Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/659

 

 

 

 

 

 

  

 

   2024          08           19                                    2024/ШЦТ/659

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Э.Анударь,  

шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Х-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 1**0 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Х-н Б- /РД:**/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Б- 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** центрийн хажууд *** дүгээр байранд байрлах “А” хүнсний дэлгүүрийн хаалгыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эвдэж гэмтээсний улмаас хохирогч П.Я-д 640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Х.Б- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ийн өгсөн “...“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Я-н хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны баруун үзүүрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуучин танил болох Х.Б- согтуу орж ирээд өмнө болсон асуудлаа ярьж агсам тавиад байхаар нь би хөөгөөд гаргасан. Х.Б- хаалга гадна талаас цохиод дэлгүүрийн хаалга эвдсэн... Би хаалгаа 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин үнэлүүлэхдээ үнэлгээний байгууллага нь хуучин хаалга гээд 700.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Х.Б- надад бэлэн 700.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 14-15 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн шинжээчийн “...бүргэд хаалга 640.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Т-н “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээний олон улсын стандартад дурдагдсан зах зээлийн жишиг хандлагын нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргаар тогтоолд заасан он сараар зах зэээлийн үнэ цэнийг тогтоон шинжилгээний дүгнэлтийг гаргаж хүргүүлж ажилласан. Нийтэд арилжаалагдах жиших зүйлсийн арга гэдэг нь олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас үнэ мэдээллийг авч, мэдээллиййн сантай зөрүүтэй хэсэгт тулгалт хийж нягтлан шалгалт хийсний үндсэн дээр үнэ цэнийг тодорхойлсон стандартаар хүлээн зөвшөөрөгдөх арга юм. Мөрдөгчийн тогтоолд дурдсанаар уг эд зүйл бүтнээр 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үнэлэгдсэн. Шинжилгээний объект нь бодит байдлын биечлэн танилцаж байж хохирлыг тодорхойлох бололцоотой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын “...бүргэд хаалга 700.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/-г тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б- бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Я-н мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Б- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг “...Х.Б- өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...бүргэд хаалга 700.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ авагдсан байх ба хохирогч П.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Б- надад бэлэн 700.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Х.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Б-ийг хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

            Тодруулбал уг хэрэгт шүүгдэгч Х.Б- учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Х-н Б-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ