Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Г

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Хариуцагч У.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК Хими цэвэрлэгээнд хар өнгийн сорочко цамц Н.Ж-тай вип үйлчилгээ сонгон үйлчлүүлээд цамцыг энгэр дээрээ толбо үүссэн зөрчилтэй гэсэн үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 500,000 төгрөгөөр торгууль ногдуулсан байгаа. Манай компанийн зүгээс иргэн Н.Ж харилцан тохиролцсоны 600,000 төгрөгөөр асуудлыг шийдвэрлэсэн.

Асуудал дууссан байхад 10.2 дугаар зүйлийн 1.3-д “Чанарт доголдол арилгах үүргээ биелүүлээгүй бол” гэсэн заалтыг барьж үүргээ биелүүлж төлбөр барагдуулсан байхад торгууль оноосон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газарт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 3-р хэсэг, ******* хотхоны 301-р байрны ******* тоотод оршин суух, ХН******* регистрийн дугаартай иргэн Н.******* 2018.03.10-ны өдөр Хан-Уул дүүргийн Гэрэлт хотхонд байрлалтай “М” ХХК-ийн хими цэвэрлэгээний газарт силкэн цамц цэвэрлүүлэх гэж өгөөд энгэр дээр нь цагаан толботой болгож өгсөн гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Иргэн Н.Ж2018.03.10-ны өдөр М хими цэвэрлэгээний газарт хар силкэн материалтай Armani брэндийн цамцыг, саарал өнгөтэй өмдний хамт \/IР үйлчилгээг нь сонгон үйлчлүүлсэн байна. 2018.03.15-ны өдөр цэвэрлэгээнд өгсөн хувцсаа буцаан авахад цамц нь урд талын энгэрийн хоёр талд цагаан толбо үүссэн байсныг урьдчилж хэрэглэгчид мэдэгдээгүй, анх хувцсыг цэвэрлэгээнд хүлээж авахад толбо байсан гэх тэмдэглэгээг хувцас хүлээн авсан тасалбарт тэмдэглэгээгүй нөхцөл байдал нь “М” хими цэвэрлэгээний №4103031 дугаартай тасалбар, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон юм.

Гомдол гаргагч иргэн тухайн үйлчилгээний доголдлыг арилгуулахаар “М” ХХК-д хандан хариуг бичгээр авахыг удаа дараа шаардсан боловч тус компани нь ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Иргэн нь тухайн доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй “М” ХХК-д холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон нийслэлийн Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд “М” ХХК нь Киоск-41 салбарт цэвэрлүүлэхээр өгсөн биллийн дугаартай хар силкен эмэгтэй цамцны зүүн болон баруун энгэр дээрх толбо үүссэн гомдолд 300.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийн үйлчилгээний эрхийг иргэнд олгон хохирлыг барагдуулсан юм.

М хими цэвэрлэгээний №4103031 дугаартай тасалбар, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, “М” ХХК-ний албан тайлбар, хувцас эдлэл хүлээн авах журам зэргийг шалган дүгнэхэд Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ ММ8:5353:2004 дугаартай стандартын 6.4, 11.1 зэрэг заалтуудыг баримтлахгүйгээр үйл ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэвэрийн хуудсыг хууль ёсны болохыг нотолж, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, төрийн байгууллагын хяналт шалгалтын ажилд шаардлагатай арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч У.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийн менежер Н.Г, Т.С нарт “хувцас эдлэл хүлээж авахдаа тэмдэглэл үйлдээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасны дагуу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Иргэн Н.Г шүүхэд гомдол гаргахдаа “...иргэн Н.Ж харилцан тохиролцож 600 000 төгрөгийн хохирлын асуудлыг шийдсэн байхад үүний дараа “чанарт доголдол арилгах үүргээ биелүүлээгүй бол” гэсэн заалтыг баримталж торгууль ногдуулсныг зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.   

Иргэн  Н.Ж 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “М” ХХК-ийн хими цэвэрлэгээний салбарт хар силкэн цамцыг VIP үйлчилгээг сонгож өгсөн, буцааж авахдаа уг цамцны энгэрт 2 газар цагаан толбо үүссэн асуудлаар гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагч У.Х хүлээн авч “М” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Шүүх дараахь үндэслэлээр улсын ахлах байцаагч У.Хгийн гаргасан, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Тухайн зөрчилд холбогдогчоор “М” ХХК-ийг тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Н.Г-ыг  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа Н.Г-ыг  “хувцас эдлэл хүлээж авахдаа тэмдэглэл үйлдээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, улмаар түүнд торгох шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол... хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” гэж заасныг зөрчсөн, энэ тохиолдолд хуулийн этгээдэд өөр хүн томилохыг бичгээр мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “тус компанийн менежер Л.С нь хувцас хүлээн авсан тасалбарт тухайн хувцсанд байсан бохирдол, толбоны талаар тэмдэглэл хийгээгүй, цамцанд үүссэн толбыг арилгуулах талаар гаргасан иргэн Н.Жавхлангийн гомдлыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаагүй нь тогтоогдож... Л.С-ийн энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3-д “бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж тэмдэглэсэн атлаа зөрчилд холбогдогч этгээд болох Л.Сд танилцуулж гарын үсэг зуруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэргийн материалыг холбогдогч түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэлд М ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Ш-ийг оролцуулсан, Р.С-д 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр итгэмжлэл олгосноос үзвэл дээр нэр дурдсан этгээдүүдийг оролцуулах талаар итгэмжлэл олгогдоогүй байхад хууль ёсны төлөөлөгч биш этгээдэд хэргийн материалыг танилцуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Ийнхүү зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч этгээд болох Л.С, Н.Г нар нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж...бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан эсэх нь хангалттай нотлогдоогүй байх ба хуулийн этгээд болох М ХХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан атлаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох Н.Г, Л.С нарт  шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, эдгээр хүмүүс дээр дурдсан зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х-ийн гаргасан, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН