| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0909/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1046 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 20.7.1., 26.1.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүн НПГ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1046
2024 09 26 2024/ШЦТ/1046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,
улсын яллагч Г.Билгүүн /НПГ/,
хохирогч Г.Б,
гэрч Г.А,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн 2402001****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр С.Б "****" гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн буюу Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан,
Хохирогч С.Б "****" гэх фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Л.И "би ном уншаад гарч чадахгүй байна, та ****** гэсэн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны ****** дугаартай дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй зочид буудалд хохирогч Г.Б гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мөнгөн шилжүүлэг хийх, ашиглах эрх бүхий банкны цахим мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн,
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй зочид буудалд хохирогч Г.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хас банкны **** тоот данснаас өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Б-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн гар цүнхэндээ гялгар уутны хамт жин нь 21.3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol)-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би Г.Б-г танихгүй, А ахаар дамжуулж танилцсан. Би А-д ахад мөнгө зээлэх үү гэхэд надад мөнгө байхгүй, чамайг нэг хүнтэй танилцуулъя гээд Г.Б-тай танилцуулсан. Тэгээд бид уулзаад мөнгө зээлэх үү гэхэд Г.Б нь зөвшөөрч өөрөө над руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд дараа нь мөнгөө нэхээд надад Чингэлтэй дүүрэгт таньдаг хурандаа байгаа гэж намайг сүрдүүлсэн. Надад тухайн хугацаанд өгөх мөнгө байгаагүй юм. С Б гэсэн үйлдлийн хувьд, А бид 2 найзалж нөхөрлөж байсан нь үнэн. Тухайн үед А-с гадна эрэгтэй хүүхдүүд болох Т, Б, Б нартай найзалж байсан. А нь ахаас авах мөнгө гээд надад 300,000 төгрөг авч өгсөн. Би тэр мөнгийг яаж авсан болохыг мэдэхгүй. А нь өөрийн дансаа ашиглаж болохгүй байна гээд миний дансыг ашигладаг байсан. Т, Б, Б нар миний дансыг мэддэг ч ашиглаж байгаагүй. Харин А бол миний нууц кодыг мэддэг, ашигладаг байсан. Өмнө шүүх хуралд оролцох гээд найзындаа ирж хоносон юм. Тэр үед найзууд болон найзуудын найзууд цаасанд ороож дүнсэн тамхи шиг юм татахаар нь дүнсэн тамхи байна гэж бодоод би татсан, тэгээд цүнхэндээ хийсэн байсан. Би хар тамхины талаар ямар ч ойлголт байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс эсрэг байр суурьтай байна. Миний өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Би шүүгдэгчид мөнгө зээлээгүй. Хэрэв зээлсэн бол би өөрөө гүйлгээгээ хийж өгөх байсан. Тэгтэл энэ хүн гар утас унтарчихлаа, найзтайгаа утсаар ярих хэрэгтэй байна гэхээр нь би кодоо гаргаад утсаа өгсөн. Тэгтэл миний гар утсыг аваад гараад ариун цэврийн өрөө руу ороод 20-30 минут орчим болсон, их удсан. Тэгсэн сүүлд үзэхэд миний данснаас 3,500,000 төгрөг авчихсан байсан. Тэгээд би Б-рүү холбогдоод “цагдаа шүүх гээд яахав, миний мөнгийг буцаагаад өг” гэхэд “одоо боломжгүй байна” гэсэн. Тэгээд би Б-д тодорхой хэмжээний хугацаа өгсөн. Энэ хугацаанд мөнгө өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Б нь надад мөнгө зээлээч гэж гуйж байгаагүй. Надад Б гэж найз байгаа, түүнээс А гэж хүн байхгүй. Б нь энэ хүнд нэрээ юу гэж хэлснийг би мэдэхгүй. Би одоо 3,500,000 төгрөгөө шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
3.Гэрч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бусдын данс руу орж мөнгө авдаг асуудлыг би мэддэггүй байсан. Надад тэр үед гар утас болон данс байдаггүй байсан ба би насанд хүрээгүй байсан юм. Энэ асуудлын талаар сүүлд цагдаагийн байгууллагад очсон хойноо мэдсэн. Нэг л удаа би Б дансаар ахаас төрсөн өдрийн мөнгө гэж шилжүүлсэн 20,000 төгрөг авч байсан. Би Б хамт амьдарч байх хугацаанд хоёулаа л ажил хийдэггүй байсан бөгөөд Б нь аав, ээж, ах эгч нараас мөнгө орж ирлээ л гэдэг байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч С овогт Э Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр нь: “... Бид нарын зүгээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, зарим үйлдлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байгаа. Хохирогч Г.Б-с мөнгийг зээлж авсан талаар мэдүүлсээр ирсэн, мөрдөгч нь энэ асуудлыг тогтоож чадаагүй. Уул нь банкнаас хохирогчийн код өөрчлөгдсөн эсэхийг тодруулчих боломжтой байсан. Тэгээд ч хохирогч Б нь эд зүйлээ алдсан бол тухайн хугацаанд гомдлоо цаг алдалгүй гаргасан бол мөнгөө авчих боломжтой байсан байдаг. Гэтэл 20 гаран хоногийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа нь зээлсэн байхыг үгүйсгэхгүй юм. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
- хохирогч С.Б "********" гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн,
- улмаар иргэн С.Б-н "*******" гэх фэйсбүүк хаягийг ашиглан хохирогч Л.И-т "би ном уншаад гарч чадахгүй байна, та ********** гэсэн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ********** дугаартай дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримт нь:
1. иргэн Л.И Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ***дүгээр хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал),
2.Хохирогч С.Б-н: “...Би фэйсбүүкийн ****** гэсэн нэртэй хаяг ашигладаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Х.Т гэх хүний эхнэр Э-н фэйсбүүк хаягнаас “сайн уу ах, таны утасны дугаар хэд билээ” гэсэн чат ирсэн, би хариуд нь өөрийн 9981**** дугаарыг бичиж явуулаад өөрийнхөө фэйсбүүк хаягийг хакердуулсан. Тэгээд миний фэйсбүүк хаягийг ашиглан хүмүүсээс мөнгө гуйж зарим хүмүүсээс мөнгө авсан асуудал гарсан юм. Надад мөнгө өгч байна гэж итгээд мөнгө шилжүүлж залилуулсан зарим хүмүүс Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байх учиртай. Миний фейсбүүк хаягийг ашиглан бусдаас мөнгө авахдаа Б гэдэг хүний 5070****, Б 5779**** гэсэн данснууд ашигласан байсан. Би фэйсбүүк хаягаа алдсан гэдгийг удалгүй мэдсэн, тэгээд ойр орчмын хүмүүс рүү мессеж бичиж сануулсан. Би хакердуулсан ******* гэсэн нэртэй фэйсбүүкийн хаяг руу орж чадахгүй байгаа. Учир нь надад дээрх хаяг руу орох код байхгүй. Миний алдсан фэйсбүүкийн хаягийг ашиглан агуулах чөлөөлөх худалдаа, цахилгаан бараа зарна гэсэн зар тавиад миний фэйсбүүк хаяг дээр байсан зургийг тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-н: “...Талийгаач Л.И гэх хүн бол миний төрсөн эх байгаа юм. Би эхээс ганц хүүхэдтэй айлын хүүхэд байгаа юм. Ээж Л.Ич маань 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвчний учир нас барсан юм. ...Манай ээж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, 66 дугаар байрны 81 тоотод байхад тогтмол засал номоо хийлгэдэг нутгийн лам болох хүнтэй фэйсбүүкээр найз болсон байсан учраас фэйсбүүк хаягнаас нь “манай багш ирсэн ном хурж байна, та даатгуулах хүмүүс байвал нэр, жилийг нь явуулаарай, би гадагш гарах боломжгүй байна, та миний явуулсан данс руу 300.000 төгрөгийг явуулчих” гээд Хаан банкны тоот дансыг явуулахаар нь гараад АТМ-ээс өөрийнхөө данснаас лам С.Б гуайн явуулсан данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн гэж ярьдаг байсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа, мөнгө шилжүүлээд гэртээ орж ирээд түүнд утас руу залгаж мэдэгдэх гээд захидал бичиж байтал С.Б нь өөрийн фэйсбүүк хаягийг алдсан талаар сэрэмжлүүлэг явуулахаар нь залилуулсан гэж мэдсэн гэж ярьдаг байсан. Одоо тухайн асуудлын талаар миний зүгээс цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн асуудлын талаар өөрийн мөнгөөрөө хохирсон тэр настай хүний алдсан мөнгийг одоо нас барсан хойно нь авна барина гэж бусдыг зовоож, хэл ам хэрүүл тэмцэл гаргах зүйл байхгүй, боломж бололцоо байдаг бол хэргийг нь нөгөө хүнд гайгүй байх талаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Учирсан хохирлыг талийгаач ээжийг минь амьд сэрүүн байх хугацаанд хэн нэгний зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дахь тал),
4. Хаан банк дахь иргэн Л.И-н 532******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгч Э.Б-н хаан банк дахь депозит дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Э.Б-н эзэмшлийн Хаан банкны 577********* дугаартай данс руу 300,000 төгрөг шилжиж орсон ...” (1 дүгээр хавтаст хэргийн 165, 167-168 дахь тал),
5. Гэрч Г.-н: “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр 11 сарын эхээр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны гадна талд найзуудтайгаа явж байхад нь би Б-тэй танилцаж байсан юм. Тэгээд тэр өдрөөс тааралдаагүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна, бөхийн өргөөний урд явж байгаад тааралдаж улмаар Б хамт эгчийнх нь гэр болох бөхийн өргөөний нэг байранд хамт амьдрах болсон. Би Б-тэй хамт Сансарт мөн байр түрээсэлж хамт байсан. Б бид хоёр ямар нэгэн ажил хийдэггүй байсан ба Б байнга л мөнгөтэй байдаг байсан. Б-ээс би “хаанаас мөнгөтэй болоод байгаа талаар асуухаар ээж, ааваасаа мөнгө авч байна” гэж хэлдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур Б бид хоёр CU буюу түргэн хоолны газарт орж юм идээд дараа нь салаад явсан, тэрнээс хойш би Б-тэй уулзаагүй бөгөөд миний 9661**** дугаар луу Б өөрийн 9966**** гэсэн дугаараас залгаад “чиний зургийг чинь цагдаа нар бариад манай гэрт ороод ирсэн, надтай хамт байсан гээд ороод ирсэн, чи надтай хамт байсан гэж хэлэхгүйгээр утсаа унтраагаад фэйсбүүкээ хаагаад нэг хэсэгтэй алга болоорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад алга болох юм” гэж асуутал “би ч гэсэн алга болох гэж байгаа юм, чи бас алга бол” гэж хэлсэн. Тэгээд би байж байтал аав над руу залгаад “цагдаа нар чамайг асуугаад байна” гэж хэлсэн. ...Б өдөржингөө л утсаа оролдоод суучихдаг байсан бөгөөд удахгүй мөнгө орж ирэх гээд байна гэж хэлээд байдаг байсан, би уг мөнгийг ямар аргаар олдог талаар мэдээгүй. Баасанхүү тухайн мөнгөө дандаа мобиал банк ашиглаж худалдан авалт хийдэг байсан. Бү хоол унд идэж уух л юм авч байсан, надад үлдэхээр эд хөрөнгө бол авч өгөөгүй, өөрөө бас эд зүйл авч байгаагүй. Б фэйсбүүк рүү орохдоо Айфоне 6 плас маркийн гар утас барьж байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр Сансарт байдаг үсчинд үсээ янзлуулаад сууж байтал Б үсчин залуугаас дансаар чинь мөнгө оруулаад авчихъя гээд дансаар нь мөнгө шилжүүлж авч байсан. Миний зүгээс ********* гэсэн хаягт нэвтэрч орох, ашиглан бусадтай захидлаар харилцах үйлдэл гаргаж байгаагүй. Э.Б тухайн үед өөрөө барьдаг байсан Айфоне 6 плиус маркийн гар утсаар лам хүний хаяг гэж Б.Б-тэй ярьж байсан талаар сонсож байснаас өөрөөр мэдэх зүйл байхгүй. Ингэхдээ түүнийг тухайн хүний фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрсэн, иргэдээс мөнгө шилжүүлж авсан гэдгийг мэдээгүй байж байгаад сүүлд нь цагдаагийн байгууллага дээр очоод хэргийн талаар нарийн тодорхой зүйлийг мэдэх болсон. Би насанд хүрээгүй байсан болохоор надад данс тухайн үед байгаагүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187-188, 199 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иргэн С.Б хохирсон асуудлын тухайд, иргэн С.Б нь лам хүн байх бөгөөд тэрээр тодорхой хэмжээний байнгын үйлчлүүлэгч, танилын харилцаатай хүмүүстэйгээ Facebook хаягаар харилцдаг, энэ утгаараа хувийн мэдээллээ интернет цахим орчинд байршуулснаар шүүгдэгч Э.Б нь хуурамч аккаунт ашиглан танил хүнийх нь дүрд хувирч хохирогч С.Бямбаатай харилцаж Facebook хаягаа алдахад хүргэсэн буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилснөөр хохирогч С.Б нь өөрийн Facebook хаягаа ашиглах боломжгүй болсон байна.
Шүүгдэгч Э.Б-н энэхүү хууль бус үйлдэл нь дараах гэмт хэргийн шинжиг хангасан гэж дүгнэхээр байна. Тодруулбал,
Цахим аюулгүй байдал нь нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэсэн 3 элементээс бүрддэг. Нууцлал гэдэг нь хамгаалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авахаас сэргийлэх тухай ойлголт бол бүрэн бүтэн байдал гэдэг нь нууц өгөгдөл, мэдээллийн бүрэн бүтэн байдал болон мэдээллийг зөвшөөрөлгүй этгээд өөрчлөхөөс хамгаалахыг хэлнэ.
Харин хүртээмжтэй байдал гэдэг нь зөвшөөрөгдөн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хандах, нэвтрэх мэдээлэл цуглуулах, ашиглах боломжтой байхыг ойлгоно.
Цахим орчин гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлнэ гэж тодорхойлжээ.
Фейсбүүк хаяг нь мэдээллийн системд хамаарах ба үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан, түүнд нэвтрэх нууц үгийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг хувиргаж өөрчилсөн гэж ойлгоно.
Фейсбүүк хаяг хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй бөгөөд кибер орчинд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, мэдээлэл нэмж оруулсан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хуулбарлаж авсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн.
Шүүгдэгч Э.Б нь бусдын фейсбүүк хаягт халдаж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж дүгнэв.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.Б-н дээрх үйлдэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд,
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.
Гэтэл шүүгдэгч Э.Б хохирогч С.Б-н /мэдээллийг өөрчилсний улмаас өөрийн фейсбүүк хаягаа ашиглах боломжгүй болсон/ фейсбүүк хаягийг ашиглан лам С.Б ном хуруулдаг Л.И-той харилцахдаа С.Б-н өмнөөс ном уншуулсны мөнгө шилжүүл хэмээн өөрийн дансны дугаарыг илгээж, хохирогч Л.И нь түүний хэлсэн данс руу мөнгө шилжүүлснээр шүүгдэгчид захиран зарцуулах эрх үүссэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.
Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин халдлагын зүйл нь мөнгө, бараа, материаллаг үнэт зүйлс ... байна.
Шүүгдэгч Э.Б-н дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Улмаар шүүгдэгч Э.Б нь хохирогч Л.И-с эд хөрөнгийг авах зорилгоор худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авсан уг үйлдэл нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б нь дээрх цаг хугацаанд нийлмэл гэмт хэргийг үйлдсэн шинжтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.А нь дээрх хэргүүдийг үйлдсэн, би мэдэхгүй, Г.А нь миний дансыг ашиглаж мөнгө шилжүүлж авсан” гэж мэдүүлсээр ирсэн боловч түүний энэ мэдүүлэг өөр бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, харин иргэн И-с шүүгдэгчийн эзэмшлийн дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга хэрэгт авагдсан, мөн цахим хаяг нь алдагдсан, уг алдагдсан хаягийг ашиглан танил хүмүүс рүү нь мөнгө шилжүүлэх тухай захидлыг, дансны дугаарын хамт илгээсний дагуу мөнгө шилжүүлсэн гэх үйл явдлыг хохирогч С.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т нар нь мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Б-г тус хэргүүдийг үйлдсэн байна гэж дүгнэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
II.Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их Бүрд нэртэй зочид буудалд хохирогч Г.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Г.Б-с гар утсыг нь авч:
- хохирогч Г.Б-н гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан кибер орчин зөвшөөрөлгүйгээр хандаж мөнгөн шилжүүлэг хийх, ашиглах эрх бүхий банкны цахим мэдээллийн системд нэвтэрсэн,
-улмаар хохирогч Г.Б-д мэдэгдэлгүйгээр, нууцаар түүний эзэмшлийн Хас банк дахь ******* дугаартай данснаас 3.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаарын данс руу шилжүүлж Г.Б-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар кебир орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.
Шүүгдэгч Э.Б нь зочид буудалд хамт хоносон хохирогч Г.Б-с “ утасны цэнэг дуусчихлаа, хүнтэй утсаар ярих хэрэгтэй байна” гэх шалтгаанаар гар утсыг нь авч гаран ариун цэврийн өрөөнд орсон үедээ хохирогчийн интернэт банкны нууц үгийг утасны Notepad-д тэмдэглээстэйг олж мэдэн түүний эзэмшлийн интернэт банкны системд хууль бусаар нэвтэрснээр гэмт хэрэг төгссөн шинжтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Б-н эзэмшлийн гар утсыг авч гаран хохирогчийн интернэт банкны нууц үгийг утасны Notepad-д тэмдэглээстэйг олж мэдэн түүний эзэмшлийн интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Хаан банкны ...дугаар бүхий данснаас 3.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь хохирогч Г.Б-н эзэмшлийн интернет банкийг ашиглан шунахай сэдэлтээр, түүнд мэдэгдэлгүйгээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр данснаас нь 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар хандаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.Б- нь иргэн Г.Б-с мөнгө зээлсэн асуудал нь гэмт хэрэг биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч хохирогч Г.Б нь шүүгдэгч Э.Б-д мөнгө зээлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, харин эсрэгээрээ шүүгдэгч Э.Б-н дээрх үйлдлүүд /Г.Б-с гар утсыг авсан үедээ банкны мэдээллийн системд нэвтэрч мөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг шинжийг хангасан байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймээс өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
III.Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн гар цүнхэндээ гялгар уутны хамт жин нь 21.3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol)-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь:
1.Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас: “...шүүхээс хорих ял авсан хүний биед гадна үзлэг хийх явцад мансууруулах төрлийн эм бодис байх боломжтой зүйл гарч ирсэн гэх...” дуудлага (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх дахь тал),
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...цагдаагийн дэд ахлагч, дэд ахлагч Г.Б ширээн дээр тавьсан гялгар ууттай нунтаг, хуурай ургамал мэт зүйлийг иргэн Э.Б-н биеэс гарч ирсэн хэмээн заасныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав” гэж тусгагдсан. (1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дахь тал)
3.Гэрч Г.Б-ний: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Б.Б-ны хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хорих ял авсны дараа түр саатуулах байранд оруулахын өмнө Э.Б-н өмгөөлөгчийг байлцуулан эд зүйлд нь үзлэг хийхэд ... хар өнгийн гар цүнхнээс түрүүвч маягийн зүйлээс нь нэвт харагддаг гялгар ууттай, ногоон өнгийн хуурай ургамал мэт зүйл гарын алганы тал орчим хэмжээтэй гарч ирсэн. Тус иргэн нь цүнхэнд нь үзлэг хийх явцад тухайн ургамал мэт зүйл байгаа хэсгийг онгойлгох гэхэд эсэргүүцэж үзүүлэхгүй гэж татсан. Э.Б-с тухайн ургамал юу болохыг асуухад “мэдэхгүй ээ, минийх биш манай эрэгтэй найзынх, би өглөө найзаасаа авсан” гэж хэлсэн. Тухайн ургамал нь мансууруулах төрлийн ургамал байж болохуйц харагдсан тул Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийчхээд тухайн ургамлыг шинжилгээнд явуулахаар хурааж авсан. Э.Б өмгөөлөгч нь болох хүнтэйгээ л уулзсан, өөр ямар нэгэн хүнтэй уулзуулаагүй, эмэгтэйчүүдийн түр саатуулах байранд авчирсан. Саатуулах байранд бол хяналтын камертай. Эд зүйлд үзлэг хийсэн өрөөнд хяналтын камер байхгүй. Үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр өмгөөлөгч нь болох эмэгтэй, шүүгчийн туслах Э.Оюунхүү нар байсан. Өөр ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал)
4.Гэрч Б.Б: “…2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б хамт үүрэг гүйцэтгэж байсан. Шүүхийн Д танхимд 16 цагт товлогдсон шүүх хуралдааны шүүгдэгч Э.Б нь хурлаар орж 17 цаг 30 минутын орчим шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай болохыг тооцож 1 жил, 6 сар, 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Б-г түр саатуулах байранд оруулахын өмнө өмгөөлөгчийг байлцуулан эд зүйлд нь үзлэг хийж гартаа барьж явсан хар өнгийн гар цүнхнээс зүүсэн түрүүвч маягийн зүйлд үзлэг хийх гэхэд эсэргүүцэж татсан, тэгээд үзлэгийг үргэлжлүүлж тухайн хэсгийг онгойлгож үзэхэд нэвт харагддаг гялгар ууттай, ногоон өнгийн хуурай ургамал мэт зүйл гарын алганы тал орчим хэмжээтэй гарч ирсэн. Э.Б-с тухайн ургамал юу болохыг асуухад “мэдэхгүй ээ минийх биш, манай эрэгтэй найзынх, би өглөө найзаасаа авсан” гэж хэлсэн. Тухайн ургамал нь мансууруулах төрлийн ургамал байж болохуйц харагдсан тул Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийчхээд тухайн ургамлыг шинжилгээнд явуулахаар хурааж авсан. Өөр ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирээгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал)
5.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1027 дугаар шинжээчийн: “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.Б гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Хэрэглэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал)
6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1026 дугаар шинжээчийн: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "СХДЦХ-3 Б-н биеэс гарсан ургамал а/д Ч.Пүрэвсүрэн өвс мэт зүйл -1 уут” гэж хаягласан цаасан ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цаасан ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 21.3 грамм, цэвэр жин нь 19.1 грамм байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал)
7.Шүүх сэтгэц эмгэг судлалын *** дугаартай: “...Э.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Б нь хэрэг үйлдэгдэх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б барьж явсан цүнхэнд үзлэг хийх явцад хэрэгт хураагдсан мансууруулах бодис гарч ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсоноос гадна түүний биеэс биологийн дээж авч, шинжлэхэд шээсэнд нь тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн зэрэг нотлох баримтуудтай байх тул шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б нь уг өвс шиг зүйлийг дүнсэн тамхи гэж ойлгож хэрэглэсэн, цүнхэндээ авч явсан, хар тамхи гэдгийг мэдээгүй гэх асуудал нь түүний үйлдлийг үгүйсгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэхээр хуульчилсан.
“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.
Энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, орон байр, тээврийн хэрэгсэл, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг байлгахыг “хууль бусаар хадгалсан” хэмээн үздэг.
Иймд шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэв.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т 300.000 төгрөг, хохирогч Г.Б 3.500.000 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч Э.Б нь тус тус төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Э.Б 3.800.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б 3.500.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т 300.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч нь “...Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б энэ тогтоолоор оногдуулсан ял дээр, өмнөх Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хугацааг тогтоох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр: “...шүүгдэгч Э.Б нь зарим үйлдлийг хүлээн зөвшөөрч оролцсон. Түүний зарим үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлүүд байсан ба тухайн үед нэг мөр шийдүүлэх боломжтой байсан гэж харж байна. Иймд энэ нөхцөл байдлуудыг харгалзан хамгийн багаар ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж, хохирлын хэмжээ, шүүгдэгч нь хохирогч нарт хохирлыг төлж барагдуулаагүй байдал, нөгөө талаас шүүгдэгч нь өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, урьд нь хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Э.Б Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 шүүгчийн захирамжаар 68 хоногийн хорих ялаар сольсон ба эдлээгүй үлдсэн 26 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Э.Б биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснээс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар шүүгдэгч Э.Б нь биеэр 05 сар 16 хоногийн хорих ялыг эдэлсэн, үлдэж буй хорих ял нь 01 жил 01 сар 10 хоног гэж тооцсон ялын тооцооны тодорхойлолт авагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 71, 240, 2 дугаар хавтаст хэргийн 10-30 дахь тал)
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жил 7 сар 10 хоногоор тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э. нь 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 135 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 66, 2 дугаар хавтаст хэргийн 69,73)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “цаасан ууттай ногоон өнгийн ургамал уутны хамт 21,3 грамм цэвэр жин нь 19,1 грамм сэтгэцэт нөлөөт бодис”-ийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Э Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 (таван) жил 7 (долоо) сар 10 (арав) хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон 135 (нэг зуун гучин тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийт 3.800.000 (гурван сая найман зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т 300.000 (гурван зуун мянган) төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “цаасан ууттай ногоон өнгийн ургамал уутны хамт 21,3 грамм цэвэр жин нь 19,1 грамм сэтгэцэт нөлөөт бодис”-ийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ