Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Эрдэнэт Чандмань ХХК-д холбогдох Инженжерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мишиг, прокурор Ц.Мөнхтуяа, шинжээч Б.Анхбаатар, Э.Сүхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 2-28-р байрны иргэдээс Орхон аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад гаргаж байсан удаа дараагийн гомдол хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээг авахаар тухайн байрны нөхцөл байдалтай танилцахад уг байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаагүй материалаар хийж гүйцэтгэсний улмаас оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байгаа болох нь тодорхой болсон юм. Тухайн байрны засварыг Эрдэнэт-Чандмань ХХК хариуцан хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу Эрдэнэт-Чандмань ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн Засаг дарга Хөрөнгө гаргах тухай захирамж гаргаж засварын ажлыг 128,000,000 /нэг зуун хорин найман сая/ төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн. Иймд хариуцлага алдаж иргэдийг хохироож байсан компанийн хийх ёстой ажлыг Орхон аймгийн Засаг даргын төсвийн хөрөнгөнөөс гаргаж хийгдсэн тул дээрх зардлыг Эрдэнэт-Чандмань ХХК-иас гаргуулж, төсөвт буцаан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл 2017 оны 02 сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан тайлбартаа: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1- д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна, 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасанБарилгын баталгаат хугацаа 3 жил байна гэсний дагуу ашиглагч байгууллага болох Эрдэнэт амьдрал ХХК нь 2-28 дугаар байрны халаалт.цэвэр бохир усны шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийг засан сайжруулах талаар гүйцэтгэгч байгууллага болох Эрдэнэт чандмань ХХК-д 2010 оны 10 дугаар сараас эхлэн удаа дараа албан бичиг хүргүүлж байсан төдийгүй 2012 онд шүүхэд хандаж 577 дугаар шүүгчийн захирамж гарсан, 2013 онд Эрдэнэт чандмань ХХК-ийн захирал С.Мишигт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж байсан зэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэсний дагуу нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзнэ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 2-28 дугаар байрыг Эрдэнэт чандмань ХХК нь дуудлага худалдаагаар өөрийн өмч болгон худалдан авч засварлан 2010 оны 1 дүгээр сарын 21-нд улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байдаг. Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 70 тоот захирамжаар уг байрны инженерийн шугам сүлжээг Эрдэнэт амьдрал ХХК-д хүлээлгэн өгсөн. Тухайн барилга нь дулааны үзель болон сантехникийн барилгын зураггүй бөгөөд дотор сантехникийн шугам буюу халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээнд өдөр бүр гэмтэл гарч дулаан цэвэр усны үзель нь хэвийн ажиллахаа больсноос Эрдэнэт чандмань ХХК болон ашиглагч байгууллагууд хэрэглэгчдийг дулаан, цэвэр усаар найдвартай хангаж чадахгүйд хүрч байсан. Эрдэнэт чандмань ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2-28 дугаар байрны инженерийн шугам сүлжээнд чанарын доголдол илэрч оршин суугчдаас гомдол гарч байсан, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцсан Эрдэнэт Амьдрал ХХК нь гүйцэтгэгч байгууллага болох Эрдэнэт чандмань ХХК-д барилгын баталгаат 3 жилийн дотор олон удаа хандаж байсан боловч хэрэглэгчдийн эрх ашиг хохирсоор байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт Амьдрал ХХК татан буулгаж, үйл ажиллагааг нь Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээОНӨХК-д нэгтгэсэн тул аймгийн Засаг даргын Захирагчийн алба болон аймгийн удирдлагуудад 2-28 дугаар байрны оршин суугчдаас өдөр бүр шахуу гомдол ирж арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Энэ талаар Хотын Захирагчийн албаны даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 07 тоот тушаал гаргаж тухайн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг шалган тогтоох зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллуулж тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулсан байдаг. Тухайн ажлын хэсгээс уг байрны сантехникийн шугамыг янзлахад хүндрэлтэй, гэмтэл гарсан газруудыг нь үзэх гэхээр подвалийн хэсэг нь 1 давхрын айлын шалны дотор байрласан, техникийн наад захын шаардлага хангаагүй байсан. Дээрх комисс хуралдаж гүйцэтгэгч байгууллагын болон ашиглагч байгууллагын хийх ажлыг дэлгэрэнгүй ярьж танилцуулж протокол үйлдсэн байдаг.Протоколоор Эрдэнэт чандмань ХХК-ний захирал С.Мишиг дараахь ажлыг гүйцэтгэхээр болсон байна. Үүнд: 1.Халаалтын босоо шугамыг ган хоолой эсвэл стандартын шаардлага хангасан хуванцар хоолойгоор солих, 2.Халуун хүйтэн усыг өгөх,буцах хэвтээ шугамыг ган хоолойгоор солих. 3. Халуун хүйтэн 'усны автоматын мэдрэгчийг өгөх шугам дээр тавьж тохиргоог хийж өгөх. 4.Халаалтын нэмэлт усны насосыг автомат удирдлагатай болгох. 5.Дулааны үзельд ус зайлуулах шугам трап хийх, эсвэл трап хийж дернажийн насос тавина.6.Халаалт,халуун хүйтэн усны босоо шугамын усыг юүлэх ус зайлуулах,шугам хийх. 7. Дйлд байгаа шалан доорх сувгийн хаалт, тагуудыг орцонд гаргах, 8. Шугам сольсны дараа сантехникийн шугамын гүйцэтгэлийн зургийг гаргаж өгөх үүрэг өгөгдсөн боловч биелүүлээгүй байна.

Мөн энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн саналыг гаргасан. Үүний дагуу Мэргэжлийн Хяналтын Улсын Эрчим хүчний улсын байцаагч М.Анхбаяр 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 41/06/102 тоот дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн зөрчил илэрвэл өөрийнхөө хөрөнгөөр зөрчлийг арилгах заалтын дагуу Эрдэнэт чандмань ХХК доорх зөрчлийг хариуцахаар тусгажээ.

Үүнд:1. Дулааны үзелийн хэрэгцээний халуун усны автомат тохируулгын хаалтны мэдрэгчийг зургийн дагуу хэрэглэгчид өгөх шугам дээр байрлуулж тохиргоо хийх, 2.дулааны үзельд ус алдах аваарын үед ашиглах зориулалттай усыг гадагшлуулах суваг, тоног төхөөрөмжийг барилгын норм ба дүрмийн 3.05.03-95-д заасны дагуу шинээр хийх. З.дулааны үзельд халаалтын системийн нэмэлт усны тэжээлийн нососны хөдөлгүүрийг автомат удирдлагатай болгох.4.барилгын дулааны системд болон хэрэгцээний халуун усны хүйтэн усны шугамд аваар гарсан нөхцөлд ашиглах нэгдсэн юүлэгч шугам хоолойг БНбД 3.05. 03-95-д заасны дагуу тус тус шинээр хийх. 5. Барилгын халаалтын системийн болон хэрэгцээний халуун усны инженерийн шугам хоолойг тохирсон стандартын шаардлага хангах ган шугамаар шинэчлэн сольж БНбД 3.05,03-95-ийн 8 дугаар бүлгийн 8.11-т зааснаар ашиглагч байгууллагын төлөөлөгчийг байлцуулан туршилт хийх,6. 1 дүгээр давхрын зарим айлд осол аваарын үед ашиглах люк гаргаж өгсөн нь засвар болон аваарын үед тухайн оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлдөг тул инженерийн шугам сүлжээний схемд өөрчлөлт хийх люкийг шатны хонгилд байрлуулах.7. барилгын инженерийн шугам сүлжээний ажлын зургийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий мэргэжлийн байгууллагаар шинэчлэн хийлгэж өгөх зөрчлүүдийг Эрдэнэт чандмань ХХК хариуцна гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын шинжээчийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06/101/01 дугаартай дүгнэлтэнд: Гүйцэтгэгч Эрдэнэт чандмань ХХК нь 2- 28-р байрны орон сууцны дотор сантехникийн /халаалт,халуун хүйтэн,бохирын усны/ системийн угсралтын ажлуудыг батлагдсан зураг төсөлгүйгээр холбогдох норм дүрэм стандартуудыг зөрчиж шаардлага хангахгүй чанар муутай материалууд хэрэглэж зөвшөөрөлгүйгээр дур мэдэн угсарч гүйцэтгэсэн. Сантехникийн угсралтанд тусгай зөвшөөрөл бүхий зураг төсвийн байгууллагын гүйцэтгэсэн,магадлалаар баталгаажсан ажлыг зураг төслийг хэрэглээгүй. Нэгдүгээр давхрын шалан доорх нэг сувагт халаалт, дулаан,халуун,хүйтэн,бохир усны түгээх гол шугамуудыг хамтатган нийлүүлж угсарсан, Хуванцар хоолойн далд угсралтанд залгаа холбоосууд хэрэглэсэн.босоо шугамуудын бэхэлгээг хангалтгүй хийснээс хөдөлгөөнтэй болсон,халаах хэрэгслийн буцах шугамд хаалтууд тавигдаагүй, халаалт, хэрэгцээний халуун усны хуванцар хоолойнууд мушгирч гулзайсан,халаалт,халуун,хүйтэн бохир усны шугам сүлжээнд чанар муутай тоног төхөөрөмж, шугам хоолой холбох хэрэгсэл,хаалт арматур угсарснаас нэлээд хэдэн газарт цоорч, эвдэрч усны алдагдалтай байгаа.

Иймээс орон сууцны сан техникийн системд байгаа дээрх зөрчил дутагдлууд нь Барилгын тухай хуулийн 9.1.1 хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан, мөн хуулийн 16,2 Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно, 11.1.1 -д заасан .хэрэглэсэн материалууд нь стандарт зураг төслийн чанар шаардлагыг бүрэн хангасан байх гэсэн заалтууд болон холбогдох норм дүрэм стандартуудын зохих шаардлагыг хангахгүй байна ...Батлагдсан зураг төсөлгүйгээр угсрагдсан ашиглалтын үед цоорч эвдэрч ус гоожиж чийг бохир үнэртэж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж чанарын шаардлагыг хангахгүй байгаа тул цаашид орон сууцны барилгын дотор сан техникийн шугам хоолой тоног төхөөрөмж,хаалт арматур зэргийг чанартай материалаар иж бүрнээр нь шинэчлэн солих шаардлагатай гэж үзэж байна. Цаашид сан техникийн тоног төхөөрөмж, дотор шугам сүлжээ, инженерийн байгууламжийн шинэчлэн солих зураг төслийг тусгай зөвшөөрлийн эрхтэй мэргэжлийн зураг төслийн байгууллагаар хийлгүүлж, улсын магадлалаар баталгаажуулж тусгай эрх бүхий барилга угсралтын байгууллагаар ажлыг гүйцэтгүүлэх нь зүйтэйгэсэн дүгнэлтүүд гарсан байдаг.

Тухайн 50 айлын орон сууцанд улсын комисс ажиллах үед орон байрандаа орж чадалгүй удаан хүлээсэн захиалагч нар дайрч орсон, өвлийн улирал болох гэж байсан зэрэг хүндрэлтэй байдлуудыг харгалзан үзэж улсын комисст ажилласан зарим гишүүд сантехникийн системийн угсралт болон тэнд хэрэглэсэн материалуудын чанар байдал тааруухан, шаардлага хангахгүй байгаа болон барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм-ийн зарим заалтууд зөрчигдөж байгааг анхааруулж засаж өөрчлөх үүрэг даалгаврыг захиалагч гүйцэтгэгч нарт өгч, торгууль шийтгэвэр ногдуулж тэднээс дутуу ажлыг гүйцээх хугацаатай амлалтыг бичгээр авсан байдаг. Орхон аймгийн Захирагчийн алба тухайн байгууллагын инженерийн шугам сүлжээнд хяналт тавьж байсан бөгөөд ашиглагч байгууллага болох Эрдэнэт амьдралХХК, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК, иргэдээс байнга гомдол санал тасралтгүй ирж байсан учраас тус Захирагчийн алба 2011,2013 онуудад хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж байдлыг үзэж танилцаж ажлын хэсгийн дүгнэлт гаргаж, гүйцэтгэгч Эрдэнэт чандмань ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан болох нь Захирагчийн албаны даргын 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01 тоот тушаал хавсралтын хамт,2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тушаалаар байгуулсан ажлын хэсгийн зураг, иргэдийн өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний ерөнхий инженер Ч.Мягмарсүрэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 286 тоотоор 2-28-р байрны СӨХ-ний зөвлөл,оршин суугчдад Инженерийн шугам сүлжээний байдлын тухай 2013- 2014 оны халаалтын улиралд танай байрны халаалтыг өгөх боломж маш муутай болохыг анхааруулж байсан байдаг. Ийм хүнд нөхцөлд оршин суугчид амьдарч байсан болох нь нотлогддог. Тухайлбал 2013 оны 7 сараас 2014 оны 1 сар хүртэл зөвхөн 2-28-р байрны оршин суугчдаасЭрдэнэт ус дулаан түгээх сүлжээОНӨХК-д ирсэн 156 удаагийн дуудлагаар мөн нотлогддог.Хотын Захирагчийн алба 2-28-р байрны инженерийн байгууламжийн талаар мэргэжлийн байгууллага болох Эрдсанбар ХХК ажлын зураг, мэргэжлийн төсөвчинөөр хийлгэхэд нийт 218 000 000 төгрөгийн зардал гарахаар байсан юм. Ашиглагч байгууллага Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь тухайн байрны инженерийн шугам сүлжээ аваарын байдалтай байсан учраас 2015 оны 8 дугаар сард өөрсдөө зураг төсвөө хийж тухайн ажлыг гүйцэтгэсэн. Аваарын нөхцөл байдал үүссэн учраас заавал мэргэжлийн байгууллагын зураг төсөвчинөөр хийлгэх боломжгүй, хүйтний улирлаас өмнө халаалт, халуун хүйтэн, бохирын устай болгохыг зорьж шинээр туннелийн суваг татаж инженерийн шугам сүлжээг угсарч 2015 оны 11 сард ашиглалтанд өгсөн. Одоо 2-28-р байрны инженерийн шугам сүлжээний талаар ямар нэг гомдол санал гарахгүй 2 жил болж байна. Эрдэнэт чандмань ХХК-ийн гүйцэтгэсэн 50 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний зөрчилтэй асуудлаас болж иргэдийн Үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчин амьдрах эрх олон жил зөрчигдөж байсан. 2-28-р байрны инженерийн байгууламжийн асуудлыг шийдэхгүй байсаар аваарын байдалтай болсон. Эрдэнэт чандмань ХХК нь барилгын баталгаат 3 жилийн хугацаанд олон барилга ашиглалтанд өгснөөс хойш чанарын шаардлага хангасан инженерийн шугам сүлжээний асуудлыг гүйцэтгэвэл зохих ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй буюу бүрэн гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Орхон аймгийн Засаг дарга аваарын сангаас 128.000.000 төгрөг гарган уг байрны инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэсэн юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Тухайн үед нэхэмжлэгчээс Эрдэнэт чандмань ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй боловч аваарын нөхцөл байдал үүссэний улмаас гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн байсан гэдгийг мөн тодруулж байна. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн зардал 128.000.000 төгрөгийг Эрдэнэт чандмань ХХК-иас гаргуулж төсвийн орлогод оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эрдэнэт-Чандмань ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаагийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэн тайлбарлах нь: 1. Орхон аймгийн 2-28 дугаар байрыг 2009 оны 8 дугаар сард техникийн комиссоор ашиглалтанд оруулж 2010 онь 01 дүгээр сарын 21-нд Улсын комиссоор давтан оруулсан бөгөөд 2009 оноос хойш дулаан ба цэвэр ус хэвийн ажиллагаатай байсан ба Барилгын тухай хуулиар барилгын баталгаат хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 21-нд дуусаж түүнээс хойш дахин 3 жил өнгөрсөн байна.2.2009 оноос 2010 оны өвлийг гэмтэл согоггүй өнгөрөөсөн. Сантехникийн систем Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн техникийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас эвдэрч, ажиллагааны горим алдагдсанаас маргаан үүссэн бөгөөд энэ талаар 2012 онд Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх уг маргааныг хянан үзээд Сум дундын шүүхийн 577дугаар захирамж гарч, уг захирамжийн 3-рт Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай гэсэн байгааг анхааран үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мишиг 2017 оны 03 сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймгийн Засаг даргын шийдвэрээр, 2010 онд манай барьж ашиглалтанд оруулсан 2 микрийн 28-р байрны инженерийн шугам сүлжээг өөрчлөн өргөтгөх, барилгын зураг төсөл болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн хэмээн Эрдэнэт Ус ОНӨХК 2015 онд аймгийн төсвөөс 128 000 000 төгрөгийг авчээ. Уг ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалт, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчиж төсвийн хөрөнгөнөөс 128 000 000 төгрөгийг гаргуулж авсныг манай компаниар төлүүлж төсөвт төвлөрүүлэхээр Аймгийн Засаг дарга нэхэмжлэл гаргасан учир доорхи тайлбарыг өгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүйг илэрхийлж байна. Үүнд: 2-28 дугаар байрны талаар Эрдэнэт амьдрал ХХК /одоогийн Эрдэнэт ус ОНӨХК/ 2012 онд манайхыг буруутгаж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2012 оны 577-о захирамжийн захирамжлах хэсгийн 3-д ...энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай. гэсэн шүүгчийн захирамж хүчинтэй байгаа,

2.Мөн дараа нь 2-28 дугаар байрыг чанаргүй барьсан гэж захирал С.Мишигт эрүүгийн хэрэг үүсгэж Цагдаагийн газраар мөрдөн байцаалт хийлгэсэн бөгөөд 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 5-301 дугаартай прокурорын тогтоолд ...С.Мишигийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгосугай гэсэн прокурорын тогтоол гарсан нь мөн л хүчинтэй байгаа.

3. Барилгын тухай хуульд, барилгын баталгаат хугацааг 3 жил гэж тогтоосон ба 2-28 дугаар байр нь 2010 оны 01 сард ашиглалтанд орсон учир хуулиар хүлээсэн баталгаат хугацаа нь дууссан бөгөөд дахин 4 жил өнгөрсөн буюу нийт 7 жил өнгөрч хуулийн хүчинтэй хугацаа нь дууссан.

4. Нэхэмжлэгч Аймгийн засаг дарга Эрдэнэт ус ОНӨХК ийг манай өмнөөс 2-28 дугаар байрны инженерийн шугам сүлжээний өргөтгөлийг гүйцэтгэсэн гэж үзээд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн хэмээн нэхэмжлэлээ үндэслэсэн боловч Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 1 ,4 ,5 дугаар заалтуудыг зөрчсөн тухайгаа ойлгоогүй.Уг хуулийн 491 зүйлийн 7-д үүргийн гүйцэтгэл, ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн, зэрэг 4 үндэслэлтэй юм гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч С.Мишиг нь засварын ажил хийж гүйцэтгэсэн зардлыг бус хийх ёсгүй байсан ажлыг хийж гүйцэтгэсэн өөрөөр хэлбэл миний хийсэн зүйлүүдийг бүгдийг нь авч хаяад шинээр хийсэн байна лээ гэх өөрийнх нь тайлбар, шинжлэн Б.Анхбаатар, Э.Сүхбат нарын гаргасан 2012 оны 577 тоот шүүгчийн захирамжийн дагуу бүрэн шинэчлэгдэж сольсон байх тул Эрдэнэт Чандмань ХХК ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй байна гэх дүгнэлт зэргээр шинээр засварын ажил хийгдсэн, хариуцагч С.Мишиг нь 128 000 000 төгрөгөөр засварын ажил хийснийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэт чандмань ХХК-аас 128 000 000 төгрөг гаргуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан тул шинжээчийн ажлын хөлс болох 1 010 000 төгрөгийг шүүхийн зардалд тооцон гаргуулан өгнө үү гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга Эрдэнэт Чандмань ХХК-д холбогдуулан Инженжерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байгаа.

Эрдэнэт Чандмань ХХК 2007 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 28 дугаар байрыг худалдан авч сэргээн засварлаж, инженерийн шугам сүлжээг шинэчлэн 2010 оны 01 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн, тухайн орон сууцны дотор сантехникийн / халаалт, халуун, хүйтэн, бохир усны / системийн угсралтын эвдрэл гэмтэлтэй холбоотой иргэдийн санал, гомдол их ирсэн учраас Эрдэнэт Амьдрал ХХК Эрдэнэт Чандмань ХХК-нд холбогдуулан Оюут багийн 28 дугаар байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаж хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан нь 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/036 тоот, дуудлагын бүртгэл, 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/128 тоот Эрдэнэт Амьдрал ХХК-ийн Хотын захирагчийн албанд хүргүүлсэн албан бичиг, 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар Эрдэнэт хотын захирагчийн албаны даргын тушаал, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаар Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаар шүүгчийн захирамжаар Эрдэнэт Амьдрал ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт Чандмань ХХК-нд холбогдох иргэний хэргийн хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК халуун, хүйтэн усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2к гадна худгаас байрны оруулгын шугамыг ревиз тавьж цэвэрлэх боломжтой болгох, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх ажлуудыг хийхээр, нэмэлт усны насосны хэвийн ажиллагааг халаалт тавьсан хойно шалгаж хийхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн засаг дарга төсөвт өртгийн тооцоонд үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А/346 дугаар хөрөнгө гаргах тухай захирамж гаргаж 2-28 дугаар байрны сантехникийн засварын ажилд 128 000 000 төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн, уг төсөвөөр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хотын захирагчийн алба, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-тай аваарын ажлын гэрээ байгуулан ажиллаж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэгч Эрдэнэт Ус ДТС ОНӨХК захиалагч Хотын захирагчийн албанд 2-28 дугаар байрны сантехникийн засварын ажлыг шинээр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн нь А/346 дугаар Орхон аймгийн засаг даргын захирамж, засварын ажлын төсөв, АЗ-02/15 аваарын ажлын гэрээ, төлбөрийн хүсэлтүүд, 15/42 дугаар улсын комиссын акт, гэрэл зураг, засварын ажлын зураг төсөл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК-иас 64 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь 1-рт: 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/101/01 дүгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэнд ...Гүйцэтгэгч нар нь 2-28 дугаар орон сууцны дотор сантехникийн /халаалт, халуун, хүйтэн, бохир усны/ системийн угсралтын ажлуудыг батлагдсан зураг төсөлгүйгээр холбогдох норм дүрэм стандартуудыг зөрчиж, шаардлага хангахгүй чанар муутай материалууд хэрэглэж зөвшөөрөлгүйгээр дур мэдэн угсарч гүйцэтгэсэн байна.Шалгалтаар угсралт болон ашиглалттай холбогдолтой зөрчил дутагдлууд илэрснээс зарим нэгийг нь дурьдаж байна. Үүнд: сантехникийн угсралтанд, тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагын гүйцэтгэсэн, магадлалаар баталгаажсан ажлын зураг төслийг хэрэглээгүй, нэгдүгээр давхрын шалан доорхи нэг сувагт халаалт, халуун, хүйтэн, бохир усны түгээх гол шугамуудыг хамтатган нийлүүлж дулаалгагүйгээр угсарсан, хуванцар хоолойн далд угсралтад залгаа холбоосууд хэрэглэсэн, босоо шугамуудын бэхэлгээг хангалтгүй хийснээс хөдөлгөөнтэй болсон, халаах хэрэгслийн буцах шугаманд хаалтууд тавигдаагүй, халаалт, хэрэгцээний халуун усны хуванцар хоолойлууд мушгирч гулзайсан, халаалт, халуун, хүйтэн, бохир усны шугам сүлжээнд чанар муутай тоног төхөөрөмж /халаах хэрэгсэл, алчуур хатаагч/, шугам хоолой, холбох хэрэгсэл, хаалт арматур угсарснаас нэлээд хэдэн газарт цоорч, эвдэрч усны алдагдалтай байгаа зэрэг болно.

...Гүйцэтгэгч компани нь тус орон сууцанд шинээр угсарсан сантехникийн тоног төхөөрөмж дотор шугам сүлжээ хэрэглэсэн материалуудыг батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн байх тул тус барилгын сантехникийн угсралтыг зөв буруу гэж үнэлэх боломжгүй байна. Үзлэг шалгалтаар угсарч хэрэглэсэн тоног төхөөрөмж материалууд нь эвдэрч, цоорч ус алдаж чанарын шаардлагыг хангахгүй байгаа нь холбогдох норм дүрэм стандартыг зөрчиж байна.Мөн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох норм стандартад заагдсан технологи, дараалал, байрлал /гүйцэтгэгчийн ур чадвар/ зэргийг зөрчиж чанар муутай хийсэн байна.Гүйцэтгэгч байгууллагын сантехникийн угсралтанд хэрэглэсэн материалууд нь лабораторийн шинжилгээ туршилт батламж, чанарыг баталгаажуулсан паспорт, гарал үүслийн гэрчилгээ акт бичиг баримтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11.1.1. /стандарт, зураг төслийн чанарын шаардлагыг бүрэн хангасан байх./, 11.1.2. /хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх./, 16.5./Импортын барилгын материал гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй байна / гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

...Гүйцэтгэгч нь улсын магадлалаар баталгаажсан албан ёсны ажлын зураг төсөлгүйгээр, тус орон сууцны сантехникийн системийн угсралтыг дур мэдэн гүйцэтгэсэн байна. Иймээс сантехникийн угсралтын ажил, хэрэглэсэн материалуудыг батлагдсан зураг төслийн дагуу холбогдох стандарт норм дүрмийг баримтлан зөв хийгдсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нар нь Барилгын тухай хуулийн 15.1.1./..., зураг төсөл захиалах/, 15.1.2. /барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах/, 15.1.6. /барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх/, 16.2. /Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, 16.6. /Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно/, 21.3 ./Барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг тухайн барилга байгууламжийг ашиглах хугацаагаар хадгална./ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

... мөн батлагдсан зураг төсөлгүйгээр угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2. Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно Заалтыг гүйцэтгэгч байгууллага зэрэг нь тус тус зөрчсөн байна. Батлагдсан зураг төсөлгүйгээр угсрагдсан, ашиглалтын үед цоорч эвдэрч ус гоожиж, чийг бохир үнэртэж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж, чанарын шаардлагыг хангахгүй байгаа тул, цаашид тус орон сууцны барилгын дотор сантехникийн шугам хоолой, тоног төхөөрөмж, хаалт арматур зэргийг чанартай материалаар иж бүрнээр нь шинэчлэн солих шаардлагатай үзэж байна гэж дурьдсан.

Дээрхи дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт биш боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримт гэж үзэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/101/01 дүгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болох баримт нь 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2-28 дугаар байрны сантехникийн шугам сүлжээний ашиглалтын байдалд үзлэг хийсэн комиссын протокол, 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 41/06/102 тоот шинжээчийн дүгнэлт, 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/3410 тоот Барилга хот байгуулалтын яамны албан бичиг зэрэг баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрдэнэт Чандмань ХХК-ийг эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Орхон аймгийн Засаг дарга хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК-ийн биелүүлэх ёстой үүргийг даалгаваргүйгээр, шударгаар гүйцэтгэсэн тул түүнээс учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнгийн тал хувийг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

2-рт Нэхэмжлэлийн шаардлагаас 64 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаар захирамж биелэгдээгүй буюу Эрдэнэт Чандмань ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн засаг дарга хөрөнгө гаргах тухай захирамж гаргаж 2-28 дугаар байрны засварын ажлыг 128 000 000 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн гэж дурьдсан.

Хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаар шүүгчийн захирамжид дурьдагдсан халуун, хүйтэн усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2к гадна худгаас байрны оруулгын шугамыг ревиз тавьж цэвэрлэх боломжтой болгох, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх ажлуудыг хийхээр, нэмэлт усны насосны хэвийн ажиллагааг халаалт тавьсан хойно шалгаж хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байхад 2-28 дугаар байрны инженерийн шугам сүлжээг урьд хийснээс өөр байдлаар шийдэж шинээр угсралт хийсэн учраас Эрдэнэт Чандмань ХХК өмнө нь яг ямар ажлыг хийж гүйцэтгэсэн, эсхүл хийж гүйцэтгээгүй эсэхийг шинжээч тогтоох боломжгүй болсон нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Анхбаатар, Э.Сүхбат нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа.

Тиймээс хариуцагчийг 100 хувь буруутай гэж үзэж 128 000 000 төгрөгийг бүрэн хариуцуулах үндэсгүй гэж дүгнэсэн.

Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д зааснаар аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь тухайн шатны Засаг дарга байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар аймгийн засаг дарга нь орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхтэй.

Засаг дарга дээрхи эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21.1.2-т зааснаар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байх тул 128 000 000 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгчид хариуцуулахаар шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардал 1 010 600 төгрөгийг хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлын 50 хувь болох 505 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн төсвийн байгууллагын нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 64 000 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 477 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21.1.2-т заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК-иас 64 000 000 / жаран дөрвөн сая / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64 000 000 / жаран дөрвөн сая / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 477 950 төгрөг гаргуулан төрийн санд, 505 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.ҮҮРИЙНТУЯА