Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 3

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01121/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-д холбогдох

          “1.300.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Н-эс:

Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө жирэмсэн байх үедээ таньж мэдэхгүй хүмүүст зодуулж тэрнээс хойш умайн доргилт үүсэж дутуу төрсөн. Гэтэл манай ээж болох Б.А- нь намайг зодсон залуучуудтай уулзаад тэр залуучуудаас 1.300.000 төгрөг авчихсан байгаа нь Б.А-гийн өөрийнх нь бичсэн бичгээр нотлогдоно. Иймээс 1.300.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-гаас:

           М.Н- нь миний төрсөн охин бөгөөд өдий хүртэл намайг хэл амаар доромжилж, үргэлж дарамталж айлган зовоодог. Би М.Н-ийн том охин О-г нь 6 нас хүртэл өсгөж хооллож хувцаслаж өгсөн. Би охин М.Н-, дүү М.Х- хоёрын төлбөрт авсан 1.300.000 төгрөгийг төрсөн ах М.Х- хориход ял эдэлж байхад нь түр хэрэглээд М.Н- нь вогзал дээр болон тааралдсан газраа үргэлж мөнгө нэхэж хэл амаар доромжлоод байхаар нь В.М-гаас 1.300.000 төгрөг зээлж аван гэрээ байгуулаад А.Х-, М.Н- нарт С.Ц-, Б.Б- нарын хамт өгсөн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1182 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-гаас 1.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2--т зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 35.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А- давж заалдсан гомдолдоо:

Би сахрын шоконд орж эмчлэгдэж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарна гэж хэлсээр байтал шүүгч З.Тунгалагмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж хурлыг хийжээ. Миний бие нь сахар 28 гарч толгой эргэн нүдний угт харвалт өгч, амь нас үхлийн ирмэгт байхад тайлбартаа мөнгө буцаан өгсөн талаар тусгасан бөгөөд биеийн эрүүл мэндийн улмаас гэрч нараас тайлбар аваагүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, нотлох баримтаа ч өгч амжаагүй байхад  хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гомдолтой байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Н- хариуцагч Б.А-д холбогдуулж 1.300.000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Б.А- нэхэмжлэлээр шаардаж буй 1.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч М.Н-, хариуцагч Б.А- нар төрсөн ээж, охин бөгөөд нэхэмжлэгч М.Н- 2017 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө жирэмсэн байх үедээ бусдад зодуулж, умайн доргилт авсны улмаас дутуу төрсөн байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Н-ийн хууль ёсны төлөөлөгч  түүний төрсөн ээж Б.А- хэрэгт холбогдогч залуучуудаас охиныхоо эмчилгээний төлбөрт 1.300.000 төгрөг авч, хохирогч охиныхоо эмчилгээнд зарцуулаагүй гэж нэхэмжлэлдээ дурджээ.

            Энэхүү шийдвэрийг хариуцагч Б.А- эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт,хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч М.Н- нэхэмжлэлдээ хариуцагч Б.А- гэмт хэргийн улмаас авах байсан хохирлын мөнгийг хэрэгт холбогдогчдоос авсан боловч эмчилгээнд зарцуулаагүй тул уг мөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.А- 1.300.000 төгрөгийг бусдаас авсан гэдэгтэй маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Н-д өгсөн гэдгээ нотлоогүй байна.

            Хариуцагч Б.А- нэхэмжлэгчийн шаардаж буй 1.300.000 төгрөгийг түүнд өгсөн гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах, үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй  бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            Нэхэмжлэгч М.Н- хариуцагч Б.А-гаас 1.300.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

            Анхан шатны шүүх болсон үйл баримт, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Б.А- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ                       

                                                                                                                      Л.АМАРСАНАА