| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/03642/И |
| Дугаар | 102/ШШ2022/01323 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2022/01323
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хэсэг, ... тоот хаягт оршин суух, ... овогт М-ийн Х /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байр, ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД: .../,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 88,542,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагчийн төлөөлөгч Г.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие М.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ... ХХК-тай 05/01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Х аймгийн Н суманд 12 айлын 2 блок, тус бүр 3 давхар орон сууцны барилга барих зорилгоор 200,000,000 төгрөгийг гаргаж, барилга баригдаж дууссаны дараа нийт ашгийн 20 хувийг авах, харин хариуцагч компани нь барилгын ажлыг 2021 оны 09 сарын 10-ны өдрийн дотор барьж гүйцэтгэж дуусгахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээ бодит байдал дээр хэрэгжээгуй. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 03 дугаар сараас хойш 2021 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 105,542,000 төгрөгийг Г.М-ын дансанд шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээсээ өмнө буюу 2021 оны 07 дугаар сард барилгыг ашиглалтанд оруулахад ердөө 2 сарын хугацаа үлдсэн байхад Г.М-той очиж уулзахад барилгын ажлыг огт эхлүүлээгүй, ямар ч ажиллагаа хийгээгүй байдалтай байсан. Ингээд би хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.М-т хандаж барилгын ажлыг эхлүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн талаар удаа дараа мэдэгдсэний эцэст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уулзахдаа гэрээг цуцалж байгаа болохыг мэдэгдсэн. Харин Г.М нь үүнийг хүлээн зөвшөөрч, 105,542,000 төгрөгийг надад эргүүлж төлөхөө илэрхийлсэн болох нь 2021 оны 07 сарын 22-ны огноотой мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаас болон нэхэмжлэлд хавсаргасан DVD-нд бичигдсэн харилцан ярианы бичлэгнээс тодорхой харагдана. Хариуцагч компани нь Х аймгийн Н суманд баригдах орон сууцны барилга барих ажлын хүрээнд тус сумын засаг даргатай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр хариуцагч компани нь барилгын санхүүжилт, барилгын зөвшөөрөл гэх мэт асуудлыг сумын засаг даргатай харилцан тохиролцсон байдаг. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Х аймгийн Н сумын засаг даргаас 130 тоот гэрээ цуцлах тухай ...Гэрээ байгуулагдсанаас хойш даруй 5 сарын хугацаа буюу орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын ажил эхлүүлээгүй, зураг төсөл, төсөв, ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэх албан тоотоос үзвэл бидний харилцан тохиролцсон барилгын ажил цаашид хэрэгжих боломжгүй болох нь тодорхой байна. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний бие Г.М-т шилжүүлсэн 105,542,000.00 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас 105,542,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дараахь байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, шаардлагаа багасгаж, тодруулсан. Үүнд, гэрээний 1.1-т Энэхүү гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ... зураг төслийн дагуу барих 3 давхар орон сууцны барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгснөөр ... орон нутгийнхаа иргэдийг зах зээлийн үнээс хямд, чанартай орон сууцаар хангах гэж, мөн 1.2-т ... Б тал тухайн хөрөнгөөр дээр дурдсан ажлыг барилгын ажлын зохих хэсгийг хийж гүйцэтгэхтэй холбоотой санхүүгийн болон бусад харилцааг зарцуулна гэж, мөн 3.1-т Барилгын ажлыг 100 хувь хариуцах ... барилгыг бүрэн барьж ашиглалтад оруулна гэж тус тус заасны дагуу ... ХХК нь 3 давхар барилгыг барьж 2021 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, 19.1.2-т энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гуйцэтгэх" гэж, 10.1.2-т бага төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус заасны дагуу хариуцагч компани нь 3 давхар 24 айлын орон сууц барихын тулд Барилга хот, байгуулалтын яамнаас барилга угсралтын тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Барилга хот, байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын нэгдүгээр хавсралт болох Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага-т заасны дагуу бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөлт, шинэчлэлийн ажил гүйцэтгэхийн тулд БА-2.1 буюу (Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын) тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай байна. Гэтэл Барилга хөгжлийн төвөөс ирүүлсэн албан тоотоос үзвэл хариуцагч ... ХХК-ийн БА-2.1 тусгай зөвшөөрөл 2017 онд хүчингүй болж, түүнээс хойш сунгалт хийгдээгүй дуусгавар болсон байна. Үүнээс үзэхэд талуудын харилцан тохиролцсон 3 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд БА-2.1 тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэх ёстой байхад хариуцагч ... ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хэрнээ барилгын ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгч М.Х-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх захирал Г.М-ын Хаан банкны 5020637... тоот данс руу нийт 22 удаагийн гүйлгээ /2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд/-ээр нийт 88,542,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь төлбөр хүлээн авсан талаар маргадаггүй болно. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээр дурдсаны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нъ уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид шилжүүлэн өгсөн 88,542,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн 88,542,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн үүсгэн байгуулсан... ХХК-ийн Голомт банкин дахь эзэмшлийн 1205181... тоот данснаас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 20,000,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкин дахь ... ХХК-ийн эзэмшлийн 1205181... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 15,992,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Хаан банкин дахь М.Х-ын эзэмшлийн 5115001... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 11,650,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкин дахь... ХХК-ийн эзэмшлийн 1205181... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу тус бүр 3,000,000 төгрөгөөр 5 удаагийн үйлдлээр нийт 15,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкин дахь... ХХК-ийн данснаас 700,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.Мын эзэмшлийн 5020637... тоот данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 19,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.Мын эзэмшлийн 5020637... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 1,200,000 төгрөг, нийт 88,542,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн ба хариуцагч энэ талаар маргадаггүй, мөнгө хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/01 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож 88,542,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна. Гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлгүй компани, шаардлага хангахгүй гэдгээ хэлсэн бол өнөөдрийн үр ашиггүй зардлууд гарахгүй байсан. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд хариуцагчийн амаар хэлж байгаагаар нотлогдохгүй, Анхан шатны санхүүгийн баримтууд үүнд алга. Гэрээг ... ХХК буюу хуулийн этгээдтэй байгуулсан. Байгууллагын санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт тайлан, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ч хэрэгт огт авагдаагүй. Г.М-ын Хаан банкны данс бол иргэн хүний өөрийнх нь дансны хуулга байна, хүн өөрийнхөө данснаас ямар ч гүйлгээний утгатайгаар хаашаа ч зарлага гаргах боломжтой. Тэр бүгдийг амаар хийсэн тайлбараар нотлох боломжгүй. Хариуцагчид хандан хэлэхэд барилгын талбай дээр буцаж очоод тоног төхөөрөмж, тоосго гэх мэт зүйлсээ зохицуулах боломж байхгүй юу. Тоног төхөөрөмжүүд тухайн үеийн үнэ ханшнаасаа өндөр үнэтэй болсон. Тухайн үед авч байсан шинэ тоног төхөөрөмжүүд байгаа, түүнийгээ зараад мөнгөө гаргаад тохиролцох боломжууд байсан. Тэр талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч бодиттой хариу ирүүлээгүй. Тоосго авсан талаар гэрчийн мэдүүлэг дээр хэлсэн. Өмнөх хуралдаан тарсны дараа засаг дарга Л.М тай ярилцсан зураг төсөл, тоосго зэргийг одоо барилга барих компанидаа шилжүүлж өгч болохгүй юм уу гэх зүйлийг санал болгож хэлсэн. Манайх ч тэрийг дэмжиж байсан. Гэтэл Г.М өөрөө хөдлөөгүй, шүүхээр шийдүүлэх байр суурьтай ирсэн. Тийм учраас эвлэрэх ямар ч боломжийг өгөөгүй. Тэгээд манайх ийм ийм зардал гаргасан гэдэг ямар ч утга, логик байхгүй гүйлгээний утгатай зүйл ярьж байна. Үгүй ядахдаа та ажилчидтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээ өгөх ёстой гэв.
2. Хариуцагч ... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрхэн хэрэгжсэн талаарх бодит байдлын талаар дараахь тайлбарыг гаргаж байна. Энэ орон сууцны барилга бол М.Х нь дараагийн Улсын Их Хурлын сонгуульд бэлдэж тойргоо услах зорилгоор хэрэгжүүлэх төсөл байсан. Гэрээний 1.1-д ... орон нутгийн 24 өрхийн орон сууцны асуудлыг шийдэж нийгмийн сайн сайхны төлөө орон нутгийнхаа иргэдийг зах зээлийн үнээс хямд, чанартай орон сууцаар хангах гэж тодорхойлсон байгаа. Гэрээг байгуулахад М.Х-ын талаас санхүүжилтээр тасралтгүй хангаж ажлыг зогсоохгүй байж чадна гэсэн амлалтад нь үнэмшээд Улаанбаатараас 538 км-ийн хол орон нутагт барилга барихыг зөвшөөрсөн. Орон нутаг тул зөвшөөрөл бичиг баримт тал дээр айх юм байхгүй бүх зүйл амархан бүтнэ гэсэн үгэнд итгэж материалаа татах, буулгах, барилга барих кран, харж хамгаалах, хашаа барих 4 ажилтанг мастер Г.Н-гээр удирдуулан явуулсан. Эдгээр хүмүүсийг орон нутаг орон байраар хангасан байдаг. Материалаа буулгах, барилга барих кран түрээслэн Н суманд аваачсан, мөн 12,000 ширхэг тоосго Улаанбаатар хотоос тээвэрлэн хүргэсэн. БНХАУ-ийн Эрээн хотоос помп /шахагч/ 43,500 юань, шавар зуурагч 14,800 юань, ковш /жижиг трактор/ 23,500 юань, Замын-Үүд хүртэлх зардал 8,4821.63 юань болсныг төлж Монгол улсын хилээр оруулж ирэн гааль болон ачиж буулгах, тээврийн зардал бүгд нийлэн Монгол мөнгөөр 50,435,980 төгрөг болсон. Замын-Үүдээс Улаанбаатар хотод оруулж ирээд санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар М.Х эдгээр тоног төхөөрөмжийг өөрөө буцааж авсан. Манай компани М.Х-аас нэг төгрөг бэлнээр аваагүй бүх мөнгө захирал Г.М миний Хаан банкин дахь дансанд бэлэн бусаар орж ирсэн ба энэ мөнгөөр дээр дурдсан зардлуудыг санхүүжүүлсэн. Энэ бүхэн банкны баримтаар нотлогдоно. Бүх бараа материал, багаж, тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа зарж байгаа байгууллага, хүнтэй нь би тохирч тухайн хүний дансыг нь М.Х-т явуулж саналыг асуудаг байсан. Х дараа нь тооцоо хийхэд амар би чам руу шилжүүлнэ, чи цаашаа шилжүүл гэж тухай бүр ярилцдаг байсан нь М.Х-ын фэйсбүүкийн чатад бүрэн байгаа бөгөөд минийх дээр ч мөн адил байгаа. Ажлын зураг Улаанбаатарт хийгддэг тул би хөөцөлдөж хийлгэсэн. Энэ зургийн төлбөрийг нь би хагасыг нь гаргасан. Зураг одоо бүрэн эхээрээ М.Х-т байгаа болно. Харин 4 ажилтныхаа цалин, томилолтын зардлыг манай компани гаргасан.
Ингээд газрын гэрчилгээ бусад баримт бичгүүд гарахгүй болохоор нь 2021 оны 06 дугаар сарын 29-нд хүмүүсээ Улаанбаатар хот руу татаж авсан. Газрын бичиг баримт огт гараагүй мөн өгсөн мөнгө нь дууссан, барилгын талбай руу түр цахилгаан татах утас ч байхгүй хашаа барих мод ч байхгүй болж санхүүжилт нэхэхэд намайг тэр сумаасаа байр захиалгын гэрээ байгуулаад урьдчилгаа мөнгийг нь аваад барилгаа явуул гэж загнаад эхэлсэн. Би гэрээ ёсоор хөрөнгө оруулалтыг та хариуцаж байгаа, би барилгын ажлаа хийх ёстой мөн дээр нь газрын бичиг баримт, бусад ажил явуулах нөхцөл бүрэлдэхгүй, газар байхгүй юм чинь агаарт барилгаа барих юм уу, харин ч манай компани баахан хохирлоо гэж маргалдаад энэ төсөл зогссон юм. Хамтран ажиллах гэрээ дараахь шалтгаанаар хугацаандаа биелүүлээгүй. Үүнд, гэрээний 2.1 дэх заалтад заасанаар М.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой атал өнөөдөр хүртэл өгөөгүй. Өөрөө ч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний 2.3, 2.4 дэх зүйлд зааснаар газар эзэмших эрх, барилгын батлагдсан эскиз зураг, хөрсний шинжилгээний дүгнэлт болон холбогдох бусад баримт бичиг, барилга барихтай холбоотой зөвшөөрөл, газрыг барилга барихад бэлэн болгох үүрэг нь М.Х-ын үүрэг юмаа. Тийм ч учраас гэрээн дээр газар олгосон захирамж, газрын гэрчилгээний дугаар, нэгж талбайн дугааргүй байгаа юм.
Нэхэмжлэлийн багасгасан шаардлагад дурдагдаад буй 88,542,000 төгрөгийг авсан нь үнэн, хүлээн зөвшөөрдөг. Энэ мөнгийг барилгын ажилтай холбоотой ажлуудад зарцуулсан. Хятадаас тоног төхөөрөмж буюу шавар зуурагч, помп, жижиг ковш гэх 3 ширхэг төхөөрөмжийг нийт 50,435,980 төгрөгөөр авсан, барилгын ажил явуулах зориулалтаар кран түрээсэлж, тээвэрлэсний төлбөрт нийт 13,888,000 төгрөг төлсөн, тоосго барилгын талбай дээр буулгасан, үүнийг М.Х, засаг дарга хоёр хүлээж авсан. Тоосго болохоор тээврийн зардал ороод 7,590,000 төгрөг болсон, барилгыг барихын тулд ажлын зураг хийлгэсэн, зургийн төлбөрт 14,850,000 төгрөг төлсөн. Газар дээрээ барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой улаан шугамыг хотоос хүн авч ирж мэргэжлийн байгууллагаар улаан шугам тавиулсан, ажлын хөлс нь 1,500,000 төгрөг болсон. М.Х ах өөрийнх нь авсан хөрөө байгаа. Түүний мөнгө нь надаар авахуулаад, мөнгөө над руу шилжүүлээд тэр нь цаад данснаасаа гарсан. Энэ бүгд 88,542,000 төгрөгтөө орж байгаа. Хөрөөний үнэ 14,060,000 төгрөг болсон, тэгээд бусад зардал 3,346,146 төгрөг болсон. Дээрх 50,435,980 төгрөгийн задаргаа нь помп 19,270,500 төгрөг, шавар зуурагч 6,556,400 төгрөг, ковш 10,410,500 төгрөг, нийт тоног төхөөрөмж 36,237,400 төгрөг, Эрээн дэх ачилт, буулгалт, хадгалалт 1,338,580 төгрөг, Монгол дахь гааль, Эрээнээс-Улаанбаатар хүртэлх тээвэр 12,860,000 төгрөг, нийлээд 50,435,980 төгрөг болно. М.Х-аас авсан 88,542,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулаад би өөрөө 17120,126 төгрөгийг өөрийн компаниас гарган санхүүжилт хийсэн.
Нэхэмжлэгч шүүхэд үнэнийг хэлэх ёстой. М.Х-тай харилцсан бүх чатууд байгаа. Манайх бүх зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгээд өгсөн. М.Х-ын өөрийнх нь дансны хуулга дээр тэр тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан, зарсан баримтууд нь нотлох баримтыг шинжлэн судлахад гарч ирнэ, бид тэр үед нь тайлбарлаад хэлээд өгнө. Л.М гэдэг Норовлин сумын засаг даргыг шүүх гэрчээр асуухад ... Миний мөрийн хөтөлбөрт тусгагдсан бариулах гэж байгаа орон сууц юм. М.Х энэ хоёр хоорондоо гэрээ хийсэн гэдгийг мэдэхгүй, хараагүй, үзээч үгүй. М.Х бол надад барилгын компани олж өгсөн гэж ойлгосон гэж мэдүүлсэн. Тэгэхэд М.Х энэ гэрээний нэг тал болсон. Тэгээд өнөөдөр хүнийг хуурсан мэхэлсэн ийм гэрээ хийсэн зүйл ярьж байна. Тэгвэл 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/01 тоот хамтран ажиллах гэрээний зорилго нь орон нутгийн 24 өрхийн орон сууцны асуудлыг шийдэж нийгмийн сайн сайхны төлөө орон нутгийн иргэдийг зах зээлийн үнээс хямд чанартай орон сууцаар хангах гэж тодорхойлж байгаа юм. М.Х өнөөдөр 24 айлыг зах зээлийн үед сайхан орон сууцтай болох талын юм бичээд байгаа юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ орон сууц барих асуудал бол Л.М гэдэг засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг нь юм. Засаг дарга Н.М ... Би 24 айлын орон сууц барьж төрийн албан хаагчдаа оруулна гэдэг хүсэл сонирхолтой байсан гэдгээ шүүхээс хууль сануулаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр асуухад мэдүүлсэн. Засаг дарга Л.М өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр 24 айлын орон сууцны барилга барих ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах эрхийг М.Х-т өгөөгүй. М.Х 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 тоот гэрээний 2.2-т Хөрөнгө оруулагч төсөл хэрэгжиж дууссаны дараа нийт ашгийн 20 хувийг авна гэж байгаа. Нэг ёсондоо М.Х голд нь залилан хийж байгаа юм. Тэнд нэг хүн байшин бариулах сонирхолтой, энэ нэг компани байшин барих сонирхолтой. Тэр хоёрын голд зуучлаад 20 хувийг авна гэж байгаа чинь өөрөө жинхэнэ шунахайн зорилготой, хуурч мэхэлж байгаа үйлдэл юм. Энэ бол бичгийн нотлох баримтаар нотлогдсон буюу гэрээний 2.2-т байгаа юм. Л.М гэрчийн мэдүүлэг дээрээ ... М.Х надад барилгын компани олж өгч тусалсан гэж бодож байсан. Цаанаа гэрээ байгуулаад явж байгааг мэдэхгүй гэж тодорхой ярьсан. Одоо М.Х өөрөө ийм гэрээ байгуулах эрхтэй байсан уу, байгаагүй юу гэвэл эрхгүй байсан. Тэгсэн байж өнөөдөр хууль бус гэрээ гээд яриад байгаа юм. Хууль бус гэж ярьвал манайх ч гэсэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хууль бус гэж ярина.
Нэхэмжлэгч эхний нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн учраас яриад яахав. Гэрээнд тохиролцсоноор бол 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2021 оны 04 дүгээр арын 01-ны өдрийн дотор оруулна гэжээ. Гэтэл өнөөдөр нэхэмжилж байгаа нь 88,542,000 төгрө, гэрээний үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэж ярих юм бол хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар ярих юм. Гэрч Л.М газрын тухай нэлээн асуусан. Гэрээн дээр засаг даргын тоот шийдвэр хоосон, сумын багийн нутаг дэвсгэр хоосон, хэдэн метр/кв талбай бүхий газар вэ гэдэг нь хоосон. Ийм л гэрээ байгуулчихаад засаг дарга, энэ хэргийн гэрч Л.М ... би тийм газар олгосон байгаа юм. Гэхдээ М.Х-т газрын гэрчилгээгээ өгөөгүй, үзүүлсэн гэдэг зүйлүүд ярьдаг. Тийм учраас хоёр тал хоёулаа хар юм байна. Хоёуланд нь но байна, хоёуланд нь муу юм байна. Манайх бол барилгын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад түүнийх нь хугацаа дууссан. Харин нэхэмжлэгч тал зүгээр л хүний эрэлт хэрэгцээ дээр залилан хийж байгаа үйлдэл харагдаад байгаа юм. Түүнээс эднийд гэрээ байгуулах эрх ч алга, гэрээ байгуулах ёс ч байхгүй юм байна. Мөнгө төгрөгтэй холбоотой тайлбараа хариуцагчийн төлөөлөгч өөрөө хийчихлээ. 88,542,000 төгрөгийн хувьд тоосго зөөсөн хөлс, тоног төхөөрөмж авсан хөлс, авсан тоног төхөөрөмжүүд бүгд М.Х-т байгаа. М.Х өөрөө бусдад зарсан. Тэр талаар дансаар нь нотлогдоно. Ачааг түүнд өгөөд явуулаарай гэдэг нотлох баримт, фэйсбүүк чатаар нотлогдоно. Яг газар асгарсан, буцааж авч чадахгүй мөнгө гэвэл кран тээвэрлэсэн, түрээсэлсэн төлбөр байгаа. Манайх бол тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан болно. Нэхэмжлэгч М.Х нь орон сууцны барилга баригдах газрын зөвшөөрөл, захирамж, гэрчилгээ, архитектор төлөвлөлтийн даалгавар, хөрсний шинжилгээний буюу геологийн дүгнэлт, барилгын зураг, зургийг батлуулах, техникийн нөхцөл авах, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг гаргаж өгөөгүй, мөн хугацаандаа 200,000,000 төгрөгийн санхүүжилтээ хийгээгүй зэргээс шалтгаалан манай 4 ажилтны цалин, томилолтын зардал, замын зардал, БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх тээврийн зардал, хоол, ундны зардалд нийт 17,120,126.19 төгрөгийн зардлыг манай компани гаргасан болно. Сөрөг шаардлагын 17,120,126 төгрөгийн задарга нь: 2021 оны 05 дугаар 19-нд 5,000,000 төгрөгийг Н сумын 24 айлын орон сууцны барилгын ажлын зургийн төлбөрт М.Х-аас мөнгө гарсан ч тухайн үед надад мөнгийг нь өгөөгүй би өөрөөсөө гаргаад төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 21-нд 185,000 төгрөг краны төлбөр, 2021 оны 05 дугаар сарын 23-нд 78,800 төгрөгийг картаар түлш хийсэн, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 40,000 төгрөг түлш, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22,000 төгрөг хоол, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 45,000 төгрөг Норовлинд буудал, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр А-аад 30,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 71,100 төгрөг түлш, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 56,000 төгрөг Хэнтий аймагт хоол, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20,000 төгрөг Хэнтийн Мөрөнд түлш, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40,000 түлш, 2021 оны 05 дугаар сарын 26 ны өдөр 10,700 төгрөг картны зарлага, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймаг явахдаа зарцуулсан 62,500 төгрөг түлш, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15,000 төгрөг ус, ундаа тамхи, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг түлш, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 13,400 төгрөг орон нутагт карт уншуулсан, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 50,000 төгрөг Хэнтий аймагт түлш, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Хэнтийн Бэрх буудалд 30,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 500,000 төгрөг Норовлинд улаан шугам тавьсан урьдчилгаа, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Норовлин тайгын хөрөөний тээвэр 60,000 төгрөг болно гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/01 тоот хамтран ажиллах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, Голомт банк ХХК дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, фото зургуудыг хавсаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банк ХХК-ийн меморалын баримт, Х аймгийн Н сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот албан бичиг, шаардах эрх шилжүүлэх гэрээ,... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбарын хамт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банк ХХК дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот дансны хуулга, фото зургууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, барилгын зураг /барилгын зургийг шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан/, нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар дараахь нотлох баримтыг цуглуулсан. Үүнд, флаш дискэнд болон гар утас, фэйсбүүк чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/474 дүгээр лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин буса хэлцэлд тооцуулж, 88,542,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч М.Х-т холбогдуулан 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.
2.1. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие М.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ... ХХК-тай 05/01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, 19.1.2-т энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гуйцэтгэх гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т бага төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус заасны дагуу хариуцагч компани нь 3 давхар 24 айлын орон сууц барихын тулд Барилга хот,байгуулалтын яамнаас барилга угсралтын тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Барилга хот, байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын нэгдүгээр хавсралт болох Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага-т заасны дагуу бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөлт, шинэчлэлийн ажил гүйцэтгэхийн тулд БА-2.1 буюу (Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын) тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай байна. Гэтэл Барилга хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/474 дүгээр албан тоотоос үзвэл хариуцагч ... ХХК-ийн БА-2.1 тусгай зөвшөөрөл 2017 онд хүчингүй болж, түүнээс хойш сунгалт хийгдээгүй дуусгавар болсон байна. Хариуцагч ... ХХК нь тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдсээр байж барилгын ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгч М.Х-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 56.1.1-т Хуулъ зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэжээ.
2.2. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэгч М.Х-аас 88,542,000 төгрөг авсан нь үнэн, гэхдээ энэ мөнгийг бүгдийг нь тухайн барилгын үйл ажиллагаанд буюу шавар зуурагч, ковш, хөрөө зэрэг тоног төхөөрөмж худалдаж авах, цалин тавих, улаан шугам тавих, тоосго худалдаж авах, кран хөлслөх зэргээр зарцуулаад дууссан. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар бол орон сууцны барилга баригдах газрын зөвшөөрөл, захирамж, гэрчилгээ, архитектор төлөвлөлтийн даалгавар, хөрсний шинжилгээний буюу геологийн дүгнэлт, барилгын зураг, зургийг батлуулах, техникийн нөхцөл авах, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч гаргаж өгөөгүй, мөн хугацаандаа 200,000,000 төгрөгийн санхүүжилтээ хийгээгүй зэргээс шалтгаалан гэрээ цааш хэрэгжих боломжгүй болсон. Түүний шилжүүлсэн мөнгөөр худалдаж авсан тоног төхөөрөмж, барилын материалууд бүгд одоо өөрт нь байгаа гэжээ.
2.3. Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.4. Нэхэмжлэгч М.Х, хариуцагч ... ХХК-ийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 тоот хамтран ажиллах гэрээгээр Х аймгийн Н суманд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын хугацаанд баригдах тус бүр 12 айлын 1 орцтой, 3 давхар орон сууцны 2 ширхэг барилгын ажилд шаардлагатай 200,000,000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч М.Х хариуцах, харин барилгын ажлыг 100 хувь хариуцах, барилгын зураг төсөл, төсөв зохиох, гадна дулаан, цэвэр ба бохир ус, цахилгаан хангамж, холбооны инженерийн шугам, сүлжээний зураг төсөл, төсөв зохиох болон барилгын техникийн бодлогоор удирдах, барилга угсралтын ажлыг дангаар төлөөлөн удирдаж, барилгын бүрэн барьж ашиглалтад оруулах үүргийг хариуцагч ... ХХК хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.
2.5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Голомт банк ХХК-ийн дансны хуулга /1дүгээр хавтаст хэргийн 10-25 дугаар тал/, мемориалын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 55-62 дугаар тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 71-89 дүгээр тал/-аар нэхэмжлэгч М.Х нь дээрх гэрээгээр хүлээсэн барилгын ажилд шаардлагатай санхүүжилтэд зориулж ... ХХК-ийн Голомт банкин дахь эзэмшлийн 1205181... тоот дансаар дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 20,000,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкин дахь... ХХК-ийн эзэмшлийн 1205181... тоот дансаар дамжуулан Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 15,992,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Хаан банкин дахь М.Хын эзэмшлийн 5115001... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 11,650,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкин дахь... ХХК-ийн эзэмшлийн 1205181... тоот данснаар дамжуулан Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу тус бүр 3,000,000 төгрөгөөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 15,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкин дахь... ХХК-ийн дансаар 700,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 19,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Голомт банкин дахь М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот данснаас Хаан банкин дахь Г.М-ын эзэмшлийн 5020637... тоот данс руу 1,200,000 төгрөг, нийт 88,542,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч ... ХХК нь 88,542,000 төгрөгийг гүйцэтгэх захирал Г.М-ын дансаар дамжуулан хүлээн авсан талаар маргаагүй болно. Харин барилгын тоног төхөөрөмж, барилгын материалууд одоо хэний эзэмшилд байгаа, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ хэрэгжсэн эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ зохигчид биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
2.6. Зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т Барилгын ажлыг 100 хувь хариуцах, барилгын зураг төсөл, төсөв зохиох, гадна дулаан, цэвэр ба бохир ус, цахилгаан хангамж, холбооны инженерийн шугам, сүлжээний зураг төсөл, төсөв зохиох болон барилгын техникийн бодлогоор удирдах, барилга угсралтын ажлыг дангаар төлөөлөн удирдаж, барилгын бүрэн барьж ашиглалтад оруулна, мөн гэрээний 1.2-т Х аймгийн Н суманд баригдах тус бүр 12 айлын 1 орцтой, 3 давхар орон сууцны 2 ширхэг барилгын ажил ... гэж зааснаас үзвэл хариуцагч ... ХХК нь дээрх гэрээний дагуу 12 айлын 1 орцтой, 3 давхар орон сууцны 2 ширхэг барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд Барилга хот, байгуулалтын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах хүчин чадлыг тогтоох журам-ын нэгдүгээр хавралт болох Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал гэх хүснэгтийн 2-т Бага төвөгшилтэй барилга байгууламж гэдэгт 9-16 метр өндөртэй 5 хүртэлх давхар олон айлын болон блокчилсон орон сууцны барилга гэж зааснаас үзвэл зохигчдын гэрээгээр тохиролцсон 3 давхар орон сууцны барилга нь бага төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшлөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, мөн 19.1.2-т энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гуйцэтгэх гэж, 10.1.2-т бага төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус хуульчилсан ба Барилга хот, байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын нэгдүгээр хавсралт болох Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага-д заасны дагуу бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөлт, шинэчлэлийн ажил гүйцэтгэхийн тулд БА-2.1 буюу (Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын) тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай байжээ. Гэтэл Барилга хөгжлийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/474 дүгээр лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээс үзвэл хариуцагч ... ХХК-ийн БА-2.1 тусгай зөвшөөрөл 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Х-тай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үедээ хариуцагч ... ХХК нь тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон гэдгээ болон гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байжээ. Дээр дурдсанаас үзвэл хариуцагч ... ХХК, нэхэмжлэгч М.Х-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан дээр дудсан журмуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /хамтран ажиллах гэрээ гэх нэртэй/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нъ уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид шилжүүлэн өгсөн 88,542,000 төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхтэй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 19,270,500 төгрөгөөр помп, 6,556,000 төгрөгөөр шавар зуурагч, 10,410,500 төгрөгөөр ковш гэх 3 төрлийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдаж авсан, гаалийн татварт 12,860,000 төгрөг, ачилт буулгалт 1,338,500 төгрөг, нийт 50,435,980 төгрөгийг төлсөн. Эдгээр тоног төхөөрөмж одоо М.Х-т байгаа, бусдад 46,000,000 төгрөгөөр зарсан байна лээ гэх тайлбар нь шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Мын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн 9911... дугаараас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр худалдаж авсан хүнд нь өгч явуулаарай гэх зурвас, Голомт банк ХХК дахь нэхэмжлэгч М.Х-ын эзэмшлийн 2205111... тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миксерний мөнгө гэх гүйлгээний утгатайгаар 11,000,000 төгрөгийн орлого, мөн дансанд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шаврын помп авав гэх гүйлгээний утгатайгаар 15,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөгийн орлого орж ирсэн дансны хуулгаар нотлогдож байна, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... эдгээр тоног төхөөрөмж М.Х-т байхгүй гэж маргасан боловч тоног төхөөрөмжийн үнэ, татвар, тээврийн зардлын талаар маргаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас /88,542,000 төгрөг/ 46,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 42,542,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.8. Хариуцагчийн төлөөлөгч ... дээрх 50,435,980 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөс бусад зардлыг задаргаа нь гэвэл барилгын ажил явуулах зориулалтаар кран түрээсэлж, тээвэрлэсний төлбөрт нийт 13,888,000 төгрөг, тоосго тээврийн зардал ороод 7,590,000 төгрөг, барилгын зургийн төлбөрт 14,850,000 төгрөг, барилгын газар дээрээ улаан шугам тавиулсан, ажлын хөлс нь 1,500,000 төгрөг, тэгээд бусад зардал 3,346,146 төгрөг болсон. Тоосго бол М.Хын хашаанд байгаа, барилгын зураг эх хувиараар мөн түүнд бйгаа гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
3.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын үндэслэлээ ... Нэхэмжлэгч М.Х нь орон сууцны барилга баригдах газрын зөвшөөрөл, захирамж, гэрчилгээ, архитектор төлөвлөлтийн даалгавар, хөрсний шинжилгээний буюу геологийн дүгнэлт, барилгын зураг, зургийг батлуулах, техникийн нөхцөл авах, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг гаргаж өгөөгүй, хугацаандаа 200,000,000 төгрөгийн санхүүжилтээ хийгээгүй зэргээс шалтгаалан гэрээ цааш хэрэгжих боломжгүй болсон. Үүний улмаас манай компанид дараахь хохирол учирсан. Үүнд, 4 ажилтны цалин, томилолтын зардал, замын зардал, БНХАУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх тээврийн зардал, хоол, ундны зардалд нийт 17,120,126.19 төгрөгийн зардал, хохирол манай компанид 2021 оны 05 дугаар 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд учирсан болно гэж нэхэмжлэгч үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан хэмээн тодорхойлжээ.
3.2. Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хариуцагч талын буруутай үйлдлийн улмаас байгуулдсан үеэсээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгч хүлээх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн ...гэрээ хэрэгжих явцад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан тул цааш хэрэгжих боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,660 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 370,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 05/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /хамтран ажиллах гэрээ гэх нэртэй/-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч ... ХХК-иас 42,542,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Х-аас 17,120,126.19 төгрөг гаргуулах тухай хариуцагч ... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,660 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 370,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР