Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01068

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... оффис, ... тоот хаягт байрлах, ... ББСБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Т-ийн С /РД: .../-д

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 99,128,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч ...ББСБ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 88,000,000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Тухайн зээлийн барьцаанд өөрийн амьдарч байгаа буюу өөрийн өмчлөлд байх ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 43.39 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Ийм учраас зээлийн гэрээг цуцалж, Т.С-ээс үндсэн зээл 88,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 8 хувь буюу сарын 0.67 хувь ба 2020 оны 05 дугаар сарын 26-аас 2021 оны 05 дугаар сарын 26-ны хүртэлх хугацааны хүүнд 7,048,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-наас 2021 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 сарын хугацааны хүүнд 4,127,000 төгрөг, нийт 11,165,200 төгрөг боловч нэхэмжлэлд хүүг 11,128,987 төгрөгөөр тооцсон. Иймд зээлийн болон барьцааны гэрээг шүүхийн журмаар цуцалж, хариуцагч Т.С-ээс үдсэн зээлд 88,000,000 төгрөг, хүүнд 11,128,987 төгрөг, нийт 99,128,987 төгрөгийг, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргаж байна.

 

Манайх жилийн 8 хувь буюу сарын 0.67 хувийн хүүтэй. Нэхэмжлэл дээр сарын 1 хувийн хүүтэй гэж техникийн алдаа гарсныг тэмдэглэл дээр тусгуулъя. Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үндсэн зээл 88,000,000 төгрөгөө төлөөгүй дээр маргахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Цар тахалтай холбогдуулан гаргасан хуулийг үндэслээд хүү, алданги төлөхгүй гэдэг байр суурьтай байгаа юм байна. Тухайн хуулийн 13.3-т барьцаалан зээлдэх газар гээд тодорхойлоод өгсөн. Манайх аливаа байдлаар барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагаа явуулдаггүй, харин банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тийм учраас хариуцагчийн хариу тайлбарт дурдаад байгаа шиг барьцаалан зээлдүүлдэг байгууллага биш. Дээрээс нь манайх алданги тооцдоггүй, харин нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй, гэсэн хэдий ч нэхэмжлэгч байгууллага нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Зөвхөн үндсэн хүүгээрээ тооцож нэхэмжлэлээ гаргасан.Т.С-ийн тухайд авсан зээлээ өөрийн ажиллуулдаг барилгын компанид зарцуулсан гэдэг. Бодит байдал дээр өөрийн амьдарч байгаа орон сууцыг худалдан авахад зориулж зээл авсан байдаг. Ийм учраас хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй. Зардлыг тооцуулаад хүү, нэмэгдүүлсэн хүүгээ багасгуулах хүсэлтийг гаргаагүй байна. Хэрвээ гаргасан бол ...ББСБ ХХК-аас зээлийн хүүгийн хэмжээн дээр дахин ярилцах шийдэх боломж байсан. Зээлдэгчийн зүгээс аливаа байдлаар хүсэлт гаргаагүй. Хүү төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдэж өгнө үү гэдэг хүсэлт тавьж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн тус шүүхэд иргэн Т.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Т.С-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Н би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, хариуцагч Т.С нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай. Т.С нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 88,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийг ... ББСБ ХХК-иас хөрөнгө оруулалтын зориулалтаар өөрийн эзэмшилийн зам ангийн компанидаа ашиглах зорилгоор зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлдэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгон барьцаанд Ү-2205073415 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалан авсан. Гэвч дэлхий даяар коронавируст халдвар (КОВИД-19) цар тахал тархсан нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс, компаний үйл ажиллагааны доголдолоос шалтгаалан ажил зогссоноор авсан зээлээ тогтоосон хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.3 барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж заасан бөгөөд энэхүү хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжинэ. Иймд нэхэмжпэлээс ЗГ2020/25 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 88,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй төлж барагдуулна, хүүгийн төлбөр болох 11,128,986 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн ЗГ2020/25 тоот зээлийн гэрээ, БГ2020/25 тоот барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хавсарган гаргаж өгсөн болно.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбараа гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Т.С-д холбогдуулан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 99,128,986 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Т.С нь нэхэмжлэгч ...ББСБ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 88,000,000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Тухайн зээлийн барьцаанд өөрийн амьдарч байгаа буюу өөрийн өмчлөлд байх ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 43.39 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Ийм учраас зээлийн гэрээг цуцалж, Т.С-ээс үндсэн зээл 88,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 8 хувь буюу сарын 0.67 хувь ба 2020 оны 05 дугаар сарын 26-аас 2021 оны 05 дугаар сарын 26-ны хүртэлх хугацааны хүүнд 7,048,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 26-наас 2021 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 сарын хугацааны хүүнд 4,127,000 төгрөг, нийт 11,165,200 төгрөг боловч нэхэмжлэлд хүүг 11,128,987 төгрөгөөр тооцсон, нийт 99,128,986 төгрөг гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дэлхий даяар коронавируст халдвар (КОВИД-19) цар тахал тархсан нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс, компаний үйл ажиллагааны доголдолоос шалтгаалан ажил зогссоноор авсан зээлээ тогтоосон хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж заасан бөгөөд энэхүү хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжинэ гэж тодорхойлжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2020/25 тоот зээлийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн БГ2020/25 тоот барьцааны гэрээ, 000782134 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагч Т.С нь нэхэмжлэгч ... ББСБ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 88,000,000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 43.39 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан, хариуцагч Т.С гэрээ байгуулснаас хойш гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болохоор байгаа нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.4-д зээлийн хүү сар 0.67 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.5-д зээлийн эргэн төлөлтийг хугацаа хоцроож хийвэл зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн сарын хүүгийн 20 хувь байх бөгөөд төлөөгүй зээлийн хүүгээс тооцож авна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй боловч нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болохоор зохигчид тохиролцсон, мөн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 12,021,608.54 төгрөг гэж эхний төлөлт хийх хугацааг тохиролцсон боловч хариуцагч гэрээний үүрэгт 18 сарын турш огт төлбөр төлөөгүй нь эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.2-т Дараахь тохиолдлуудад зээлдүүлэгч зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, төлбөл зохих бүх төлбөрийг зээлдэгчээр төлүүлнэ, мөн 4.2.2-т Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь эсвэл барьцааны гэрээг зөрчсөн гэж, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 88,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 11,128,986 төгрөг, нийт 99,128,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 43.39 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 653,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар , 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ2020/25 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.С-ээс зээлийн гэрээний үүрэгт 99,128,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 43.39 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 653,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР