Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/01379

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ш.ОюунтуулН.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Г-гийн Л /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... тоотод оршин суух, ... овогт Д-ийн Б /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 37,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Тоёота приус маркийн ...-... ... улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчин Г.Л өмчлөлийн миний хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азаргыг дайрч хүнд гэмтээж, цаашид уралдах боломжгүй болгон бидэнд маш хэмжээний хохирол учруулсан юм. Миний дээрх хурдан азарга маань дараахь амжилтуудыг гаргасан. Үүнд: Хүй долоон худаг-т 2012 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах хурдан морины уралдаанд шүдлэн насандаа 5 дугаар байр буюу айрагдсанИх Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Төв аймгийн Баянхангай сумын 35 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлсэнМонголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр, Төв аймгийн Баянхангай сумын 36 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд 3 дугаар байрт орсонҮндэсний эрх чөлөөний 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Төв аймгийн Алтанбулаг сумын 80 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байрт орсон. Төв аймгийн Алтан булаг сумын хурдан морьдын уралдаанд түрүүлсэн. Дээрх амжилтуудыг гаргасан хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азарга маань 7 настай бөгөөд цаашид 10 орчим жил амжилттай уралдах бололцоотой байсан төдийгүй зах зээлийн үнэлгээ нь 50,000,000 сая төгрөг, цаашид 10 орчим жил хурдан морьдын уралдаанд оролцож бай шагнал авах бүрэн хүч чадалтай, үзүүлсэн амжилтаараа зах зээлийн үнэлгээ нь нэмэгдэх байсан хурдтай азарга юм. Иймд бидэнд учирсан хохиролд Д.Б-оос 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаарлагыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж, нэмэгдүүлсэн болно. Үүнд, Х-У дүүргийн Мал эмнэлгийн зөвлөх эмч н.Н тухайн үед дуудлагаар очиж бэртэж гэмтсэн хурдан азаргыг үзээд бүх бие нь чичирч амьсгаадсан зүрх нь маш хурдтай цохилж байсан, хошуу далны хажуу талын хондлой яс нь шалбарсан, ард, урд хөлөө сойж зогссон, явахдаа хойд талаараа доголсон, хондлойн хавьцаа эмзэг газраа гэмтэлтэй, хамар амнаас цус гарсан, баруун нүдний дээд зовхи гэмтсэн, баруун талын цавь язарсан гэж дүгнэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х-У дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б-ийн зам тээврийн ослын шинжилгээ хийлгэх тогтоолоор шинжээчээр томилогдсон замын цагдаагийн албаны шинжээч н.Э-ын дүгнэлтээр хариуцагч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Азаргыг хариулж явсан иргэн, уяач Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Б тухайн азарганы зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор ... ХХК-г шинжээчээр томилсон ба иргэн Г.Л гийн эзэмшлийн хулгар чихтэй, хээр зүсмийн 7 настай азарганы зах зээлийн үнэлгээг 11,500,000 төгрөгөөр, Г.Л д учирсан хохирол 11,000,000 төгрөг гэж тогтоосон байсан. Бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа даатгалын компаниас 5,000,000 төгрөг орж ирсэн, үүнийг хасаад одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б төлөх ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч хаяг дээрээ байгаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Тэгээд бэртсэн азаргаа хөдөө ачаад явахад унааны зардалд 800,000 төгрөг, адууны өвс тэжээлд 15,500,000 төгрөг, шим тэжээлд 2,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 4,500,000 төгрөг, малчны цалинд 9,000,000 төгрөг, нийт 37,870,200 төгрөгийн зардал гарч байна. Нэмээд хэлэхэд хариуцагч Д.Б Улаанбаатар хотын ногоон бүсэд мал байлгахыг хориглосон байдаг гээд яриад байна. Гэтэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Монгол мал хөтөлбөр батлах тухай 119 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод мал байлгах бүсийг тогтоосон, тогтоолын хоёр дугаар хавсралтаар Х-У дүүргийн нутагт, Морингийн даваанд мал байлгах-ыг зөвшөөрсөн байдаг. Мөн Г.Л нь адуугаа А.Д гэдэг уяачнаар уяа сойлгыг нь тааруулуулдаг. Бид нар н.Б гэдэг хүнээр дамжуулж Сүхбаатар аймгаас энэ азаргыг худалдаж авсан. Г.Л гэдэг хүн адууны эзэн гэдэг нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээчин ... ХХК-ийн тайлангаар ч нотлогдоно, тэрээр энэ адуугаа 2014 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн гэв.

 2. Хариуцагч Д.Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот руу өөрийн ...-... ... улсын дугаартай Тоёота приус маркийн авто машинтай ах Б.Б, бэр А.Г нарын хамт оройн 20 цаг 43 минутанд Морин-гийн давааны зүүн талын гэр хорооллын замаар явж байхад зам хөндлөн нэг адуу гарч ирсэн, би уг адууг хармагц хурдаа сааруулан тойрон гарах үйлдэл хийсэн. Гэвч эсрэг талын урсгалын машин ойрхон байсны улмаас амжилгүй бөгсөн биеийг нь хөнгөн мөргөсөн. Тухайн газар мал амьтны гарц, тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй. Адуу тэр дороо босон замын хойд талыг барин давхисаар хашаа руу гаа орсон. Мөн адууг хариулж явсан гэх Б орилж чарлаад янз бүрээр дуудаад Г.Л сайдын адууг мөргөчихлөө, наад адууны чинь эзэн нь сайд, эзэнийх нь ээж нь Н.Э-ын хуулийн зөвлөх гээд янз янзын үгээр хэлээд ирсэн. Би үгүй ээ эзэнгүй адуу наана чинь яваад байна, миний машинд хохирол учрууллаа, бид 3 ч бас аюултай байлаа, тийм учраас би өөрөө цагдаа, даатгал дуудна гэж хэлээд цагдаа дуудаад, адууны эзэн Г.Л г дууд гэхэд адууны эзэн гээд н.Ч, Г.Л гэх 2 хүн ирсэн, цагдаагийн байгууллагаас хэмжилт хийсэн. Ямар нэгэн малын тэмдэг, тэмдэглэгээ байна уу гэж яваад нэлээн орой Х-У дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр ирсэн. Бидэнд тухайн адууг хариулгатай буюу хүн тууж явсан гэж яриад байгаа боловч хариулгагүй байсан гэдгийг тухайн осол гарсан гэх газар надтай хамт байсан манай бэр эгч, би, манай ах бид 3 мэднэ. Мөн тухайн үед уг адуунд учирсан гэмтлийн улмаас түүний эзэнд нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр 11,500,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд уг адууг зөвхөн хурдан удмын азарга гэдэг талаас нь буюу зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл сонирхлыг үндэслэн тэдний хэлсэн тайлбарласнаар үнэлгээг гаргаж, хэтэрхий нэг талыг барьсан байгаа явдал нь уг дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэхэд боломжгүй байгаа юм. Учир нь уг адуу хурдан удмын азарга гэж хэлэхэд эргэлзээтэй байх бөгөөд улс, бүсийн уралдаан тэмцээнд түрүүлж, айрагдаагүй л бол махны чиглэлийн адуу гэж явдаг журамтай. Гэтэл юуг үндэслэн тийм их хэмжээний үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа билээ.

 

Адуунд учирсан гэмтлийн тухайд гэвэл нэхэмжлэгч тал нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр... ХХК-ын мал эмнэлэгийн зөвлөх эмч Н.Н-т уг адууг үзүүлэн тариа тариулж, дусаалга үнэрлүүлж эмчилгээ хийлгэсэн байдаг бөгөөд эмчилгээний төлбөрт 67,500 төгрөг төлсөн тухай баримт байдаг. Энэ нь уг адууг 11,500,000 төгрөг хүртэлх хэмжээнд үнэлэгдэх байдалд биш байсныг нотолж байгаа юм. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Л гэм хорын хохиролд яагаад 37,870,200 төгрөг шаардсан нь ойлгомжгүй байна. Учир нь гэм хорын хохирол нь бодитой байх ёстой бөгөөд 37,870,200 төгрөг хаанаас хэрхэн үүсэж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл уг адуу цаашид тэмцээн уралдаанд түрүүлэх эсхүл айрагдах асуудал нь бодит биш, ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй үйл явдал байна. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 37,870,200 төгрөгөөс 67,500 төгрөгийг зөвшөөрнө, гэхдээ энэ төлбөрийг даатгалаас төлчихсөн. Тухайн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Л бид хоёрыг цагдаагаас дуудаж уулзсан, мэдүүлэг авсан, үнэлгээгээ гаргаж өг гэж энэ хэдийг нилээн удаан шаардсан. 2017 оны 04 дүгээр сарын 11-нд шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ хэд чинь 2017 оны 04 дүгээр сарын 12-нд өдөр үнэлгээгээ барьж ирсэн. Х-У дүүргийн Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгчийн танилцуулсан шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зураад гарахдаа би даатгалын байгууллагаар шийдүүлнэ гэж хэлээд гарсан. Тухайн үед би ажлын шаардлагаас болоод зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ би тухайн үед завтай байсан бол тэр дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй байсанИймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэлийг тайлбарлья. Шаардах эрхийн тухайд осол гарах үед бол тухайн адуу нь малын А дансанд иргэн А.Д нэр дээр бүртгэлтэй байжээ. Тэгэхээр нэхэмжлэгч Г.Л гуайд гэм хорын хохирол учраагүй, харин А.Ды адуунд учирсан гэм хорын хохирлыг Г.Л гуай шаардах эрх байна уу? үгүй юу? гэхээр эрхгүй юм гэж хэлэх гээд байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм, шинжээчийн дүгнэлтээр зөвхөн Д.Б-ийг буруутгасан байгаа хэдий ч илэрхий зүйлийг нь дурдахад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.5-д Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа 1.22 тэмдгээр анхааруулсан замын хэсгийг сонгох бөгөөд тийм хэсэг байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө, мөн дүрмийн 26.6-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэсэн байгаа юм. Тэгэхээр иргэн Г.Л гийн байна уу, А.Ды байна уу адууг миний үйлчлүүлэгч Д.Б санаатай мөргөж осол гаргаагүй, түүнд самбаачлах хугацаа байгаагүйгээс осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэвч адуу өөрөө хариулгатай, эзэнтэй байх ёстой байсан. Эзэн өөрөө зам хөндлөн гарахдаа зохих дүрмийн дагуу гарах ёстой байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэгэнт гэм хорын хохирлын асуудал ярьж байгаа учраас хөрөнгийн эзэн хүн өөрөө хөрөнгөндөө анхаарал тавьсан байх ёстой байхад өөрийнх нь хайхрамжгүй, анхааралгүй байдлаас эд хөрөнгөөрөө хохирсон байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд даатгалтай байсан учраас даатгалын байгууллага нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг гаргаад өгсөн. Даатгалаас гаргаж болох хохирлын хэмжээгээ тултал нь гаргуулсан байна. Үлдэх эсэхээ нэхэмжлэгч А.Д байна уу, Г.Л байна уу өөрсдөө хариуцах ёстой. Х-У дүүргийн 10 дугаар хороонд мал оруулах хориотой юм билээ. Хавтаст хэрэгт Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол байхгүй ч энэ нь нийтэд илэрхий баримт юм гэв.

 

3. Нэхэмжлэгч Г.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зураг, өргөмжлөл, үнэмлэх, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдлын тэмдэглэл, Замын цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот дүгнэлт, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02... дугаар шийдвэр, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дүгээр үнэлгээний тайлан, зарлагын баримтууд, Х-У дүүргийн Мал эмнэлэг, үржлийн ... ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тодорхойлолт, Х-У дүүргийн 10 дугаар хорооны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1499 дүгээр тодорхойлолт, Мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн 0037235 дугаар гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгчээ.

4. Хариуцагч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр шүүхэд гарган өгсөн.

 

5. Шүүхээс иргэдийн төлөөлөгч Г.Д-т шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх, зохигчид шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд үргэлжүүлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Л  нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 37,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Б нь автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчин Г.Л миний хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азаргыг дайрч хүнд гэмтээж, цаашид уралдах боломжгүй болгон бидэнд маш хэмжээний хохирол учруулсан юм. Дээрх осол хариуцагч Д.Б-ийн буруутай үйл ажиллагаанаас гарсан болох нь шинжээч н.Э-ын хариуцагч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, азаргыг хариулж явсан иргэн, уяач Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтээр тогтоогдсон. Үнэлгээчнээр ажилласан ... ХХК-ийн Г.Л гийн эзэмшлийн хулгар чихтэй, хээр зүсмийн 7 настай азарганы зах зээлийн үнэлгээг 11,500,000 төгрөг, Г.Л д учирсан хохирол 11,000,000 төгрөг гэх үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Монгол мал хөтөлбөр батлах тухай 119 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод мал байлгах бүсийг тогтоосон, тогтоолын хоёр дугаар хавсралтаар Х-У дүүргийн нутагт, Морингийн даваанд мал байлгах-ыг зөвшөөрсөн байдаг. Мөн Г.Л нь адуугаа А.Д гэдэг уяачнаар уяа сойлгыг нь хийлгэдэг. Бид нар н.Б гэдэг хүнээр дамжуулж Сүхбаатар аймгаас энэ азаргыг худалдаж авсан. Г.Л гэдэг хүн адууны эзэн гэдэг нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээчин ... ХХК-ийн тайлангаар ч нотлогдоно, тэрээр энэ адуугаа 2014 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: шинжээчийн дүгнэлтэд уг адууг зөвхөн хурдан удмын азарга гэдэг талаас нь үнэлгээг гаргасан бөгөөд улс, бүсийн уралдаан тэмцээнд түрүүлж, айрагдаагүй л бол махны чиглэлийн адуу гэж явдаг журамтай. Уг адуу цаашид тэмцээн уралдаанд түрүүлэх эсхүл айрагдах асуудал нь бодит биш юм. Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зураад гарахдаа би даатгалын байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би ажлын шаардлагаас болоод зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.5-д Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа 1.22 тэмдгээр анхааруулсан замын хэсгийг сонгох бөгөөд тийм хэсэг байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө, мөн дүрмийн 26.6-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасныг нэхэмжлэгч тал зөрчсөн, мөн адуу хариулгаатай, эзэнтэй байх ёстой байсан. Дээрх азарга нь малын А дансаар бол А.Д гэж хүний нэр дээрт бүртгэлтэй, харин Г.Л өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна. Нийслэлийн ногоон бүсэд мал байлгах хориотой гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдлын тэмдэглэл, Замын цагдаагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот дүгнэлт, ... ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дүгээр үнэлгээний тайлан, Х-У дүүргийн Мал эмнэлэг, үржлийн ... ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тодорхойлолт, Х-У дүүргийн 10 дугаар хорооны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1499 дүгээр тодорхойлолт, Мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн 0037235 дугаар гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар 2017 оны 04 дугаар сарын 02-ны өдөр 20.40 цагийн үед харицуагч Д.Б нь ...-... ... улсын дугаартай, Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг Х-У дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн гэр хорооллын урд замд жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Л гийн өмчлөлийн хулгар чихтэй, 7 настай, хээр зүсмийн азаргыг мөргөж хошуу далны хажуу тал, хондлой хавьцаа хэсэг газар шалбарсан, баруун урд хөлөө сойж зогссон байхдаа хойд талаараа доголсон, хондлой хавьцаа эмзэглэлтэй, хамар, амнаас нь цус гарсан, баруун нүдний дээд зовхи язарсан, баруун талын цавь язарсан гэмтэл учруулсан. Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Г.Л д 11,000,000 төгрөгийн шууд хохирол учруулснаас хариуцагч Д.Б нь 5,000,000 төгрөгийг ... ХХК-иар дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

 

6. Хариуцагч нь бусдын адууг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн талаар маргаагүй боловч тухайн осол өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас эсхүл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас буюу гэм буруугийн талаар, мөн адуу хурдан удмынх мөн эсэх талаар буюу үнэлгээний талаар, тухайн адуу нэхэмжлэгч Г.Л гийн өмчлөлийнх мөн эсэх талаар маргажээ.

 

7. Нэхэмжлэгч шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ гэм хорын хохирол төлбөрт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар тодорхойлжээ. Хэдийгээр Х-У дүүргийн 10 дугаар хорооны засаг дарга Ц.Ч-ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1499 дүгээр тодорхойлолтоор А.Д нь малын А дансанд 48 тооны адуу тоологдсоноос хулгар хээр азарга бүртгэгдсэн нь үнэн болно гэж тодорхойлсон боловч Мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн ... А.Д-ыд байгаа Г.Л гийн өмч болох хулгар чихтэй, хээр, 8 настай адуу 1 ширхэг гэх 0037235 дугаар гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн ... манай хотод амьдардаг тул адуугаа А.Д-аар уяа сойлгыг нь тааруулж, маллуулдаг. Манай нөхөр Г.Л нь хулгар чихтэй, хээр азаргаа н.Б гэх хүнээр дамжуулж Сүхбаатар аймгаас худалдан авч байсан гэх тайлбараар дээр дурдсан хулгар чихтэй, хээр зүсмийн азарга нь нэхэмжлэгч Г.Л гийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон, мөн хариуцагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Замын цагдаагийн албаны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаартай дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрөв гэж бичиж гарын үсгээ зурсан тогтоолоор тогтоогдож байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

7.1. Ослын улмаас гэмтсэн азарганы зах зээлийн үнэлгээ 11,500,000 төгрөг болох нь ... ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, нэхэмжлэгч азарганы төлбөрт ... ХХК-иас 5,000,000 төгрөг авсан, азарганы зах зээлийн төлбөрт үлдэх 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлтэй, мөн хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02... дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул хариуцагчаас 6,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7.2. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч нь гэмтсэн адуугаа хөдөө ачаад явахад унааны зардалд 800,000 төгрөг, адууны өвс тэжээлд 15,500,000 төгрөг, шим тэжээлд 2,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 4,500,000 төгрөг, малчны цалинд 9,000,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн, хавтаст хэргийн 61-70 дугаар талд авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 740,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 780,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 780,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2014 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 535,000 төгрөгийн үнэ бүхий хивэг, овьёс худалдаж авсан гэх зардлын баримтууд нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан ослын улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, учир нь цаг хугацааны хувьд ослоос өмнө гарсан зардал тул хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байна. Мөн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эм тариа, шинжилгээний зардалд 4,500,00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5,520,000 төгрөгийн үнэ бүхий өвс тэжээл, шимт тэжээл, 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7,480,000 төгрөгийн үнэ бүхий өвс тэжээл, шимт тэжээл, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6,480,000 төгрөгийн өвс тэжээл худалдаж авсан зарлагын баримтууд, морины гэмтэл эмчлүүлэхээр тээвэрлэхэд гарсан бензин шатахууны 1,011,708 төгрөгийн үнийн дүн бүхий И баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгч, хавтаст хэргийн 174-178 дугаар талд авагдсан ба тухайн өвс тэжээл, шимт тэжээл, эм тариа, бензин шатахууныг тухайн гэмтсэн адуунд зарцуулсан болох нь нотлогдохгүй байна, мөн малчны цалинд 9,000,000 төгрөг төлсөн талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иймд хариуцагч Д.Б-оос 6,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-оос 6,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхн 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ

 

Н.ХАНГАЛ