Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 468

 

“М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0638 дугаар магадлалтай, ““М” ХХК болон “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “М” ХХК болон “Г” ХХК-иудын “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн ХV-020465, “Г” ХХК-ийн ХV-020464 дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0638 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч “М” ХХК болон “Г” ХХК-ийн өмгөөлөгч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “И” ХХК, “М” ХХК, “Г” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн ХV-016691, “М” ХХК-ийн ХV-016969, “Г” ХХК-ийн ХV-016970 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийг сэргээн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасан.

Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш шүүхийн шийдвэр 1 сарын дараа цаасан дээр бичигдэн гарч бид гардан авсан. Үүний дараа хариуцагчийн давж заалдах эсэхийг 14 хоног хүлээсэн бөгөөд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул бидний зүгээс Ашигт малтмалын газарт “шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг” хүссэн албан бичгийг хүргүүлсэн.

Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр болон бидний хүсэлтийг авсны дараа “М” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 6/1886 дугаартай мэдэгдэл, “Г” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 6/1885 дугаартай мэдэгдэл тус тус ирүүлсэн. Тус мэдэгдлүүдээр тус өдөр тусгай зөвшөөрлүүдийг сэргээж байгааг мэдэгдсэн. Компаниудын зүгээс тусгай зөвшөөрлийг сэргээсэн цаг хугацаагаар тооцож дараа жилийн буюу 2017 оны төлбөрийг төлнө гэж ойлгосон бөгөөд энэ талаар тухайн үед Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Чинбаатараас лавлахад мэдэгдэл хүргүүлсэн цаг хугацаагаар тооцож дараа жилийн төлбөрийг төлнө гэдгийг амаар баталж хэлж байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар “М” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689 дугаар, “Г” ХХК-д 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 7/1691 дугаартай мэдэгдлээр дараа жилийн буюу 2017 оны төлбөрийг төлөх хугацааг буруу тооцож, төлөхийг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл “М” ХХК болон “Г” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний дотор дараа жилийн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. Ингэснээр бид дараа жилийн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад төлбөр төлөх нөхцөл байдалд орж, хэрэв төлөхгүй бол тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудал үүсч бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар “М” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020465 дугаар бүхий, “Г” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-020464 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай шийдвэрээр цуцалсан байна. Гэхдээ энэ талаар бидэнд албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй бөгөөд бид мэдсэн даруйдаа хүлээн зөвшөөрөөгүй тул 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр дээд шатанд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргасан.

Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 22-ны 1/1373 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Хариунд “...танай 2 компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дугаартай шийдвэрээр сэргээж, хүчинтэй байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тооцсон байна..., танай 2 компани тусгай зөвшөөрлүүдийг үрэгдүүлсний улмаас Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай дугаартай шийдвэрээр нөхөн олгож ХV-020465, ХV-020464 дугаар бүхий зөвшөөрөл үүсчээ..., уг ХV-020465, ХV-020464 дугаар бүхий зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байна..., дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэж улмаар цуцалсан, иймд цуцалсан шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж тусгажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрийн гол үндэслэлдээ хариуцагчийн уг үйлдлийг зөв гэж үзсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэх хэсгийг хариуцагчид ашигтайгаар буруу тайлбарласан. Хуулийн тус заалтаар дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхэлж тооцно гэсэн бөгөөд энэ шийдвэр гарсан цаг хугацаа нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болох нь тодорхой байхад энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрт “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон сунгасан хариуцагчийн шийдвэрийг нэхэмжлэгч тал маргаагүй” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, нэхэмжлэлийн зүгээс үүнийг эс зөвшөөрч цаашилбал энэ цаг хугацаанаас буруу тооцож дараа жилийн төлбөр төлүүлэхээр шийдэж, төлөөгүйн улмаас цуцалсан шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа юм. Мөн хариуцагчийн “2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хугацааг тооцно, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хугацааг тооцно” гэсэн зөрүүтэй шийдвэр гаргаж байсанд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “Г” болон “М” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй”-г дурдаж тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г” ХХК-ийн XV-020464 дугаар, “М” ХХК-ийн XV-020465 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцалсан, нэхэмжлэгч нар нь “...шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тусгай зөвшөөрлүүд сэргэсэн гэж үзэж, тухайн өдрөөр тооцож дараа жилийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон нь буруу” гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “О” ХХК-д Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумдын нутаг “Тэнүүн-1” нэртэй 92842 га талбайд ашигт малтмал эрэх, хайх эрх олгох хайгуулын 14423Х дугаар тусгай зөвшөөрөл олгосон ба уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэг буюу 39188.32 га талбайн хайгуулын XV-016969 дугаар тусгай зөвшөөрлийг “М” компани, 22969.19 га талбайн хайгуулын XV-016970 дугаар тусгай зөвшөөрлийг “Г” компани тус тус эзэмшсэн байна.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0739 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, “...“М”, “Г” компаниудын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан”-ыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр “Г” компанийн хайгуулын XV-020464 дугаар, “М” компанийн  хайгуулын XV-020465 дугаар /тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр гэрчилгээ нөхөж авснаар дугаар өөрчлөгдсөн/ тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тус тус 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал тус тус 3 жилийн хугацаагаар сунгаж, уг хугацааг тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний хавсралтад тус тус тэмдэглэж, энэ талаар нэхэмжлэгч нарт мэдэгджээ.

Хариуцагчийн гаргасан дээрх 2016 оны 234 дүгээр шийдвэрт тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болох байсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс биш шүүхэд маргаантай байсан хугацааг харгалзан уг хугацааг хасаж, шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, тусгай зөвшөөрлүүдийн сунгалтыг хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” уг шийдвэрийн тусгай зөвшөөрлийн “хүчинтэй байх хугацаа”-ны хамаарлын асуудлаар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж маргаж, эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна.

Ийнхүү сунгалт хийсэн огноотой тухайн үед маргаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч нар нь “төлбөр төлсөн тухай баримтыг ирүүлээгүй тохиолдолд цуцлах үндэслэл бүрдэх, Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д заасан хугацаанд алданги төлөх боломжтой”-г мэдэгдсэн хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/1689, 7/1691 дугаартай мэдэгдлүүдийг хүлээн авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн боломжит хоногийн алданги төлж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хадгалах боломжоо алдсан байна.

Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг дээрх мэдэгдлүүдээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэдэгдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэснийг хэрэгжүүлсэн ба мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан “төлбөр төлөх хэтэрсэн хоногийн хязгаарлалт”-д нийцүүлж, хайгуулын XV-020464, XV-020465 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гаргаснаас үзэхэд уг шийдвэр нь дээрх хуульд нийцсэн болно.

Иймд, “Г” ХХК-ийн хайгуулын XV-020464 дугаар, “М” ХХК-ийн хайгуулын XV-020465 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасанд нийцсэн тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шийдвэр гаргасан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож, тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг төлүүлэхээр тогтоох байсан” гэх агуулгатай гомдлоор шүүхийн  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ