Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

 

2024         10           31                                   2024/ШЦТ/196                                 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

Улсын яллагч Ө.Манзушир

Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ц-д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл *, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ***** 4-р баг, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ц ургийн овогт Ч-ын Ц.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нэгдсэн эмнэлгийн гадна байрлах авто машины зогсоолоос иргэн У.Э-ийн өмчлөлийн Iphone 13 pro маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан  хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нэгдсэн эмнэлгийн гадна байрлах авто машины зогсоолоос иргэн У.Э-ийн өмчлөлийн Iphone 13 pro маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  Дээрх үйл баримт нь Iphone 13 pro маркийн гар утас бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 300000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Ц гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 05 дугаар сарын 26-ны өдөр байсан байх. Нэлээн хэдэн сарын өмнө өвдөг рүүгээ тарилга хийлгэчхээд гарч явж байгаад эмнэлгийн доод талд зам дээр нэг утас байхаар нь авсан юм. Тэгээд гэртээ авчраад л хаячихсан. Зар гарвал эзэнд нь өгчихье гэж зөндөө л бодож байсан. Тэгээд тийм ч юм болоогүй. Хүүхэд хот руу ажилд явчихсан байсан. 2, 3 сарын дараа хүү маань ирэхээр нь үзүүлсэн чинь нэг сим хийж үзэж байснаа “ээж минь энийгээ нэг бол эзэнд нь олж өг, нэг бол зар” гэсэн. Тэгээд би хот орчхоод Теди дээр очоод заръя гэсэн чинь хүмүүс бөөгнөрөөд хамгийн түрүүнд нэг хүн “би авъя” гээд 800,000 төгрөг өгөхөөр нь тэр хүнд өгчихсөн. Эгч нь ийм юм болно гэж үнэхээр бодоогүй. Сүүлд 8, 9 сард ч билүү цагдаагаас дуудаад ийм юм боллоо гэсэн. Тэр хүүхэнтэй нь би ярьсан. Тэгээд 1,600,000 төгрөгөөр аймгийн төвөөс Iр13 pro авч өгөөд гомдолгүй л гэсэн. Эгч нь одоо хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэдэг юм, тэрийг нь хүлээгээд дахин ийм муухай зүйл хийхгүй. Өөрийнхөө нэр төрд яллагдагч гэдэг ёстой муухай нэр дуулсандаа маш их харамсаж байна. Би бол насаараа л багш хийсэн хүн. Тэгээд энд тэнд хэвтэж байгаа юмыг авбал ийм зүйл болдог гэдгийг мэдэхгүй өдийг хүрсэндээ үнэхээр өөртөө харамсаж байна... гар утсыг биет байдлаар нь буцааж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч У.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хэвтсэн хүнд цай хүргэж өгөх гэж яваад эмнэлгийн гадаа зогсоолд машинаа байрлуулаад цайгаа өгч гарч ирээд гар утсаа хайгаад олдоогүй. Тухайн үед манай дүү Г (** настай эмэгтэй )  манай охин Э, манай ахын хүүхэд Д гэх 4-5 насны 2 хүүхдийн хамт цуг явсан. Эмнэлэг орох замдаа нэг дэлгүүр дээр зогссон. Тухайн үед миний гар утас байсан. Би дэлгүүрийн гадна машиндаа хүлээж байсан. Машинаас буугаагүй. Манай дүү Г дэлгүүрээс нэг ундаа авч гарч ирээд бид нар эмнэлэг рүү шууд явсан. Тэгээд эмнэлэг рүү дүүтэйгээ, 2 хүүхдээ дагуулж ороод цай өгөөд гарч ирээд гар утсаа хайгаад олоогүй. Машины ойр хавийн зогсоолоор хайхад гар утас байхгүй байсан. Эмнэлгийн гадна зогсоол дээр гар утсаа унагаасан байх гэж бодож байна. Тэгээд манай дүү бид 2-ийг эмнэлэг рүү цай өгөөд гарч ирэх хооронд машины хажуугаас хүн олоод явсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн гар утсыг 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос 2,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Iphone pro 13 маркийн утас нь одоо зах зээлийн ханшаар 2,100,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тухайн үед манай дүү Г (** настай эмэгтэй) манай охин Э, манай дүү Д гэх 4-5 насны 2 хүүхдийн хамт явсан. Би өөрийн гар утсаа алга болгоноос хойш 2 хоногийн дараа интернэтээс Iphone гар утасны IMEI код устгах хайж байгаад алдсан гар утасныхаа IMEI  кодыг нь устгасан. Ингэснээр тухайн гар утсыг өөр хүн ашиглах боломжтой болж байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/,

     

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ********, ********, ******** дугааруудыг тус тус барьдаг. Тухайн сериал дугаартай гар утсыг ээж Ц олсон гээд авчирсан. Тэгээд тэр утас манайд нэлээн удсан юм Тэгээд би тухайн гар утсанд өөрийн ******** дугаарыг хийж барьсан юм. Тэгээд би тухайн нэрээ солиогүй А нэртэй байсан юм. Тухайн сериал дугаар дээр өөрийн ********* дугаар хийж барьсан. Тухайн гар утас одоо байгаа талаар мэдэхгүй ээж Ц хот явахдаа очиж зарсан гэж ярьсан. Би тухайн утсыг асаахад кодтой байсан учир би дугаараа хийж компьютер дээр кодыг гаргасан юм Тухайн гар утсыг би олоогүй бас худалдаж аваагүй ээж олсон гээд авчирсан. Тухайн гар утсыг компьютер дээр Iphone гэсэн программ татаж аваад холбосон чинь код нь шууд гарсан. Тэгээд удалгүй ээжид буцаагаад өгсөн. Хэзээ авчирсныг сайн санахгүй байна. Ээж утас оллоо гээд нэг гар утас үзүүлсэн. Тэгээд кодыг нь гаргасан чинь Iphone 13 pro гэсэн маркийн утас байсан. Ээж эмнэлгийн тэндээс олсон  гэж ярьж байсан. Манай ээжийг Ч-н Ц гэдэг..” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24–р хуудас,

“Ашид билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн ТХҮ-921/229 дугаартай “ IPHONE 13 PRO маркийн гар утас нийт үнэ, 2.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 29-31-р тал/,

 Скайтел ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/7561 дугаартай “...**************** имэй кодтой утсанд 2024 оны 06 дугаар  сарын  09-ний өдрөөс хойш дугаарыг хийж ашигласан байна. *********** дугаар бүртгэлтэй байна,  ******** эзэмшигч Б овогтой Г /***********/ Говь-Алтай Есөнбулаг сум, ******* 4-р баг, ******  гудамж * тоот” гэх албан бичиг, тус дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх-ийн 12-13–р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд шүүгдэгч Ч.Ц-г хохирогч У.Э-ийн өмчлөлийн Iphone pro 13 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч У.Э-д 2,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулсан хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч У.Эд хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ч.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Ч-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ц-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА