Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1139

 

 

   2024        10          15                                    2024/ШЦТ/1139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

           улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолт/,

            хохирогч Л.Батхуяг,

            шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408********* дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бумбод” компанид харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 6 дугаар гудамжны 30 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн А Б/РД: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 7-17 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Б маргалдан улмаар түүнийг түлхэж унаган сандлаар толгойн тус газарт нь цохих, хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар зодож “баруун ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйх, зүүн мөр, баруун тохой, шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хүнтэй хамт архи уугаагүй. Архинд хамт явж ирсэн нь үнэн, тэгээд удалгүй яваад өгсөн. Би энэ хүнийг ирэхээс өмнө Х, Б гээд саяхан бурхан болсон ах нартай хамт 1 шил архи хувааж уусан. Яг дуусаж байхад энэ хохирогч гэх хүн 5, 6 цагийн үед орж ирсэн. Бид хоёрын дунд  ямар ч маргаан болоогүй. Орж ирэхдээ л толгойноос юм гараад байна гээд харуулж байсан. Энэ хүн намайг яагаад гүтгээд  байгаа юм бүү мэд. Б нь нилээн согтуу байсан, болсон явдлыг санахгүй байх. Энэ хэрэгт худлаа зүйлүүд их байна. Би хохирогчийг зодоогүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хохирогч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр Г ахынд очсон. Намайг ороход Г ах, Б, Төгсөө гээд энэ залуу байсан. Тэгээд архинд хамт явж ирсэн. Би энэ Бүрэнтөгс гэх залууг танихгүй тул гүтгэх шалтгаан байхгүй. Би болсон явдлыг үнэнээр нь ярьсан. Би Г, Б, Б нартай хамт архи уусан. Нэг мэдсэн архи уугаад согтсон байх, Б учир зүггүй сандлаар намайг цохиод байсан. Би цагдаад бүгдийг нь ярьсан байгаа. Би оройн 17 цагийн орчимд очсон. Би Б юунаас болж маргаснаа  санахгүй байна.Нэг мэдэхэд л сандлаар толгой руу цохиод, миний нүүр лүү дэвсээд байсан. Тэгсэн Г ах сэрээд “больцгоо, наад цусаа цэвэрлэ хэцүүдлээ” гэж хэлээд болиулсан. Би тэгээд Г ахынд унтаж байгаад 12 гээд босоод  эхнэрийнхээ гэр лүү нь очсон. Эхнэртэйгээ муудсан байсан тул  дийлэх гээд 2 хүнд зодуулсан гэж худал хэлсэн. Түүнээс өөр хүнд зодуулсан асуудал байхгүй. Би Г ахынд очихдоо зодуулсан байдалтай ороогүй. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь “...А.Б нь хохирогч Л.Б зодож гэмтэл учруулсан асуудал бүрэн нотлогдож тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад:   

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Сансарын 7-17 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Б маргалдан сандлаар толгойн тус газарт нь цохих, хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар зодож “баруун ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйх, зүүн мөр, баруун тохой, шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Л.Б нь бусдад зодуулсан”  (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Сансарын 7 дугаар гудамжны 17 тоот хашаанд байрлах  байрлах байшинд ороход  эд зүйлс эмх цэгц муутай, гал тогоо хэсгийн  шал болон эд зүйлс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, цэнхэр өнгийн модон сандал  мөн ижил  цус мэт улаан хүрэн  өнгийн зүйлээр бохирлогдсон байв.” (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

3. Хохирогч Л.Б: “…Г гэрт байхдаа Б гэх хүнд зодуулаад тэндээс гараад такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 55-22 тоотод байрлах салсан эхнэр Т.М гэрлүү очсон. Би тухайн үед гэрээс хүүхдүүдтэйгээ уулзчихаад салж нийлэх асуудлаас болж маргалдаад гэрт оруулахгүй гээд аашлаад байхаар нь орой очихдоо 2 хүнд зодуулсан, танай байрны тэнд зодуулсан гэж худал хэлсэн. Тэгсэн Т.М цагдаад дуудлага өгөхдөө 2 хүнд зодуулсан гээд худал хэлчихсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаагийн албан хаагчид ахынхаа гэрт ахын найзад зодуулсан гэж үнэнээ хэлсэн. Түүнээс намайг 2 хүн зодсон асуудал байхгүй. Би эхнэрээ айлгах гэж худлаа хэлээд, эхнэр маань цагдаад тэр үгээр нь дамжуулаад хэлчихсэн. Би энэ Б гэх залууг танихгүй тул гүтгэх шалтгаан байхгүй. Би болсон явдлыг үнэнээр нь ярьсан. Би оройн 17 цагийн орчимд Г  ахынд очсон. Би Б юунаас болж маргаснаа  санахгүй байна. Нэг мэдэхэд л сандлаар толгой руу цохиод, миний нүүр лүү дэвсээд байсан. Тэгсэн Г ах сэрээд “больцгоо, наад цусаа цэвэрлэ хэцүүдлээ” гэж хэлээд болиулсангэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 402 дугаартай: “...Л.Б биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйх, зүүн мөр, баруун тохой, шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

5. Гэрч Б.Г: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Сансар 7-17 тоотод байрлах өөрийнхөө байшинд байхад найз Б хамт эвдэж бэлдсэн ба тухайн оройдоо мах чанасан. Тэгээд би ганцаараа 0,33 литрийн хэмжээтэй Хараа гэсэн бичиглэлтэй архи уусан, Б болохоор хүүхэд сургуулиас нь очиж авна, согтуу жолоо барихгүй гээд уугаагүй. Архиа ууж дуусгаад би унтчихсан. Намайг унтсаны дараа дүү Б болон манай урд гудамжинд амьдардаг Б /Төгсөө гэж дууддаг/ нар орж ирсэн байсан. Дүү Б болон Б хоёр архи авахаар дэлгүүр лүү,  Б ач хүүгээ авах гээд цуг манай гэрээс гарсан. Би унтаж байхад цагдаа нар сэрээсэн, гэрийн шалан дээгүүр цус гоожсон байсан. Би ямар зодоон болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай гэрт Б, Б, дүү Б нар байсан. Өөр гаднын хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  24 дэх тал),

 

6. Гэрч Г.Г: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аав Г нь урд гудамжинд амьдардаг Т болон Б ах нартай хамт нийлээд мах аваад ирэхэд гаднаас Б ах орж ирээд "Та нар гэр эзгүйчлээд, архи уулаа" гэж уурлаад чанга яриад байхаар нь би гараад явчихсан. Тэгээд явж байгаад орой ирэхэд аав Г болон ах Б нар байсан бөгөөд Б ах надад хандаж Төгсөөд зодуулсан гэж хэлж байсан. Тэр үед аав сэрүүн байсан ба “Төгсөө ах чинь Б ахыг чинь зодчихлоо” гэж хэлж байсан. Гэрийн шалаар зөндөө цус болчихсон, Б ахын нүүр хавдаад цус болчихсон байсан. Би хэн хэн хоорондоо хэрхэн зодолдсон талаар мэдэхгүй байна. Аав Ганхуяг нь тухайн үед нилээн согтуу байсан. Б нь манай гэрт ирэхдээ эрүүл архи уугаагүй, бусдад ямар нэгэн байдлаар зодуулаагүй байсан. Манай аав Б ахтай ямар нэгэн байдлаар зодолдохгүй, маргалдаж муудалцаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

7. Гэрч Т.М: “... 2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 01 цаг өнгөрч байхад салсан нөхөр Л.Б зодуулсан байдалтай, нүүр нь хавдчихсан, хувцас нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би яасан талаар асуухад “...чиний явалддаг 2 залуу чинь сая байрны хойд талын хогийн цэгийн хажуу талд зодчихоод яваад өглөө гэж ярьсан. Гэхдээ надад явалддаг хүн байхгүй юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад 2 хүнд зодуулсан байдалтай ирсэн гэж хүү Д утсаар дуудлага өгсөн, мөн түргэн тусламжид хандсан. Тэгээд салсан нөхөр Л.Б цагдаагийн албан хаагч нар юу болсон талаар асуухад “би харвалт өгөөд хагалгаанд орж байсан, буруу зөрүү санаад байх шиг байна, Баянхошуунд ахынхаа гэрт архи ууж байхдаа хамт архи ууж байсан ахын найзад зодуулсан гэж хэлж байсан, тухайн үед зодуулсан гэх ахынхаа хаягийг би цагдаагийн албан хаагч нарт хэлж өгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгахаар болсон. Л.Б хэлэхдээ ахынхан найз, урд талын гудамжинд байдаг залуу л зодсон гэж хэлсэн. Манай гэрт ирэхдээ таксигаар ирсэн гэсэн, одоо ямар машин гэдгийг санахгүй байна. Тэр үедээ их согтуу, нүүр нь хавдсан, толгойноос нь цус гараад хувцас нь цус болсон байдалтай гэрт орж ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал),

 

8. Гэрч Н.Е: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 08:30 минутаас Ачит-112 чиглэлд эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Ш.Д хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу шөнө 02 цаг 22 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 7 дугаар гудамж 17 тоотод /50 настай эрэгтэй 2 хүнийг 2 залуу зодоод тархийг хагалчихсан байна одоо ГССҮТ-ийн хүлээн авах дээр ирсэн байна/ гэх дуудлага, мэдээллийн дагуу тухайн хаяг дээр очиж шалгахад тухайн хаягийн эзэн Ганхуяг гэх хүн ганцаараа байсан ба нөхцөл байдлыг тодруулж асуухад би сайн мэдэхгүй байна, архи уугаад тасраад унтаад өгсөн юм. Манай гэрээр дүү Б, урд гудамжинд амьдардаг Б гэх хүмүүс орж ирж архи уусан талаар ярьж байсан юм. Мөн дуудлага, мэдээлэл өгсөн хүнтэй ярихад эмэгтэй хүн байсан ба манай нөхөр зодуулсан байдалтай, бид хоёр Гэмтэл дээр ирсэн байна гэсэн ба тэгээд ямар хүнд зодуулсан талаар асуухад тухайн зодуулсан газрын урд талд байдаг, одоо нэрийг нь санахгүй байна, тухайн үед нэрийг нь хэлж өгч байсан юм, урд талын гудамжинд байдаг айлын хүнд л зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд жижүүрт бүрэлдэхүүнд дуудуулаад үзлэг хийлгүүлсэн байгаа. Зодоон болсон гэх газарт хувцасны шүүгээний ирмэг хэсэг дээр цус болчихсон харагдаж байсан. Мөн шалаа тухайн үед арччихсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дахь тал),

 

9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Л.Б 1-4 гэж дугаарласан гэрэл зургийг хараад 4 дугаартай А.Б өөрийг зодсон гэж заасан” (хавтаст хэргийн 35-40 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тус хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсанаар Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Сансар 7-17 тоот хашаанд байрлах байшингийн гал тогоо хэсэгт шал болон эд зүйлс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, цэнхэр өнгийн модон сандал  мөн ижил цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсан нь тэмдэглэгдэж бэхжигдсэн байх бөгөөд тухайн өдөр уг айлд буюу Б.Г гэрт Л.Б, н.Б, Б.Г, А.Б нар нь мах чанаж идэн архи ууцгаасан болох нь хохирогч Л.Б, гэрч Б.Г, Г.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч Л.Б нь Б.Г согтоод унтсан, н.Б хүүхдээ авах гээд явсан хойгуур шүүгдэгч А.Б үлдсэн энэ үед маргалдаж шүүгдэгч А.Б нь түүнийг цэнхэр өнгийн сандлаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсон гэж мэдүүлсэн нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон цохисон гэх эд зүйлийн шинжтэй таарч байх ажээ.

Улмаар гэрч Г.Г мэдүүлэгт хохирогч Л.Б нь тэдний гэрт ирэхдээ ил харагдах гэмтэл шархгүй байсан, харин өөрийг нь гэрээсээ гарч явчихаад буцаж ирэхэд гэрийн шалаар зөндөө цус болчихсон, Б нүүр хавдаад цус болчихсон байдалтай “Төгсөөд зодуулсан” гэж хэлсэн талаар гэрчилж мэдүүлсэн бол гэрч Б.Г нь “н.Б хүүхдээ авах гээд явсан, архинд Т, Б нар явсан, би согтоод унтчихаад босож ирэхэд гэрийн шалан дээгүүр цус гоожсон байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, тэдгээр нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд юу болоод өнгөрснийг  хараагүй ч тэдний гэрт гэмт хэргийн ул мөр илэрсэн төдийгүй хохирогчид гэмтэл учирсан, гэрт нь Төгсөө болон Л.Б хоёр л үлдсэн байсныг мэдүүлсэн байна.

Эндээс үзвэл, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансар 7-17 тоот хашаанд байрлах иргэн Б.Г байшинд шүүгдэгч А.Б, хохирогч Л.Б нарын  хооронд уг үйл явдал өрнөж, шүүгдэгч А.Б нь  хохирогчийг гэмтээсэн гэж дүгнэхээр байна.

Хэдийгээр шүүгдэгч А.Б нь хохирогчийг гаднаас ирэхдээ хүнд зодуулсан гээд нүүр ам нь цус болсон байдалтай орж ирсэн, тэрээр 2 хүнд зодуулсан гэж цагдаад дуудлага өгсөн байсан, би түүнд гар хүрээгүй гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч болон бусад гэрч болох Б.Г, Г.Г нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн, хохирогч Л.Б нь салсан эхнэр болох Т.М айлгах зорилгоор “2 хүнд зодуулсан” гэж худлаа хэлсэн, харин цагдаагийн албан хаагчдад үнэн бодит байдлаа буюу А.Б зодуулсан тухайгаа хэлсэн гэдгээ тайлбарлаж мэдүүлсэн нь гэрч Т.М  өгсөн салсан нөхөр Л.Б нь “чиний явалддаг 2 залуу чинь сая ...зодчихоод яваад өглөө гэхээр нь би цагдаагийн байгууллагад 2 хүнд зодуулсан байдалтай ирсэн” гэж дуудлага өгсөн, түүнээс биш надад явалддаг хүн байхгүй буюу нөхрийнхөө хэлсэн үгээр дуудлага өгсөн гэдэг мэдүүлгээс ноцтой зөрөөгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэргийн ангилалд хамааруулсан, уг гэмтлийг бүхэлд нь шүүгдэгч А.Б учруулсан, түүнийг гүтгэх шалтгаан байхгүй гэж хохирогч Л.Б мэдүүлсэн, түүний мэдүүлэг бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй тул түүнд учирсан хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эндээс үзвэл, шүүгдэгч А.Б хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, шүүгдэгч А.Б энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б биед хөнгөн хохирол учирсан  байх ба  хохирогч  Л.Б нь  хохирол нэхэмжилсэн талаарх холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч А.Б нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С: “...Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Сансарын 7 дугаар гудамжны 17 тоотод 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Л.Б нь 2023 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.011.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009********** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал), төрийн үйлчилгээний нэгдсэн системээр  дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 43-48 дахь тал)

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр  дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтад хохирогч Л.Б нь энэхүү хэргийн улмаас “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 120,000, 48000 төгрөгийн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15000 төгрөгийн, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2.819.000 төгрөгийн буюу нийт 3.002.000 төгрөгийн эмчилгээг хийлгэсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч А.Б 3.002.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь “...А.Б хувийн байдлыг харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймээс шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, нөгөө талаас түүний хувийн байдал /Н54 Сохор ба хараа муудах оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих  эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг  хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Бүрэнтөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг 3 (гурав) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих  эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б 3.002.000 (гурван сая хоёр мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ