Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/840

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/  

шүүгдэгч-хохирогч *******,

шүүгдэгч-хохирогч Ч.-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дундуу овогт ын -*******, ******* овогт ийн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001154 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, *******ны *******од оршин суух хаягтай, урьд нь  2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар 06 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг эхийн хяналтад өгсөн, /РД:ШУ*******/, ******* овогт ийн .

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн , байрны од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УУ/, овогт ын -*******.

                               Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******, *******-******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” дээд сургуулийн орчимд үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******, *******-******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор *******-******* мэдүүлэхдээ “Нэхэмжлэх зүйлгүй.”гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор ******* мэдүүлэхдээ “Гомдол саналгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000001154 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор *******гийн өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “*******” компани доторх салбарын хүмүүс Тэрэлжид амралтын газарт уулзаж ууж байгаад орой 22 цагийн үед ирээд Сүхбаатар дүүрэгт байрлах караокед орсон. Тус газраас 2024 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед гараад найз Энхтүвшин болон -******* бид гурав таксинд суугаад явж байсан. Тухайн үед Энхтүвшин урд талын суудалд -******* бид хоёр хойд талын суудалд суугаад Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт явж байхад -******* бид хоёрын дунд маргаан үүссэн.  Тэгэхэд -******* миний толгой хэсэг рүү алгадаад байхаар нь би -*******ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. -******* миний дээр гараад баруун дух шанаа хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгтэл тэнд явж байсан таксины жолооч цагдаагийн байгууллагад хандсан. -*******оос өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор *******-*******ын өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “*******” компани доторх салбарын хүмүүс Тэрэлжид амралтын газар очиж амраад оройны 22 цагийн үед хот руу орж ирээд Сүхбаатар дүүрэгт байрлах нэг караоке орж бид хэд сууж байгаад тус газраас 2024 оны 7 дугаар сарын 23-наас 24-ны шилжих шөнө 01 цагийн үед “*******” ХХК-ны дотор өөр салбарт ажилладаг гэх залуу болон Энхээ бид гурав хамт нэг таксинд сууж эхлээд г буулгаж дараа нь Энхээ намайг хүргэж өгөхөөр болоод замаас такси бариад Энхээ таксины урд суугаад бид хоёр хойно суудалд суугаад Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт явж байх үед намайг дээшээ доошоо 10 нас надад хамаагүй одоо чамайг чи гэж дуудаж болно биз дээ хөгшөөн гээд байхаар нь надаас дүү залуу байсан болохоор миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. Би толгой хэсэг рүү нь нэг удаа алгадсан чинь намайг нэг цохисон. Тэгээд бид хоёр машинаас буугаад зодолдож эхэлсэн тэр үед газар унахад заамдаж аваад толгойны дух хэсэгтээ баруун гараараа 3 удаа цохисон. Тэр үед Энхээ ирээд намайг салгаж аваад хоёр гараас тэврээд зогсож байхад би доошоо тонгойсон байхад ирээд миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Удалгүй цагдаа ирээд бид хэдийг цагдаагийн байгууллагад авч ирсэн. Би энэ гэмтлүүдийг маргааны улмаас *******тэй зодолдох үед авсан. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9955 дугаартай: “*******-*******ын биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10034 дугаартай: “*******гийн биед духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хацар, баруун шуунд зулгаралт, дух, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл учирсны дараа идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******гийн өгсөн: “...Би өмнө нь мэдүүлэг өгсөн. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч *******-*******ын зардлыг барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******-*******ын өгсөн: “...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Би хохирогч *******гийн зардлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

7. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65, 72 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******-******* нар нь 2024 оны 7 дугаар сарын 23-наас  24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “” дээд сургуулийн орчимд согтуугаар үл ялих зүйлээс болж маргалдан харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчоор *******гийн өгсөн: “...-******* бид хоёрын дунд маргаан үүссэн... тэгэхэд -******* миний толгой хэсэг рүү алгадаад байхаар нь би -*******ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. -******* миний дээр гараад баруун дух шанаа хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгтэл тэнд явж байсан таксины жолооч цагдаагийн байгууллагад хандсан. -*******оос өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), хохирогчоор *******-*******ын өгсөн: “... намайг дээшээ доошоо 10 нас надад хамаагүй одоо чамайг чи гэж дуудаж болно биз дээ хөгшөөн гээд байхаар нь надаас дүү залуу байсан болохоор миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. Би толгой хэсэг рүү нэг удаа алгадсан чинь намайг нэг цохисон тэгээд бид хоёр машинаас буугаад зодолдож эхэлсэн тэр үед газар унахад заамдаж аваад толгойны дух хэсэгтээ баруун гараараа 3 удаа цохисон. Тэр үед Энхээ ирээд намайг салгаж аваад хоёр гараас тэврээд зогсож байхад би доошоо тонгойсон байхад ирээд миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9955 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10034 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэг байгууллагад ажилладаг *******, *******-******* нар согтууруулах ундааны хэрэглэж, *******-*******оос насаар дүү ******* “... дээшээ доошоо 10 нас надад хамаагүй одоо чамайг чи гэж дуудаж болно биз дээ хөгшөөн” гэснээс  маргалдан харилцан зодолдож *******-******* нь *******гийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд учирсан духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хацар, баруун шуунд зулгаралт, дух, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол,  

******* нь *******-*******ыг газарт унагаж нүүрэн тус газарт баруун гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд учирсан зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч нарын тус тусын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч-хохирогч *******, *******-******* нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар  гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч-хохирогч *******, *******-******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хэн алинаасаа “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов. 

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******, *******-******* нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, *******-******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн гурван төрлийн ялаас улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан саналыг дагуу торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******, *******-******* нарыг тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Дээрх торгох ялыг хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэдгээрт мэдэгдэв.

Хэрэгт *******-*******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

      ТОГТООХ нь:    

1. овогт ын -*******, ******* овогт ийн нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******-*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт *******-*******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ