| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0077/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2017-05-22 |
| Зүйл хэсэг | 142.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Цт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Р.Ц
Шүүгдэгч Р.Ц нь 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Мандах сумын нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 7 эм ямаа хулгайлж хохирогч Д.Чад 455000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр үед хүнд мөнгө өгөх ёстой байсан юм. Мөнгөний хэрэг гараад ийм хэрэг хийсэн. Айлын мал хулгайлсан хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Чын мөрдөн байцаалтад өгсөн: ”Цт миний малыг захиран зарцуулах эрх байхгүй. Миний ямаанууд бүгд зүүн чихэндээ зүрхэн чихлээстэй байсан. 3 хар 4 улаан нийт 7 эм ямаа байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.12.09-ний өдөр хониндоо явж байх үед манай гэрийн гадуур мотоцикльтой мал туусан хүн явж байсан. Хүрээд очтол Ц Бын гэрт очихоор явж байна гэсэн. Тухайн үед дан эм ямаа тууж явсан гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016.12.09-ний өдөр Мандах сумаас зүүн урагш 10 км-т өөрийн гэртээ малаа хараад байж байхад Ц ирж уулзаадГБ 2-т хэдэн ямаа өгөх ёстой юм танайд дөхүүлээд өгчихөөрэй гэсэн юм гэж хэлээд явсан. Цыг надад өгөх 2 ямаагаа авчирч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Ц 15 цагийн үед манай гэрт 9 ямаа туугаад ирсэн. ТэгээдГБ 2-т өгөх 7 ямаа надад өгөх 2 ямаа нийт 9 ямаа авчирч өгчихөөд явсан. Ц ямаагаа мотоциклоор тууж ирчихээд мотоцикльтойгоо яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016.12.07-ны өдөр хөдөө гэрээсээ Мандах суманд орж ирсэн. Тэгсэн Ц надтай таараад ямаа заръя гэж хэлсэн. Би тэгэхээр нь ямаагаа бэлэн авна шүү гэхэд бэлэн өгнө гэсэн. Тэгсэн Ц 7 ямаа Бын хашаанд хашчихсан байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 08/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/
Шинжилгээ хийх шинжээч томилох тухай /хх-ийн 12, 39, /
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13,40/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
Шүүгдэгч Р.Ц нь 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Мандах сумын нутаг дэвсгэрт машин механизм ашиглан 7 эм ямаа хулгайлж хохирогч Д.Чад 455000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Чын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 12 сарын 09-ний өдөр бог малаа эргэж тойрч чадаагүй... Миний ямаанууд бүгд зүүн чихэндээ зүрхэн чихлээстэй байсан. 3 хар 4 улаан нийт 7 эм ямаа байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016.12.09-ний өдөр ... манай гэрийн гадуур мотоцикльтой мал туусан хүн явж байсан. Хүрээд очтол Ц Бын гэрт очихоор явж байна гэсэн. Тухайн үед дан эм ямаа тууж явсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016.12.07-ны өдөр хөдөө гэрээсээ Мандах суманд орж ирсэн. Тэгсэн Ц надтай таараад ямаа заръя гэж хэлсэн... Тэгсэн Ц 7 ямаа Бын хашаанд хашчихсан байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.Цыг машин механизм ашиглан 7 тооны ямаа хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг хангасан байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 40-р талд авагдсан Ашид билгүүн ХХК-ний гаргасан эд зүйлийн үнэлгээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирлын үнэлгээг тооцох үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Цын эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт Р.Цын эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн ба шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар уг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 315000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Чын хохиролд 455000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Р.Цаас хохирогч Д.Чад гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Р.Ц нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Р.Цт холбогдох хэрэгт цугларсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан гэрч Р.Х, Р.Г нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг нотлож байгаа тул шүүхээс эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Ц нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшин, гэм буруугаа ойлгон ухамсарласан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн болон хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Цыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Р.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Цоргтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Р.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг /Мандах сумын хэсгийн төлөөлөгчид хадгалагдаж байгаа/ болон гэмт хэрэг үйлдэж олсон 315000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Цт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Цт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН