Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/1038/3 |
Дугаар | 128/ШШ2019/0499 |
Огноо | 2019-08-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “З” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051, 230014052 дугаартай актуудыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 010, 011 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 116,117 тоот тогтоол, болон 230014051,230014052 тоот татварын улсын байцаагчийн актууд нь хууль эрх зүйн үндэслэлгүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн тогтоол, актууд тул бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Татварын улсын байцаагчийн 230014051 тоот актын тухайд: З компанийн 2012 оны албан татвар ногдуулапт, төлөлт хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд шалгалтыг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.М, О.Б нар хийж 2,135,440,273.0 төгрөгийн зөрчил илрүүлж, В13,544,027.3 төгрөгийн нөхөн татвар бүгд 213,544,027.3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсныг,
2. Татварын улсын байцаагчийн 230014052 тоот актын тухайд: З компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлт хяналт шалгалтанд хамрагдсан бөгөөд шалгалтыг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын 'улсын байцаагч Б.М, О.Б нар хийж 2,413.015.481.2 төгрөгийн зөрчил илрүүлж, 228,231,031.9 төгрөгийн нөхөн татвар, 5,896,361.7 төгрөгийн торгууль, 3,076,804.2 төгрөгийн нөхөн татвар, бүгд 237,204,197.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулснаас 2,266,221,500.0 төгрөгийн бараа худалдан авсныг зөрчил гэж үзэн 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар тооцсонд гомдолтой байгаа тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 - д ‘Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн Татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуү эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ ”, мөн хуулийн дагуу 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татварын төлөгчөөр татварын албанд. ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу манай компани санхүү болон татварын тайлангаа буруу гаргасан гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын нэмж мэдүүлсэн тайланг гаргаж татварын албанд, санхүүгийн тайлангаа санхүүгийн хэлтэст хүргүүлсэн.
2. Гэтэл татварын улсын байцаагчид “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.” гэж заасаар байтал нэмж мэдүүлсэн тайланд тусгасан худалдан авалтыг зөрчил гэж үзэн, татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот акт үйлдэн, хариуцлага хүлээлгэж байгааг хууль бус гэж үзэж байна.
3. Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 -д /“нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1- д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага.. албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах. татварын албанд мэдүүлэх/ гэж заасныг зөрчсөн гэж үзэн актыг хэвээр баталсан нь хуульд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийхдээ “БГ” ХХК-ийн захирал Б.Б холбогдох эрүүгийн 201526020496 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоол. “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Ж-д холбогдох 2014260001093 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичгийг I үндэслэл болгож, акт тогтоожээ.
Манай компани нь барилгын материал худалдан авсан бөгөөд эдгээр компанийг хуурамч, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараадаг гэдэг хяналт тавих үүргийн хуулиар хүлээгүй. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоолуудыг огт мэдэгдээгүй прокурорын тогтоол гарсныг гардуулж өгсөн бол тухайн өөрсдийн гэм буруугүй болохоо нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх байсан. Харин татварын албанд шууд шилжүүлснээр бүх эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэл болгож, хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн акт тогтоож байгаа нь бидний эрхийг зөрчиж хууль бусаар гэм буруутай болгож баталгаажуулсан байна. Энэ тохиолдолд хэргийн оролцогчийн эрхийг хангахгүй хууль хяналтын байгууллага өөрийн эрх хэмжээг хэтрүүлж байгаа юм. Хэрэв тухай бүр хэргийн оролцогчийн эрхийг хангаж байсан бол тухайн үед нь засч залруулж бид эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирохгүй байх боломжтой. Одоо үйл ажиллагаагаа жигд явуулах ямар ч боломжгүй хэн ч хууль шүүхийн байгууллагын дүгнэлтийг л эцсийн байдлаар зөв гэж ойлгоход хүрч байна.
4. Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д /Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна / гэж ил болгож мэдээлэх хугацааг заажээ.
Гэтэл татварын улсын байцаагчдын хяналт шалгалт хийх үндэслэл болгосон ?Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичиг нь нэмж мэдүүлсэн |тайлан гаргасны дараа татварын албадад шалгуулж, акт тогтоосон нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх. нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг тайлагнах” гэж хуулиар олгосон тайлагнах, мэдүүлэх, бүртгүүлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байгууллагын эрх ашгийг хөндөж байх тул 230014051, 230014052 тоот татварын улсын байцаагчийн актуудыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2693542 тоот регистрын дугаартай “ З” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч О.Б, Б.М, нар “Татварын хяналт шалтгалт хийх 23161200531 тоот томилолт”, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дугаар тогтоол, мөн газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичиг зэргийг үндэслэн хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж 230014051 тоот акт тогтоосон. Татварын хяналт шалгалтаар 2,135,440,273.0 төгрөгийн зөрчилд 213,544,027.0 төгрөгийн төлбөр ногдуулсан нь дараах үндэслэлтэй болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлийн 2012 оны 8, 11, 12 дугаар саруудын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт доорх компаниудын хий бичилттэй панаануудаар худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан. Үүнд:
1. “БГ” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12291049 тоот падаанаар 160,194,818.0 төгрөгийн, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12291050 тоот падаанаар 139,454,545.0 төгрөгийн,
2. “А” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11715516 тоот падаанаар 909,090,910.0 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11715519 тоот падаанаар 926,700,00.0 төгрөгийнн,
“БГ”, “А” ХХК-удын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь цагдаагийн байгууллагаар хий бичилттэй нь тогтоогдож Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтол, мөн газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/663 тоот албан бичгүүдээр тогтоогдож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль , Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэн 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, алданги, хүү ногдуулсан байна.
“ З” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014052 тоот актын тайлбар:
Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 2693542 тоот регистрийн дугаартай “ З” ХХК-д Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 тоот тогтоолыг үндэслэн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нар ирж бүрэн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж 230014052 тоот акт тогтоосон. Татварын хяналт шалгалтаар 2,413,015,481.2 төгрөгийн зөрчилд 237,204,197.8 төгрөгийн төлбөр ногдуулсанаас 10,582,047.8 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 226,622,150.0 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрсөн болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2013 оны 6, 9 дугаар саруудын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт “А” ХХК-ийн хий бичилттэй 13288546, 13288547, 13288548, 14318832, 14318836, 14318837, 14318839 дугаартай падаануудаар нийт 2,226,221,500.0 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан.
“А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь цагдаагийн байгууллагаар хий бичилттэй нь тогтоогдож Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 464 дүгээр тогтоолоор тогтоогдож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 заалтыг үндэслэн 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, алданги, хүү ногдуулсан болно.
1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд: “74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”; 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг раядангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.”, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлдийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасныг үндэслэн захиргааны хариуцлага ногдуулсан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “ З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ З” ХХК-ийн захирал Ж тус шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот актуудыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагаа шүүх хуралдааны явцад “дээрхи актуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүхээс актыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд 230014052 тоот актаар тогтоосон торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэж шаардлагаа нэмж тодруулсан боловч шүүх хуралдааны явцад энэ шаардлагаас татгалзсан болно.
“ З” ХХК-ийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Л.Н, Г.Л нар шалгалт хийж 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7,356,316,600.0 төгрөгийн зөрчилд Татварын улсын байцаагчийн 230017 тоот дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр тогтоолоор “сэжигтэн А.Э нь “А” ХХК-ийн тамга тэмдэг, НӨАТ-ын падаан ашиглан “ З” ХХК-д үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй, бараа бүтээгдэхүүн борлуулаагүй атлаа борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хуурамч бичилт хийж хуурамч баримт бичиг үйлдсэн...нь тогтоогдсон” гэж дүгнэн улмаар сэжигтэн нар нь татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр, мөн дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор “...яллагдагч Б.Б нь...“ З” ХХК-д 12291049, 12291050 тоот падаанаар 299,649,4 мянган төгрөгийн...хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн гэм буруутай үйлдэлд Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болож байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна
Түүнчлэн дээр дурдсан, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор ...“ З” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Х нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 230017 дугаартай дүгнэлтээр “ДГ” “Д” “ХХ” “ГХО” “ДНС” гэсэн компанийн НӨАТ-ын падаан пээр 7,356,316,7 мянган төгрөгийн хий бичилт авч ашиглан 735,631,7 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож сайн дураараа 30,0 сая төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн нь мөнгө төлсөн баримтаар тогтоогдож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн...байх тул дээрхи албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлүүдийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой хэмжээний хохирлоо сайн дураараа төлсөн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдов.
Маргаан бүхий захиргааны акт болох 230014051 дугаар актаар нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, “БГд” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 12291049 тоот падаанаар 160,194,818.0 төгрөгийн, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12291050 тоот падаанаар 139,454,545.0 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр татварын тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын татвар ногдох орлогыг бууруулсан, “А” ХХК-ийн 2012 оны 11, 12 дугаар сарын 2 ширхэг хий бичилттэй падаанаар бараа худалдан авсан мэтээр тайланд тусгаж нийт 2,135,440,273.0 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нийт 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар,
Маргаан бүхий захиргааны акт болох 230014052 дугаар актаар нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, , “А” ХХК-ийн 2013 оны 6, 9 дүгээр саруудын 7 ширхэг падаанаар барааг худалдан авсан мэтээр тайланд тусгаж худалдан авалтын хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж 226,622,150.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар тус тус шийдвэрлэсэн, уг актуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор 230014051 дүгээр актыг хэвээр үлдээж, мөн зөвлөлийн 10 дугаар тогтоолоор 230014052 тоот актаар тогтоосон торгууль, алдангийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар манай компани санхүүгийн болон татварын тайлангаа буруу гаргасан үндэслэлээр нэмж мэдүүлсэн тайлангаа гаргаж Татварын албанд хүргүүлсэн байхад нэмж мэдүүлсэн татварын тайланд тусгасан худалдан авалтыг зөрчил гэж үзэж акт үйлдэн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль бус...нэмж мэдүүлсэн тайлан гаргасны дараа татварын албадаар шалгуулж акт тогтоосон...” гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайлан болон Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлангуудаас үзвэл нэхэмжлэгч компаниас өмнөх онуудын тайланг “буруу гаргасан” гэх үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр огноолон шинээр тайлан гаргаж хүргүүлсэн байх боловч энэ нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна. Учир нь:
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 2.1.-д “…холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”; 4.1.2-т “Татварын ерөнхий хууль;” гэж, мөн хуулийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах… татварын алба...-нд сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан…-г тухайн…хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйлчилгээгээ ил тод болгож, үнэн зөв шударгаар татварын тайланд тусгаж шинээр тайлагнасан, энэ үйл ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийн зүгээс сайн дураар хийсэн байх шаардлагыг тогтоосон, уг шалгуур шаардлагыг хангасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарахаар зохицуулсан байна.
Гэтэл нэхэмжлэгч компанийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэтээр татварын тайланд тусгаж татварын албанд нэгэнт мэдүүлсэн, ийнхүү мэдүүлсний дараа нэхэмжлэгч компаниас “А” ХХК болон “БГд” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогоо бууруулсан болох нь эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн 2015 оны 1161 болон 2016 оны 464 дүгээр Прокурорын тогтоолуудаар тогтоогдсон тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар орлогоо ил тод болгож шинээр мэдүүлсэн гэж үзэх боломжгүй.
Тухайлбал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 1.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино”, 2.1.1-д ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг”, 4.1-д “хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараахь арга хэмжээ авна”, 4.1.4-т “санхүүгийн тайлангаа гаргаагүй буюу буруу гаргасан бол шинээр гаргаж харьяалах харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компани нь худалдан авалт хийгээгүй атлаа орлого олсон мэтээр татварын тайландаа тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан тул “хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан” гэх үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг төлбөрийн нэхэмжлэл, мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлоогүй байх тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж... ногдуулна” гэж заасныг үндэслэн нөхөн татвар ногдуулсан Татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот актууд үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ З” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН