| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 309/2025/01268/И |
| Дугаар | 001/ХТ2026/00126 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2026/00126
Г.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 201/МА2026/00005 дугаар магадлалтай,
Г.Б-н нэхэмжлэлтэй
ДАНДГ-т холбогдох
Н-с дутуу олгогдсон лист 237,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Г.Б нь ДАНДГ-т холбогдуулан Н-с дутуу олгогдсон лист 237,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хариуцагч ДАНДГ-с 58,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 179,419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 201/МА2026/00005 дугаар магадлалаар: хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...58,097 төгрөг” гэснийг “...33,500 төгрөг” гэж, “...179,419 төгрөг” гэснийг “...204,016 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...маргаан бүхий үйл баримт 2025 онд үүссэн байхад давж заалдах шатны шүүх 2024.01.01-ний өдрөөс хүчингүй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан зохицуулалтыг баримтлан тухайн сард хагас ажилласан гэж үзсэн тохиолдолд холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн бүтэн цалингаас тооцож болно гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Учир нь, даатгуулагч иргэн нэг сард хэдэн ч газар ажиллаж, хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн байж болох бөгөөд тухайн сард төлсөн шимтгэлээс хамаарч даатгуулагчийн хэдэн төгрөгийн тэтгэмж авах нь тодорхойлогддог. Тухайн сард хэд хоног ажилласан, бүтэн ажилласан эсэх нь Нийгмийн даатгалын сангаас зардал гарахад хамаарахгүй, харин тус даатгуулагчийн тухайн сард төлсөн нийт шимтгэл, ажилласан жил шууд хамааралтай байхаар хуулиар зохицуулсан бөгөөд даатгуулагч иргэн эрсдэл учирсан тохиолдолд төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэмж авдаг.
Мөн Н-н даргын 2022.04.27-ны өдрийн А/72 дугаартай тушаалаар батлагдсан журмыг баримтлан шийдвэрлэсэн. Гэвч уг А/72 тушаалаар батлагдсан журам 2025.01.20-ны өдөр А/09 тушаалаар хүчингүй болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.15-ны өдрийн 001/ШХТ2026/00527 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын шатны шүүх хуралдаанаас зохигчийн хооронд үүссэн маргааны шинж, агуулга, шаардлагын үндэслэл болон уг харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг харгалзан үзвэл энэ хэрэг нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч Г.Б нь ДАНДГ-т холбогдуулан Н-с дутуу олгогдсон лист 237,516 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2025.02.07-ны өдрөөс 2025.02.14-ний өдрийг хүртэл *** аймгийн Бүсийн эмчилгээ үйлчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ДАНДС-с авсан. Тэтгэмжийг 2024 оны 11, 12 сар, 2025 оны 01 дүгээр сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 75 хувиар тооцож, ажлын 6 хоног, тэтгэмжийн сангаас 1 хоног, нийт 156,260 төгрөгийн тэтгэмж олгогдсон. Ингэхдээ 2024 оны 11 сарын цалин 20 хоног, 12 дугаар сард олгогдсон урамшуулалт цалин, 2025 оны 01 дүгээр сарын ажлын 5 хоногт оногдсон цалинг ажлын 63 хоногт хуваан нэг өдөрт ногдох цалин хөлсийг дутуу тооцоолж, 237,516 төгрөг дутуу олгосон. Х-н 2021.12.06-ны өдрийн А/192 тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2-т “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд ажилласан цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж олгоно” гэсэн заалтыг зөрчин 25 хоногийн цалинг 63 хоногт хувааж тэтгэмжийн мөнгө 237,516 төгрөгөөр дутуу олгосон. Иймд Н-с дутуу олгогдсон 237,516 төгрөгийг гаргуулна.” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан 3 ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч тэтгэмж авах эрхтэй талаар, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцохоор хуульчилсан. Тэтгэмжийг бодохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, ...тооцож болно.” гэж заасныг баримтлан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 3 сарын цалин хөлсний дунджийг 21-т хувааж нэг өдөрт ногдох дундаж цалин, хөлсийг тооцож, уг дүнгээс шимтгэл төлсөн хугацаанд ногдох хувиар нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тогтоосон...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 58,097 төгрөгийг гаргуулж, үлдэх 179,419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “… “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2 болон 2.6-д зааснаар Г.Б-н ажиллаагүй хоногийг ажилласан гэж үзэн дундаж цалин хөлсийг тооцож нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч 2024 оны 11 сард 21 хоног ажиллаж 1,510,900 төгрөгийн цалин, 12 дугаар сард чөлөөтэй байсан тул 312,600 төгрөгийн цалин, 2025 оны 01 сард 5 хоног ажиллаж 364,147 төгрөгийн цалин авсан, нийт ажилласан 26 хоногийг мөн хугацаанд авсан нийт цалин 2,187,647 төгөрөгт хуваахад нэг өдрийн дундаж цалин 84,140 төгрөг гэж тооцох нь үндэслэлтэй, хариуцагч байгууллага Г.Б-н нэг өдрийн дундаж цалинг 26,043 төгрөгөөр тооцож олгосон тул зөрүү 58,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 33,500 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “…“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.2-т нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүтээгдэхүүн, дундажийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй гэж заасан тул анхан шатны шүүх уг журмыг баримталсан нь үндэслэлгүй, Н-н 2025.10.10-ны А/267 дугаар “Заавар батлах тухай” тушаалын хавсралтаар “Тэтгэмж бодох заавар”-ыг баталсан, гэтэл Г.Б уг заавар батлагдахаас өмнө буюу 2025 оны 02 дугаар сард тэтгэмж авах хүсэлт гаргасан, хариуцагч хэрэгжиж эхлээгүй зааврыг баримталсан нь үндэслэлгүй, уг заавар батлагдахаас өмнө баталсан “Тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу энэ төрлийн тэтгэмжийг тооцож олгодог байсан ба 4.1.1-д хөдөлмөрийн чадвар алдахаас өмнөх бүтэн ажилласан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцохоор, мөн бүтэн ажилласан сарын цалинг тодорхойлоход даатгуулагч тухайн сард хагас ажилласан гэж үзсэн тохиолдолд холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн бүтэн цалингаас тооцож болохоор заасан,
гэвч А/72 тушаалыг 2025.01.20-ны өдрийн А/09 тушаалаар хүчингүй болгосон, дараагийн тушаал 2025.10.10-ны өдөр А/267 дугаартай гарсан, энэ хоорондох хугацаанд ямар журам мөрдөж байсан нь тодорхойгүй тул өмнө үйлчилж байсан журмын дагуу нэхэмжлэгчийн тэтгэмжийг тооцох нь зүйтэй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Б 2024 оны 09, 10, 11 сард бүтэн ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, нийт 63 хоног ажилласан талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 79,390 төгрөгөөс тооцоход ажлын нэг өдөрт ногдох тэтгэмж 59,543 төгрөг болох ба хариуцагчийн тооцсон зөрүүг хасахад 33,500 төгрөг болох тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар хоёр шатны шүүх нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн гаргасан Н-н заавар, журмыг хариуцагч байгууллага зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх асуудлаар холбогдох дүгнэлтийг хийсэн.
12.Гэвч нэхэмжлэгч Г.Б нь мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, түүнд үндэслэн гарсан заавар журмыг буруу хэрэглэсэн, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцохдоо өвчтэй байсан болон ажиллаагүй өдрийг оролцуулан буруу тооцсон гэж тодорхойлсон. Харин хариуцагч байгууллага тэтгэмжийг холбогдох хууль, журамд заасан аргачлалын дагуу бодож олгосон тул нэхэмжлэгчид олговол зохих тэтгэмжийн хэмжээнд зөрүү гараагүй гэж маргасан байгаа тохиолдолд тухайн маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг хоёр шатны шүүх анхаарах байжээ.
13.Ийнхүү талуудын маргаан нь мөнгөн төлбөр гаргуулах тухай иргэний эрх зүйн үүргийн биелэлттэй холбоогүй, харин нийгмийн даатгалын байгууллагаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тэтгэмжийг тооцож олгохдоо Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан төрийн захиргааны байгууллагын хэм хэмжээний актыг зөв хэрэглэсэн эсэх, тэдгээрийг хэрхэн тайлбарлах асуудалтай шууд холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан шийдвэрээс нэхэмжлэгчийн эрх ашигт нөлөөлсөн үр дагавар нь нийгмийн даатгалын байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй буюу уг үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шалгах, нийтийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх асуудал бөгөөд энэ нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашиг төдийгүй түүнтэй адил нөхцөл бүхий бусад этгээдэд нийтлэг үйлчлэх боломжтой.
14.Иймд зохигчийн хооронд үүссэн энэ хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл биш тул Г.Б-н нэхэмжлэлтэй, ДАНДГ-т холбогдох Н-с дутуу олгогдсон лист 237,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 309/ШШ2025/01366 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 201/МА2026/00005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.Б-н нэхэмжлэлтэй, ДАНДГ-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД