Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 5

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01018/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Б-од холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Ж.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.Д-ээс  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нөхөр Ж.Б-той 2010 онд танилцаж, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 01-нд охин Б- төрсөн. Хамтын амьдралын эхний 2 жилийн хугацаанд бидний амьдрал тогтворгүй, нөхөр Ж.Б- нь 2-3 сараар тэнээд явна, ирэн очин байдаг байсан. Ирсэн үедээ архи ууж, агсам согтуу тавьж сүүлдээ бүр гар хүрч зоддог, охин бид хоёрыг гэрээсээ хөөж туудаг болсон учраас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний бие Архангай аймгийн Сум дундын шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан боловч 3 сарын хугацаанд эвлэрүүлэх захирамж гаргасан. Уг шийдвэрээс хойш нөхөр Ж.Б- гэртээ огт ирэлгүй, ор сураггүй алга болсон. Иймээс Ж.Б-оос гэрлэлтээ цуцлуулж, охин Б-тээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдаас:

Энэ 2 хүн сүүлийн 5 жил хамт амьдраагүй, хариуцагч ч хариу тайлбартаа гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдсан байна. Энэ хугацаанд Ж.Б- нэг ч удаа хүүхдэдээ анхаарал халамж тавьж байгаагүй, өмнө 2013 онд Б.Д- Архангай аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг тухайн үед эвлэрүүлж шийдвэрлэсэн байдаг Ж.Б- нь хүүхэд дээрээ нэг ч удаа ирээгүй, харж хандаагүй тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү анх Архангай аймагт хурлаар ороод хугацаа өгч байсан эвлэрээгүй мөн хариуцагч хариу тайлбартаа гэр бүл салгахыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа бичсэн байгаа зэргийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б-оос:

Бид хоёр гэр бүл болоод охин Б- маань төрсөн нь үнэн. Бидний тусдаа амьдрах шалтгаан ганц надаас болоогүй, түүнд ч бас асуудал байсан тул би гэрээсээ явсан. Түүнийг барьж зоддог гэдэг бол худал. Ямар шалтгаанаас болж хоёр тийш болсон гэдгийг Б.Д- өөрөө сайн мэдэж байгаа. Охиныг асрах тал дээр бид 2 ярилцсан. Ээж дээр нь байлгаж хоёр талаасаа харж хандахаар тохиролцсон. Хүүхдээ асарч, тэжээн тэтгэх асуудлаар харилцан тохирсон тул гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас:

Ж.Б- надад хүүхэд бол манай эцэг эх дээр байсан, манай талаас хангалттай харж хандаж байсан гэж байсан. Б.Д-ийн ярьж байгааг сонсоход огт ярьж байгаагүй гэж худлаа яриад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэг эцэг эхэд аль алинд нь байгаа. Яагаад гэвэл энэ гэр бүлийн асуудлыг тодруулсан зүйл байхгүй байгаа учраас энэ гэр бүлийг салгахгүйгээр эвлэрэх хугацаа өгвөл гэсэн санал байна. 9 бярууны хувьд Б.Д- Ж.Б-ыг гүтгэж явуулсан байдаг. Тийм учраас гэрлэлтийг цуцлахгүй эвлэрэх хугацаа өгөөч гэж хүсэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар М- овгийн Ж-ийн Б- /РД: **********/, Лосол овгийн Баатарын Д- /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Б-ийг эх Б.Д-ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Б-ийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Б-оос тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн Төрийн банк, төрийн сан 100190000958 тоот дансанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-оос 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгож, хариуцагч Ж.Б-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.836 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Б- давж заалдсан гомдолдоо:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх гэр бүл цуцлаад, охин Б-ийг эхийн нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна. ...Найз нөхөдтэй нийлж наймаа хийх, хүний ажил хийж өгөх зэргээр амьдрах гэж л явсан. Намайг ингэж явах хооронд төрсөн эгчийнхээ нөхөртэй эр эмийн холбоотой болсон байсан. ...цаашид охинд минь халдахыг үгүйсгэхгүй. Би бас охиноо авах эрхтэй, намайг байхгүй хооронд шүүх хурал хийсэн байна. ...Хурал хойшлуулж өгөөч, мөн охиныхоо амьдарч байгаа орчин нөхцөлийг судлуулах хүсэлтэй гэж өмгөөлөгчөөрөө дамжуулсан боловч анхан шатны шүүх зөвшөөрөөгүй. Иймд би гомдолтой байна. Б.Д- бид 2 салахаас илүү охин ямар орчинд амьдрах вэ гэдэг л чухал байна. Б.Д- өөрийгөө хамгаалж чадахгүй хүргэн ахынхаа дарамтад байж охиноо яаж хамгаалах юм. Анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч Ж.Б-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж  байна.

            Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч Ж.Б-од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгох, тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Ж.Б- нь  гэр бүл  цуцлахыг хүлээн зөвшөөрч,  охиныг  ээж дээр нь байлгаж,  хоёр талаасаа харж хандахаар тохиролцсон гэж  тайлбар  гаргасан  байна.

            Анхан  шатны шүүх  Ж.Б-, Б.Д-  нарын гэрлэлтийг цуцалж, охин  Б.Б-ийг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар  шийдвэрлэжээ.

            Тус шийдвэрийг хариуцагч Ж.Б- эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Д-, Ж.Б- нар 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн \хэргийн 7 дугаар тал\, 2011 оны 6 дугаар сарын  01-ний өдөр  охин  Б.Б-  төрсөн  \хэргийн 6 дугаар тал\  байна.

            Нэхэмжлэгч Б.Д- нэхэмжлэл гаргаснаар Архангай аймаг дахь сум дундын шүүх 2013  оны  11 дүгээр сарын 12-ны өдрийн 1369 дүгээр захирамжаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасныг баримтлан Ж.Б-,  Б.Д- нарын гэрлэлт цуцлахыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авсан \хэргийн 18 дугаар тал\ ,  2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1\747 дугаар захирамжаар Ж.Б-, Б.Д- нарын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон \хэргийн 34 дүгээр тал\  байна.

            Гэрлэгчид нь  эвлэрсэн хугацаанаас  хойш   тусдаа амьдарч байгаа нь  зохигчдын  тайлбарт   дурдагджээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэрлэлт нь сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр бүртгэгдэх, мөн хуулийн 1 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,  бие биедээ хүндэтгэлтэй хандаж,  хэн  нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх   үүрэгтэй.

            Хариуцагч Ж.Б- нэхэмжлэлийн талаар  шүүхэд гаргасан хариу  тайлбартаа  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буйгаа  илэрхийлсэн  бол түүний  өмгөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрлэлтийг цуцлахгүй эвлэрэх хугацаа өгөөч  гэсэн тайлбарыг гаргасан  байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн  6.4-т зааснаар зөвхөн хэргийн оролцогч  тайлбар гаргаж,  мөн хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т зааснаар нотлох баримтыг өөрөө  цуглуулах, гаргаж өгөх, шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг  үнэлэх  үүрэгтэй.

            Хариуцагч нь  хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад  өөрийн  эрх ашигт хамааралтай  ямар ч нотлох баримтыг    ирүүлээгүй  ба  шүүх  нэхэмжлэгчээс  ирүүлсэн   гэр бүлийн  маргааныг  шийдвэрлүүлэхтэй  холбоотой    гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгааг илэрхийлсэн  бичгийн  баримтад үндэслэж  маргааныг шийдвэрлэсэн нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.2 дахь хэсэгт  нийцсэн  байна.

            Хариуцагч  Ж.Б-ын гаргасан гомдолд  “...би охиноо авах эрхтэй, намайг байхгүй хооронд шүүх хуралдаан хийсэн,  охин ямар орчинд  амьдрах вэ? гэдэг нь чухал,  Б.Д-  өөрийгөө хамгаалж  чадахгүй  хүргэн ахынхаа дарамтанд байж  охиноо  яаж хамгаалах юм...”  гэж  дурдсан   байна.

            Б.Д- шүүх хуралдаанд  оролцохоор  Архангай  аймгийн Эрдэнэмандал сумаас  хүрэлцэн ирсэн байна,   Ж.Б- нь Дархан-Уул аймагт  амьдардаг атлаа  шүүх хуралдааны  товыг мэдсээр  байж   ирж  оролцоогүй  ба  шүүх   шалтгаангүйгээр  ирээгүй гэж үзэн  түүний эзгүйд   шүүх хуралдаан  хийснийг буруутгах үндэслэлгүй, мөн  гэрлэгчид  хоёр тусдаа амьдарч байгаа, өмнө нь  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл  гаргаж байсныг харгалзан  гэрлэгчдэд  эвлэрэх  хугацаа  олгохгүйгээр  шийдвэрлэсэн нь  хуульд харшлаагүй гэж үзнэ.

            Хариуцагч  Ж.Б-  гомдлын  үндэслэлийн талаарх нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй тул Б.Д-ийг хүргэн ахынхаа дарамтанд байдаг гэж  үзэх боломжгүй юм.

            Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ  

                                                               ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ       

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ