Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2026/00086

 

 

ТА-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлалтай

ТА-ийн нэхэмжлэлтэй, Н.Н, С.Ч, Б.Х, О.А нарт холбогдох

Төрд учирсан хохирол 40,998,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ТА нь хариуцагч Н.Н, С.Ч, Б.Х, О.А нарт холбогдуулан төрд учирсан хохирол 40,998,403 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Н-аас 1,114,253 төгрөг, хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг тус тус гаргуулж, төрийн банкны 100900021501 дугаар дансанд төлүүлж, хариуцагч Н.Н, С.Ч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.А-ээс 6,686,715 төгрөгийг гаргуулж төрийн банкны 100900021501 дугаар дансанд төлүүлж, хариуцагч Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТА нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Н-аас 31,297 төгрөг, хариуцагч С.Ч-оос 159,492 төгрөг, хариуцагч О.А-ээс 121,937 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого (100200100941)-д нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хууль (2002 онд батлагдсан, 2019 онд хүчингүй болсон)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Н-аас 11,778,509 төгрөг, хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг, хариуцагч О.А-ээс 6,686,715 төгрөг тус тус гаргуулж Төрийн банк дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлж, хариуцагч С.Ч-т холбогдох шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Б.Х-д холбогдох шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...31,297...” гэснийг “...203,406...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Магадлалын 8-д “Нэхэмжлэгч ТА нь магадлалын хянавал хэсгийн 5-д дурдсанаар буюу хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан байх тул уг маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан арван жилийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул хариуцагч Н.Н-аас гаргасан “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа дууссан...” гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй...” гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч үзээгүй болно. Өөрөөр хэлбэл, Н.Н-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол шаардах эрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 372 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болох Монгол Улсын дээд шүүх хяналтын шатны 2017.09.20-ны 307 дугаар тогтоолоос хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд ТА-ийн нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил өнгөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь дээрх хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд шаардах эрх нь 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу үүсэж байгаа ба Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас хөрөнгө хуваарилсан асуудлыг сүүлд мэдсэнээр шаардах эрх үүссэн гэж тайлбарласан байна. Гэтэл 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ТА нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй болно.

Нөгөөтээгүүр, дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно” гэх зохицуулалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу магадлалын 9-д дурдсан “М.Т-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гарсан 2016.12.09-ний өдрөөс Н.Н-ыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн 2017.10.20-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төрд учруулсан хохиролд 11,778,509 төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хууль хэрэглээний зөрүүг арилгах нь цаашид улсын дээд шүүхээс хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байх тул хүлээн авч хянан шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Маргаан бүхий үйл баримтын тухайд: Н.Н нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016.12.09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т-ыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Их Хурлын 2017.10.20-ны өдөр “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 59 дүгээр тогтоол гарснаар Н.Н-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн 58 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Ч-ийг томилсон байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалтад “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэсэн нэмэлт өөрчлөлт нь 2018.06.27-ны өдөр орсон бөгөөд 2019.01.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар О.А ажиллаж байгаад Засгийн газрын 2019.06.28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 269 дүгээр тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг чөлөөлсөнтэй холбоотойгоор тус газрын дэд дарга Б.Х нь 2019.06.28-ны өдрөөс 2021.08.16-ны өдөр хүртэлх хугацаанд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Иргэн М.Т нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу дараах шийдвэрүүд гарсан байна. Үүнд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.09.20-ны өдрийн 307 дугаар тогтоол тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” N211 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг М.Т-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Иргэн М.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 1092 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018.10.19-ний өдрийн 001/ХТ2018/01442 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/80 дугаар тушаалаар 11,550,898 төгрөгийг М.Т-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Иргэн М.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.01-ний өдрийн 594 дүгээр магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/80 дугаар тушаалаар 8,915,620 төгрөгийг М.Т-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Иргэн М.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр 2018.11.08-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, 7,757,253 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус М.Т-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/80 дугаар тушаалаар 9,698,066 төгрөгийг М.Т-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Иргэн М.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилохгүй байсан тул дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр 2019.09.11-ний өдрөөс 2020.01.24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2022.12.14-ний өдөр 4,964,500 төгрөгийг М.Т-д олгожээ. Иргэн М.Т-д захиргааны болон 4 удаагийн иргэний, нийт 5 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу нийт 40,998,403 төгрөгийг цалин хөлсөнд олгосон нь нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэл гаргасан болно. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дүгээр шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2026.01.07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлалд Н.Н-аас 11,778,509 төгрөг гаргуулах, О.А-ээс 6,686,715 төгрөг гаргуулах хэсэгт хяналтын гомдол гаргаагүй, харин С.Ч, Б.Х нарт холбогдох хэсэгт хяналтын гомдол гаргаж байна.

Хяналтын гомдол гаргах тухайд: Давж заалдах шатны шүүх “Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрх нь тухайн этгээдэд хуулиар олгогдсон эрх хэдий ч уг эрхээ хэрэгжүүлсэн нь түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбогдох гомдлыг үндэслэлтэй” гэж зөв дүгнэсэн болно. Харин хариуцагч С.Ч, О.А, Б.Х нарын тухайд тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан тул тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн хэдий ч анхан шатны шүүх хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг, О.А-ээс 6,686,715 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг шийдлийг хөндөх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болоогүй гэж үзэхээр байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Хариуцагч С.Ч нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан биш хэдий ч Монгол Улсын Их Хурлын 2017.10.20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон цаг хугацаанаасаа эхлэн дээрх хуулийн заалтуудын дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, М.Т-ыг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилох үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна гэж үзэж байна. Мөн хариуцагч С.Ч-ийг Монгол Улсын Ерөнхий Сайдын 2020.07.08-ны өдрийн 17 дугаар захирамжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагч С.Ч нь сайдаар томилогдсон 2017.10.20-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд М.Т-д цалин хөлс олгох тухай шүүхийн шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг бүрэн хариуцах ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалтад “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэсэн нэмэлт өөрчлөлт нь 2018.06.27-ны өдөр орсон бөгөөд 2019.01.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар О.А ажиллаж байгаад Засгийн газрын 2019.06.28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 269 дүгээр тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг чөлөөлсөнтэй холбоотойгоор тус газрын дэд дарга Б.Х нь 2019.06.28-ны өдрөөс 2021.08.16-ны өдөр хүртэлх хугацаанд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Хариуцагч Б.Х нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, М.Т-ыг эгүүлэн томилох үүргээ биелүүлээгүйн улмаас төрд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.

Тодруулбал, хариуцагч С.Ч, О.А, Б.Х нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдсаны улмаас төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн тул томилох эрх бүхий этгээд байх хугацааны төрд учруулсан хохирлыг хариуцаж, арилгаж, төрийг хохиролгүй болгох учиртай юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасны дагуу хүлээн авч, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00365 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д болон хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт холбогдуулан төрд учирсан хохиролд нийт 40,998,403 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

7.1.Хариуцагч Н.Н нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016.12.09-ний өдрийн Б/284 тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т-ыг албан тушаалаас нь чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 221/МА2017/0450 магадлал, Дээд шүүхийн 2017.09.20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч нь УИХ-ын 2017.10.20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар ... сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 5,799,119 төгрөг, уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хариуцагч сайдын ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх 114 ажлын өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,909,190 төгрөг, нийт 11,778,509 төгрөгийг Н.Н-аас гаргуулахаар шаардана.

7.2.Хариуцагч С.Ч нь УИХ-ын 2017.10.20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон ба үүнээс хойш М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 182/ШШ2018/00564 шийдвэрээр 11,544,470 төгрөг, 2019.01.23-ны өдрийн 182/ШШ2019/00177 шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019.09.11-ний өдрийн 182/ШШ2019/0511 шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагч С.Ч-оос нийт 16,498,141 төгрөг гаргуулна.

7.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт 2019.01.01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор хариуцагч О.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 182/ШШ2019/00177 шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019.09.11-ний өдрийн 182/ШШ2019/0511 шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд О.А-ээс 2019.01.01-ний өдрөөс 2019.06.28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 6,686,715 төгрөгийг гаргуулна.

7.4.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.А-ийг Засгийн газрын 2019.06.28-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор чөлөөлж, түүний оронд Б.Х-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Б.Х нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 182/ШШ2019/0511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, 2020.02.06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр 4,964,131 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргуулж, М.Т-д олгохоор шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.Х-аас 6,034,669 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

8.Хариуцагч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзахдаа “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн сайдын тушаалыг хүчингүй болгож, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.09.20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.11.20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг М.Т-д олгосон байна. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Улсын Их Хурлын 2017.10.20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн учир уг өдрөөс хойш дараагийн сайд, холбогдох албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу М.Т-ыг албан тушаалд томилоогүйн улмаас төрд учирсан хохирлыг хариуцахгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.

9.Хариуцагч С.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2025.04.14-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч өмгөөлөгчгүй оролцож байгаагаас гадна хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй учир тодорхой тайлбар өгөх боломжгүй гэжээ. 

10.Хариуцагч О.А-д 2025.01.09-ний өдөр, Б.Х-д 2025.04.08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.  

11.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан гэжээ.  

12.Анхан шатны шүүх хариуцагч Н.Н, С.Ч, О.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд “... Н.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа ... М.Т-ыг ... албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.12.14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар улсын төсвөөс 5,869,319 төгрөгийг гаргуулж 2017.12.19-ний өдөр М.Т-д олгосон. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар ТА нь 2017.12.19-ний өдрөөс 2022.12.19-ний өдрийг хүртэлх хугацаанд М.Т-д олгосон 5,869,319 төгрөгийг хариуцагч Н.Н-аас шаардах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2023.07.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу хариуцагчийн “...хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн...” гэх татгалзал үндэслэлтэй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Харин дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.09.20-ны өдрийн 307 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өдрийг хүртлээ Н.Н нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн томилоогүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу түүнээс уг хугацааны цалин хөлс 1,114,453 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.  

Хариуцагч С.Ч нь 2017.10.20-ны өдөр ... сайдын албан тушаалд томилогдсоноос хойш 2019.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд М.Т-ыг ... албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүний улмаас шүүхийн шийдвэрээр төрөөс нийт 20,466,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба үүнээс хариуцагч С.Ч-оос нийт 9,033,901 төгрөгийг гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй тул хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасны дагуу хариуцагч С.Ч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ... яамнаас гаргуулбал зохих мөнгөн хөрөнгийг 2021.05.13-ны өдөр М.Т-д олгосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

2019.01.01-ний өдрөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг мөрдөгдөж эхэлснээр хариуцагч О.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хувьд М.Т-ыг албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2019.01.01-ний өдрөөс 2019.09.11-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7,757,253 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд түүний даргаар ажиллаж байсан хугацааны буюу 2019.01.01-ний өдрөөс 2019.06.28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 6,686,715 төгрөгийг хариуцагч О.А-ээс гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Х нь 2018.11.01-ний өдрөөс 2021.08.16-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байсан боловч дэд даргын албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдаагүй, дэд дарга нь аймаг дахь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй эсэх нь тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Б.Х-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэх боломжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Н-аас 1,114,253 төгрөг, хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.А-ээс 6,686,715 гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Х-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

13.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангахдаа “…тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Н-ыг илтэд болгоомжгүй үйлдлээр М.Т-ыг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Н.Н нь төрд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй. ТА нь хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан байх тул уг маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул М.Т-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гарсан 2016.12.09-ний өдрөөс Н.Н-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн 2017.10.20-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төрд учруулсан хохиролд 11,778,509 төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулах нь зүйтэй. Харин хариуцагч С.Ч, О.А, Б.Х тухайд тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэдий ч анхан шатны шүүх хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг, О.А-ээс 6,686,715 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг шийдлийг хөндөх боломжгүй. Анхан шатны шүүх зохигчийн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна” гэжээ.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан, талуудын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шүүхийн шийдвэр, магадлалд тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 15.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Н.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016.12.09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 307 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.12.14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг 2017.12.19-ний өдөр М.Т-д олгосон байна. Үүнээс хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарч, М.Т-ын ажилгүй байсан хугацааны олговрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар олгосон байна. Үүнд:

15.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 1092 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.19-ний өдрийн 001/ХТ2018/01442 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 11,544,470 төгрөгийг гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 11,550,898 төгрөгийг 2021.05.13-ны өдөр олгосон.

15.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.01-ний өдрийн 594 дүгээр магадлалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8,915,620 төгрөгийг гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 8,915,620 төгрөгийг 2021.05.13-ны өдөр олгосон.

15.3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 1,940,813 төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 7,757,253 төгрөгийг тус тус гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 9,698,066 төгрөгийг 2021.05.13-ны өдөр олгосон.

15.4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4,964,131 төгрөгийг гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн ба 4,964,500 төгрөгийг 2022.12.14-ний өдөр олгожээ.

16.Улсын Их Хурлын 2017.10.20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд С.Ч томилогдсон. Харин  2019.01.01-ний өдрөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг мөрдөгдөж эхэлснээр хариуцагч О.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилогдсон ба түүнийг Засгийн газрын 2019.06.28-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор уг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч тэрээр энэ хугацаанд М.Т-ыг ажилд нь эгүүлж томилоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь “...О.А-ийн оронд түр орлон гүйцэтгэгчээр Б.Х-ыг томилсон” гэж Б.Х-ыг хариуцагчаар татсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар Б.Х нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018.10.31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалд томилогдож, 2021.08.16-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байна.

17.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 372 дугаар шийдвэрээр М.Т-ын 1 сарын дундаж цалин хөлсийг 1,114,453 төгрөг гэж тогтоожээ.

18.Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “…албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар ТА нь төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

19.Анхан шатны шүүх хариуцагч Н.Н-ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох боломжтой байсан боловч эгүүлэн томилоогүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацааг зөв хэрэглэсэн, шийдвэрийн үндэслэл мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д нийцсэн, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн  байна.

20.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэрээр 2017.05.16-ны өдрөөс 2018.03.16-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,351,870 төгрөг, тээврийн зардал 192,600 төгрөг, нийт 11,544,470 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж М.Т-д олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 11,550,898 төгрөгийг 2021.05.13-ны өдөр М.Т-д олгосон байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагч Н.Н-аас төлбөр гаргуулсан боловч 2017.09.20-ны өдрөөс 2017.10.20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 1,114,453 төгрөгийг хариуцагч Н.Н хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэхдээ Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэлх хугацааг хасаж тооцсон нь буруу, хяналтын шатны шүүх энэ алдааг залруулна.

Хариуцагч Н.Н нь шүүхийн дээрх шийдвэрт заасан 2017.05.16-ны өдрөөс 2017.10.20-ны өдрийг хүртэл буюу сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны төлбөр (1,114,453 х 5 сар 4 хоног) 5,909,990 төгрөгийг хариуцах үүрэгтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

21.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргааны үйл баримтад хөөн хэлэлцэх хугацаа 10 жил буюу ерөнхий хугацаа үйлчилнэ гэж  Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж,  М.Т-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гарсан 2016.12.09-ний өдрөөс Н.Н-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн 2017.10.20-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төрд учруулсан хохиролд 11,778,509 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил.” гэж заасантай нийцэхгүй. 

22.Хариуцагч С.Ч, О.А, Б.Х нарын тухайд тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нар татгалзаагүй, шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, улмаар анхан шатны шүүх хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг, О.А-ээс 6,686,715 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хөндөх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.

23.Хариуцагч Н.Н-ын “...давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу хэрэглэсэн” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл хууль хэрэглээний хувьд зөв буюу давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэрэглэж алдаа гаргасан тул гомдлыг энэ хэсгээр хангана. Харин “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд тэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй үеийн төлбөрийг хариуцах үүрэгтэй.

24.Хоёр шатны шүүхийн хариуцагч Н.Н-аас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдэлд хяналтын шатны шүүх өөрчлөлт оруулсан, түүнчлэн хариуцагч С.Ч, О.А нараас төлбөрийн зарим хэсгийг гаргуулсан үндэслэлд давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн тул “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2026/00072 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Н-аас 5,909,990 төгрөг, хариуцагч С.Ч-оос 9,033,901 төгрөг, хариуцагч О.А-ээс 6,686,715 төгрөг тус тус гаргуулж Төрийн банк дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлж, хариуцагч Н.Н, хариуцагч С.Ч нарт холбогдох шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Б.Х-д холбогдох шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “31,297 төгрөг” гэснийг “109,510 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 203,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Н.БАЯРМАА

            ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Д.ЦОЛМОН