Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/743

 


 



     

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

   2024           09             23                                        2024/ШЦТ/743

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөн,

Улсын яллагч Д.Агар,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403004440549 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өртөөний жижүүр галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын татах хэсгийн ашиглалтын цехийн 7 дугаар цувааны сумчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

*******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “... Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “өртөөний жижүүр галт тэрэгний найруулагч” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2020/271 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2021 оын 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/895 дугаартай тушаалаар сумчнаар ажилд томилогдсон...” гэх гэмт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “...Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “өртөөний жижүүр галт тэрэгний найруулагч” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2020/271 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2021 оын 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/895 дугаартай тушаалаар сумчнаар ажилд томилогдсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы өгсөн “...гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2403004440549 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

Эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Манай байгууллага нь Улаанбаатар төмөр замын, Замын даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмыг баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг.... Замын даргын тушаалаар анх Улаанбаатар төмөр замын байгууллагад ажилд орж байгаа ажилтны хувийн хэргийг 12 төрлөөр бүрдүүлж архивын нэгж үүсгэдэг. Харин сонгон шалгаруулалтад орохдоо ажил горилогчийн хувьд өргөдөл, зураг, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн хуудас зэргээр материал бүрдүүлэн авдаг. Манай замын даргын тушаал дээр боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар батлуулан авч хувийн хэргийн бүрдүүлэлт хийгдэж байна. Бидний зүгээс ажил горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг шалгуулж байгаагүй..." "... Ажилтан ******* нь 2019 оны 08 дугаар сарын 05-нд Улаанбаатар татах хэсэгт ажилд орох хүсэлт гаргаад 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс нэгдсэн аж ахуйнд үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа 2020 онд "Бүтээгч" сургалтын төвийг "Өртөөний жижүүр" мэргэжлээр төгссөн байна. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гарган 2021 оны 07 дугаар сард дагалдан сумчнаар дотоодоо шилжин ажиллаж байна. Сумчны шалгалтад тэнцэж ажлын байраа өөрчлөн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай төмөр замын анги, байгууллагын ажилчид өөр байгууллагад шилжин томилогдоход ямар нэгэн шалгалт авдаггүй. Энэ ажилтны хувьд мэргэжлийн үнэмлэхтэй болоод ажлын байраа өөрчлөх шалгуур ханган шалгалт өгч томилогдсон байна... *******ы хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэргэжил, мэдлэг мэргэжил шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин, хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* гэрчээр өгсөн “...Манай байгууллага 2018-2019 оны хооронд Төв шуудангийн арын "Бодь" цамхгийн 14 дүгээр давхарт үйл ажиллагаа анх тэнд явуулж байсан. Тэр байрнаас 2019 оны 03 дугаар сараас эхлэн Монгени сургуулийн шинэ байрны 5 дугаар давхарт сөн үйл ажиллагаа явуулж тухайн ондоо тэр газраас гараад манай сургалтын хичээл тасраад 2020 оны 10 дугаар сараас эхлээд Баруун 4-н замын "Эрхи" төвийн 8 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие ч өвдөөд манай компанийн түрээс төлөгдөөгүй гэх шалтгаанаар манай сургалтыг тухайн байрнаас гаргасан... Энэ талаараа сайн мэдэхгүй байна. Манай захирал гэх эмэгтэй их сэргэлэн хүн байсан. Манай сургалтын төв суралцагчдын архивын материалаа "Эрхи" төвийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа түрээсийн төлбөрөөс болоод тэндээ орхиод авч чадаагүй алга болсон. Одоо хүнд үзүүлэх баримт бичиггүй болсон. Манай сургалтын төв суралцагч элсүүлэх, төгсөх үедээ тушаал гаргаж байсан... Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан... Манай сургалтын төвийн сургалтын төлбөр 750,000 /Долоон зуун тавин мянга/ төгрөг байсан. Манай элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэж дагнасан ажилтан байгаагүй. Манай сургалтын төв нь "ЯБГУ" ХХК-ний дэргэд анх үүсгэн байгуулагдсан манай компанийн захирлын туслах бэлнээр хураан авдаг байсан. Кассын орлогоор баримт бичиж авдаг сургалтын төв данс байгаагүй болохоор бэлнээр төлбөрийг авч байсан. Санхүүгийн ажилтан гэж байгаагүй санхүүгийн тайлангаа сард 1 удаа гаднаас санхүүгийн мэргэжилтэй хүнд төлбөр мөнгийг нь өгөөд гаргуулдаг байсан. Албан ёсны ажилтан байхгүй. Миний мэдэхээр сургалтын төлбөрийг авсан баримт байхгүй. Багш ажилчид гэж албан ёсны батлагдсан орон тоогоор ажиллаж байсан ажилтан байхгүй болохоор хичээл сургалт орсон багшийн цалинг бодоод хүн амын орлогын татварыг суутгаад цалин өгдөг байсан. Түрээсийн асуудлаас болоод гарсан "Эрхи" төвийн байранд сургалттай холбоотой баримт үлдэж байсан. Би очиж үзэхэд санхүүгийн болон сургалтын элсэлт, төгсөлттэй холбоотой баримт үлдээгүй байна лээ. Сургалтын төвтэй холбоотой баримт бичиг надад одоо байхгүй... Манай "Бүтээгч сургалтын төв" нь 2018 оны сүүл, 2019, 2020, 2021, 2022 онуудад 1-4 удаа 5 сарын хугацаатай ачаа вагон хүлээлцэгч, илчит тэрэгний засварчин, туслах машинч, замчин, вагон үзэгч зэрэг мэргэжлээр сургалт явуулж байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний мэдэж, санаж байгаагаар манай сургалтын төв нь хичээл сургалтын нэгдсэн албан ёсны цахим хаяг байгаагүй. Цахим хэлбэрээр сургалт орж байгаагүй. Багш нар хичээлээ заасан гэж сонссоноос би яг цахим хичээл, сургалт орж байхыг хараагүй. Сургалтын байгууллагынхаа цахим хаягийг мэдэхгүй... Надад харуулсан 2020/271 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна... Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна... Мэргэжлийн үнэмлэх дээр гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд хуурамч гэдгийг мэдэхгүй. Би зуруулдаг байсан манай сургалтын төвд албан ёсоор ажиллаж байсан багш гэж байгаагүй. Нацагдорж, Балжинням, Хуягбаатар, Төмөрхуяг гэх хүмүүсээр би заримдаа гуйж ганц нэг үнэмлэх дээр зуруулж байсан. Ерөнхийдөө би өөрөө нэрийг тавиад зурсан. Дээрх нэр бүхий хүмүүс бол мэдэхгүй миний л буруутай үйлдэл би хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хэвлэн гаргаж гарын үсэг зурж байсан. Дээрх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг гарган өгөхөд гарын үсэг зурсан хүмүүс ямар нэгэн байдлаар хамааралгүй. Сургалтын төвийн ажлын байр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4-н замын урд Гранд плаза төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах "Эрхи" төвийн 8 давхрын оффист манай сургалтын төв түрээсийн байр нь дээр үйл ажиллагаа явуулдаг байсан тэндээ хэвлэн гаргаж өгдөг байсан. Надаас гуйлгаар авсан хүмүүст мөн адил тэндээс авдаг байсан. Би сургалтын төвийн тамга, тэмдгийг анх намайг цагдаагийн байгууллагаас энэ оны 04 дүгээр сард дуудаж мэдүүлэг авна гэхээр нь би устгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-118, 131-134/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн. Тухайн "Бүтээгч" гэх нэртэй сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. ...", "Mergejil.mn" буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг... Манай байгууллага нь богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч бүртгэлгүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Ерөнхий боловсролын түвшинд: 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох Бүрэн дунд боловсролын үнэмлэх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин... гэх мэт, Мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, Мэргэжлийн боловсролын политехник коллежуудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3. жилийн "С" диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. Дээд боловсролын түвшинд: 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна. (Мэргэжлийн боловсролын хүрээг харах, Магадлан итгэмжлэх үндэсний төвд батлуулахаар ажиллаж байгаа.) 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно. .", "... Жил бүр Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад өвлийн төгсөлт 2,5 жилээр мэргэжлийн боловсролын үнэмлэх олгож байна. Хаврын төгсөлтөөр 1 жилийн мэргэжлийн үнэмлэх, 1,5 жилийн болон 3 жилийн Техникийн боловсролын дипломыг захиалгын дагуу олгож, шалгалтаас хоцорсон болон төгсөж чадаагүй шалтгаантай суралцагчдын баримт бичгийг эргүүлэн татаж авдаг учраас боловсролын салбарын TVET.mn системд ороогүй бол баталгаажилт хийгдэхгүй. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, "Үндэсний үнэт цаас" ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128/,

 

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам, /хх-ийн 95/

Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/920, Б/612, Б/845 дугаар тушаалууд /хх-ийн 163-164/,

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 165-167/,

Цалингийн карт /хх-169-174/,

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 180/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 181/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 179/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 177-178/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг, баримт ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч ******* нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “өртөөний жижүүр галт тэрэгний найруулагч” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2020/271 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2021 оын 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/895 дугаартай тушаалаар сумчнаар ажилд томилогдсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын Б/920, Б/612, Б/845 дугаар тушаалууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын албан бичгийн хариу, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж үйлдсэн, ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ы хувьд 2019 оноос хойш төмөр замын байгууллагад хөдөлмөр эрхэлсэн гэх тайлбарыг гаргах ба түүний хөдөлмөр эрхэлж олсон хугацааны цалин хөлсний талаарх баримтыг хавтаст хэрэгт бүрэн хавсаргаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршиг, гэм хорыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг прокурорт нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг “хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/271 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршиг, гэм хорыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг прокурорт нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ