| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000055 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум 5 дугаар баг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Сумъяажав. //
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 40 минутын орчим амьсгал спиртийн агууламж 0.94%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг “Гуа-Тээг” караокены урд замд “Тоёота Приус” загварын СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 40 минутын орчим амьсгал спиртийн агууламж 0.94%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг “Гуа-Тээг” караокены урд замд “Тоёота Приус” загварын СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),
- Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 16 дугаар хуудас),
-Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),
-Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа (хх-ийн 11 дүгээр хуудас),
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 онд Бор-Өндөр суманд ирж ажилд орсон. Манай найз ахындаа ирж байшингийн засварын ажилд тусалж байгаа юм. Харин би ахынд нь байдаг юм. бид хоёр 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой ахад нь бяллард тоглоно СҮА дугаартай цагаан ангийн Приус-20 маркийн авто машиныг нь унаж гараад Гуа-Тээг бааранд орж тус бүр 2 лааз пиво уугаад 00 цаг өнгөрч байхад гараад машинаа асаагаад би хажууд нь суугаад явах гээд ухарч байхад эргүүлийн цагдаа таарсан. Ийм л юм болсон 4-5 метр газар л ухарсан, тэгсэн чинь манай найз өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан юм байна. Согтолтын зэрэг нь 0.94 хувь гарсан” гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би ******* аймгаас 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Бор-Өндөр суманд өөрийн төрсөн ах О.Цэгмидийнд байшингийн ажилд туслахаар ирсэн юм. 2024 оны 08 дугаар сарын 22-ны орой нутгийн найз Төмөрбаатартай Гуа-Тээг бааранд орж тус бүр 2 лааз пиво уугаад гараад унаж явсан ах О.Цэгмидийн СҮА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн асаагаад ухрах үйлдэл хийгээд хөдөлж байхад эргүүлийн цагдаа таарсан. Тухайн үед 4-5 метр орчим хөдөлгөөн хийгээд л баригдсан. Цагдаа ирээгүй бол хөдлөөд явах байсан байх. Миний согтолтыг зориулалтын драгер багажаар хэмжихэд 0.94 хувь согтолттой байсан” гэх мэдүүлэг (хэргийн 25-******* дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинж нь жолоодох эрхээ хасуулсан этгээд өөрийгөө согтуурсан, мансуурсан гэдгээ мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсан нөхцөл байдлын улмаас өөрийн ухамсар, биеийг удирдах чадамж алдагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг “Гуа-Тээг” караокены урд замд “Тоёота Приус” загварын СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 0.94%-ийн согтолттой байсан болох нь Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 1, 16 дугаар хуудас)-аар нотлогдон тогтоогдож байна.
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас)-аар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 40 минутын орчим амьсгал спиртийн агууламж 0.94%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар баг “Гуа-Тээг” караокены урд замд “Тоёота Приус” загварын СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Прокурорын газраас шүүгдэгч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгч О.*******ай эрх хасах ял, торгох ял оногдуулахаар ял тохиролцсон бөгөөд давхар архи согтууруулах ундааны бодис хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг торгох ялыг биелүүлэх хугацаанд авах санал гаргасныг шүүхээс шүүгдэгч О.******* давхар албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч, яллагдагчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Сумъяажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Сумъяажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.******* авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ