Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 75

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Э.Ариунтуяа   

 улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Ут холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

М.У

 

Шүүгдэгч М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Оын баруун даланд нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл  cанаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч М.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 04 сарын 10-ны өдөр Дгийн гэрт архи уугаад ухаанаа алдсан байсан. Нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Би урьд нь архи ууж байгаагүй.Юу болсон талаар сайн мэдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.

 

            Хохирогч Б.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгт: “би 2017 оны 04 сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд Сайншанд сумын ... гэх газар нутагладаг Д гэдэг айлд мал сурах ажилтай очсон юм. Намайг Дгийнд очиход Д У 2 архи уугаад сууж байсан. У надад жижиг гарын мөнгөн аяганд архи хийж өгсөн тэгэхээр нь би архинаас амсаад буцаагаад өгтөл У надаас хэрүүл өдөөд аягыг нь голоод байна уу гээд дахиад хийгээд өгсөн би 3 балгаад буцаагаад өгтөл бүгдийг нь уу гээд авахгүй байсан. Тэгэхээр нь би ширээн дээр нь тавьтал  “Чи муу манай нутагт ирчихээд  том толгой гаргаад байхгүй шүү” гээд хэрүүл өдөөд эхэлсэн тэгэхээр нь би  чамтай юм ярихгүй чи дуугай бай гэсэн чинь босоод надруу чиглээд ирсэн . Ирэх замдаа шүүгээн дээр байсан хутгыг авсан  юм билээ. Тэгтэл ар нуруу руу халуун оргиод явчихсан. Эмнэлэг дээр ирээд дал орчимд 2 оёдол тавиулсан.  “ гэсэн мэдүүлэг,

 

                 Гэрч Б.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 04 сарын 10-ны өдөр хөдөө гэртээ байсан ба тухайн үед У урьд өдөр нь манайд ирж хоносон юм. Намайг хонио хураачихаад ирэхэд Б ирчихсэн гэрт байсан ундааны савтай архийг гаргаж ирээд бид гурав хувааж уугаад сууж байтал У,О хоёр хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Нэг мэдэхэд О, У намайг хатгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би Оын цамцыг тайлаад үзтэл баруун далны орчим цус гарч байхаар нь би нойлын цаасаар арчиж цусыг тогтоож өгсөн. Удалгүй Эрдэнэбаяр ах аймгаас машинтай ирсэн байсан тул Оыг аймаг руу өгч явуулсан” гэсэн мэдүүлэг

 

                 Гэрч Л.Бы хэрэг бүртгэлтэнд өгсөн:2017 оны 04 сарын 10-ны өглөө би 08 цагийн орчим...Дгийн гэрт очиход О, У, Д гурвуулаа архи уугаад сууж байсан. Надад нэг аягаар архи өгөхөөр нь би уусан. Би тухайн үед гэрийн зүүн талд  зуухны хажууд тамхи ороогоод сууж байтал О хэлэхдээ намайг У хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь хартал Оын баруун далны орчим У хатгасан гэсэн. Би очоод хартал Оын баруун далны орчим цус гарч байсан. Д нойлын цаасаар дараад цусыг нь цэвэрлэсэн. Тэр үед Эрдэнэбаяр гэдэг хүн ирчихсэн байсан...гэсэн мэдүүлэг

 

                 Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 17/

                 Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/

                 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.У нь 2017 оны 04 сарын 10-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр баг “Үзүүр ус” гэх газар нутаглах Дгийн гэрт архидан согтуурч иргэн Б.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний баруун даланд нэг удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл  cанаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн  92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох хохирогч  Б.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...У надад жижиг гарын мөнгөн аяганд архи хийж өгсөн тэгэхээр нь би архинаас амсаад буцаагаад өгтөл У надаас хэрүүл өдөөд аягыг нь голоод байна уу гээд дахиад хийгээд өгсөн би 3 балгаад буцаагаад өгтөл бүгдийг нь уу гээд авахгүй байсан. Тэгэхээр нь би ширээн дээр нь тавьтал  “Чи муу манай нутагт ирчихээд  том толгой гаргаад байхгүй шүү” гээд хэрүүл өдөөд эхэлсэн... шүүгээн дээр байсан хутгыг авсан  юм билээ. Тэгтэл ар нуруу руу халуун оргиод явчихсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “... 2017 оны 04 сарын 10-ны өдөр... Би тухайн үед гэрийн зүүн талд  зуухны хажууд тамхи ороогоод сууж байтал О хэлэхдээ намайг У хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь хартал Оын баруун далны орчим У хатгасан гэсэн...“гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, өвчтөний эмнэлэгт хэвтсэн түүх  яаралтай тусламжийн хуудас  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Уыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч М.У нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

Хохирогч Б.О нь “ямар нэгэн гомдол санал байхгүй. М.У надаас уучлалт гуйсан. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэж шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч М.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

     Шүүгдэгч М.У нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Уыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АДЪЯАСҮРЭН