| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/05739/И |
| Дугаар | 101/ШШ2022/00709 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/00709
| 2022 02 18 | 101/ШШ2022/00709 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Б.Т-д холбогдох,
21,847,850.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Б.Т, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Т-тай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 10,000,000.00 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Mercedes Benz S Class” маркийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.
Тус зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч нь уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 8,333,300.00 төгрөг, хүү 9,277,700.00 төгрөг, алданги 4,166,650.00 төгрөг нийт 21,777,650.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Т нь үүрэг гүйцэтгэх хугацааг 835 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч тал 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Б.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон байна. Тодруулбал, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй байна.
Мөн хариуцагч Б.Т зээлийг авах үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23 дугаар байр хаягт оршин суудаг байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг төлж, зардал гаргасан.
Иймд, хариуцагч Б.Т-аас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,333,300.00 төгрөг, хүү 9,277,700.00 төгрөг, алданги 4,166,650 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200.00 төгрөг, нийт 21,847,850.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй авсан нь үнэн. Гэвч би, зээл авсанаас хойш зээлийн гэрээний хуваарьт зааснаар 2 сарын төлбөрийг төлснөөс хойш нийгэмд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас зээлээ зохих ёсны дагуу төлөлгүй гэрээний үүрэг зөрчигдсөн.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлийн үндсэн төлбөр 8,333,300.00 төгрөг, хүүнд 9,277,700.00 төгрөг, алданги 4,166,650.00 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200.00 төгрөг, нийт 21,847,850.00 төгрөг нэхэмжилж байгаагаас хүү 9,277,700.00 төгрөгийг төлөх үндэслэл шаардлага нь тодорхойгүй байна.
Учир нь, талуудын байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч миний төлөх ёстой байсан 12 сарын хугацааны хүү 2,599,984.00 төгрөг бөгөөд үүнээс 2 удаагийн төлөлт буюу үндсэн төлбөрийн хамт 2,433,330.00 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019 оны 07 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй гэсэн байна. Гэвч гэрээнд зааснаар 2,599,984.00 төгрөгийн хүүний төлөлт хийх ёстой байтал шүүхэд 9,277,700.00 төгрөг болж нэмэгдсэн байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс мус хүүний төлбөрөөс 2,599,984-766,664=1,833,320 /нийт төлөх хүүнээс төлсөн 2 сарын хүүг хасав/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин үлдэх 7,444,380 төгрөгийг төлөхгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ба энэ хугацаанаас хойш зээлийн гэрээг бичгээр сунгаагүй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 7,444,380.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний бие хүлээн зөвшөөрч байгаа шаардлага болох 14,403,470.00 төгрөгөөс нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хувааж төлөхөд бэлэн байгаа, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гагцхүү үнийн дүнгээс алдангийн хэмжээг буулган өгч зээл төлөх боломжит хугацаа, үнэ зэргийг харилцан тохиролцож төлж барагдуулах саналтай байна” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-иас хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,847,850.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж, мөн 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж тус тус зааснаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдээс хариуцагчид зээл олгох харилцаа үүсэх учиртай /х.х-ийн 4 хуудас/.
Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “Т” ХХК-ийг хариуцагч Б.Т-т 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний зүйл болох 10,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч буюу зээлдэгчийг 10,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байна гэж үзнэ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.
Тус зээлийн гэрээнийн 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зээлийг ашиглах хугацаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу 12 сар, зээлийн хүү сарын 4 хувь бөгөөд зохигчид эргэн төлөлтийн хуваарь буюу зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг гэрээний хавсралтаар тохирчээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 12 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын тохирсон өдөр байхаар тохирч, хариуцагч нь энэ хугацаанд үндсэн төлбөрөөс 833,333.33 төгрөгийг ашигласан хугацааны хүүгийн хамт зохих ёсоор төлсөн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд зээлийг төлж дуусгаж, зээлийн хүүнд нийт 2,599,984.00 төгрөгийг төлөх ёстой байжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан. Тодруулбал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч нарын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байна.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,264,130.00 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000.00 төгрөг, нийт 2,464,130.00 төгрөгийг төлсөн байна. Үүнээс нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,666,700.00 төгрөгийг үндсэн зээлд суутгаж, үлдэх 797,430.00 төгрөгийг зээлийн хүүнд төлүүлсөн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөг, зээлийн хүү 9,277,700.00 төгрөг, алданги 4,166,650.00 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200.00 төгрөг, нийт 21,847,850.00 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй боловч хариуцагчийг ашигласан хугацааны хүүг заавал төлөх ёстой” гэсэн. Гэвч зохигчид гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан сарын 4 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа нь иргэний эрх зүй дэх эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг зохигчид гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.
Гэтэл талууд гэрээний хугацааг тухайлан сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцөлөөр шинээр тоолж эхэлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэгч “Т” ХХК-нд хариуцагч Б.Т-аас гэрээний хугацаа дууссан 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг шаардах эрх байхгүй юм. Ингээд хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих зээл, зээлийн хүүг тооцвол:
Нэгдүгээрт,
Гэрээний хавсралтад зааснаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу үндсэн зээлээс 1,666,700.00 төгрөгийг суутгах хүртэлх хугацаанд хариуцагч нь зээлийн хүүнд 766,664.00 төгрөг, үндсэн зээлээс 1,666,666.00 төгрөг, нийт 2,433,330.00 төгрөгийг төлөх ёстой байжээ. Гэвч тэрээр 2,464,130.00 төгрөгийг төлсөн бөгөөд илүү төлсөн 30,800.00 төгрөгийг үндсэн зээлээс хасах боломжгүй юм.
Учир нь, хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх хугацаанд 2,464,130.00 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэсэн зохицуулалт үйлчлэхгүй.
Хоёрдугаарт,
Хариуцагч Б.Т нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч “Т” ХХК-нд ямар нэгэн төлбөр төлөөгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөг болсон гэдэгтэй маргаагүй. Үүнээс зээлийг буцаан төлөх 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг тооцоход нийт 299 хоногийн хүү 3,276,442.00 төгрөг бөгөөд хариуцагчийн илүү төлсөн 30,800.00 төгрөгийг хасахад 3,245,642.00 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байна /8,333,300x4%=333,332 /1 сарын хүү/, 333,332x12=3,999,984 /1 жилийн хүү/, 3,999,984:365=10,958 /1 өдрийн хүү/.
Иймд, нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Т-аас үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөг, зээлийн хүү 3,245,642.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээл болон хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөг, зээлийн хүү 3,245,642.00 төгрөг, нийт 11,578,942.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй.
Гэхдээ нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөгөөс алдангийг тооцсон байсныг үндэслэн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд алдангийг тооцоход 23,499,624.00 төгрөг болж байна. /8,333,300x0.5%=41,666 /1 өдрийн алданги/, 41,666x564хоног=23,499,624.00 төгрөг/.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...................... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөгийн тал хувь 4,166,650.00 төгрөг болж байх тул хариуцагчаас үүнийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь хариуцагч Б.Т-ын оршин суугаа хаягийг олж тогтоосон бөгөөд тэрээр зээлийн гэрээнд заасан Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23 дугаар байр, 38 тоот хаягт оршин суудаггүй болсон, харин Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Визард хотхон, 18а байр, хаягт оршин суудаг тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүйн улмаас тийнхүү эрэн сурвалжлах шаардлага үүссэн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ. Нэгэнт хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч “Т” ХХК-нд оршин суугаа хаягийн өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй, хариуцагчийн оршин суугаа газар тодорхой бус байсны улмаас нэхэмжлэгч нь шүүхийн журмаар түүнийг эрэн сурвалжлуулахад 70,200.00 төгрөгийн зардал гаргасан байх тул хариуцагч нь үүнийг нэхэмжлэгчид төлөх нь шударга болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,333,300.00 төгрөг, зээлийн хүү 3,245,642.00 төгрөг, алданги 4,166,650.00 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөг, нийт 15,815,792.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,032,058.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР