Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

 

 

 

 

 

   2024         10           31                                   2024/ШЦТ/195                                 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Д.Ганцэцэг

         Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н-т холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сум ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б овгийн Л-ийн Н.

            Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Л.Н-ыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төв Соёлын төв рүү явж байгаад Г.М-ыг намайг мөрлөлөө гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхи, дуранд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Н нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төв Соёлын төв рүү явж байгаад Г.М-ыг намайг мөрлөлөө гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхи, дуранд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Н гэм буруутай болох нь:

 

   Шүүгдэгч А.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Соёлын төвд орчхоод гарахдаа Г.М үүдэн дээр хажуугаар гарахдаа мөрлөөд гарсан. Тэгээд “та яаж байна” гэсэн чинь “яасан ч яах вэ” гэхээр нь би тэр хүнийг гараараа 2 удаа цохиод авсан. Тэр хавьд хүмүүс байсан. Манай эхнэр түрүүлээд явчихсан байсан. Тэгээд эргэж ирээд намайг аваад явсан. Би цохихдоо нүднийх нь дээд хэсэгт зулгаралт үүсгэсэн юм билээ. Намайг тухайн үедээ тэр хүн гомдолтой гээд цагдаад өгсөн... Би 500,000 төгрөг өгсөн. Эмчилгээнийх нь мөнгө гарахаар өөрөө хэлнэ гэсэн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Үүнээс хойш дахиж ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

 

          Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 100 жил ой болоод Г, С ахтай хамт бид гурав 0,75 литртэй архи хувааж уучхаад би соёлын төвд хүндэтгэлийн арга хэмжээ болж байхаар нь тийшээ очих гээд явж байсан. Тэгсэн урдаас Н эхнэр Б хоёр урдаас ирж таарсан юм. Тэгээд мэндийн зөрүүгүй намайг Н барьж аваад боож унагаасан юм. тэгсэн эхнэр Б нь намайг өшиглөсөн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Намайг Н эхлээд боож унагаасан тэгээд нүд рүү өшиглөсөн, хамар руу гараараа цохисон тэгсэн миний хамарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-ний шөнө сумын 100 жилийн ойн хүлээн авалтад ороод соёлын төвд байсан. Би нөхөртэйгөө хамт соёлын төвөөс гарч ирсэн. Би түрүүлээд урд нь явж байсан. Манай нөхөр Н нь П даргатай уулзаад зогсож байсан. Тэгээд Н нь удаад байхаар нь би эргэж ирсэн  чинь манай нөхөр М-тай барилцаад зогсож байсан юм. Тэгээд би нөхөр Н-ыг салгаж аваад гэр рүүгээ явсан юм. Тэр хоёрыг цохиж зодолдсоныг хараагүй. Намайг буцаад ирэхэд барилцаад зогсож байсан. Намайг очиж нөхрөө авах үед тэр хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би М-ын биед хүрээгүй. Намайг очиход тэр хоёр барилцаад зогсож байсан. Тэр хоёр хоорондоо тийм зүйл болсон байх. Би соёлын төвийн урд талын нарийн гудамжаар гараад харсан чинь Н нь байхгүй байхаар нь эргээд очсон чинь М, Н хоёр барилцаад зогсож байсан. Би нөхрөөсөө түрүүлж яваад 2-3 минут болсон байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Г.М нь 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Жаргалан сум эрүүл мэндийн төв яаралтай тусламж 127.072 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 31.049 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж 38.767 төгрөг, нийт 196.888 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Дээрх тусламж үйлчилгээний мөнгө болох 196.888 төгрөгийг гаруулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23-р хуудас/

 

Говь-Алтай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...1.Г.М-ын биед  зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхи, дуранд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Г.М-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 200 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 45-16-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Л.Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал болох 196,888 төгрөгийг шүүгдэгч нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 196,888 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

   2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд шүүгдэгч Л.Н-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

 Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б овгийн Л-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

     4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Н-т мэдэгдсүгэй.

     5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Шүүгдэгч Л.Н-аас 196,888 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг буюу Нийгмийн даатгалын Эрүүл мэндийн санд олгосугай.

     7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА