Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “МХ” ХХК

          Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс  

          Нэхэмжлэлийн шаардлага: “МХ ХХК-ийн эзэмшиж байсан Дорнод аймгийн Д******* сумын нутаг, ******* нэртэй газарт орших ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “МХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч: '‘”МХ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Д******* сумын нутагт орших ******* нэртэй газарт орших хайгуулын талбайд ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд төлбөрийг цаг жил бүр төлж, гүйцэтгэсэн ажлын тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж ирсэн.

Манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах гэсэн боловч МХ ХХК-ийн захирал Б.Ө миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, мөн талбайг хариуцан ажилладаг хайгуулын геологичид хөдөө орон нутагт ажиллаж байсан.

“МХ” ХХК-ийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж хүндэтгэн үзэх шалтгаантай байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөерлийн хугацаа дууссан тул сунгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан хэдий ч 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 7/3483 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй гэж заасан.

Иймд “МХ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байх хугацаанд ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хүчингүй болгосон нь Монгол Улсын хуулийн этгээдийн ашигт малтмал олборлох, илрүүлэх эрх ашиг сонирхлын хөндсөн, компанийн зүгээс дээрх талбайд их хэмжээний хөрөнгө зардал гаргасан тул МХ ХХК-ийн эзэмшиж байсан Дорнод аймгийн Д******* сумын нутаг, ******* нэртэй газарт орших ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга.

 “МХ” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын Х\/-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна.

Дорнод аймгийн Гурванзагал /1,361.64 га/, Д******* /314.25 га/ сумдын нутагт орших “*******” нэртэй нийт 1,675.89 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХХ/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг “МХ” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 249 дүгээр шийдвэрээр 2016 оны 4 дүгээр 19-ний өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгосон байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч ээлжит жилийн төлбөрүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дах хэсэгт зааснаар урьдчилан төлөх үүргээ биелүүлж ирсэн нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байна.

“МХ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 1 сарын өмнө ирүүлэх байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшеөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах бичиг баримтыг хавсаргана" гэж зааснаар нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг хавсарган ирүүлэх хуулийн зохицуулалтай.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “МХ” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн байна.

“МХ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болсны дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05/19 тоотоор сунгалт хийлгэх тухай хүсэлт /хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримт ирүүлээгүй/ ирүүлсэн. Тус тоотын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 7/3483 тоотоор хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан” гэж дурдсан байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ бүрэн ойлгож байсан нь харагдаж байна. Мөн нэхэмжлэлд ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй” гэж заасныг иш татсан байгааг ойлгохгүй байна. Учир нь: төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэр гаргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" заасны дагуу ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгч “МХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “МХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “МХ” ХХК-ийн захирал Б.Ө тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч “МХ” ХХК-д Дорнод аймгийн Д******* сумын ******* нэртэй 1675.89 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-0******* тоот тусгай зөвшөөрлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр олгосон, тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 4 дүгээр сарын 17-нд төлсөн, тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримтууд тогтоогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”... 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж, мөн хуулийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж, мөн хуулийн 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл, холбогдох баримтуудыг төрийн захиргааны байгууллага хүлээн авсны дараа түүнийг хянах, улмаар сунгах боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа өргөдөл гаргасан этгээдэд заавал мэдэгдэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл “мэдэгдэх үйл ажиллагаа”-ны зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс захиргааны байгууллагын эсрэг тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, захиргаа түүнийг хянан үзсэнээр сунгах, эсхүл дуусгавар болгож бүртгэх эсэхээ шийдвэрлэхэд чиглэгдсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу явагдах ёстой үйл ажиллагаа юм.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрлийг сунгах боломжтой эсэхийг судлан тогтоосны үндсэн дээр улмаар татгалзаж буй үндэслэлээ тухайн үедээ мэдэгдэх үүрэгтэй байсан боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ 4 дүгээр сарын 19-ний өдрөөс  11 хоног хэтрүүлж гаргасан нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч 4 дүгээр сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар мөн хуулийн 34.2-т заасан хугацаанд багтааж тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд хавсаргаж өгсөн нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд зөвхөн “хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр өргөдлийг хүлээж авахгүй буцаасан хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус гэж шүүх дүгнэв.

Иймд Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* нь “ээлжийн амралттай” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд өөр нэг төлөөлөгч болох Ч.Э*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн тайлбар, хүсэлт гаргасан атлаа уг хүсэлтэнд өрхийн эмнэлгийн магадлагаа хавсаргаснаас үзвэл Э******* нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа нь тогтоогдоогүй тул шүүх хуриуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3:12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4,  Захиргааны ерөнхий хуулийн 4, 24 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “МХ” ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН