| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/00900/И |
| Дугаар | 102/ШШ2022/00901 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/00901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогтой С-ийн Э /РД: .../,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж ... тоот хаягт оршин суух, ... овогтой Д-ын Н /РД:.../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ... ХХК болон Д.Н-ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ... ХХК-д шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хариуцагч С.Э-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Н нь ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн үүрэгт 173,250,000 төгрөг, нийт 278,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,
Хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Гэрч Ж.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч С.Э, Д.Н нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар иргэн Д.Н-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцэлийг үр дагаврыг арилгуулах буюу иргэн Д.Н-ын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэлтэй ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийг ... ХХК-нд шилжүүлэхийг даалтгуулахаар шаардлага гаргаж байгаа. Шаардлагын үндэслэл нь ... ХХК нь ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт ... үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2015 онд явуулахдаа аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө оруулалт татах, иргэдтэй орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтыг бий болгосон юм. Ийнхүү хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажлын хүрээнд хуучны танил С.Э-тай холбогдож түүний танил бизнес эрхэлдэг түншүүдээс зээл авах, хөрөнгө оруулалт татах замаар барилгын ажлын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан бөгөөд иргэн С.Э нь Би танай компанид тусалъя, надад зээл өгдөг хүн бий. Гэхдээ тэр хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авдаг гэсэн тул С.Э-аар дамжуулан түүний танилаас зээл авах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж ... орон сууцны ... блокын ... давхрын ... тоот хаягт байрлах 87.1 м/кв талбай бүхий орон сууцыг бусдад барьцаалах эрхийг олгосон. Иргэн С.Э нь өөрийн танил Д.Н-тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан гээд Д.Н-аас зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банкин дахь 5038029... дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалахдаа Д.Н-ын хүсэлтээр барьцааны гэрээ байгуулалгүй С.Э-тай байгуулсан Орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г түүний нэр дээр шилжүүлсэн юм.
1.1. Бид Д.Н-ын С.Э-аар дамжуулан зээлсэн 100,000,000 төгрөгийг С.Э-д 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 80,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь С.Э-ийн эзэмшлийн 45250... тоот дансаар шилжүүлэх замаар төлж дуусгасан. Ийнхүү зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Д.Н-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчингүй болгож барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлөхөөр Д.Н-т шаардлага тавихад С.Э нь манай компанийн өмчлөлийн орон сууц барьцаалж Д.Н-аас 100,000,000 төгрөг биш 150,000,000 төгрөгийн зээл авсан болохыг олж мэдсэн. Ингээд С.Э-аас өөрийн зээлсэн 50,000,000 төгрөгийг нэн даруй төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан. Гэтэл С.Э нь шаардлагыг биелүүлээгүй байсны улмаас Д.Н нь Орон сууц бусдад шилжүүлж мөнгөө олж авна гэхчлэн дарамт шахалт үзүүлж байсан боловч бид арга буюу С.Э-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Өглөг, авлаг хаах барагдуулах гэрээ-г байгуулж, С.Э нь уг гэрээгээр иргэн Д.Н-т төлбөл зохих зээлийн төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж, компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхөө илэрхийлсэн болно. Дээрх тохиролцоог Д.Н ч мэдэж зөвшөөрсөн тул түүний шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дүүргийн ... хороо, ... байр, ... давхрын ... тоот хаяг байрлах 89.94 м/кв талбайтай орон сууцны талаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г байгуулсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Н-ын тавьсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст Орон сууц захиалагчийн хувьд төлбөр тооцоогүй гэх утга бүхий албан бичгийг үйлдэж Д.Н-т хүлээлгэж өгсөн.
1.2. Түүчлэн иргэн Д.Н нь дээрх захиалгын гэрээг зээлийн барьцааны гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн гараар Зөвхөн барьцааг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан ба зээл төлөгдсөн даруйд орон сууцыг буцаан шилжүүлэн өгнө. Гэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй болно гэж тайлбарыг бичиж өгсөн бөгөөд иргэн Д.Н-ын гаргасан хүсэлтийг үндэслэн уулзалт хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан юм. Ийнхүү С.Э нь Өглөг авлаг хаах барагдуулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Д.Н-т зээлийн төлбөрийг барагдуулахгүй байгаагаас үүдэн манай компани Д.Н-т ямар нэг өр төлбөргүй атлаа өөрийн өмчлөлийн орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна. Манай ... ХХК нь анхнаасаа Д.Н-тай Барьцааны гэрээ-ний харилцаанд орсон бөгөөд түүнтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг буюу Барьцааны гэрээ-г халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Иймд иргэн Д.Н болон С.Э нартай амаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... дүүргийн ... хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг барьцаалахдаа байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 561.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууцны өмчлөх эрхийг ... ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Н-т даалгаж өгнө үү.
1.3. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад С.Э нь Д.Н-т өгсөн мөнгөнийхөө дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөөд үүн дээр ... ХХК болон С.Э нар тооцоо нийлээд 45,000,000 төгрөгийг Д.Н-т төлөөгүй байна гэдэг тооцоо гаргасан. Энэ 45,000,000 төгрөгийг ... ХХК болон С.Э нарын маргааны улмаас шүүхийн шийдвэрээр ... ХХК-иас С.Э-д төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулаад 45,000,000 төгрөгийг Д.Н-т ... ХХК-ийн зүгээс өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний дагуу С.Э-аас шаардсан 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа болно.
1.4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Яагаад сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хирнээ сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. ... тоот орон сууцыг ... ХХК-ийн хөрөнгө биш С.Э гэдэг хүний өмчлөлөөс авсан гэсэн мөртлөө ... ХХК-ийн албан тоотоор өөрийн нэр дээр 274,000,000 төгрөгийн эд хөрөнгийг өмчлөлдөө авчихсан. Сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Нэг бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байна гэдэг утгатай буюу энэ ... тоот орон сууцыг манайх худалдаж аваагүй юм, зээлийн харилцаа байгуулсан юм. Гэхдээ энэ зээлийн харилцаанд үүссэн үүргээ мөнгөн хэлбэрээр сөрөг нэхэмжлэлээр нэхье гэж ойлгуулаад яваад байх шиг байгаа юм. Ингэж ойлгоод сөрөг нэхэмжлэлд би ямар хариу тайлбар өгөх вэ гэхээр Д.Н болон ... ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх юм бол хариуцагч тал Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлээр хүү болон алданги нэхээд байна. Хуулийн шаардлага бол зээлийн гэрээгээр хүү, алданги тооцохоор бол заавал бичгээр гэрээ хийсэн байхыг шаарддаг. Тэгэхээр Д.Н ... ХХК-ийн хооронд ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Мөн алданги шаардахаар бол ямар нэгэн байдлаар тухайн 150,000,000 төгрөгийн зээлийн харилцаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз буюу алданги төлнө гэж тохирсон байх ёстой. Гэтэл өнөөдөр тохирсон ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Түрүүний тайлбарт холбогдуулаад хэлэхэд С.Э, ... ХХК-ийн хооронд эвлэрлийн гэрээгээр тохирсон С.Э-ийн төлөх ёстой 45,000,000 төгрөгийг манайх төлье. Тэгээд өгсөн авснаа буцаагаад байр байранд оруулъя гэдэг зүйлийг ярьсан гэв.
2. Хариуцагч Д.Н-ын хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч С.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.Э болон нэхэмжлэгч ... ХХК нарын зүгээс Д.Н-тай харилцан тохиролцоод сарын 8,000,000 төгрөгийн хүүтэйгээр 150,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Д.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөгийг С.Э-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн үед зээлийн баталгаа болгоод ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... орон сууцны барилгын ... блокын ... давхрын ... тоот хаяг байрлах 87.1 м/кв талбайтай орон сууцыг шилжүүлэхээр тохирсон. Зээлээ төлөөгүй манайх удаа дараа нэхэж ирсэн. 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр эхний сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 06 дугаар сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 07 дугаар сарын хүү 8,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08 дугаар сарын хүү 7,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 08 дугаар сарын хүүний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гүйцээж төлсөн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 09 дүгээр сарын хүүнд 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 9 дүгээр сарын хүүний үлдэгдэл гэж 2,500,000 төгрөг, нийт 41,500,000 төгрөгийн хүүг төлсөн байдаг. Ингээд манайх удаа дараа зээлээ төлөхийг шаардсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзаад ... ХХК-ийн зээлээ хүүгийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр төлж барагдуулна, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхгүй түр байж байгаач гэдэг зүйлийг тохирсон. 2019 оны 01 дүгээр сарын 31-нд төлбөрөө төлөөгүй тул хариуцагч Д.Н нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин уулзаад 2019 оны 01 дүгээр сарын 31-нд зээлээ төлнө гэсэн яасан, байрыг нэрээ шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад өгсөн байгаа гэдгийг хэлсэн. Зээлээ төлж чадаагүй учраас ... ХХК-ийн зүгээс орон сууцны төлбөрийн ямар нэгэн үлдэгдэлгүй, цахилгаан дулааны өргүй гэдэг албан бичгийг Д.Н т хаяглан өгсөн.
2.1. Талуудын хүсэл зориг анхнаасаа 2018 онд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан. Тэгсэн хэдий боловч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, байр нь дугааргүй, улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй байсан болохоор талууд барьцааны гэрээ байгуулж болохгүй юм байна, гэсэн хэдийн боловч нэг нь мөнгө зээлдүүлэх, нөгөө нь зээлж авахдаа маргаан бүхий орон сууцыг баталгаа болгож зээлдүүлэгчийн нэр дээр нь шилжүүлээч гэдэг хүсэл зоригийн агуулга байсан. Ингээд 2018 онд С.Э гэдэг хүн Д.Н ын нэр дээр эзэмших, өмчлөх захиалах эрхийг шилжүүлэн өгсөн. ... ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр иргэн С.Э д маргаан бүхий орон сууцыг бусдад барьцаанд тавих эрхийг олгосугай гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт ... дүүргийн ...дугаар хороонд барьж гүйцэтгэж буй ... барилгын ... байрны ... тоот гээд маш тодорхой бичээд өгчихсөн. Үүнтэй холбоотой 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-н дээр ...-ын ... блок ... тоот гэсэн хаягтай. Тухайн орон сууцанд ... ХХК нь 2017 онд ... байр гэдэг хаяг аваагүй байсан. Үүнийг өмнөх шүүх хуралдаан дээр даргалагч шүүгчийн зүгээс Д.Г захирлаас энэ байрыг хэзээ улсын комисс хүлээж авсан юм бэ? гэхэд 2018 оны 12 дугаар сард хүлээж авсан гэж хариулсан хариулт шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Өөрөөр хэлбэл энэ үед буюу 2018 оны 12 дугаар сард маргаан бүхий орон сууцыг улсын комисс хүлээж авснаар эрх бүхий байгууллагаас ... дугаар байр гэдэг хаяг өгсөн байдаг. Гэтэл 2017 оны 03 дугаар сард Д.Г захирал яаж мэдээд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр дээрээ ... гэдэг байр гэж тусгаад байна вэ?, энэ нь шүүхийг хуурах гэсэн, нотлох баримтыг өөрт ашигтайгаар бий болгох зорилгоор сүүлд нөхөж гаргаж өгсөн баримт гэж ойлгогдохоор байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Э тай байгуулсан 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2 дахь хэсэгт ... блок гэж байгаа. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрх шилжүүлэх хэлцэл гэдэг дээр бас л хаяг нь ... блок гэж явж байгаа. ... ХХК-ийн захирал 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний баталгаа болгож Д.Н ын нэр лүү орон сууцыг шилжүүлж өгсөн байдаг. Ингэж шилжүүлэхдээ иргэн С.Э гаас зөвшөөрөл авсан байдаг. Хэрвээ ... ХХК-ийн өмч байсан юм бол иргэн С.Э гаас зөвшөөрөл авч шилжүүлэх шаардлага байхгүй. Энэ орон сууц бол анхнаасаа ... ХХК-ийн өмч байсан гэдэг нотлох баримт нь дээр дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна, өөрөөр хэлбэл энэ орон сууц анхнаасаа С.Э гийн өмчлөлийн эд хөрөнгө байсан.
2.2. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гурвалсан уулзалт хийж тэмдэглэл үйлдсэн. Уулзалтаар ... ХХК-ийн захирал Д.Г болон Д.Н нар дараахь асуудлыг тохиролцсон. ... ХХК нь иргэн Д.Н аас 100,000,000 төгрөг зээлсэн гэдгийг уулзалтын тэмдэглэл дээрээ тодорхой бичсэн. Ингээд тус компанийн захирал Д.Г ямар үүрэг хүлээсэн гэхээр үндсэн зээлийг хүүгийн хамт төлнө гэдгээ хэлсэн. Зээлийн эргэн төлөлтийн эцсийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байна гэдгээ маш тодорхой бичсэн. Тохирсон хугацаанд зээл, хүүг төлөөгүй тохиолдолд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөр дуусгавар болгож Д.Н т шилжүүлж өгнө гэдгийг тохиролцсон. Харин зээлийн төлөгдсөн тохиолдолд яах вэ? гэхээр энэ эрх шилжүүлсэн хэлцлийг буцаагаад хүчингүй болгож болох юм гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэлцлээр юуг тодорхойлоод байгаа юм гэхээр зээлийн гэрээг анх амаар байгуулснаа хожим хүлээн зөвшөөрөөд бичгийн хэлбэрт зээлийн гэрээг оруулж талууд зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байна. Зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээсэн. С.Э 50,000,000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр нэгэнт мөнгөө төлөөгүй тул тохиролцсоны дагуу Д.Н нь улсын бүртгэлийн газарт бичиг баримтаа өгсөн. Д.Н 3 хоногийн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... ХХК-ийн захиралтай уулзаад би өмчлөх эрхээ шилжүүлээд авсан шүү. Та мөнгө төлөөрэй гэхэд тийм ээ би хүлээн зөвшөөрч байна гээд иргэн Д.Н т гэж байгаад дахин тодорхойлолт хийж өгсөн. Энэ агуулгаас хууль зүйн үндэслэлийг юу гэж тайлбарлаад байна гэхээр Иргэний хуульд заасан хожим хүлээн зөвшөөрч хийсэн хэлцэл мөн байна. Тийм учраас энэ хэлцэл өнөөдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээ мөн байна. Энэ зээлийн гэрээний үүргийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Энэ бол барьцааны гэрээ биш харин орон сууцыг баталгаа болгож шилжүүлсэн байна. Ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг байраар хангуулах хүсэл зориг талуудад байгаагүй. Өнөөдөр ч гэсэн Д.Н гэрээний үүргийн дагуу энэ өмчлөх эрхийг хадгалаад хамгаалаад байж байгаа. Үндсэн мөнгөө хүүгийн хамт өгөх юм бол орон сууцыг буцаагаад шилжүүлэх тохиролцооны дагуу л байж байгаа.
2.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч Д.Н нь 150,000,000 төгрөгийг ... ХХК-д зээлдүүлсэн, өнгөрсөн хугацаанд хүүнд 41,500,000 төгрөг эднийхээс шилжүүлсэн байгаа. ... хотхоны байрыг 45,000,000 төгрөгт тооцож авсан, үндсэн зээлээс 45,000,000 төгрөгийг хасахаар 105,000,000 төгрөгийн үндсэн зээл үлдэж байгаа гэж үзэж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс зээлийн гэрээний дуусах хугацааг талууд 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр гэж тохиролцсон, энэ хугацааны буюу 9-н сарын хугацаанд сарын 8,000,000 төгрөгийн хүү авахаар тохиролцсон гэж бодохоор нийт 72,000,000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос төлсөн 41,500,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл 30,500,000 төгрөгийн хүү төлөх ёстой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөг, хүүнд 30,500,000 төгрөг, нийт 135,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй гэж манайх үзэж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол банкны хадгаламжийн жилийн болон дундаж хүүгийн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүн дээрээс 2019 оноос 2020 он хүртэл дундаж хүү 10.83 хувь байсан, 2020 оноос 2021 онд хүртэл 10.25 хувь, 2021 оноос 2022 он хүртэл 7.3 хувийн жилийн дундаж хүүгийн баримт гаргаж өгсөн. Тийм учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 135,500,000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол нийт 38,454,900 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан. Гүйцэтгээгүй үүрэг буюу 135,500,000 төгрөг дээрээ олох байсан орлого 38,454,900 төгрөг нэмэхээр 173,954,900 төгрөг болж байна. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын байдлаар Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан инфляцын түвшин 14.6 хувьтай байсан. Ийм учраас 173,954,900 төгрөгийн инфляцийг бодохоор 25,397,415 төгрөгөөр нэмэгдсэн харагдаж байна. Тэгэхээр үүнийг нэмэхээр нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлага 199,352,315 төгрөгийг болж байна, үүнийг нэхэмжилнэ гэв.
3. Хариуцагч С.Э гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн С.Э нь 2017 онд ажил хэргийн шугамаар ... ХХК-ийн Д.Г той уулзсан ба ... ХХК-ийн ... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй ... орон сууцны барилгыг барьж дуусгахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт хайж байгаа талаар олж мэдсэн. Ингээд С.Э нь ... ХХК-д нэмэлт хөрөнгө оруулалт татахад нь туслалцаа үзүүлэхээр болж, ... ХХК-ийн барьж буй ... орон сууцны ... блокын ... давхрын ... тоот хаяг бүхий 87.1 м/кв талбайтай орон сууцыг бусдад дамжуулан барьцаалан зээл олохоор тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байдаг. Улмаар С.Э нь өөрийн танил Д.Н ыг ... ХХК-ийн захирал Д.Г той танилцуулсан ба Д.Н нь ... ХХК-д хөрөнгө оруулж зээл өгөхөөр тохирсон байдаг. Ингээд ... ХХК болон иргэн Д.Н ын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулагдсан ба ... ХХК нь ... орон сууцны ... блокын ... давхрын ... тоот хаяг бүхий 87.1 м/кв талбайтай орон сууцыг барьцаалж Д.Н аас зээл авахаар тохирсон байдаг. Улмаар иргэн Д.Н С.Э гийн дансанд 149,500,000 төгрөг шилжиж өгсөн бөгөөд уг мөнгөнөөс ... ХХК-ийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба ... ХХК-ийн захирал Д.Г , Д.Н нарын зөвшөөрлийн дагуу 50,000,000 төгрөгийг өөрийн танил Ж.Ж-д зээлдүүлсэн байдаг. ... ХХК болон Д.Н нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа иргэн С.Э гийн дансаар дамжиж төлөгддөг байсан ба өнөөдрийн байдлаар иргэн С.Э ... ХХК-иас түүний данс руу шилжүүлсэн нийт 59,500,000 төгрөгийг Д.Н т шилжүүлж өгсөн, мөн 45,000,000 төгрөгийн үнэ бүхий ... дүүргийн нутагт байрлах ... хотхонд байрлах орон сууцны өмчлөх эрхийг Д.Н т шилжүүлж өгсөн байдаг гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар шийдвэр, ... ХХК болон С.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 01/340 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хавсралт, С.Э гийн иргэний үнэмлэхний хуулбар, ... ХХК болон Д.Н нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хавсралт, ... ХХК болон Д.Н нарын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөг, авлага хаах барагдуулах гэрээ, С.Э гийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тайлбар, ... ХХК-ийн Хаан банкин дахь 5038029... тоот дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, орлогын ордер, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг хавсаргажээ.
5. Зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2549 дүгээр албан тоот, Хаан банк ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 517/01/136 дугаар албан бичиг, мөнгөн шилжүүлэг, ... ХХК-ийн 2020 оны 01/06, 01/66 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7/2203 тоот албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон хэмжилт, орон сууцны фото зураг, Д.Н ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрчилгээ, ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8/136 тоот, 8/411 тоот албан бичиг, ... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/822 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4/7582, 4/7630, 8/419 тоот албан бичгүүд, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.А, Д.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ,0002737... тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ, Хаан банк ХХК-ийн 5029878... тоот, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 452540... тоот дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 261 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/0... тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1851 дүгээр магадлал, ... ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/123 тоот тайлбар, Д.Н ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2020/0... тоот шийдвэр, Д.Н аас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, С.Э гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ... ХХК-д гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ.
6. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн .../.../... дугаар захирамжаар улсын бүртгэлийн байгууллагаас ... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 190901776 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоол, гомдол өргөдлийг, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .../.../... дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-ийн хүсэлтийг хангаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ... ХХК-ийн гаргасан гомдол, гэрч С.Э , Д.Г нарын мэдүүлэг, 2019 оны өглөг, авлага хаах барагдуулах гэрээг, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн .../.../... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн хүсэлтийг хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.М-ын 000687975 тоот, Д.Н ын 000708223 тоот, Ц.А-ийн 000273758 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээ, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .../ШЗ2021/0... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн хүсэлтийг хангаж Хаан банк ХХК-иас 5014435... тоот, Худалдаа, хөгжлийн банк ХХК-иас 417004... тоот данснуудын хуулгыг, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШЗ2022/0... дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-ийн хүсэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг тус тус нотлох баримтаар цуглуулсан болно.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
7. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.Н т холбогдуулан ... ХХК болон Д.Н ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн ... дүүргийн ...дугаар хороо, хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 89.94 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ... ХХК-д шилжүүлж өгөхийг даалгах, хариуцагч С.Э д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
8. Хариуцагч Д.Н нь ... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөг, хүүнд 30,500,000 төгрөг, олох байсан орлогод 38,454,900 төгрөг, гэрээнээс учирсан хохирол /инфляци/ 25,397,415 төгрөг, нийт 199,352,315 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
9. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: манай компани ... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт ... үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2015 онд явуулахдаа хөрөнгө оруулалт татах шаардлага бий болсон. С.Э гаар дамжуулан түүний танилаас зээл авах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж ... орон сууцны ... блокын ... давхрын ... тоот хаягт байрлах 87.1 м/кв талбай бүхий орон сууцыг бусдад барьцаалах эрхийг олгосон. Иргэн С.Э нь өөрийн танил Д.Н тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан гээд Д.Н аас зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банкин дахь 5038029408 дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалахдаа Д.Н ын хүсэлтээр Барьцааны гэрээ байгуулалгүй С.Э тай байгуулсан Орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г түүний нэр дээр шилжүүлсэн юм. Бид Д.Н аас С.Э гаар дамжуулан зээлсэн 100,000,000 төгрөгийг С.Э д 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 80,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь С.Э гийн эзэмшлийн 45250980 тоот дансаар шилжүүлэх замаар төлж дуусгасан. С.Э нь Д.Н аас 150,000,000 төгрөгийг зээлж авсан боловч 50,000,000 төгрөгийг өгөөгүй өөрөө ашигласан байсан. Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх орон сууцыг барьцаалсан болохоос биш Д.Н тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.
10. Хариуцагч Д.Н үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлажээ. Үүнд: ... ХХК нь Д.Н тай харилцан тохиролцоод сарын 8,000,000 төгрөгийн хүүтэйгээр 150,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Д.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөгийг С.Э гийн данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн үед зээлийн баталгаа болгоод ... дүүргийн ...дугаар хороо, ... дугаар хороолол, .... орон сууцны барилгын ... блокын ... дугаар давхрын ... тоот хаяг байрлах 87.1 м/кв талбайтай орон сууцыг шилжүүлэхээр тохирсон. Зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 41,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Дээрх баталгааны орон сууц нь анхнаасаа ... ХХК-ийн өмчлөлд байгаагүй, С.Э гийн өмчлөлийн орон сууц байсан. 2018 онд зээлийн баталгааны орон сууцны өмчлөх эрхийг С.Э нь Д.Н т шилжүүлж өгсөн. Шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоовол үр дагаварыг арилгахад өмчлөгч биш ... ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Зохигчид тухайн орон сууцыг барьцаалахаар тохиролцоогүй, харин ... ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж үндсэн зээл, хүүгийн хамт төлбөл Д.Н нь тухайн орон сууцыг буцаан шилжүүлэхэд одоо ч бэлэн байгаа гэжээ.
11. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Д.Н т холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
11.1. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хэдийгээр ... ХХК болон Д.Н нар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хавсралт, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр ... ХХК нь ... дүүргийн ...дугаар хороо, ... хороолол, /.../... гудамж, ... блок .. тоот хаягт байрлах 89.94 м/кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н ын өмчлөлд шилжүүлэх, Д.Н хариу төлбөрт нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 274,000,000 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа мэт боловч нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан ... манай компани ... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ... нэртэй үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2015 онд явуулахдаа хөрөнгө оруулалтыг татах шаардлага бий болгосон юм. Ийнхүү хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажлын хүрээнд хуучны танил С.Э тай холбогдож түүний танил бизнес эрхэлдэг түншүүдээс зээл авах, хөрөнгө оруулалт татах замаар барилгын ажлын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан бөгөөд иргэн С.Э нь Би танай компанид тусалъя, надад зээл өгдөг хүн бий. Гэхдээ тэр хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авдаг гэсэн тул С.Э гаар дамжуулан түүний танил Д.Н аас зээл авахаар болсон ба 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.Э нь зээлийн гэрээг амаар байгуулсан гээд Д.Н аас зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банкин дахь 5038029... дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий орон сууцыг барьцаалахдаа Д.Н ын хүсэлтээр барьцааны гэрээ байгуулалгүй С.Э тай байгуулсан Орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г түүний нэр дээр шилжүүлсэн юм гэх тайлбар, хариуцагч Д.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, өмгөөлөгч С.Э-ын нарын шүүх хуралдаанд гаргасан ... Талуудын хүсэл зориг анхнаасаа 2018 онд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан. Тэгсэн хэдий боловч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, байр нь дугааргүй, улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй байсан болохоор талууд барьцааны гэрээ байгуулж болохгүй юм байна, гэсэн хэдийн боловч нэг нь мөнгө зээлдүүлэх, нөгөө нь зээлж авахдаа маргаан бүхий орон сууцыг баталгаа болгож зээлдүүлэгчийн нэр дээр нь шилжүүлээч гэдэг хүсэл зоригийн агуулга байсан. Ингээд 2018 онд С.Э гэдэг хүн Д.Н ын нэр дээр эзэмших, өмчлөх захиалах эрхийг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлчихвөл орон сууцыг буцаагаад өгөхөд одоо ч гэсэн хариуцагч Д.Н бэлэн байгаа гэх тайлбар;
Мөн ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар шийдвэр, ... ХХК болон С.Э нарын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 01/340 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн ... Д.Н : 01/391 тоот гэрээний хаягийг шинэчлэн байгуулах, төлбөрийг 100 хувь төлснөөр албан бичиг гаргуулж авах хэрэгтэй байна. Учир нь энэ гэрээний төлбөрт 150,000,000 төгрөг зээлүүлсэн, хүүгийн хамт авсан тохиолдолд гэрээг буцааж танай нэр дээр шилжүүлэх, Д.Г : Манай зүгээс 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд хэдий ч бид 100,000,000 төгрөг авсан, үүнийгээ С.Э д төлсөн гэх хэсэг зэрэг нотлох баримт баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ... ХХК нь ... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ... нэртэй үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2015 онд явуулахдаа маргаан бүхий орон сууцыг барьцаалж бусдаас зээл авах зорилгоор С.Э тай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 01/340 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар С.Э гаар дамжуулан Д.Н тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж 99,500,000 төгрөгийг компанийнхаа Хаан банкин дахь 5038029... тоот дансаар зээлж авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч Д.Н нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр шилжүүлэн авчээ.
11.2. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж зааснаар нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч Д.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн 01/391-1 дугаар гэрээ нь зээлийн гэрээг хавхалвчилж байгуулагдсан хүчин төгөлдөл бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээр хариуцагч Д.Н нь маргаан бүхий орон сууц буюу ... дүүргийн ...дугаар хороо, ... хороолол, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 89.94 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 01 дүгээр 31-ний өдөр шилжүүлэн авсан болох нь 000710905 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхий улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ... ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Н т даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
11.3. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.Н тай байгуулсан зээлийн гэрээгээр авсан 99,500,000 төгрөгийг буцаан төлөхдөө 100,000,000 төгрөг болгож төлсөн болох нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтаар, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг, мөн өдөр 70,000,000 төгрөгийг тус тус төлсөн Худалдаа, хөгжлийн банкин дахь С.Э гийн эзэмшлийн 452540980 дансны хуулгаар тогтоогдоно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч ... ХХК нь зээлийн гэрээг С.Э гаар дамжуулан хариуцагч Д.Н тай байгуулсан боловч зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг С.Э гийн өмнө биш хариуцагч Д.Н ын өмнө хариуцан гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
11.4. Нэхэмжлэгч ... ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч С.Э д холбогдуулан манай компанийн хариуцагч Д.Н тай байгуулсан зээлийн гэрээний дүн болох 150,000,000 төгрөгөөс дур мэдэн дундаас нь авч хэрэглэсэн 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлага гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энэ шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасантай нийцэж байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч С.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
12. Шүүх дараахь үндэслэлээр хариуцагч Д.Н ын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Хариуцагчийн сөрөг шаардлагын талаар:
12.1. Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч ... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөг, хүүнд 30,500,000 төгрөг, олох байсан орлогод 38,454,900 төгрөг, гэрээнээс учирсан хохирол /инфляци/ 25,397,415 төгрөг, нийт 199,352,315 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгч ... ХХК болон хариуцагч Д.Н нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 99,500,000 төгрөгийг С.Э гаар дамжуулан зээлдүүлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн ба гэрээний үүрэгт хариуцагч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 105,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь гэрээний үүрэгт 99,500,000 төгрөгийг С.Э гаар дамжуулан нэхэмжлэгчид шилжүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нь ... хариуцагч Д.Н нь зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлдүүлсэн ба ... хотхоны байрыг 45,000,000 төгрөгт тооцож авч үндсэн зээлээс 45,000,000 төгрөгийг хасахаар 105,000,000 төгрөгийн үндсэн зээл үлдэж байгаа. Зээлийн гэрээний хүүнд сар бүр 8,000,000 төгрөг төлөхөөр зохигчид тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 41,500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч Д.Н , С.Э , нэхэмжлэгч ... ХХК-иудын дансны хуулгаар зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөг биш 99,500,000 төгрөгийг хүлээж авсан нь тогтоогдсон, мөн зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт хүүгийн төлбөрт төлсөн гэх 41,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 105,000,000 төгрөг нэхэмжилсэн /105,000,000 99,500,000 = 5,500,000/, /5,500,000 + 41,500,000 = 47,000,000 төгрөг/ хэсгээс 47,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүрэгт /105,000,000 47,000,000 = 58,000,000/ нэхэмжлэгчээс 58,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Н т олгох нь зүйтэй.
12.2. Хариуцагч Д.Н нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 30,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ. Хариуцагч Д.Н нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар олох байсан орлого буюу үндсэн зээл, хүүгийн хамт 135,000,000 төгрөг болох бөгөөд үүнийг 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд арилжааны банкуудад хадгаламж нээлгэн хадгалуулсан бол Монгол банкны төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр тооцоход 38,454,900 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан гэж тодорхойлсон боловч үүнийг зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Мөн хариуцагч нь гэрээнээс учирсан хохиролд /инфляци/ 25,397,415 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12.4. Иймд нэхэмжлэгч ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэлд 58,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Н т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу үндсэн зээлийн 47,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 30,500,000 төгрөг, олох байсан орлогод 38,454,900 төгрөг, гэрээнээс учирсан хохирол /инфляци/ 25,397,415 төгрөг, нийт 141,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Хариуцагч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-д С.Э гаар дамжуулан зээлдүүлсэн гэх боловч С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 99,500,000 төгрөгийг цааш ... ХХК-д шилжүүлсэн болох Хаан банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5038029408 тоот дансны хуулгаар тогтоогдсон ба 45,500,000 төгрөгийг шилжүүлээгүй өөртөө авсан. С.Э нь энэ 45,500,000 төгрөгийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр ... дүүргийн ... хороо, ..., ... байр, ... тоот хаягт байрлах 30.3 м/к талбай бүхий, 45,000,000 төгрөгийн үнэ бүхий, Ц.А-ийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр Д.Н т бэлэглэсэн гэх бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000273753 дугаартай гэрчилгээ хэрэгт авагдсан болохыг дурдав.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,006,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,549,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,598,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 447,950 гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК, хариуцагч Д.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099728 дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн ...дугаар хороо, ... хороолол, /.../... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 89.94 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ... ХХК-нд шилжүүлэхийг хариуцагч Д.Н т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Э д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ... ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 58,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Н т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141,352,315 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,006,100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,549,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,598,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 447,950 гаргуулж хариуцагчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР