаад далд шалтгаан нь юу болох талаар маш ойлгомжгүй байгаа.

5. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг, иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт үүрэг үүсэх үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг бөгөөд энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг компани хариуцах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

6. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил... байна гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд “Д Г Ф” ХХК нь тээврийн гэрээг Т.Б-тэй байгуулж түүнд төлөх ёстой төлбөрийг нэгэнт барагдуулсан. Нэхэмжлэгч Б.Т-тэй иргэний эрх зүйн харилцаанд огт оролцоогүй, түүний өмнө үүрэг хүлээхгүй, манай компанид холбогдолгүй бусад этгээдүүдийн хоорондын маргах асуудал, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б-ээс:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд

1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацааг дууссан үеэс үүснэ гэж заасан байх ба тээврийн хөлсөө шаардах эрх 2015.05.25-ны өдөр үүссэн байна.

2. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна гэж заасан ба 2015.05.25-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд буюу 2016.05.25-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид хандан тээвэрлэлтийн хөлсийг шаардаж нэхэж байсан талаар баримт илрээгүй, иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байхгүй байна.

            3. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Эцэст нь хэлэхэд миний бие нэхэмжлэгчийг огт танихгүй уулзаж ч байгаагүй бөгөөд түүгээр тээвэр хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1117 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Б-ээс 22.324.560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, хариуцагч “Д Г Ф” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.573 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 269.573 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б- давж заалдсан гомдолдоо:

            ...хэт нэг талд үйлчилж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэгжүүлж, хуулийг буруу тайлбарлаж, хууль шударга ёсыг үл тоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. ....Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа нь ачаа алдагдсан, гэмтсэн зэрэг үйл баримттай холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн тээврийн хөлс гаргуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж илтэд мушгин тайлбарлаж шийдвэрлэсэн.

2. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д “Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх гол нөхцөл нь хуульд өөрөөр заагаагүй байхыг шаардсан байх тул шүүгч нь хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт Иргэний хуулийн 395.1-т тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг, хоёрдугаарт Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг гэсэн дарааллаар хуулийн хэрэглэх ёстой байсан.

3. ...нэхэмжлэгчийн өмч мөн болохыг нотлох учиртай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, тооцоо нийлсэн гэх 4 баримтаас 2 баримт нь өөр этгээдүүдийн нэртэй, мөн дээрх 4 баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй буюу нотариатчаар гэрчлүүлэхдээ ганц баримтыг нь гэрчлүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д Г Ф” ХХК давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч энэ хэргийг шийдвэрлэсэн байдалд онцлон дурдах шаардлагатай зүйлс байгааг тайлбарлаж байна.

Энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй мөн тодорхойлж чадаагүй ба эдгээр үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 тус тус заасантай нийцэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Т- хариуцагч “Д Г Ф” ХХК, Т.Б- нарт холбогдуулж 22.324.560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Т.Б- нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Т.Б-ээс 22.324.560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, “Д Г Ф” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Хариуцагч Т.Б- “Д Г Ф” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Хот хоорондын ачаа тээвэрлэлт, Ложистикийн үйлчилгээний гэрээ” бичгээр байгуулагдсан байх бөгөөд тэрхүү гэрээгээр “Д Г Ф” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь үйлдвэрийн талбайгаас магнетитийн бүтээгдэхүүнийг  Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах “Энержи-Ресурс” ХХК-нд хүргэх,  буцахдаа Тавантолгойн нүүрсний уурхайгаас Дархан-Уул аймаг хүртэл нүүрс авто машинаар тээвэрлэн гүйцэтгэхээр  тохиролцсон байна.

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Т- өөрийн төрсөн ах Б.Насандэмбэрэлийн хамт 97-41 УНИ, 82-70 УНР улсын дугаартай ачааны машинаар магнетитийн бүтээгдэхүүн болон нүүрсийг тээвэрлэсэн болох нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн хариуцагч Т.Б-ийн мэдүүлэг, гэрч Г.Ганболд, Б.Насандэмбэрэл нарын мэдүүлэг, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбараас авсан шатахууны баримт, нэхэмжлэгч Б.Т-ийн 2014-2015 онд гүйцэтгэсэн ачаа тээврийн тооцоо болон талуудын тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч “Д Г Ф” ХХК Т.Б-тэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж тээврийн хөлсийг тухай бүр төлж байсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагч талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан өмнөх гэрээний дагуу хуримтлагдсан үлдэгдэл төлбөр 181.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан “зээлийн гэрээ”, тэрхүү гэрээний сүүлийн хуудсанд төлбөр тооцоо дууссан тэмдэглэл, “Д Г Ф” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Т-тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, эрх зүйн аливаа нэгэн харилцаанд орж байгаагүй тул манай компани энэхүү маргааны хариуцагч биш гэсэн хариуцагч “Д Г Ф” ХХК-ийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Б.Т- энэхүү тээврийн гэрээний харилцаанд оролцохдоо анх Г.Ганболд гэдэг хүнээр зуучлуулж оролцсон бөгөөд тээврийн ажлын хөлсөө байнга нэхэмжилж байсан болох нь хариуцагч Т.Б-, гэрч Г.Ганболд, Б.Насандэмбэрэл нарын Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгээр нотлогдоно.

Хариуцагч Т.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзахдаа тээврийн гэрээний харилцаа үүсээгүй гэж буюу нэхэмжилж буй мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаагүй бөгөөд зөвхөн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр татгалзаж буй нь  үндэслэл муутай байна.

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “ Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Т- тээврийн ажлын хөлсөө авахаар өнгөрсөн хугацаанд байнга шаардаж байсан, хариуцагч Т.Б- жолооч нарт ачаа тээврийн ажлын хөлсний төлбөртэй болохоо илэрхийлж байсан болох нь дээр дурдсан хариуцагч Т.Б-ийн Цагдаагийн газарт өгсөн “...Би жолооч нарт 80-аад сая төгрөгийн өглөгтэй, нэмүү өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татварыг суутгасны дараа төлнө”, ..” Ганболд гэдэг хүний бригадад ажиллаж байсан”, “.. надтай тохироод өөр газар ачаа ачиж явах бүрэн боломж бий”  гэсэн мэдүүлгүүд, гэрч Г.Ганболдын “..Т- өрөө барагдуулах талаар байнга ярьдаг байсан. Би энэ талаар компанийн хүмүүстэй ярихаар болно, бүтнэ гэдэг байсан”, ...“Дараа нь Т- ч гэсэн машин авдаг байж гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол” зэрэг баримтуудаар нотлогдох ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т-ийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Т- хариуцагч Т.Б-ээс гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Дээрх тээврийн ажлын хөлсийг талууд 1 тонныг 80.000 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсөө нийт 22.324.360 төгрөг гэж тооцож, энэхүү шаардлагатайгаа холбогдуулж ачаа тээврийн тооцоо гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч Т.Б- тухайн тооцооны  баримтыг үгүйсгэсэн, нэхэмжилж буй үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      Л.АМАРСАНАА