| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0198/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/197 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/197
2024 10 31 2024/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Д.Ганцэцэг
Хохирогч Б.Н
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын Индэрт баг **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *********** регистрийн дугаартай, О овгийн Н-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Н.Б-ийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай зах дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.Н-тай маргалдаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж газарт унагаж түүний биед хамрын мурийлт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Б нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай зах дотор тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.Н-тай маргалдаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж газарт унагаж түүний биед хамрын мурийлт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр архи ууж таарамжгүй байдлаасаа болж маргалдан улмаар Б.Н-ыг цохиж хамрыг нь мурийлгасан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Бид хоёр хохирлын талаар хоорондоо тохиролцсон байгаа. Би төлнө гэдгээ хэлсэн... Одоогоор тогтсон ажил байхгүй. Хөлсөөр нүүрсний машин барьдаг... Цохисноос хойш 2 сарын дараа л хамар мурийлаа гэж хэлээд мэдсэн. Тухайн үед нь би урд хил дээр ажилд явж байсан юм. 9 сарын үед цагдаад өргөдөл өгөөд дуудахад нь “юу болов” гэсэн чинь “хамар мурийсан” гээд ерөнхийдөө мэдсэн. Тэгээд одоо эмчлүүлж өгье, хэдэн төгрөг гарах нь вэ, зардал мөнгийг нь тооцъё гээд бид хоёр хоорондоо ярьчихсан байгаа л даа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Бид хоёр архи ууж жоохон маргалдаад Н.Б миний хамар руу цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо тохиролцоод хамрын мурий гаргаж өгнө. Төлбөр төлнө гэдгээ хэлсэн болохоор гомдолгүй гэсэн... Нэг их өвдөхгүй. Хамар л жоохон мурийчихсан...хамраа янзлуулаагүй. Янзлуулж өгнө л гэсэн учраас нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Гэрч А.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг өнгөрч байхад Баяраа над руу гар утсаар залгаад Н- бид хоёр түүхий эдийн цэгийн энд байна хүрээд ир гэхээр нь би машинтай яваад очсон. Тэр хоёр ганц юм ууя гээд 0,75 литрийн Хараа нэртэй архи гараад ирсэн. Б-ийн машин дотор тухайн архийг ууж дуусгасан. Тэгээд бил гурав А гэх айлд очсон...Н-ын эхнэр нь манай гэрт ирээд манай эхнэрээс Б-ийн утасны дугаар хэд бэ гэж асуугаад Б нь манай нөхөр Н-ыг зодчихсон байна гэж хэлсэн гэсэн. Маргааш нь Б.Н над руу гар утсаар залгаад Б миний зүүн нүд рүү цохиод нүд хаагаад хаячихсан байна гэж ярьсан. Би тэр өдөр ажилдаа яваад тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрээсээ гараад харсан чинь такси ирсэн байсан. Дотроос нь манай нөхөр Н буугаад ирсэн чинь нүүр нь нил цус болчихсон хамраас нь цус гоожоод буугаад ирсэн. Хамраас нь цус гоожоод байхаар нь нүүр гарыг нь угаалгаад юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан. Тэгж байгаад Ү, Б, А нартай хамт явсан талаар хэлсэн. Манай нөхөр Н-ын хамраас цус гоожоод тогтохгүй байхаар нь би такси аваад Ү-н гэрт очсон чинь эхнэр нь гарч ирээд Ү байна уу гэж асуухад эхнэр нь Ү буудалд ганцаараа байхаар нь цоожилчхоод ирлээ өглөө очиж авна гэж хэлсэн. Би манай нөхөр Н-ын нүүр нь нил цус болчихсон такси бариад хүрээд ирлээ. Хамраас нь цус гоожоод тогтохгүй байна юу болсон талаар Ү-с асуух гэж ирлээ гэсэн чинь А, Б нартай хамт явж байсан юм байна гэсэн. Намайг А-тай ярь гээд утасны дугаар өгсөн. Тэгээд гэртээ ирсэн чинь Н нь намайг Баяраа нь зах дотор байх хоолны газар архи ууя гэж дагуулж явж байгаад зодсон гэж хэлсэн. Би А-ын гар утсаар ярихад намайг байхад маргалдсан хэрэлдсэн зүйл байхгүй. Баяраагаас асуу би мэдэж байгаа зүйл байхгүй байна гэсэн. Б-ийн гар утасны дугаарыг аваад Н-ын гар утсаар залгахад тасдаад авахгүй байсан. Би Б-ийн гар утас руу “энэ зодсон хүнээ очиж эмнэлэгт үзүүл хамраас нь цус гоожоод тогтохгүй байна” гээд мессеж бичсэн чинь гар утас нь холбогдохоо байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шинэ-Алтай зах шилэн захын баруун талд таксинд явах гээд байж байхад Б.Н над дээр ирсэн. Би тэгээд Б.Н-ыг захаас Жаргалант багт байх гэрт нь хүргэж өгсөн. Намайг Б.Н-ыг Жаргалант багт хүргэж өгөхөөр миний машинд суухад хамраас нь цус гоожиж нэг талынх нь нүд хавдсан байсан. Би яг аль нүдийг нь хавдсан байсныг санахгүй байна. Хамраас нь цус гоожоод улаан халзан юм болчихсон байхаар нь би загнаад нойтон салфетик өгч нүүрээ арч гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад Н- нь яг энэ тэр гэж нэр зааж хэлээгүй. Гуулингийн юмнууд л гээд байсан. Яг хаана ямар гэмтэл шарх авсан талаар мэдэхгүй байна. Б.Н нь тухайн өдөр миний тээврийн хэрэгсэлд ганцаараа орж ирж суусан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24-р хуудас/
Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн “...1.2 Б.Н-ын биед хамрын хуучин муруйлт гэмтэл тогтоогдлоо. 3.4. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 5. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 238 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 30-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч нь Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирол төлбөр өгөөгүй, шүүгдэгчтэй тохиролцсон гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА