Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01701

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Т.Ганчимэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Грийн хаус хотхон, В-9 тоот хаягт оршин суух Цэгц овогт Баатарчулууны Наранчимэг /РД:УГ86112560/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57, Засаг даргын Тамгын газрын байранд байрлах, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ногоон төгөл хотхон, 170С байр, 97 тоот хаягт оршин суух Боржигон овогт Шагдарын Ганболд /РД:УХ62070411/ нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 44,723,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, өмгөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагч Ш.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэний төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэвэгмид, иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмчлөлийн Киа-45 маркийн 61-48 УАК улсын дугаартай автомашины жолооч Ш.Ганболд нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан, замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсний зөрчиж, миний өмчлөлийн 00-03УНО улсын дугаартай Мерседес бенз жи-500 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Зам тээврийн осолд зөрчлийн хэрэг нээн шалгасан. Осол гарсан шалтгаан нь жолооч Ш.Ганболдын буруутай үйлдэл болохыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед эрх бүхий этгээд тогтоож, зөрчил гаргагч Ш.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-т зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Ш.Ганболд нь миний эд хөрөнгөд учруулсан хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд зөрчил гаргах үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон. Ш.Ганболд нь зам тээврийн осол гаргах үедээ Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолоочоор ажиллаж байсан. Жолооч Ш.Ганболдын буруутай үйлдлээс болж гарсан зам тээврийн ослоос миний автомашинд эвдрэл үүссэн бөгөөд мөрдөгчийн тогтоолын дагуу хийлгэсэн Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 42,723,446 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасан.

Миний бие 11 сартай бага насны хүүхдээ өөрөө хардаг учраас шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй тул өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлсөнд нь 2,000,000 төгрөг өгсөн.

Ш.Ганболдын буруутай үйлдлийн шалтгаанаар надаас эдгээр зардлууд гарсан тул хариуцагч нараас автомашинд учирсан хохирол 42,723,446 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 44,723,446 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарт татгалзалаа нотолсон ямар нэг баримт байхгүй байна. Энэ машин өөрөө 304,000,000 төгрөгийн үнэтэй машин байгаа. Хариуцагч нар машиныг хохирлыг барагдуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ганболд, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 10 сарын 27-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Иргэний төлөөлөгчдийн хуралд жолоочоор ажилд орсон. Осол болдог өдөр Сонгуулийн саналын хуудсыг Нийслэлийн архив хүлээлгэж өгөх ажилтай явж байгаад орой 18-19 цагийн үед хүлээлгэж өгөх гэж очоод 22 цагийн үед хүлээлгэж өгч дуусаад даргыг замаараа буулгах гээд явж байтал машины гэрэл маш тод орж ирээд  хажуугаас мөргөсөн.

Миний унаж явсан машин 7-8 сая төгрөгийн хохирол учирсныг сэлбэг хэрэгсэл захиалж авч ирүүлж янзалж өгсөн.

Тухайн үед Замын цагдаагийн газраас дуудаж аль аль нь буруутай тул өөрсдийнхөө хохирлыг хариуцана гэж ойлгуулсан. Ингээд байгууллагын нарийн бичгийн дарга бид хоёр хувиасаа мөнгө гаргаж зассан. Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Хэрэв мөнгө гаргуулахаар шийдвэл ажил олгогч хариуцан арилгах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ осол хохирогчийн өөрийн буруугаас гарсан гэж үзэж байна. Хохирогчийн тээврийн хэрэгсэл маш хурдтай орж ирсэн. Гэрлэн дохио асаж дуусаагүй байхад хажуугаас хүчтэй орсноос өөрт нь тийм хохирол учирсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 4.8.19-д зааснаар “зогсох боломжгүй бол аюулгүй байдлыг нь хангана” гэж заасан. Ганболдын тайлбар ослын газрын зурагнаас үзэхэд энэ хоёр жолооч харилцан тэнцүү буруутай гэж үзэж байна. Осол болсноос хойш сонгуулийн дүн гарч хуучин ажиллаж байсан хүмүүс нь ажлаа өгөөд гарцгаасан. Энэ хүмүүс маань өөрсдийн зардлаар машин тэргээ засаж янзалсан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т хохирогч осол гарахад илтэд болгоомжгүй хандсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болох хуулийн зохицуулалттай.

Мөн нэхэмжлэгч тал нь машинаа янзлуулсан эсэх нь тодорхойгүй байна. Дээрх гаргасан гомдолд манай байгууллага ямар нэг хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аль буруутай талаас нь хохирлыг барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын машины эд ангийг үзэх хэрэгтэй байна. Хариуцагч жолооч Ганболд нь өөрийн зардлаар машиныг янзалсан байна. Иймд хохирлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс: Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тайлан, тайлангийн хавсралт, 0003УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Зөрчил хариуцсан байцаагчийн хариу мэдэгдэх хуудас, шийтгэлийн хуудас, 2020 оны 12 сарын 2-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт,

Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас: 2020 оны 11 сарын 10-ны өдрийн Ш.Ганболдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай б/134 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 12 сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай ажилд томилох тухай тушаал, 61-48 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр, Бодь даатгал ХХК-ийн албан тоот, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний  мэдүүлгийн маягт, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, холбогдох баримтууд, хариуцагчийн хүсэлтээр, гэрч П.Сумъяасүрэнгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Наранчимэг нь гэм хор учруулсны хохиролд 44,723,446 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ш.Ганболд нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс осол болоход хохирогчийн өөрийн болгоомжгүй байдал нөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Ш.Ганболдын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж тодорхойлж, ажил олгогч байгууллага нь хохирлыг арилгах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ш.Ганболд нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмчлөлийн Киа-К5 маркийн 61-48 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Мерседэс бенз маркийн 00-03 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь зохигчдын тайлбар, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн зураг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудас, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-18 дугаар тал/

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т, “учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд нь гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор арилгуулах шаардах эрхийн ерөнхий зохицуулалтыг гэм хорыг хэн, юунаас учруулсан онцлогоос хамаарч гэм хорыг арилгах тусгай зохицуулалтаар зохицуулж өгсөн бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримт бүхий маргаан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” журмаар зохицуулахаар байна.

Хариуцагч Ш.Ганболд нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд жолоочоор ажиллаж байхдаа дээрх ослыг гаргасан болох нь зохигчдын тайлбар, гэрч П.Сумъяасүрэнгийн мэдүүлэг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2019 оны 12 сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай “ажилд томилох тухай тушаал”, 2019 оны 11 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 11 сарын 10-ны өдрийн Б/134 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 23 дугаар тал/

Тодруулбал, гэрч П.Сумъяасүрэнгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар сонгуулийн ажил, үүргээ гүйцэтгэж явахдаа дээрх ослыг гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулсан.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд буюу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь тухайн хэргийн хувьд ажил олгогч байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ажилтан Ш.Ганболдын бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 42,723,446 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг нийт 44,723,446 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Б.Наранчимэгийн өмчлөлийн 00-03 УНО улсын дугаартай Мерседес бенз маркийн тээврийн хэрэгсэлд 42,723,446 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна /хх-ийн 6-8 дугаар тал/

Хариуцагч нараас осол гарахад хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан. Хууль тогтоомжид заасан арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэм хорын хохиролд 42,723,446 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Наранчимэгт олгож, хариуцагч Ш.Ганболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт  “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах эрх нь нэхэмжлэгчид байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл дээр хийгдэх тул хүсэл зоригийн үндсэн дээр үүссэн хохирол буюу гарсан зардлыг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас “учруулсан хохирол” гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар осол гарахад хариуцагчийн өөрийн болгоомжгүй байдал нөлөөлсөн гэх хариуцагч нарын тайлбар нотлогдохгүй байх тул гэм хорын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгчөөс “хохирлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлүүлэх шаардлагатай” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас 42,723,446 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Наранчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ш.Ганболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 371,567 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Наранчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                        

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.БАЯРМАА

 

                              ШҮҮГЧИД                            Т.ГАНЧИМЭГ

 

                                                                       Н.САРАНГҮН