Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 4

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00027/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1219 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.О-д холбогдох

          “1.904.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н-аас:

Миний бие нь 2016 онд Ж.О-д 1.120.000 төгрөгийн өргөст хэмхний үрийг зээлээр хүнээс авч өгсөн. Энэ мөнгийг Ж.О- нь өгч чадахгүй байна гээд нэлээд удсан, үрний эзэн надаас мөнгөө нэхээд шаардаад байхаар нь би Ж.О-гийн өмнөөс мөнгийг нь төлсөн.  Ж.О-гээс би өөрийн мөнгөө нэхсэн боловч төлөх боломж гарахгүй байна гэдэг байсан. Нэг удаа мөнгөө нэхээд уулзахад “таны мөнгийг өгч чадахгүй нь ээ таниас би 1.120.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлж авъя, гэрээ хийе” гэж хэлэхэд нь би зөвшөөрч түүнтэй зээлийн гэрээг хийж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надад мөнгийг нь хүүтэй нь буцаан өгөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дуусахад Ж.О- мөнгөө өгөөгүй, дахиж гуйж надтай ярилцаж байгаад 2017.04.30-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Гэрээ сунгагдсан хугацаа өнгөрсөн ч мөнгөө өгөөгүй өнөөг хүрлээ. Одоо зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 1.120.000 төгрөг, зээлийн хүү 7 сарын х 112.000 =1.904.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ж.О-гээс:

Би Б.Н-аас мөнгө зээлээгүй, Б.Н- өөрөө надтай хамтарч ногоо таръя гэж хэлсэн. Бид хоёр 4кг өргөст хэмхийн үрийг хувааж төлөхөөр тохиролцсон. Тэр үед өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон. Гэтэл Б.Н- намар мөнгөө өгье гэж хэлсэн. Би өргөст хэмхийн үрийн үнэ болох 560.000 төгрөгийг өгөх ёстой. Намар ургац хураах үед шуудай өргөст хэмхийн үнэ 500 төгрөг болсон. Б.Н- намайг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг. Би ургац хураалтад оролцохгүй, хол газар очиж ургац хураахаар зардлын мөнгөө хийж чадахгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Б.Н- “100 шуудай өргөст хэмх хураахад 500.000 төгрөг болно. Түүнийг хураахын тулд  би ажилтан авч ажиллуулах шаардлагатай болно. Тэгж байхаар чи өөрөө наад асуудлаа зохицуул. Чи зөвхөн 4 кг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг” гэж хэлсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. Б.Н- бид хоёрын хувьд 1.120.000 төгрөгийг хоёр хувааж төлөх ёстой. Ногоо тарихад зургаан зуу гаран мянган төгрөгөөр газар хагалж, усалгаа хийсэн. Би Б.Н-т “Нэг усалгааны мөнгө өгчих” гэхэд усалгааны мөнгө өгөөгүй. Би нэхэмжлэгчид 710.000 төгрөг өгсөн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1219 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.О-гээс 480.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, 784,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасангүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу зөв үнэлж чадаагүйгээс нэхэмжилсэн 1.900.000 төгрөг бүрэн хангагдаагүй. Б.Н-ын гаргаж өгсөн зээлийн гэрээг хариуцагч Ж.О- нь няцааж ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Гэрээ хийж гарын үсэг зурсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Өргөст хэмхийн үрний үнийг төлөхийн тулд Б.Н-аас мөнгө зээлж авсан. Энэ үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байхад, мөнгө зээлийн гэрээгээр хэрхэн шилжсэн нь нотлогдоогүй гэж үзсэн. Хамтран ажиллахаар Б.Н- нь Ж.О-тэй хэлэлцэж тохиролцоогүй. Иймд хэргийг давж заалдах шатны журмаар хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ж.О-д холбогдуулж үндсэн зээл 1.120.000 төгрөг, 7 сарын хүү 784.000 төгрөг нийт 1.904.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн 640.000 төгрөгийг хасч, үлдэх 1.264.000 төгрөг гаргуулахаар  шаарджээ.

            Хариуцагч Ж.О- бид хамтарч миний эзэмшлийн газар дээр өргөст хэмх тарихаар тохиролцсон бөгөөд Б.Н- 4кг өргөст хэмхийн үр хүнээс зээлээр авсны тал үнэ 640.000 төгрөгийг түүний ХААН банк дахь дансаар шилжүүлсэн, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нэг ч төгрөг өгч авалцаагүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээгээр хамтарч ажилласан байна гэж дүгнээд өргөст хэмхийн үрийн үнэ 1.120.000 төгрөгөөс хариуцагч Ж.О-гийн дансаар шилжүүлсэн 640.000 төгрөгийг хасч, 480.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 784.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч Б.Н-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээ нь өргөст хэмхийн үрийн үнийг төлөхгүй болохоор нь сүүлд нөхөж хийсэн гэрээ байх бөгөөд тэрхүү гэрээгээр талуудын хооронд мөнгө өгч авалцаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Н- бусдаас 1.120.000 төгрөгийн үнэ бүхий 4кг өргөст хэмхийн үрийг зээлээр авч, хариуцагч Ж.О-д өгсөн, үрийн төлбөрийг буцааж өөрөөсөө төлсөн байх бөгөөд хариуцагч Ж.О- энэ талаар маргаагүй болно.

            Хариуцагч Ж.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа бид хамтран ажиллаж, өргөст хэмх тариалж, зардлаа хувааж хариуцахаар болсон гэх боловч түүний энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа нотолж чадаагүй болно. Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдээгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан зээлийн гэрээ хийсэн тухай баримт нь бодит үр дүн бий болгоогүй байх тул талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй, харин үүгээр хариуцагч өргөст хэмхийн үрийн мөнгийг төлөх үүрэгтэйг нотлох баримт болж байна.

             Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйл заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх болсон үйл баримтад буруу дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ж.О-гийн  өмнөөс бусдад төлбөрийг сайн дураараа төлсөн байх тул бодит төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хэн аль нь 640.000 төгрөгийг банкны дансаар буцаан төлсөн талаар маргаагүй, хариуцагч Ж.О- 70.000 төгрөг бэлнээр төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1219 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.О-гээс 480.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, 784.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.О-гээс 480.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, 640.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ    

                                                                 ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ                               

                                                                                                                     Л.АМАРСАНАА