Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/01009

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хаягт оршин байх ... ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД: .../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 244,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Б.А,

Хариуцагчийн төлөөлөгчН.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т,

Гэрч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Б.А нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... ХХК нь барилгын хөнгөн бетон блок үйлдвэрлэлийн чиглэлээр 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа барипгын материал бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд захиалагч ... ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18/08 дугаартай Хөнгөн бетон блок нийлүүлэх гэрээ-г байгуулж, нэг талаас манай компани 4,000 мЗ хэмжээтэй чанарын шаардлага хангасан хөнгөн бетон блокыг захиалагч талд нийлүүлэх, нөгөө талаас гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон. Гэрээний 3.2-т зааснаар төлбөрийг захиалагч тал нь зарим хэсгийг орон сууцаар дүйцүүлж бартераар болон үлдсэн хэсгийг бэлэн мөнгөөр төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд гэрээний 5.3-т зааснаар захиалагч нь хөнгөн бетон блокны үнийг гэрээний хугацаанд нь бүрэн төлөх үүргийг нийлүүлэгчийн өмнө хүлээсэн. Ингээд гэрээнд зааснаар тээвэрлэлтээр нийлүүлсэн тохиолдолд 1 м3-ыг 135,000 төгрөгөөр, тээвэргүй нийлүүлсэн тохиолдолд 130,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүний дараа манай компани тээвэртэй үнэ 135,000 төгрөгөөр 382 м3 блок, тээвэргүй үнэ буюу 136,000 төгрөгөөр 1687 м3 блок, ингээд нийтдээ 2,069 м3 хэмжээтэй 270,880,000 төгрөгийн үнэ бүхий блокийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд захиалагч талд нийлүүлсэн бөгөөд нийт авсан блокны үнэ 270,999,000 төгрөг болсон. Үүнээс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг захиалагч тал бэлнээр төлсөн байдаг. Үлдэгдэл 244,999,000 төгрөгт гэрээний 3.3-т заасны дагуу ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... дүгээр байр, ... тоот 3 өрөө орон сууц, ... резиденс хорооллын ... блокын 77.2 м/кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хорооллын 4 давхарт 55.8 м.кв 2 өрөө орон сууцнуудыг бартераар дүйцүүлж төлөх байтал одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Улмаар бид гэрээний 3.6-д заасны дагуу дээрх орон сууцнууд нь ашиглалтанд орсон тул гэрээнд заасан орон сууцнуудыг авах гээд очтол байрны эзэд нь танайд өгөх боломжгүй, энэхүү байр нь өөр хүний өмчлөлд байдаг гэсэн тайлбар өгч буцаасан юм. Эдгээр орон сууцнууд нь эрхийн доголдолтой буюу өөр этгээдийн өмчлөлд байдаг тул манай компани ... ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт уг орон сууцнуудыг дүйцүүлж авах нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Бид Хөнгөн бетон блок нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн 2,069 мЗ блокны үлдэгдэл төлбөр болох 244,999,000 төгрөгийг барагдуулахыг захиалагч талаас шаардсан боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/08 дугаартай Хөнгөн бетон блок нийлүүлэх гэрээ-ний 3.1, 3.2, 3.4, 6.3 дах хэсэгт тус тус заасныг, мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ... ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 244,999,000 төгрөгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан. Бид тооцооллоо дахин хийж үзэхэд өмнө нь Д.М-тай гэрээ хийгээд түүнд блок нийлүүлж байсан ба тэр гэрээний төлбөрийн 119,000 төгрөгийг ... ХХК-д холбогдох шаардлагад оруулж нэмж тооцсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 119,000 төгрөгөөр багасгаж, 244,880,000 төгрөг болгож байна.

 

Хэдийгээр ... ХХК нь хариу тайлбараараа гэрээ байгуулаагүй гэж татгалзсан ч гэсэн өөрсдийнх нь зөвшөөрлөөр тус компанийг төлөөлж гэрээг Д.М байгуулсан болох нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас татуулж авсан эрүүгийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол дээрээс тодорхой харагддаг. Тухайн тогтоолд гэрч Н.Э-ийн мэдүүлэгт тэгээд ... ХХК-н дээр очиж уулзахад гэрээ хийлгүй, гэрчилгээний хуулбар, компанийн тамга, тэмдэг шаардлагатай гэж байна, бичиг баримт лавлагаагаа өгчих гэж н.С хэлэхээр нь гэрчилгээ, тамга өгсөн гэх мэдүүлэг. ... ХХК-ийн зүгээс бэлнээр 6,000,000 төгрөг ... ХХК-д бэлнээр өгсөн. Үнэхээр тамга тэмдэг аваагүй, мэдээгүй, ямар нэгэн харилцаагүй байсан бол яагаад 6,000,000 төгрөг өгсөн юм. Дээрээс нь тамга, тэмдгийг н.Н , Д.М нар аваад манай компанитай гэрээ хийсэн гэдгийг анхнаасаа мэдэж, хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Мөн н.С ын мэдүүлэгт байгууллагатай гэрээ хийх болоод байна гэж ярихаар нь өөрийнхөө хувьцаа эзэмшдэг ... ХХК-ийн гэрчилгээг, тамгын хамт өгсөн гэж мэдүүлдэг. Эднийх Д.М, н.Н хоёрыг ирээд ... ХХК-тай ... ХХК-ийг төлөөлөөд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нь харагдаж байгаа юм гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй ... ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд, Нэхэмжлэгч ... ХХК болон хариуцагч ... ХХК-иудын хооронд төлбөр тооцооны аливаа асуудал байхгүй болно. Уг гэрээтэй холбоотой бараа материалыг манай компани аваагүй тул нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү гэрээтэй холбоотой бараа материалыг иргэн А.Н , Д.М түүнчлэн ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.А нар хоорондоо тохиролцон гэрээ байгуулж захиран зарцуулсан байх. Энэхүү гэрээг байгуулж байх үед ... ХХК-г төлөөлж нэг ч эрх мэдэл бүхий хүн байгаагүй. Энэхүү гэрээний талаар 2-оос 3 ч удаа цагдаагийн байгууллагаар шалгуулахад манай компани буруугүй болохыг нотолсноор холбогдох хэрэг нь А.Н , Д.М нартай холбоотой болж үлдсэн. Манай зүгээс хувь хүн Д.М-аар бараа материал авч явж байгаад ... ХХК нь манайтай тооцоо дууссан. Тэгээд дуусаад явж байтал ... ХХК-ийн захирал Ю.А ын зүгээс О.С , Д.М нарыг дуудаж уулзсан, тухайн үед би байгаагүй. Уулзсаныхаа дараа О.С  нь надаас тамга тэмдгээ өгч байгаач гээд авч явсан. Манай гэрт тамга байсан, гэхдээ ... ХХК-иар тухайн үед ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тэгээд тухайн үед надаас авч яваад, эдний дээр очоод ... ХХК-ийн нэрээр өндөр үнийн дүнтэй гэрээ хийгдсэн байсныг сүүлд цагдаа дээр очоод би мэдсэн. ... ХХК-тай би очиж уулзсан ба гэрээ хийгээгүйг Д.М, О.С , Ю.А энэ 3 маш сайн мэдэж байгаа. Ю.А өөрөө батлан даана ямар ч асуудал гаргахгүй гэсэн гэж тухайн үед О.С  надад хэлсэн, компанийн хувь эзэмшигч учраас би О.С т итгэсэн ба тамга, тэмдгийн хувьд ч гэсэн бид 2 тавь тавин хувиар эзэмшиж байсан. Тэр эрх нь байдаг учраас тухайн үед тамга, тэмдгийг аваад явахад санаа зовоогүй. Түүнээс биш Д.М, н.Н нарыг бараагаа аваад хаашаа яаж нийлүүлдэг, хэнд хаашаа өгсөн, ямар тооцоо ... ХХК-тай хийсэн гэдгийг би ер мэдэхгүй. Тухайн үед 6,000,000 төгрөгийг яагаад хийсэн гэхээр Д.Мд өгөх билүү яг сайн санахгүй байна, материал тасалдах асуудал байдаг байсан, ажил зогсох гээд байна гээд хийгдэж байсан мөнгө. Д.М-аар дамжсан байна уу, А.Н ээр дамжсан байна уу ямар ч гэсэн 6,000,000 төгрөг манайх бэлнээр өгч байсан юм байдаг, Тийм л юм байгаа. Түүнээс биш би өөрөө очиж Ю.А той яриад гэрээ хийсэн юм байхгүй. Тэр 20,000,000 төгрөгийг бол манайх өгч байгаагүй байх, би мэдэхгүй байна. Д.М, А.Н нар хийсэн байх. Манайх бол ерөнхийдөө бартераар авч байсан. Энийг Д.М ерөнхийдөө хэлээд өгөх байх.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нотлогдон тогтоогдохгүй байна. Нэгдүгээрт: Нотлох баримт болон хэргийн үйл баримтыг шүүхээс анхаарч үзээсэй. Гэрч нарын мэдүүлэг болоод хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаар тухайн компани 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан. 2019 оны 07 дугаар сараас үйл ажиллагаа явуулж ирсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрээ байгуулагч А.Н , Д.М нар нь мөн тухайн компанийг төлөөлөх, удирдах, хэлцэл байгуулах эрх бүхий албан тушаалтан биш. Мөн хариуцагч компаниас олгосон итгэмжлэл, гэрээ байгуулах, хэлцэл байгуулах, компанийг төлөөлөх эрх байхгүй. Талуудын хооронд гэрээ байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэх үндэслэл байхгүй. Энэ тодорхой этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийх, дүр эсгэсэн хэлцэл юм. Яагаад дүр үзүүлсэн хэлцэл гэхээр гэрч Д.М, А.Н нар мэдүүлдэг Тухайн үедээ тухайн компанийн захирал н.Б , Ю.А , А.Н бид 4 уулзсан. Уулзалтын хүрээнд энэ асуудлыг ярилцсан болохоос эцсийн байдлаар тохиролцоогүй. Бодит байдлаар энэ гэрээнд ... ХХК-г төлөөлөөд гарын үсэг зураад гэрээний үр дагаврыг бий болгоод байгаа этгээд нь А.Н , Д.М нар боловч яг хариуцагч ... ХХК-д холбогдуулан үр дагавар бий болгох зорилго бол байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан маш их хэмжээний зарлагын баримтууд байна. Яг энэ баримтуудын хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч байгууллагад олгосон гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ бол нэг талын баримтууд юм. Уг баримтуудад нэхэмжлэгч талын санхүүгийн тамга дарагдсан. Тухайн баримтын дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авагч этгээд нь тодорхой бус, тухайн баримтад нэхэмжлэгчийн зүгээс ... ХХК гэж бичсэн байгаа боловч ... ХХК нь тухайн баримтыг хүлээн авсан гэдэг тодорхойгүй байна. Гэрч н.М Яармагийн барилга дээр бараа бүтээгдэхүүн буулгаж өгдөг байсан гэдэг боловч тухайн гэрээний харилцаа бол ... ХХК буюу хариуцагчийн хамааралгүй компанийн барьж гүйцэтгэж буй барилгын үйл ажиллагаанд ашиглагдсан, төлбөр тооцоотой байсан болох нь Д.М, А.Н , О.С нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шууд нотлох баримт болохгүй боловч бусад эх сурвалжаар нотлогдож байгааг шүүх үнэлэх ёстой. Тэгэхээр нэг гэрчийн мэдүүлэг нь нөгөө гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ агуулгаараа нэхэмжлэгчийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тогтоогдохгүй байна. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх хэрэгтэй байх. Тэгэхээр ... ХХК болоод ... ХХК хооронд тодорхой бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна Д.М болоод нэхэмжлэгч ... ХХК-ийн хооронд тодорхой бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах тус тусдаа харилцаанууд байгаад байна. Энэ агуулгаараа ... ХХК, ... ХХК-ийн хооронд харилцаа үүсээгүй. Мөн адил ... ХХК болоод ... ХХК-ийн хооронд хэн алиндаа үүрэг үүсгэх зорилгоор тодорхой бараа бүтээгдэхүүн авах, өгөх зорилготой хэлцэл байгуулагдаагүй байна. Хэлцэл байгуулагдсан гэж байгаа боловч тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа, нэгэнт хүчин төгөлдөл бус хэлцлээр шилжигдсэн эд хөрөнгийг харилцан буцаан асуудал яригдана. Гэтэл ... ХХК нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүн, үр дагаврыг буцаах, төлбөрийг олгох нөхцөл байдал үүсэхгүй. Иймд ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/08 тоот Хөнгөн бетон блок нийлүүлэх тухай гэрээ, Д.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа, ... ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1/4 тоот тушаал, ... ХХК-ийн тооцоо, кассын орлогын ордер 2 хуудас, зарлагын баримт 71 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

4. Хариуцагч ... ХХК нь шүүхэд хариу тайлбараа улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, гүйцэтгэх захиралН.Э, О.С нарын иргэний үнэмлэхний хуулбарын хамт гаргаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус комапнийн 2019 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ногдуулалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/01233 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 1910027... дугаартай хэргээс тус прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 839 дүгээр тогтоол, гэрч Э.Д , Д.М ,Н.Э, О.С , Д.М, А.Н нарын мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч О.С , А.Н , Д.М нарын мэдүүлгийг авч бэхжүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 244,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: манай компани нь хариуцагч компанитай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөнгөн бетон блок нийлүүлэх тухай гэрээ байгуулсан, гэрээнд гүйцэтгэгчийн нийлүүлэх бараа материалын тоо ширхэг, үнийн дүн, захиалагчийн төлбөрийн нөхцлийн талаар маш тодорхой заасан. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж блокийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд захиалагч талд нийлүүлсэн бөгөөд нийт авсан блокны үнэ 270,999,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч тал 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн байдаг. Үлдэгдэл 244,889,000 төгрөгийг ... ХХК нь төлөхгүй зайлсхийж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба үндэслэлээ Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ... ХХК нь хөнгөн бетон блок нийлүүлэх гэрээг огт байгуулаагүй, энэ гэрээний дагуу блок огт аваагүй. Өмнө нь бараа материал авч байсан боловч хувь хүн Д.М-ын нэрээр авч байгаад тооцоо дууссан. Харин 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18/08 тоот гэрээн дээр хариуцагч ... ХХК-г төлөөлж Д.М, А.Н нар гарын үсэг зурсан байх бөгөөд эдгээр иргэд нь тус компанид огт ажиллаж байгаагүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд биш. О.С компанийн тамга тэмдэгийг гуйж авч явж байсан, гэхдээ энэ гэрээнд компанийн тэмдгийг дарсан байна. Талуудын хооронд эрх зүйн харилцаа буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч байгаагүй гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч ... ХХК, ... ХХК-иудын хооронд байгуулагдсан гэх 18/08 тоот гэрээг байгуулах үед хариуцагч ... ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г-ийн Б гэх иргэн бүртгэлтэй байсан болох нь тус компанийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 000166805 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, мөн дээрх гэрээнд ... ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан Д.М, А.Н нар нь тухайн компанид ажиллаж байгаагүй болох нь тус комапнийн 2019 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ногдуулалтын баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, мөн хуулийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэжээ. Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу хөнгөн бетон блок нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэх үед тухайн компанийн гүйцэтгэх захирал Г.Б гэх иргэн байсан, тухайн компанийг төлөөлөн Д.М, А.Н нар хэлцэл байгуулсан гэх нөхцөл байдал байх бөгөөд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэжээ. Хариуцагч ... ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан ... манай компани нэхэмжлэгч ... ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй, энэ гэрээний дагуу огт хөнгөн бетон авч байгаагүй, Д.М, А.Н нар нь манай компанийг төлөөлөх эрхтэй этгээ биш гэж тухайн гэрээг үгүйсгэж татгалзаж байх тул зохигчдын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцааны үүсээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч ... ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 244,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч ... ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 244,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,382,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР