| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2024/01346/И |
| Дугаар | 001/ХТ2026/00081 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/00081
Н.Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07043 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02165 дугаар магадлалтай
Н.Д-гийн нэхэмжлэлтэй,
“МД” ХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07043 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХК-аас 200,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч “МД” ХК-аас 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 22425 тоот захирамжаар авсан “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02165 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4” гэснийг хасаж, “200,000,000 төгрөг” гэснийг “24,055,380 төгрөг” гэж өөрчилж, 2 дахь заалтын “хариуцагч “МД” ХК-аас 1,157,950 төгрөгийг гаргуулж” гэснийг “278,227 төгрөгийг гаргуулж” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3, 172.2.4-т тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргав.
4.1.Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт огт үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тухай: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр, түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг хийсэн. Ингэхдээ Магадлалын 12.2, 12.3 дугаар хэсгүүдэд “Нэхэмжлэгч Н.Д нь ... засвар үйлчилгээг “ТМ” компаниар хийлгэсэн байх бөгөөд 2023.07.18-аас 2024.08.30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24,055,380 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан “ТМ” компанийн автомашиныг хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас, нэхэмжлэгчийн төлбөр шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь үерийн усанд автсаны улмаас автомашинд учирсан эвдрэл гэмтлийг цаашид засварлуулах шаардлагатай гэж үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрийн бодит хохирлыг 24,055,380 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг засварлуулахад гаргасан 24 сая төгрөгийн баримтуудыг үнэлж, үүнээс өөрөөр машинд засвар шаардлагатай гэсэн баримт алга гэх дүгнэлт хийж, машинд 24 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ дараах баримтуудыг огт үнэлээгүй, няцаагаагүй, үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ТМ” компанийн 2023.07.20-ны өдрийн огноотой үнийн санал гэх хоёр баримтыг гаргаж өгсөн. Нэг үнийн санал нь 144,588,411 төгрөгийн үнийн санал бөгөөд энэ нь зөвхөн машины цахилгааны засвар хийхтэй холбоотой үнийн санал байсан. Харин нөгөө үнийн санал нь машинд шаардлагатай нийт засвар, үйлчилгээний үнийн санал бөгөөд 218,992,667 төгрөгийн үнийн санал байсан. 218.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнийн саналын 2 дахь хуудас, 53 дугаартай хүснэгтэд “Цахилгааны сэлбэг засвар үйлчилгээ 144,588,411 төгрөг” гэж заасан нь 144.5 сая төгрөгийн үнийн санал нь машины цахилгааны гэмтлийг засварлах үнийн дүн болохыг харж болно. Түүнчлэн, 144.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнийн саналын доторх агуулгыг харвал цахилгааны эд ангиудыг жагсааж бичсэн, 2 дахь хуудас 66 дугаартай хүснэгтэд Цахилгаан засварын ажлын хөлс гэж бичсэн байгаагаас тус үнийн санал нь гагцхүү цахилгааны засварын ажилтай холбоотой үнийн санал болохыг харж болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “машинд учирсан эвдрэл, гэмтлийг 24 сая төгрөгөөр засварлуулаад болчихсон байна. Цаашид засвар шаардлагагүй” гэх агуулга бүхий дүгнэлт хийхдээ дээр дурдсан хоёр үнийн саналыг няцаасан дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үнийн саналууд нь яагаад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоох баримт болж чадахгүй талаар дүгнэлт хийсэнгүй. Бодит байдалд юу болсон гэхээр үерт өртсөнтэй холбоотой машиныг засварлуулахад шаардлагатай 218.9 сая төгрөг нэхэмжлэгчид байгаагүй тул тэрээр боломжийнхоо хэрээр эхний ээлжид зөвхөн зарим эд ангиудаа засварлуулсан. Өөрөөр хэлбэл, машиныг хэсэгчлэн засварлуулсан. Тийм учраас машинд учирсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлахын тулд цаашид засвар хийгдэхээр байсан. Үүнийг шүүхэд нотлох буюу баримтуудыг зөрүүгүй байлгах үүднээс бид “ТМ” компаниас 2025.08.25-ны өдрийн Тодорхойлолт гаргах нь гэх албан бичгийг авч, шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тухайн баримт нь 24 сая төгрөгийн засварыг хийснээр машины эвдрэл, гэмтэл бүрэн арилаагүй юм шүү гэдгийг эргэлзээгүй, хоёрдмол утгагүйгээр харуулж байгаа. Тодруулбал, тус баримтын эхний догол мөр бүхий хэсэгт “Манай компаниас үйлчлүүлэгч Н.Д-д 2023.07.20-ны өдөр хүргүүлсэн 218,992,667 төгрөгийн үнийн санал болон 2023.12.22-ны өдрийн 22,590,680 төгрөгийн өртөг бүхий засвар үйлчилгээний талаар энэхүү тодорхойлолтыг хүргүүлж байна” гэж бичсэн байгаагаас тус албан бичиг юуны тухай вэ, юуг тодруулж байгаа вэ гэдгийг харж болно. Тус албан бичигт дараах байдлаар илүү дэлгэрэнгүй, тодорхой болгож тусгасан байна. Үүнд “Үйлчлүүлэгч Н.Д нь өөрийн өмчлөлийн Ланд 200 загварын тээврийн хэрэгсэл нь үерийн усанд орсны улмаас явах боломжгүй болсныг 2023.07.16-ны өдөр манай байгууллагын засварын төвд оношлуулж, зарим хэсгийг засварлуулсан болох нь үнэн болно. Тодруулбал, тус тээврийн хэрэгслийг оношлоход тээврийн хэрэгсэл усанд орсны улмаас учирсан эвдрэл, гэмтлийг засварлах зардал, үнийн санал бүхий үйлчилгээний жагсаалтаас 22,590,680 төгрөгийн засвар үйлчилгээг манай байгууллага хийж гүйцэтгэсэн бөгөөд тус засвар үйлчилгээний зорилго тээврийн хэрэгслийг асаж явдаг болоход шаардлагатай анхан шатны засвар үйлчилгээ байсан. Тус засвар үйлчилгээний талаарх мэдээллийг тухайн үед үйлдсэн манай компанийн 2023.12.22-ны өдрийн Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудаснаас харж болно. Тухайн тээврийн хэрэгсэл нь дээрх 218,992,667 төгрөгийн засварын үйлчилгээг бүрэн гүйцэт хийлгэснээр үерийн усанд автсаны улмаас учирсан эвдрэл, гэмтлийг засварлах боломжтой гэж үзэж, бид тус үнийн саналыг өгсөн болно” гэсэн байна.
“ТМ” компанийн тус Албан бичиг нь 218.9 сая төгрөгийн Үнийн санал бол машины эвдрэл, гэмтлийг засах нийт дүн болох талаар, харин 22.5 сая төгрөг бол машиныг асдаг болгоход л шаардлагатай хамгийн наад захын, анхан шатны засвар үйлчилгээ байсан талаар ч тодорхой дурдсан байна. Ийнхүү Н.Д нь тухайн үед мөнгөгүйн улмаас машинаа бүрэн засварлуулах боломжгүй байсан тул зөвхөн машинаа асдаг болгох хэмжээний хамгийн наад захын засвар үйлчилгээ хийлгэсэн болохыг маш тодорхой өгүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх “ТМ” компанийн энэхүү баримт буюу 2025.08.25-ны өдрийн албан бичгийг няцаагаагүй, энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, “ТМ” компанийн тус албан бичиг яагаад үндэслэлгүй болох, түүнийг яагаад үнэлээгүй болох талаар дүгнэлт хийсэнгүй. Зүгээр л ийм баримт байхгүй мэт маргааныг шийдвэрлэсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 66-72 дахь талд 2023.12.22-ны өдөр 22,590,680 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн ''Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас” гэх нэртэй баримт авагдсан. Улмаар 66 дахь талд авагдсан баримтын ар талд “Оношилгооны дэлгэрэнгүй” гэх хэсэгт тухайн тээврийн хэрэгсэл ямар шалтгааны улмаас эвдэрч, засвар үйлчилгээг ямар зорилгоор хийж байгаа талаар тодорхой тайлбарласан байдаг. Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудасны “Оношилгооны дэлгэрэнгүй” хэсгийн хүснэгтэд нийт 10 хүснэгт байх бөгөөд хүснэгт тус бүрд цаашид хийх засвар үйлчилгээний талаарх дүгнэлтүүд авагдсан байгаа юм. Тус хүснэгтийн 1 дэх хэсэгт “Автомашиныг ашиглаж болох хэмжээнд хүргэхийн тулд эхний ээлжид дараах оношилгоог хийн, сэлбэг бэлэн эд ангиудыг шинээр солино. Нэн тэргүүнд хэрэгцээт засвараас эхлэн хийж гүйцэтгэж байгаа болно” гэж дүгнэснээс үзвэл тээврийн хэрэгсэлд хийсэн 22,590,680 төгрөгийн засвар үйлчилгээ нь нэн тэргүүний хэрэгцээт засвар байсан бөгөөд цаашид машиныг хэвийн ашиглах боломжтой болгохын тулд нэмж засвар үйлчилгээ хийх шаардлагатай болох нь тодорхой харагддаг. Тухайлбал, “Оношилгооны дэлгэрэнгүй” хэсгийн
Хүснэгтийн 2-т “хөдөлгүүрийг бүтэн задлан цэвэрлэж буцаан угсрах”
Хүснэгтийн 3-т “Копут доторх шаварлагийг цэвэрлэх, шаардлагатай эд ангийг солих”
Хүснэгтийн 4-т “Моторын гацааг гаргах ажилбар хийх”
Хүснэгтийн 5-д “Үерийн усанд өртсөн бүх цахилгааны утас, компьютер, цахилгаан тэжээлт эд ангиудыг шинээр солих нь зүйтэй. Бүх эд ангийг солих нь өндөр үнэтэй ... үнийн дүн 144,588,411 төгрөг болох тул зөвхөн ажиллагаагүй болсон эд ангийн жагсаалтыг гарган үйлчлүүлэгчид үнийн санал болох 82,735,319 төгрөгийн санал илгээсэн”
Хүснэгтийн 7-д “суудлын бүснүүд хэвийн ажиллахгүй тул шинээр солих, ... бүх аюулгүйн дэрнүүдийг шинээр солих”
Хүснэгтийн 8-д ‘‘Дараах эд ангиудыг шинээр солих” гэж дурдаад нийт 11 эд ангийг дурдсан.
Хүснэгтийн 9-т “VGRS актуаторыг шинээр солих”
Хүснэгтийн 10-т “Main body ECU болон хянах сольж, дохиол хэвийн ажиллах” гэх зэргээр дүгнэж цаашид машиныг үерт автахаас өмнөх байдалд оруулахын тулд хийх нийт засварын ажлыг тоочин дурдсан байна. Давж заалдах шатны шүүх нь энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй. Дээрх баримтын (Хүлээлгэн өгсөн зөвлөгөөний хуудас) ар талд “Засварын үр дүн” гэсэн гарчигтай 1-12 хүртэл дугаарласан хүснэгт байх бөгөөд тус хүснэгтэд 22.5 сая төгрөгийн засвар, үйлчилгээ хийсний үр дүнд машин ямар байдалтай болсон талаар тусгасан байна. Тус хүснэгтийн 12 дахь мөрөнд “2023.12.22-ны байдлаар автомашины паар, шил арчигч, дохио ажиллахгүй зэргээс үүдэн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй тул үйлчлүүлэгч зориулалтын ачилтаас авч явах шаардлагатай” гэж дүгнэжээ. Тус дүгнэлтээс үзвэл засвар хийж гүйцэтгэсний дараа ч тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй буюу цаашид засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байсан нь нотлогдож байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үнэлэлгүй орхигдуулсан буюу тус баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Давж заалдах шатны шүүх нь “Тээврийн хэрэгслийг 24 сая төгрөгөөр бүрэн засварлуулсан, цаашид засварлуулах шаардлагатай гэх баримт байхгүй” гэж дүгнэхийн тулд дээрх баримтуудыг няцаах, үгүйсгэх дүгнэлт хийх учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг огтоос үнэлээгүй буюу үгүйсгээгүй, няцаагаагүй, зүгээр л байхгүй мэт, ор тас гээж, тэдгээрийн талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Энэ нь ИХШХШтХ-ийн 40.1-д заасныг зөрчсөн. Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг үнэлэх шүүгчийн ажиллагаа нэртэй Зөвлөмжийн “1.2. тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр” гэх хэсэгт ИХШХШтХ-ийн 40.1 дэх заалтыг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд “Нөгөө талаар нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. ... Энэхүү үнэлгээ нь тухайн баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. ... Шүүхийн практикаас үзэхэд шүүхүүд зохигчдын гаргасан нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө талын баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг үнэлэхгүй байх,... баталсан, үгүйсгэсэн баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа түгээмэл гардаг” гэж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх нь “ТМ” компанийн өгсөн 144,588,411 төгрөгийн болон 218,992,667 төгрөгийн үнийн санал гэсэн хоёр баримтыг, “ТМ” компанийн 2025.08.25-ны өдрийн албан бичгийг огт үнэлээгүй бол, 2023.12.22-ны өдөр 22,590,680 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн “Хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас” гэх баримтын засварын үр дүн, Оношилгооны дэлгэрэнгүй гэх хэсгийг үнэлсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн энэхүү алдаа Улсын дээд шүүхийн дээрх тайлбар, зөвлөмжийг зөрчсөн, ИХШХШтХ-ийн 40.1-д заасан нотлох баримтыг үнэлэх чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй байдлаараа процессын ноцтой зөрчилд хамаарах юм. Шүүхээс нотлох баримтыг буруу, зөв үнэлж шийдвэр гарах асуудал байж болох ч хэрэгт авагдсан баримтыг огтоос үнэлэхгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр буюу нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй мэтээр, хэрэгт тийм баримт байхгүй мэтээр хэргийг шийдвэрлэх нь хэрээс хэтэрсэн, ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн бол хяналтын шатны шүүх үүнд оролцохгүй байж болох юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтыг огтоос үнэлэхгүй, үгүйсгэхгүй, зүгээр л байхгүй мэтээр хэргийг шийдвэрлэж байгаа асуудлыг Улсын дээд шүүх авч үзэх учиртай гэж бодож байна.
4.2.Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэх үндэслэл болох тухай: Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэх агуулгаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн жишиг, тогтоолууд байгаа юм. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2025.11.07-ны өдрийн 00191 дугаар тогтоолын хянавал хэсгийн 12 дахь хэсгийн төгсгөлд “Маргааны зүйл болж буй орон сууц Б.Ч-ийн нэр дээр бүртгэгдсэнээс хойш орон сууцны өмчлөлийн бүртгэл нэхэмжлэгч, хариуцагч болон Ю.У-гийн өмчлөлд тус тус харилцан шилжиж байсан байна. Түүнчлэн Ю.У нь гэрчийн мэдүүлэг өгөхийн зэрэгцээ “Шаардах эрх шилжүүлэх тухай” баримтыг 2024.06.24-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нь хэрэгт авагдсан боловч энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. ... иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлтэй байна.” гэх дүгнэлтийг хийснээс үзвэл хэрэгт авагдсан баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тохиолдолд түүнийг ноцтой зөрчил гэж үзэн гомдол гаргагчийн гомдлыг ханган шийдвэрлэж байна.
Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2020.07.02-ны өдрийн 00323 дугаар тогтоолын хянавал хэсгийн 2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийг нотлох, үгүйсгэх баримтыг зохигч гаргах үүрэгтэй бөгөөд талуудын гаргасан баримтын хэмжээнд шүүх хэргийг шийдвэрлэнэ”, “Шүүх хэрэгт буй нотлох баримтыг хооронд нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байна” гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Тус дүгнэлтээс үзвэл шүүх талуудын гаргасан баримтыг заавал үнэлж шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг дүгнэхээс гадна хэрэгт байгаа нотлох баримтыг харьцуулж, үнэлсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, харин хэргийн баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэх дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн зөрчил нь хэргийг хяналтын журмаар авч хэлэлцэх үндэслэлд хамаарч байгаа аж. Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг үнэлэх шүүгчийн ажиллагаа нэртэй Зөвлөмжийн “7.2. тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр” гэх хэсэгт ч нотлох баримтыг огт үнэлэхгүй эсвэл хоёр өөр агуулгатай баримтын аль нэгийг нь л үнэлэх зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохыг тайлбарласан байна. Тус Зөвлөмж, тайлбарын талаар бид дээр дэлгэрэнгүй тайлбарласан тул энэ хэсэгт товчилж бичлээ. Харин Н.Д-гийн нэхэмжлэлтэй хэргийн хувьд хэрэгт авагдсан хэд хэдэн баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйгээр үл барам тэдгээр баримтаар нотлогдож буй үйл баримтыг (хохирлын хэмжээг) болоогүй, байхгүй мэтээр хэргийг шийдвэрлэж байгаа нь дээрх 00191 болон 00323 дугаартай тогтоолуудад тусгасан процессын зөрчлөөс ч ноцтой зөрчил юм. Иймд дээрх үндэслэлээр гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлж өгнө үү.
4.3.Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ИХШХШтХ-ийн 42.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн тухай: Дээр дурдсан хариуцагчийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан хариу тайлбар, гомдол зэргээс харвал хариуцагч хохирлын хэмжээний талаар маргасан зүйл байдаггүй. Тодруулбал, машинд 218,992,667 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, үүнийг харуулах баримтуудтай (энэхүү гомдлын 1.1, 1.2 дугаартай хэсэгт дурдсан) хариуцагч анхан шатны шүүхэд огт маргаагүй ирсэн байдаг. Харин даатгалын тохиолдол үүсээгүй учир даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэх нэг л байр суурийг хариуцагч байнга илэрхийлж байсан. Хариуцагчийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үзвэл талууд хохирлын хэмжээн дээр маргаагүй болох нь тодорхой харагддаг. Тодруулбал, нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа “ТМ” компанийн өгсөн 218,992,667 төгрөгийн үнийн саналыг хариуцагч нь хариу тайлбар ирүүлэхдээ болон анхан шатны шүүх хуралдаанд эс зөвшөөрч маргаж байгаагүй байдаг. Мөн тус баримтыг үгүйсгэх, няцаах хүрээнд нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй. Тодруулбал, шинжээч томилуулах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэг хүсэлт гаргаж байгаагүй. Анх даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг нэхэмжлэгчээс авч байх үедээ ч энэ талаар маргаагүй байдаг. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаар нотолсон, хариуцагчийн маргаагүй хэмжээнд нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх учиртай. Хэрэв хохирлын хэмжээний талаар хариуцагч нь анхан шатны шүүхэд мэтгэлцэж, маргасан бол тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар нэхэмжлэгч талаас өөр нэмэлт баримтууд гаргаж өгөх, магадгүй хохирлын үнэлгээ хийлгэх эсвэл шинжээч томилох зэргээр хохирлын хэмжээ нь 218.9 сая төгрөг гэдгийг нотлох байсан. Гэвч хариуцагч нь хохирлын хэмжээ 218.9 сая биш гэж маргаагүй учир нэхэмжлэгч талаас хохирлын хэмжээний талаар нэмэлтээр баримт өгөөгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан нь ИХШХШтХ-ийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй эсхүл тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, үндэслэлээсээ өөр, шинэ үндэслэлийг давж заалдах шатны шүүхэд гаргаж болохгүй талаар Улсын дээд шүүх “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй “БД” ХХК-д холбогдох хэргийг шийдэх замаар буюу 2018.05.22-ны өдрийн 0813 дугаар тогтоолоор тайлбарлаж байсан. Тус тогтоолын хянавал хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... тооцоо нийлсэн актын дагуу мөнгийг хариуцагч төлөх үндэслэлгүй, ... гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцсон боловч гэрчлүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна” гэж маргасан байх бөгөөд өөр тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй байна” гэх дүгнэлтийг хийж, хариуцагчийн хяналтын шатны шүүхэд шинээр гаргасан гомдлын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн билээ. Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээ, дээрх дүгнэлт нь Улсын дээд шүүхийн дараах тогтоолуудын хууль хэрэглээ, тайлбартай нийцэхгүй байна.
Улсын дээд шүүхийн 2025.12.09-ний өдрийн 00221 дугаар тогтоолын хянавал хэсгийн 17 дахь хэсэгт “... давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлоготой холбоотой гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, зохигчдын нотлох үүргийн хуваарилалтад учир дутагдалтай дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ”, “нэхэмжлэгч Д.Э нь нэг өдөрт дунджаар 763,633 төгрөгийн орлого олдог гэсэн тайлбар гарган, банкны харилцах дансны хуулгуудыг гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ч баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул орлого олох боломжоо алдсан хугацааг дээр дүгнэсэн 10 хоногоор тооцож, нийт 7,636,330 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэх дүгнэлтийг хийснээс үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон талаараа баримт гаргаж, түүнийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн 2022.11.10-ны өдрийн 001072 дугаартай Тогтоолын 10 дугаартай хэсэгт “Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29,000,000 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар, нотолгоо гаргаагүй, өрөн сууцны үнэлгээг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хариуцагч нар маргаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд мөн тайлбар, татгалзан гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн орон сууцыг 60 сая төгрөгөөр үнэлсэн үнээс түүний ажилласан 29 сарын хугацаагаар ажлын хөлсийг тооцож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, маргаж буй орон сууцны үнийн нэхэмжлэгч 60 сая гэж үзэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч няцааж маргаагүй тул орон сууцны үнийг 60 сая гэж үзэж шийдвэрлэх нь үндэслэлтэй болохыг шүүх дүгнэсэн байна.
Манай хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал нь Улсын дээд шүүхийн энэхүү Тогтоолын хууль хэрэглээнээс зөрж байна. Нэхэмжлэгч тал нь машинд учирсан хохирлын хэмжээг 218,992,667 гэж үзэж нэхэмжлэл гаргаж, баримтууд өгсөн. Хариуцагч нь анхан шатны шүүхэд үүнийг няцааж маргаж байгаагүй. Иймд давж заалдах шатны шүүх тус баримт, тайлбарын дагуу хохирлын хэмжээг тогтоогоогүй, хариуцагчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, ИХШХШтХ-ийн 42.4 дэх заалтыг зөрчсөн, Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос зөрүүтэй шийдвэр болсон. Ийнхүү иргэн Н.Д-гийн нэхэмжлэлтэй хэргийн хувьд ч давж заалдах шатны шүүх “МД” ХК-ийн давж заалдах журмаар гаргасан хохирлын хэмжээтэй холбоотой гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байсан билээ. Улсын дээд шүүхийн 2016.06.02-ны өдрийн 00651 дугаартай Тогтоолд “Даатгуулагч С.С нь “СД” ХХК-тай 2014.09.22-ны өдрөөс 2017.09.21-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай 18 сая төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжид 180,000 төгрөг төлсөн, тэрээр БНСУ-д ажиллаж байхдаа авто ослын улмаас 2015.04.10-ны өдөр нас барсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул энэ үйл баримтыг ИХШХШтХ-ийн 42.4-т зааснаар тогтоогдсон гэж үзнэ” гэх дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй бол нэхэмжлэгчийн тайлбарыг нотлогдсон гэж үзэх талаар УДШ дүгнэлт хийсэн байна. Манай хэргийн хувьд машинд учирсан хохирлын хэмжээний талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, баримтыг хариуцагч анхан шатны шүүхэд няцаагаагүй, маргаагүй байсан. Улсын дээд шүүхийн 2016.06.03-ны өдрийн 00668 дугаар Тогтоолын Хянавал хэсэгт “И” ХХК-ийн ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас бэлэн болон шилжүүлсэн мөнгийг тооцоо нийлээд үлдэгдэл төлбөр дээр эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна ... гэснээс өөр тайлбар өгөөгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үгүйсгээгүй ... байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь ИХШХШтХ-ийн 42.4, 77, 100 дугаар зүйлд нийцээгүй байна” гэх дүгнэлтийг хийсэн.
Манай хэргийг шийдвэрлэсэн Магадлал, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Улсын дээд шүүхийн тус тогтоол, тайлбараас зөрүүтэй болсон. Улсын дээд шүүхийн 2016.06.24-ний өдрийн 00794 дугаар Тогтоолд “Баянгол дүүргийн шүүхийн 2013.01.30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013.04.15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013.06.19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосны дотор 15252Х, 15253Х. 15254Х лиценз багтсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх тогтоогдсон гэж үзсэн нь ИХШХШтХ-ийн 42.4-т нийцсэн байна” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2016.06.27-ны өдрийн 00832 дугаар Тогтоолын З дугаар хэсэгт “А” компанийн тодорхойлолтод дурдагдсан “...И...” нь нэхэмжлэгч “Э” ХХК биш гэж хариуцагч нар маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үндэслэлээр тогтоогдсон гэж үзнэ” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2016.06.28-ны өдрийн 00837 дугаар Тогтоолд “Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардаагүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч хүү төлснийг татгалзаагүй тул Ц.Х зээлийн төлбөрт 11 сая төгрөг буцааж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үндэслэлээр тогтоогдсон гэж үзнэ” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2016.09.29-ний өдрийн 00972 дугаар Тогтоолд “Г.М 2013.10.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Н.Г-д 6,000,000 төгрөг зээлүүлсэн тухай тайлбар өгсөн, зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй” гэж дүгнэсэн.
Улсын дээд шүүхийн 2018.09.28-ны өдрийн 01282 дугаар Тогтоолын 4 дүгээр хэсэгт “Түүнчлэн, У.Н нь “К” ХХК-д ажиллаж байгаагаа зөвшөөрсөн байх тул энэ үйл баримтыг нотлогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2019.04.11-ний өдрийн 00513 дугаар Тогтоолд “Худалдан авагч Г.З гэрээнд заасан 202,730,000 төгрөгийг бүрэн төлсөн, орон сууцыг улсын комисс 2013.02.01-ний өдөр хүлээж авсан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхон ... тоот орон сууц улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөлийн гэрчилгээ 2013.11.28-ны өдөр Г.З, Б.О, З.Ху, З.Х нарт олгогдсон байх бөгөөд зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчихгүй” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2019.04.18-ны өдрийн 00547 дугаар Тогтоолд "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэлд заасан эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2019.04.18-ны өдрийн 00548 дугаар Тогтоолд “Д.О, С.А нар Б.О-т 350,000 төгрөг өгч 564 м.кв газрын 184 м.кв газар дээр 2004 оноос эхлэн амьдарч эхэлжээ. Дээр дурдсан нөхцөл байдлын талаар зохигч маргаагүй тул уг үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн “...нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэсэнтэй нийцсэн байна” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2019.05.08-ны өдрийн 00651 дүгээр Тогтоолд “Хэрэгт Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах 2014.12.22-ны өдрийн журам авагдсан, уг журам МУИС-ын эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчихгүй” гэж дүгнэсэн байна. ИХШХШтХ-ийн 42.4-т заасны дагуу хэргийн оролцогч нэг талын гаргаж буй тайлбар, баримтыг хэргийн нөгөө тал няцаагаагүй, маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх агуулгаар тайлбарласан Улсын дээд шүүхийн маш олон тогтоолууд байна. Иймд тэдгээрийн бүгдийг нь бичихгүй товчлов. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2020.06.09-ний өдрийн 00273 дугаар тогтоол Хянавал хэсгийн 7, 8 дахь өгүүлбэр,
2018.09.28-ны өдрийн 01280 дугаар тогтоол Хянавал хэсгийн 2 дахь хэсгийн 4 дэх өгүүлбэр, 2019.04.30-ны өдрийн 00617 дугаар тогтоол Хянавал хэсгийн 10, 11 дэх өгүүлбэр, 2021.09.09-ний өдрийн 00997 дугаар тогтоол Хянавал хэсгийн 2 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, 2018.03.30-ны өдрийн 00496 дугаар тогтоол Хянавал хэсгийн 13, 14 дэх өгүүлбэр, 2018.05.10-ны өдрийн 00760 дугаар тогтоолын Хянавал хэсгийн З.а дахь хэсэг, 2020.07.02-ны өдрийн 00323 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 2 дахь хэсэгт тус тус ИХШХШтХ-ийн 42.4 дэх хэсгийн талаар тайлбарлаж, нэг талын гаргасан тайлбар, баримтыг үгүйсгээгүй тохиолдолд тус үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх талаар тайлбарлажээ. Иргэн Н.Д-гийн нэхэмжлэлтэй хэргийн хувьд хохирлын хэмжээний талаарх нэхэмжлэгчийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг хариуцагч няцаагаагүй, маргаагүй байхад давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн явдал нь ИХШХШтХ-ийн 42.4 дэх 10 заалтыг зөрчсөн, талуудын зарчмыг алдагдуулсан тул процессын ноцтой зөрчил бөгөөд Улсын дээд шүүхийн дээр дурдсан Тогтоолуудаас ялгаатай дүгнэлт хийсэн, хуулийг зөрүүтэй тайлбарласан хэрэг болсон. Иймд энэ нь ИХШХШтХ-ийн 172.2.2, 172.2.3-т заасан хяналтын журмаар хэргийг хянан үзэх үндэслэлүүдэд хамаарна гэж үзэж байна.
4.4.Энэхүү хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэх нь цаашид даатгалын гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх жишиг тогтоох буюу хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой болох тухайд: Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “даатгалын тохиолдол үүссэн эсэхийг шүүхээс тогтоосны дараа даатгалын нөхөн төлбөрийг олгох, түүний хэмжээг тодорхойлох эсэх асуудал яригдана” гэх агуулгаар маргаж ирсэн. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн 7 дахь талд илтгэгч шүүгчээс “Танайх даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч талын зүгээс өгсөн үнэлгээний саналаар хохирлыг нь тооцъё гэх байдлаар баримт материалыг нь авсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Энэ талаар тайлбар байна уу? ” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “Энэ талаар ярьж байгаа нэхэмжлэгч талын тайлбар зөв боловч даатгалын компани даатгалын тохиолдол мөн байна гэж үзсэний дагуу үнэлгээний асуудал орно” гэх тайлбарыг өгөхөөс гадна хохирлын баримтын хувьд “ТМ” ХХК-ийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч, түүнээс өөр хохирлын баримт шаардаагүй, энэ талаар маргаагүй талаараа хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбаруудыг гаргасан байдаг. Тодруулбал, хурлын тэмдэглэлийн 8 дахь талд “Мөн манай байгууллагын зүгээс даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд ийм баримтаар даатгалын тохиолдлоо нотлоод ир гэж зөвлөн туслах үүднээс даатгуулагчид тайлбарлаж хэлдэг. Энэ хэрэг маргааны хувьд даатгалын тохиолдол биш учир энэ талаар тайлбарлаж хэлээгүй”, “Даатгалын тохиолдол үүсээгүй тохиолдолд бид хохирлын талаарх асуудал руу орж, түүнийг шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг даатгалын тохиолдол мөн гэж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хохирлын талаарх баримтыг мөн харах ёстой” гэх зэрэг тайлбарыг гаргасан байдаг. Мөн хуралдааны тэмдэглэлийн 8 дахь талд Илтгэгч шүүгчээс: “Танайх энэ нь даатгалын тохиолдол биш учир бид хохирлын талаарх асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талын зүгээс ийм хэмжээний нөхөн төлбөр гаргуулна гэж маргаж байхад яагаад үнийн дүнгийн талаар маргаагүй вэ” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч: “Энэ нь даатгалын тохиолдол биш учир бид нөхөн төлбөрийн үнийн дүн дээр маргах шаардлагагүй. Харин даатгалын тохиолдол мөн гэхдээ танай хохирол бодит биш байна гэж маргасан тохиолдолд үнийн дүнгийн талаар маргах боломжтой” гэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дахь талд Даргалагч шүүгчээс
“Танайх бүх даатгалын тохиолдлын талаар даатгуулагчид тодорхой тайлбарлаж, нэг мөр хариу өгч болдоггүй юм уу, яагаад иргэдэд хүндрэл учруулж дахин дахин нааш цааш явуулж байна вэ” гэх асуултад хариуцагчийн өмгөөлөгчөөс “2023.09.20-ны өдрийн албан бичгээр энэ нь даатгалын тохиолдолд хамаарахгүй учир нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэх агуулгаар хариу өгсөн” гэдэг.
Хариуцагчийн гаргасан дээрх тайлбаруудаас үзвэл хариуцагч нь даатгалын тохиолдол үүсээгүй гэх нэг л байр суурийг илэрхийлж тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Мөн хариуцагч нь даатгалын гэрээтэй холбоотой маргааны хувьд шүүх эхлээд даатгалын тохиолдол үүссэн эсэхийг тогтоох ёстой, харин даатгалын тохиолдол үүссэн гэж шүүх дүгнэсэн тохиолдолд түүний дараа хохирлын асуудлыг шинээр хэлэлцэх ёстой гэх агуулгаар маргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудыг үгүйсгээгүй байдаг. Үүгээр даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг авах, шийдвэрлэх үед даатгагч нь даатгуулагчаас хохирлын үнэлгээний тайлан шаардаагүй, “ТМ” компанийн баримтыг үгүйсгэж байгаагүй гэдэг нь харагдаж байна. Ийнхүү даатгагчийн огт үгүйсгэж байгаагүй зүйлийг давж заалдах шатны шүүх үндэслэл болгож, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байлаа. Иймд даатгалын тохиолдол үүссэн эсэхийг шүүх эхний ээлжид шийдвэрлэж, хэрэв даатгалын тохиолдол үүссэн гэж үзсэн тохиолдолд түүний дараа хохирлын асуудлыг шийдвэрлэх эсэх, эсхүл даатгалын тохиолдол үүссэн эсэхийг хохирлын асуудалтай хамт шийдвэрлэх эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалын 13 дахь хэсэгт “Иймд хариуцагчийн “анхан шатны шүүх даатгуулагчид учирсан хохирлыг үнийн саналыг үндэслэн 200,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, даатгалын тохиолдол үүссэний улмаас даатгуулагчид учирсан хохирлыг арилгахад чиглэдэг байхад нэхэмжлэгч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хийсэн. Тус дүгнэлт нь хариуцагчийн хохирлын хэмжээтэй холбоотой анхан шатны шүүхэд яригдаагүй асуудлаар гаргасан гомдолд дүгнэлт хийн, тус гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа хэрэг билээ. Иймд даатгалын маргаан бүрд даатгагч нь хохирлын хэмжээний талаар маргаагүй, зөвхөн даатгалын тохиолдол үүссэн эсэх дээр маргаж байхад шүүхээс хохирлын асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, анхан шатны шүүхэд маргаагүй хохирлын асуудлаар давж заалдах журмаар гомдол гаргаж болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд зарчмын хувьд ач холбогдолтой дүгнэлт хийх шаардлагатай байх тул гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна.
4.5.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу тал бүрээс бодитой үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй тухай: Магадлалын 12.1 дэх хэсэгт “Даатгалын тохиолдлоос үүдэн даатгалын зүйлийг дахин ашиглах боломжгүй болсон буюу бүрэн сүйрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогоогүй тул даатгалын үнэлгээгээр 200,000,000 төгрөгөөр хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлага болох 200,000,000 төгрөгийн тооцоолол тус тээврийн хэрэгслийг зөвхөн бүрэн сүйрсэн гэх үндэслэл дээр тулгуурлан гарсан зүйл биш юм. Тодруулбал, хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан үнийн саналд тус тээврийн хэрэгслийг 218,992,667 төгрөгөөр засварлах боломжтой талаар нотлох баримт авагдсан бөгөөд тус баримтаас үзэхэд тээврийн хэрэгслийг засварлах зардал нь нэгэнт даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ болох 200,000,000 төгрөгөөс давсан болох нь тодорхой байгаа юм. Иймд давж заалдах шатны дээрх дүгнэлт үндэслэлгүй юм. Үүнээс гадна нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь хохирлын хэмжээний талаар хэд хэдэн нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн, нөгөө талаараа хариуцагч нь анхан шатны шүүхэд хохирлын хэмжээг үгүйсгэж маргаж байгаагүй, няцаасан баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд ИХШХШтХ-ийн 172.2.2, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлүүдийн дагуу энэхүү хэргийг хяналтын журмаар авч хэлэлцэж, Магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ны хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.15-ны өдрийн 210/МА2025/02165 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасны дагуу гаргаж байна. Магадлалын 9.3-т Даатгалын эрсдэлтэй ойролцоо эрсдэлд тооцогдоогүй нөхцөл байдлыг нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлөөр зааглах бөгөөд хариуцагч “МД” ХК нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлээ ... Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийн 20 дугаар заалт “Тогтсон шавар, гол горхи, мөрөн нуур гатлах, тогтонги болон урсгал бүхий ус, мөсөн дээгүүр явах, мөстсөн гол гатлах үед учирсан хохирол”-д хамааруулж байна гэжээ. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд даатгалын тохиолдолд юуг хамаарах талаар харилцан тохиролцсон бөгөөд Байгалийн эрсдэлд голын үер хамаараагүй талаар тохиролцсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж, даатгалын тохиолдол үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Даатгалын гэрээнд талууд даатгалын тохиолдолд уулын үер, шар усны үер хамаарна гэж туйлын тодорхой зохицуулсан байдаг. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.19-ний өдрийн 001/ШХТ2026/00269 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 200,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...гэрээний хугацаанд 2023.07.13-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарны голын эргээр байх явцад үерийн эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан ба "ТМ" компанийн үнийн саналаар засвар 218,992,667 төгрөг болно. Даатгалын компани нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг зөвшөөрөхгүй, ... голын эрэг хавиар байх явцад гэнэт гол үерлэсэн тул усанд автахгүй гарах гэж яваад голын усанд суусан. Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023.07.18-ны өдрийн 04/695 албан бичиг, Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын 2023.07.19-ний өдрийн 02/178 албан бичиг, тухайн үед надтай хамт байсан найз Т.Б, Б.Ц нар болон эхнэр Г.З нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Санхүүгийн зохицуулах хороонд хандсан ч нөхцөл байдлыг зөвөөр үнэлж чадаагүй. Даатгалын тохиолдлын улмаас машин бүхэлдээ сүйрч, гэмтсэн ба машиныг даатгуулах үед зах зээлийн үнэлгээ 200,000,000 төгрөгөөр даатгуулсан. Гэтэл одоо засварын үнэ нь 218,992,667 төгрөг байна. Иймд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд зааснаар 200,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Хариуцагч “МД” ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... даатгуулагч нь 2023.07.13-ны өдрийн 23:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн нутаг Тарнын голын эрэг дээр гэр бүлийн хамтаар буудаллан амарч байх үед нь хүчтэй орсон борооны улмаас гол үерлэж, үерлэсэн голын эргээс тээврийн хэрэгслээ холдуулах гэж жолоодохдоо голын эсрэг зүг рүү бус голын гүн хэсэг рүү орж голын усанд сууснаар тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх тохиолдолд даатгагчийн зүгээс гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тухай мэдэгдсэн. Манай компанийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч даатгуулагч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гарган шалгуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг. Даатгуулагчид учирсан хохирлын шалтгаан нөхцөл нь гэрээнд заагдсан байгалийн эрсдэлд хамаарахгүй” гэж маргажээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Зохигчид даатгалын гэрээний тухайд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023.07.18-ны өдрийн 04/695 албан бичиг, Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын 2023.07.19-ний өдрийн 02/178 албан бичгүүд болон нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн үзлэг хийсэн баримт, гэрч Т.Б-ийн “Элсэн тасархайн ойролцоо хоолонд орж, дараа нь горхины эрэг дээр майхан барьж хоноглохоор болж, 2 майхан барьсан. Гэтэл н.Г ус орж ирж буйг харсан. Эхэндээ майхны ар тал шалбаагтай болсон тул нүүхээр хөдөлсөн ч гэнэт усны түвшин маш хурдан нэмэгдэж байсан” гэх, гэрч Г.З-ийн “...гэнэт шал пал гээд ус мэдрэгдсэн. Удалгүй усны түвшин маш хурдан нэмэгдэж, байдал хүндэрсэн. Сандарч хүүхдүүдийнхээ хэрэглэлүүдийг боож баглан, яаралтай нүүлгэх шаардлагатай болсон тул майхан, эд зүйлсээ орхиж, зөвхөн хүүхдүүдээ аюулгүй байдалд оруулан машиндаа суулгаж хөдөлсөн” гэх мэдүүлэг зэргээр 2023.07.13-ны 23 цагийн үед Элсэн тасархай Тарнын голын орчмоор аадар бороо орж, их хэмжээний үер буусан байна. Даатгалын гэрээний 1.3-т "Байгалийн эрсдэл" а. Уулын болон шар усны үерт өртөх /тогтоол ус хамаарахгүй/ гэж заасан нь байгалийн эрслэлд хамаарахгүй нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь уулын орой, аманд орсон хүчтэй аадар бороо мөндөр эсвэл цас хайлалт нь доорх газар нарлаг бороо ороогүй байхад ч дээд уулнаас гэнэт их хэмжээний ус түрж орж ирэх магадлалтай бөгөөд бороо орж жижиг гол үерлэсэн нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний Байгалийн эрсдэл, уулын болон шар усны үерт өртөх хэсэгт хамаарна гэж шүүх үзлээ. ”ТМ” ХХК авто машинд учирсан 53 төрлийн эд ангийг 218,992,667 төгрөг, 86 төрлийн эд ангийн сэлбэгийн үнийг 144,588,411 төгрөгөөр үнэлсэн байна. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд “Байгалийн эрсдэл, уулын болон шар усны үерт өртөх” гэж даатгалын эрсдэлийг нэрлэн заасан нь талуудын тохиролцсон болзол гэж үзэх тул даатгагч нь хохирлыг төлөх үүргийн дагуу 200,000,000 төгрөгийг хариуцагч “МД” ХК-аас гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... Анхан шатны шүүх даатгалын тохиолдол үүссэн гэж үзсэн нь зөв боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас хохирлын хэмжээг буруу тодорхойлсон алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний болон хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулна. Даатгалын гэрээний ерөнхий нөхцөл, Нөхөн төлбөрийн материал-ын 6.4-д Хохирлын хэмжээг тогтоосон хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал гэж даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг тодорхойлох журмыг тогтоожээ. Даатгалын тохиолдлоос үүдэн даатгалын зүйлийг дахин ашиглах боломжгүй болсон буюу бүрэн сүйрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул даатгалын үнэлгээгээр 200,000,000 төгрөгөөр хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ... автомашины засвар үйлчилгээг “ТМ” ХХК-аар хийлгэсэн ба 2023.07.18-2024.08.30-ны хооронд нийт 24,055,380 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан “ТМ” ХХК-ийн автомашиныг хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас, нэхэмжлэгчийн төлбөрийг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь үерийн усанд автсаны улмаас автомашинд учирсан эвдрэл гэмтлийг цаашид засварлуулах шаардлагатай гэж үзэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрийг бодит хохирол болох 24,055,380 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад даатгалын үндсэн үүргийг зохицуулсан заалтыг баримталсан нь зөв боловч шаардах эрхийг зохицуулаагүй Даатгалын тухай хуулийн даатгагчийн эрх, үүргийн заалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг хассан өөрчлөлтийг оруулна” гэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх даатгалын тохиолдол бий болсон тухай эрх зүйн ижил дүгнэлт хийж, даатгалын нөхөн олговрыг ялгаатай хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын 2023.03.23-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд "МД" ХК нь *** улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг 200,000,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаанд даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, Н.Д нь даатгалын хураамжид 2,400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба даатгалын эрсдэлд ... 1.3 Байгалийн эрсдэл а. Уулын болон шар усны үерт өртөх /тогтоол ус хамаарахгүй/, нөхөн төлбөр олгох хувь-100% гэсэн ба Н.Д нь 2,400,000 төгрөгийг хураамжид төлсөн байна.
13.Нэхэмжлэгч Н.Д нь 2023.07.13-ны өдөр гэр бүлийн хамт явж байхдаа Өвөрхангай аймгийн Тарны голын эрэг дагуу буудалласан байх үед оройн 23 цагийн үед гол үерлэн эргээсээ хальж, үерлэхэд даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023.07.18-ны өдрийн 04/695 тоот албан бичиг, Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын 2023.07.19-ний өдрийн 02/178 тоот албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг, СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдсон байна. Тухайлбал, 2023.07.13-ны өдрийн оройн 23 цагаас Тарны гол гэх газар их хэмжээний үер буусны улмаас голын ус эргээсээ 2 тийшээ 50х50 метр өргөнтэй үерлэсэн, *** улсын дугаартай автомашин голын гольдрол руу орж суусан байсныг гол татрахыг хүлээж 2023.07.15-ны өдөр татаж гаргасан тухай Булган аймгийн Рашаант сумын Онцгой комиссын тэмдэглэлд тусгагдсан байна.
14.Н.Д нь 2023.07.23-ны өдөр “МД” ХК-д хохирол барагдуулах тухай хүсэлт гаргасан ба даатгагч нь 2023.08.07-ны өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2023.09.20-ны өдрийн 9/3650 тоот албан бичгээр ”МД” ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэсэн хариуг даатгуулагчид өгчээ.
15.Хариуцагч нь “...хүчтэй орсон борооны улмаас гол үерлэж, эргээсээ хальсан тул уулын усны үерт хамаарахгүй” гэж, нэхэмжлэгч нь “...тухайн газарт бороо ороогүй байхад гэнэт их хэмжээний ус хальж орж ирсэн тул уулын усны үерт хамаарна” гэсэн агуулгатай тайлбар гарган, даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар маргасан байна.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн ба даатгалын тохиолдол бий болсон, уг эрсдэлийн улмаас нэхэмжлэгч Н.Д-гийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул хариуцагч “МД” ХК-ийн “... даатгуулагчид учирсан хохирлын шалтгаан нөхцөл нь гэрээнд заагдсан байгалийн эрсдэлд хамаарахгүй, даатгалын тохиолдолд хамаарахгүй нөхцөлийг даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.
17.Хоёр шатны шүүх даатгалын зүйлд учирсан хохиролд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
18.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээгээр тохирсон даатгалын тохиолдол биш гэж маргасан боловч даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ болон нэхэмжлэгчийн “ТМ” ХХК-аар хийлгэсэн үнэлгээний баримтын талаар тухайлан маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
19.Даатгалын гэрээний ерөнхий нөхцөл болон нөхөн төлбөрийн материалын 6.4-т “Хохирлын хэмжээг тогтоосон хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал” нь даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг тодорхойлох баримт болохоор байна. Нэхэмжлэгч нь даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг “ТМ” ХХК-ийн гаргасан 218,992,667 төгрөгийн үнэлгээг үндэслэн нөхөн төлбөрийг даатгалын гэрээгээр тохирсон 200,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн ба тухайн эрсдэлд хохирлыг 100 хувь төлөхөөр гэрээнд заасан байна.
20.Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 23028697 тоот Сертификатын салшгүй хэсэг гэсэн хавсралтын “Тээврийн хэрэгслийн хамгаалалт” хэсгийн 5-д бүрэн сүйрэл гэдгийг тодорхойлохдоо “Даатгалын тохиолдлоос үүдэн даатгалын зүйл дахин ашиглах боломжгүй болсон эсхүл даатгалын зүйлийг засварлах зардал даатгалын үнэлгээний 90 хувиас дээш дүнтэй бол Даатгагч тухайн тохиолдлыг бүрэн сүйрэл гэж үзэн Даатгагчийн сонголтоор даатгалын үнэлгээний дүн (даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнг) Даатгуулагчид нөхөн төлөх эсхүл зах зээлд зарагдаж буй адил загварын тээврийн хэрэгслийг худалдан авч өгөх байдлаар шийдвэрлэх ба сүйрсэн даатгалын зүйл үл маргах журмаар Даатгагчийн өмчлөлд шилжинэ” гэжээ.
Нэхэмжлэгчийн “ТМ” ХХК-аар хийлгэсэн үнэлгээний баримтад засварын зардлыг 218,992,667 төгрөг гэж тогтоосон, даатгалын гэрээнд даатгалын үнэлгээг 200,000,000 төгрөг гэж талууд тохиролцсон зэрэг баримтаас үзвэл даатгалын зүйл болох нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг бүрэн сүйрсэн гэж дүгнэх боломжтой, даатгагч даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлтэй байна.
21.Хэргийн баримтаас үзэхэд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж, хяналтын шатны шүүхэд үнийг 60,000,000 төгрөг гэсэн тайлбар гаргасан байна. Даатгагч нь санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчийн хувьд даатгалын зүйлд учирсан хохирол, түүний үнэлгээ болон даатгалын зүйлийн эзэмшил, өмчлөлийг шилжүүлэх талаар мэтгэлцээгүй, няцаасан болон үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул даатгалын зүйлийн хохирлыг үнэлсэн 200,000,000 төгрөгөөс /даатгалын зүйл болох автомашиныг даатгагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй буюу бусдад 60,000,000 төгрөгөөр худалдсан байх тул / уг 60,000,000 төгрөгийг хасч, 140,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д нийцнэ гэж үзэв.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02165 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХК-аас 140,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “МД” ХК-аас 1,157,950 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагч “МД” ХК-аас 957,950 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 278,227 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1,038,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН