Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/1405

 

105/2020/1474/Э

 

 

 

  2020            11            05                                         2020/ДШМ/1405    

 

Б.С-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганзориг,

хохирогч В.Н-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/2971 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаартай эсэргүүцлээр Б.С-од холбогдох эрүүгийн 1906051142672 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С-,

 

Б.С- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” худалдааны төв дотор В.Н-гийн нөхөр М.Ган-Одтой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Гималай Апартмент” үйлчилгээтэй, 132 айлын орон сууцны барилгыг барьж байгаа, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгнө, та тус байрнаас “В” тоотод 2 өрөө орон сууцыг аваарай, таны өгсөн обойг тус байранд ашиглана” гэж “Орон сууцны барилга захиалан бариулах” гэрээг “Басмаа Констракшн” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй байгуулж, түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2996 ширхэг обойг залилан авч, нийт 134.820.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт авагдсан “Басмаа констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадаваатай байгуулсан гэрээ, гэрч М.Ган-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ерөнхий захирал Бямбадаваа, менежер Ганхүлэг гэх хүмүүс байсан. “Басмаа Констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадаваа гэх хүнээс байр хэзээ ашиглалтад орох уу, ямар явцтай яваа талаар асуухад “2019 оны 4 дүгээр улирал гэхэд 100 хувь ашиглалтад орно, одоо 3 дугаар давхар хүртэл каркас явсан араас нь дүүргэлт нь явж байгаа” гэх мэдүүлгээс үзэхэд Б.Бямбадаваа, Т.Ганхүлэг нар нь уг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах нь зүйтэй.

Мөн “Басмаа Констракшн” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн захирлаар Н.Мөнхбат гэх хүнийг томилсон байх тул тус компанийн захирал өөрчлөгдсөн эсэх, Б.Бямбадаваа нь тус компаний нэрийн өмнөөс гэрээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх, хэрэв эрх бүхий этгээд биш бол уг компанийг нэрийг барьж залилах гэмт хэрэг үйлдэж байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Хэрэв гэрээ хуулийн дагуу хийгдсэн бол “Басмаа Констракшн” ХХК иргэний хариуцагчаар татагдах эсэхийг тогтоох нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Цогбаяр нь “...Б.С-, А.Наранцэцэг нар надаас 25.500.000 төгрөг зээлж аваад өгөөгүй учраас уг мөнгийг нэхэмжилж байна. ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд 25.500.000 төгрөгийг ямар учраас зээлсэн, уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл уг маргаан иргэний эрх зүйн маргаан эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Түүнчлэн иргэний хариуцагч Т.Ганхүлэг нь хохирлоос хэдэн төгрөг хариуцах нь тодорхойгүй байна гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.С-од холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан. Энэхүү зохицуулалтаар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн санаа, зорилгоор санаатайгаар хамтарсан тохиолдолд буруутгах үндэслэл болдог. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Б.Бямбадаваа, Т.Ганхүлэг, Б.С- нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдсэн, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн санаа, зорилгоор санаатайгаар хамтарсан үйл баримт нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, Б.С- нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Басмаа констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадаваатай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Алтай” 6 дугаар гудамжинд баригдаж байгаа 132 айлын 2 блок барилгын гадна пассат болон дээврийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Улмаар, хохирогч В.Н-гийн нөхөр М.Ган-Одтой дээрх байрнаас хоёр байр авах нөхцөлтэй “Орон сууцны барилга захиалах” гэрээ байгууллахад “Басмаа констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадавааг “би эдгээр хүмүүсээс барилгын материал авч байгаа, барьж байгаа барилгаас 2 байр өгөхөөр болсон” гэж гэрээнд гарын үсэг зуруулсан, мөн тус обойг зөөвөрлөхөд Т.Ганхүлэгт би гэрээ байгуулж, энэ обойг авч байгаа” гэж хэлэн обойг зөөвөрлөхөд туслуулсан, мөн хохирогч В.Н-гаас шилжүүлсэн авсан обойг Б.С- ганцаараа захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон байхад Б.Бямбадаваа, Т.Ганхүлэг нарыг гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй юм. Мөн иргэний нэхэмжлэгч Ш.Цогбаяр нь Б.С-, А.Наранцэцэг нар надаас 25.500.000 төгрөг зээлж аваад өгөөгүй учраас уг мөнгийг нэхэмжилж байх бөгөөд 25.000.000 төгрөгийг ямар учраас зээлсэн, уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл уг маргаан иргэний эрх зүйн маргаан эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй байна гэжээ.

Тус прокурорын газраас Б.С-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.Шүүхээс тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай, дээрх хэргийн хувьд хохирогч В.Н-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс обой авсан үйлдэл хийснээр гэмт хэрэг төгссөн байхад шүүхээс иргэний нэхэмжпэгч Ш.Цогбаяр, Б.С-, А.Наранцэцэг нарын хоорондын харилцаа болох обой худалдах, худалдан авахтай холбоотой үйлдлийг шалгуулахаар хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Ш.Цогбаяр, Б.С-, А.Наранцэцэг нарын хоорондын обой худалдах, худалдан авахтай холбоотой харилцааны улмаас нэр дурдсан хүмүүсийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн /гэмт хэргийн шинжтэй/ гэж үзвэл зохих эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

Түүнчлэн иргэний хариуцагч Т.Ганхүлэг нь хохирлоос хэдэн төгрөг хариуцах нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Ганхүлэг нь Б.С-оос 410 ширхэг обой 40.000 төгрөгөөр бодож 16.400.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, обойг шилжүүлэн авсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад обойны мөнгийг Т.Ганхүлэг, Б.С- нар өгсөн, өгөөгүй талаар маргалдаг. Иймд Т.Ганхүлэгийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж иргэний хариуцагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Ганхүлэгийг оролцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаанаар тогтоох боломжтой ажиллагаа юм. Б.С- нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Басмаа констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадаваатай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Алтай” 6 дугаар гудамжинд баригдаж байгаа 132 айлын хоёр блок барилгын гадна пассат болон дээврийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.С- нь хохирогч В.Н-гаас 2996 ширхэг обойг гэмт хэрэг үйлдэх замаар авч, тус обойг өөрөө захиран зарцуулсан. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг “Басмаа констракшн” ХХК хууль ёсоор хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв анхан шатны шүүхээс тус хэрэгт “Басмаа констракшн” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийг хууль ёсоор хариуцвал хуулийн этгээд гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/2971 дугаартай захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч В.Н-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн зүгээс шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэх байр суурьтай байна. Учир нь, Б.Бямбадаваа гэх хүн Б.С-той бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн. 150.000.000 төгрөгийн үнэ бүхий 2996 ширхэг обойг шилжүүлж авах үйлдэлд “Басмаа констракшн” ХХК-ийн Б.Бямбадаваа гэдэг хүн үүрэг оролцоотой оролцож, хоёр талт гэрээ байгуулсан байдаг. Б.Бямбадаваа хэлэхдээ “манайх 2019 оны 12 дугаар сар гэхэд барилгаа ашиглалтад оруулчихна. Одоо дүүргэлт нь явагдаж байна” гэж хохирогчийн нөхөрт хэлж байгаад гэрээ байгуулаад нотариатаар батлуулж итгэл үнэмшлийг нь төрүүлж байгаад обойг нь шилжүүлж авсан. Анхан шатны шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад “Басмаа констракшн” ХХК-ийн захирал нь Н.Мөнхбат гэх болох нь тогтоогдсон. Гэтэл Б.Бямбадаваа нь өөрийгөө захирал мэтээр ойлгуулж, компанийн тамга тэмдгийг авчирч гэрээ байгуулсан. Эсхүл “Басмаа констракшн” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Т.Ганхүлэг гэх хүн С-той хамт ирээд обойг авсан. Сүүлдээ С-, Ганхүлэг хоёр обойг зарсан, зараагүй гэдэг дээр маргаад байгаа. 25.500.000 төгрөг зээлсэн асуудлыг энэ хэргээс ялгаж, салгалгүй энэ хэрэгтэй хамт яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч В.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Анхнаасаа уг хэргийг зохион байгуулалттай үйлдсэн болох нь тогтоогдсон. “Басмаа констракшн” ХХК-иас манай ах, дүү нар 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол нэхэмжлээд явж байгаа. Би “Басмаа констракшн” ХХК-ийн талаар мэднэ. Тийм учраас би цагдаад хандаж Б.С-ыг би өөрөө баривчлуулсан. Прокурорууд маш муу ажилласан. ...” гэв

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Захирамжид дурдсан 4 үндэслэлийг заавал шалгах шаардлагатай. Тухайн байр нь одоогоор ашиглалтад ороогүй, тэр байрыг хэн нэгэн хүнд өгөөгүй, өнөөдрийн байдлаар барилга удаашралттай байгаа. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.С-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгчийн захирамжид заасан “...Б.Бямбадаваа нь “Басмаа Констракшн” ХХК-ийн захирал мөн эсэхийг шалгах. ...” гэх асуудлын тухайд, “Басмаа Констракшн” ХХК-ийг  2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Н.Мөнхбатыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэжээ /1хх 121-122/. “Басмаа Констракшн” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн шинэчилсэн дүрмийн 6.2-д “Компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр сонгож, өөрчилнө. Гүйцэтгэх захиралтай хувьцаа эзэмшигч гэрээ байгуулна.” гэж заасан байх бөгөөд уг дүрэмд хувьцаа эзэмшигч Б.Бямбадаваа гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулжээ. /1хх 123-126/, Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан “...“Басмаа Констракшн” ХХК-ийн” Үйлчилгээтэй, 66 айлын орон сууц”-ны барилгын /2 блок/ эскиз зураг дээр “Басмаа констракшн” ХХК-ийн захирал Б.Бямбадаваа” гэж бичигдсэн /1хх 131/ байгаагаас үзэхэд Б.Бямбадавааг уг компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Б.С-од холбогдох В.Н-гаас 2996 ширхэг ханын цаас /обой/ залилж авсан гэх энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Ш.Цогбаярын Б.С-, А.Наранцэцэг нарт 25.500.000 төгрөг зээлсэн гэх асуудлыг холбогдуулж шалгаагүй, энэ асуудлыг прокуророос шалган шүүхэд шилжүүлж ирүүлээгүй /эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй/ байх тул зохих журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой юм.  

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.С-од холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

 

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/2971 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С-од холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН