| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/04765/И |
| Дугаар | 101/ШШ2022/00833 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/00833
| 2022 02 24 | 101/ШШ2022/00833 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ХХК-н гаргасан,
Хариуцагч: А.Г-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74,000,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 47,961,488.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Э.А, хариуцагч А.Г, өмгөөлөгч Ц.Б, гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч А.Г-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 15 айлын орон сууцны барилгад дээвэр угсралт, барилгын дотор талбайн хар шалны ажлыг өөрийн хөрөнгөөр 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон ба гэрээний төлбөр 74,000,000.00 төгрөгөөс захиалагчийн барьж буй орон сууцнаас бартераар авахаар болсон.
Ингээд бид гэрээний хугацаанд дээврийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан хэдий ч ажил хийж байх үед хариуцагч А.Г-ын зүгээс үйл ажиллагаанд саад учруулж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэх боломжийг олгоогүйгээс барилгын ажил зогссон. Манай компани дээврийн ажлыг нийт 4 үе шаттай хийх ёстой байснаас 2 үе шатыг хийж дууссаны дараагаар хариуцагч нь бид нарын ажлыг гүйцэтгүүлэхгүй байсан тул барилгын ажлын үйл явц удааширсан. Тус нөхцөл байдлын улмаас талуудын хооронд үл ойлголцол үүссэн боловч хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй, энэ талаар түүнд удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчаас хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас 15,337,525.00 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хэсгээс татгалзаж, хариуцагчийн гаргасан хариу тайлбарт дурдсан 15,337,525.00 төгрөгийг мөн анх гэрээ байгуулахад нийлүүлсэн буюу худалдсан бетон зуурмагийн үнэ 7,000,000.00 төгрөгийн хамт нийт 22,347,525.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж.
Өөрөөр хэлбэл, манай компани барилгын дотор талбайн хар шалны ажлыг хийгээгүй, харин дээврийн ажлыг зохих хэмжээнд хийсэн бөгөөд 7,000,000.00 төгрөгийн бетон зуурмагийн хувьд хариуцагчийг хүсэлтээр нийлүүлсэн. Иймд, хариуцагч А.Гаас 15,347,525.00 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болон 7,000,000.00 төгрөгийн бетоны үнэ нийт 22,347,525.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хожимдоход хүргэсэн нөхцөл байдлыг хариуцагч тал өөрөө бий болгосон, манай компанийн ажилтнуудыг ажлын байранд нэвтрүүлэхгүй байснаас дээврийн ажлыг хугацаанд нь хийх боломжоор хангаагүй тул үүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцах учиргүй” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч “О ” ХХК-иас гаргасан дээврийн ажлын төсвөөр хийгдсэн ажил нь дулаалгын EPS хөөсөнцөр хавтан /h=200мм/ 313 талбайн хэмжээ, 78.3 тоо хэмжээ бүхий 10,931,525.00 төгрөгийн ажил, бетон тэгшилгээ М-200 марк /100мм/ 313 талбайн хэмжээ, 32.0 тоо хэмжээ бүхий 4,416,000.00 төгрөгийн ажил буюу нийт 15,347,525.00 төгрөгийн ажил хийгдсэнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой ба үлдэх 58,652,475.00 төгрөгийн ажил хийгдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, миний бие 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “О ” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу дээвэр, дотор талбайн хар шал хийлгэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний 3.2, 3.3-т зааснаар ажлыг 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 45 хоногт хийж гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа чанаргүй- дутуу хийгээд орхиод явсан. Мөн гэрээний 2.3-т зааснаар чанарын баталгаа болгож 3 жил баталгаа олгох байсан. Гэвч тус компани талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, доголдол гаргаж ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй.
Энэхүү гэрээний 5.14-д “захиалагч нь гүйцэтгэгчийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил гологдлын талаар гүйцэтгэгч талд мэдэгдэнэ. Энэхүү шалгалт нь гүйцэтгэгчийн үүрэг хариуцлагыг хөндөхгүй. Гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас захиалагч зөрчил, гологдол байж болзошгүй гэж үзсэн аливаа ажилд зөрчил, гологдол хайх, уг ажлын далд хэсгийг нээж шалгалт, туршилт явуулах талаар зааварчилгааг гүйцэтгэгчид өгөх эрхтэй. Үүнтэй холбогдон гарах зардлыг гүйцэтгэгч тал хариуцна” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “О ” ХХК-ийн холбогдох хүмүүст барилгын дээврийн зөрчил, доголдлын талаар удаа дараа хэлж байсан боловч хүлээж авахгүй ажлыг чанаргүй дутуу хийсэн, мөн гэрээний 5.16-д “зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүр гүйцэтгэгч уг зөрчил, гологдлыг захиалагчийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана” гэж зааснаар зөрчил доголдлыг арилгуулах талаар шаардлага тавьж хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудсаар Хот стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “О ” ХХК-ийн хийсэн дээврийн ажлыг норм дүрэм, зураг төслийн дагуу бүрэн гүйцэд чанартай хийгээгүй гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээж аваагүй.
Ийнхүү нэхэмжлэгч “О ” ХХК нь чанаргүй, дутуу дээвэр хийснээс болж 2020 оны хавраас эхлэн барилгын таазнаас байнга ус алдаж гоожиж эхэлсэн. Тухайн үед барилга бүрэн ашиглалтад ороогүй ба улсын комисс хүлээж аваагүй, айл ороогүй байсан. Гэрээний 5.15-т “захиалагч баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацаанд зөрчил, гологдлыг арилгуулах эрхтэй” гэж зааснаар миний зүгээс уг компанид хандаж дээврээс ус алдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэж, ажлаа гүйцэт дуусга гэж удаа дараа шаардсан боловч ажлаа хийж өгөөгүй хаяж явсан.
Үүний дараа 2020 оны 09 дүгээр сард улсын комисс барилгын дээврийн ажил дутуу, чанаргүй хийсэн гэх үндэслэлээр хүлээж авахгүй байсан учир миний бие Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид барилгын дээврийн ажлыг хавар дулаарах үед дахин чанартай хийж гүйцэтгэж шалгуулах болно гэж баталгаа гаргаж өгснөөр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт гарч барилгыг ашиглалтад өгсөн. Уг барилгыг ашиглалтад өгснөөс хойш айлууд нүүж орсон. Миний зүгээс санхүүгийн боломжгүй байдлаас болж хавар дээврийн ажлыг хийж амжаагүй байтал 2021 оны 4, 5, 6 дугаар сард дээврээс дахин ус алдаж эхэлсэн бөгөөд орон сууц худалдаж авсан айлууд байнга хэл ам хийж асуудал гарч байсан учир аргагүй эрхэнд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2021/0621 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Д” ХХК-тай байгуулж, хуучин чанаргүй дутуу хийсэн дээврийг хуулж, дээврийн ажлыг дахин шинээр хийлгүүлсэн.
Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэг тал нь буюу ажил гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн хөрөнгөөр тухайн ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэвч нэхэмжлэгч “О ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5.14, 5.15, 5.16-т заасан заалтыг зөрчсөн. Ажлаа бүрэн гүйцэт хийхгүйгээр дутуу хийж гүйцэтгээд хаяад явсан. Хариуцагчийн зүгээс шаардлага хүргүүлж байсан. Бартераар орон сууц авахаар тохирсон гэж нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа боловч хэдэн давхарт, хэдэн тоотод, хэдэн мкв талбайд ямар орон сууц өгөх талаар нарийвчлан тусгаагүй. Тэгэхээр ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг 74,000,000.00 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “О ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа тодорхой хэмжээний үнийн дүнгээс татгалзаад бас 7,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэж ойлгосон. Гэвч уэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би нэхэмжлэгчээс бетон зуурмаг худалдаж аваагүй тул төлөх үүрэг хүлээхгүй, 7,000,000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн асуудал нь тодорхой бус буюу 4,116,000.00 төгрөгийн баримт байгаа ч ойлгомжгүй, уг үнийн дүнд хэдэн м.куб бетон зуурмаг нийлүүлсэн талаар нотлогдохгүй байна.
Шүүх сайн анхаарч харвал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн баримт байдаг бөгөөд тус үйл баримт нь хоорондоо уялдахгүй байна. Нэхэмжлэгч нь 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд 4,116,000.00 төгрөг болон 7,400,000.00 төгрөгийн баримтыг тус тус өгсөн байдаг. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа гэж тайлбарлаад хугацаа хэтрүүлсэн асуудал байдаг.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг гүйцэтгэгч нь хүлээлгэж өгөх үүрэгтэй байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний гол шаардлага нь ажлын гүйцэтгэсэн үр дүн байх боловч тус үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Ямар нэгэн байдлаар акт, тооцоо үйлдсэн зүйл байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн гэрээг цуцалсан. Мөн хавтаст хэргийн 18 дугаар хуудаст ажлын төсөв гэж байдаг бөгөөд тус төсвийн нөхцөл байдалд дулааны хөөсөнцөр хавтан 10,931,525.00 төгрөгийн ажил, бетон тэгшилгээ 4,416,000.00 төгрөгийн ажил гэсэн байдаг ба үүнээс хариуцагчийн зүгээс 15,374,525.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ уг үнийн дүнд хийж гүйцэтгэсэн ажлаа чанартай хийж гүйцэтгээгүй бөгөөд хөөсөнцрөө буруу шахаж, буруу тэгшилгээ хийж үүнээс болж ус алдсан. Энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан.
Мөн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад мэргэжлийн хүмүүс ажиллуулахгүйгээр юу ч мэдэхгүй 3-4 хүүхэд авч очиж ажиллуулахад тухайн хүүхдүүд нь ажил хийж мэдэхгүй. Энэ нөхцөл байдалд нэхэмжлэгч “О ” ХХК-нд хяналт тавьж ажиллах хяналтын инженер байхгүй гэх зэргээр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч нь ноцтой зөрчсөнөөс хариуцагч А.Г-ад бодит хохирол учирсан.
Миний бие нэхэмжлэгч “О ” ХХК-нд хандаж тухайн үед дээврийн ажлыг чанартай гүйцэт хийж өгвөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хэлж байсан боловч тус компани өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй чанаргүй, доголдолтой дутуу ажил хийж алга болсноос дээврийн ажлыг дахин хийж өнөөдөр надад бодитоор 25,761,488.00 төгрөгийн хохирол учраад байна.
Үүнд: 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн А.Б-д барилгын дотор шал хийх ажлын гэрээний төлбөрт 11,503,488.00 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Б-д барилгын дээврийн парапет гүйцэтгэлийн ажлын гэрээний төлбөрт 4,100,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Г болон “Д” ХХК нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын төлбөрт 3,600,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр техноэласт ЭКП 10 м.кв 40х109,000=4,360,000.00 төгрөг, БипольЭПП 15 м.кв 24х85,000=2,040,000.00 төгрөг, Мастика 18 кгх2=158,000 төгрөг, нийт 25,761,488.00 төгрөгийн зардал гаргасан.
Мөн нэхэмжлэгч “О ” ХХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар бүлэгт дээврийн ажлыг 2019 оны 07 дугаар 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 45 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон, тус гэрээний 9.2-т гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон, гэрээнд заасан хугацаанд үе шатат ажлаа дуусгаагүй бол хойшлуулсан хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө” гэж заасны дагуу хугацаа хожимдуулсан буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 60 хоногийн алданги 22,200,000.00 төгрөгийн гаргуулах хүсэлтэй байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч “О ” ХХК-ийн хийсэн ажил нь “Дулаалгын ЕРS хөөсөнцөр хавтан /h=200мм/ 313 талбайн хэмжээ, 78.3 тоо хэмжээ бүхий 10,931,525.00 төгрөгийн ажил, “Бетон тэгшилгээ М-200 марк /100мм/ 313 талбайн хэмжээ 32,0 тоо хэмжээ бүхий 4,416,000.00 төгрөгийн ажил буюу нийт 15,347,525.00 төгрөгийн ажил хийгдсэн бусад ажлыг дутуу хийгээд хаяад явсан, үлдсэн ажлыг би өөрийн зардлаар дахин шинээр хийж гүйцэтгүүлж нэмэлт зардал их гарсан боловч баримт нь байхгүй учир нэхэмжлэх боломжгүй байна.
Иймд, нэхэмжлэгч “О ” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан бодит зардал 25,761,488.00 төгрөг, хугацаа хожимдуулсан алдангид 22,200,000.00 төгрөг, нийт 47,961,488.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О “ ХХК-иас хариуцагч А.Г-ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 74,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа 51,652,475.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15,347,525.00 төгрөг, бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт 7,000,000.00 төгрөг, нийт 22,347,525.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, алдангид 47,961,488.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба зохигчдын нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ.
Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд,
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар эдгээр ажлыг нийт 76,000,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсвийг талууд баталж, үүнээс дээврийн ажлыг 46,964,785.00 төгрөг, барилгын дотор талын хар шалны ажлыг 29,035,215.00 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр болжээ /х.х-ийн 11-18 хуудас/.
Гэвч нэхэмжлэгч “О ” ХХК нь гэрээ байгуулсны дараа зөвхөн дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр болж, харин барилгын дотор талын хар шалны ажлыг гүйцэтгэхээс татгалзсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигч нарыг гагцхүү барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгснөөр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч “О ” ХХК нь барилгын дээврийн ажлыг 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба зохигчид гэрээний хугацааг сунгаагүй байна. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал уг ажлыг хугацаанд нь, бүрэн хийж өгөөгүй байна. Үүнийг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа хариуцагчийг барилгын ажлын талбайд нэвтрүүлэхгүй байсан /саад учруулсан/ гэсэн боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ч нэхэмжлэгч “О ” ХХК нь хариуцагч А.Г-ыг барилгын ажлын талбайд нэвтрүүлээгүй буюу саад учруулсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул үндэслэлтэй тайлбар гэж үзэхгүй.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, мөн 224 дүгээр зүйлийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж тус тус зааснаар захиалагч буюу хариуцагч А.Г-ыг ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрэхэд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас ажил гүйцэтгэгч “О ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр алданги шаардах эрхээ алдсан гэж дүгнэх боломжгүй.
Гэтэл ажил гүйцэтгэгч “О ” ХХК нь тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй байх тул үүргийг зохих ёсоор биелүүлсэн гэж тооцохгүй. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж зааснаар дээврийн ажлын хөлс 46,964,785.00 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Гэвч хариуцагч А.Г-ын зүгээс нэхэмжлэгч “О ” ХХК-нд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлс гэж 15,347,525.00 төгрөг төлөхийг зохигчид харилцан зөвшөөрч байх тул шүүхээс энэ талаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч А.Г-ад барилгын гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэхэд нь зориулж 7,000,000.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, уг барилгын гадна тохижилтын ажил нь талуудын гэрээний зүйл биш тул ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь бусад этгээдээс авсан бетон зуурмагийг хариуцагчид худалдсан гэсэн агуулгатай тайлбар өгсөн.
Гэвч зохигчид барилгын гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгчийг тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах материалын зардлыг өөрөө хариуцсан гэж үзэх боломжгүй ч хариуцагчид 7,000,000.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Гэвч хавтаст хэргийн 143-156 талд авагдсан баримтууд нэхэмжлэгч “О ” ХХК-ийн бусад этгээдээс авсан бетон зуурмагийн зарлагын баримт мөн боловч тус баримтыг хариуцагчид 7,000,000.00 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна. Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчаас 7,000,000.00 төгрөгийг шаардах эрхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Д.Э нь талуудын хооронд үүссэн үйл баримтын талаар мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2021 оны 06 дугаар сар хүртэл хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул бусад этгээдээр уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүний саналын хуудсанд хариуцагч А.Г-ын барьсан орон сууцны дээврийн ажлыг норм, дүрэм, зураг төслийн дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэсний дагуу тэрбээр “Д” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3,600,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна /х.х-ийн 42-51, 122, 123 хуудас/.
Үүнээс гадна хариуцагч А.Г нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-тай барилгын дээврийн парапет хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4,100,000.00 төгрөгийг төлөхөөр болжээ. Ингээд гэрч Д.Э-н мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан баримт зэргээс үзвэл хариуцагч нь барилгын дээврийн засвартай холбоотойгоор 7,700,000.00 төгрөгийн зардал гаргасан байна /х.х-ийн 84-102 хуудас/.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, нэхэмжлэгч “О ” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч А.Г нь гэрээг цуцалж, тийнхүү дутуу-чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтүүлж, тэдгээрт 7,700,000.00 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчаас гарах ёсгүй байсан зардал гарсан гэсэн үндэслэлд хамаарна.
Харин зохигч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлд барилгын дотор талын хар шалны ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байсан боловч хожим талууд энэхүү тохиролцооноосоо татгалзсан тул нэхэмжлэгчийг уг ажлыг санаатайгаар хийгээгүй гэж үзэхгүй, хариуцагчид тус ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байсан учир 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн А.Б-тай барилгын дотор талын хар шалны ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч, 11,503,488.00 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч “О ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой биш байна /х.х-ийн 62.-83 хуудас/.
Мөн хариуцагч А.Г-ын “Ш” ХХК-иас худалдан авсан гэх 6,558,000.00 төгрөгийн үнэ бүхий зүйлийн зарлагын баримтад худалдан авагч буюу хүлээн авагч этгээдийн овог, нэр, гарын үсэг байхгүй, түүнчлэн техноэласт ЭКП 10м2, биполь ЭПП 15м2, мастика 18 кг зэрэг бараа бүтээгдэхүүнийг барилгын дээврийн ажлын засварт ашигласан эсэх нь тодорхой биш байх тул тухайн нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна /х.х-ийн 41 хуудас/.
Гэвч зохигчид алдангийн хэмжээг нийт үнийн дүнгээс тооцохоос гадна 20 хувиас хэтрэхгүй байна гэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 76,000,000.00 төгрөг боловч үүнээс барилгын дээврийн ажлын хөлс 46,964,785.00 төгрөг тул алдангийн хэмжээ нь 46,964,785.00 төгрөгийн 20 хувь буюу 9,392,957.00 төгрөгөөс хэтрэх ёсгүй юм.
Нэхэмжлэгч “О ” ХХК нь барилгын дээврийн ажлыг 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч тухайн үүргээ зөрчсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон ба хариуцагч А.Г нь алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тооцсон байна. Нэгэнт ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж зааснаар алдангийн хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тооцоход нийт 84 хоногийн алданги 19,725,209.00 төгрөг болж байгаа хэдий ч зохигч нарын тохиролцсоны дагуу 20 хувь болох 9,392,957.00 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 15,347,525.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 7,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчээс алдангид 9,329,957.00 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс хариуцагчид учирсан хохиролд 7,700,000.00 төгрөгийг тус тус гаргуулж, харин 30,868,531.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР