| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0117/Э |
| Дугаар | 0157 |
| Огноо | 2017-05-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 0157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Х.Д-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-эд холбогдох эрүүгийн 201714000209 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг ** тоотод оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзсан гэх Ч- овогт Х-ын Д- /РД: хх**********/
Шүүгдэгч Х.Д- нь урьд нь Б.М-тэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 19-21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух иргэн С.С-ын хашаан дотроос 21 тооны хонь, ямаа хулгайлан 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож тус хэрэг прокурорын хяналтанд байх хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух А.Д-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркын зөөврийн компьютер хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 15-ны өдөр Д- ахын хажууд байдаг айлд очоод Д- гуайг асуухад байхгүй байгаа гэсэн. Тэгээд орой нь ирж хашааг нь давж ороод байшингийнх нь цонхоор ороод нөтбүүк авсан. Тэр нөтбүүкээ 03 дугаар сарын 18-нд Г- гэдэг ахад үлдээгээд гэр рүүгээ явсан. Маргааш нь Г- ахад 100.000 төгрөгөөр зарахаар тохирч эхэлж 35.000 төгрөг авсан. Д- гуайг сайн танихгүй. Өөр хулгайн үйлдэл байхгүй. Намайг цэргээс ирэхэд аав маань өнгөрсөн байсан. Тэгээд би нэг хэсэг архинд орсон. Согтуу байхдаа хэрэг хийсэн байсан. Энэ айлд орохын өмнө таньдаг ахтайгаа 1 шил архи уусан байсан. Нөтбүүк зарсан 35.000 төгрөгөөр архи авч уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 03 сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад өөрийнхөө эзэмшлийн нөтбүүкээ үзэх гэсэн чинь алга болсон байсан. Тэгээд хажуу талынхаа айлаас манай гэрээс нөтбүүк маань алга болсон байна, манай гэр орноор орж гарсан хүн амьтан байгаа юу гэсэн чинь “...Түмэддэмбэрэл гэх залуу танайхыг сураад явж байсан” гэж хэлэхээр нь Түмэддэмбэрэлийг сэжиглэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Би Түмэддэмбэрэлтэй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй, Түмэддэмбэрэлийн гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор танилцсан юм гэсэн мэдүүлэг /хх15 ху/,
-Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 03 сарын 18-ны өдөр гэж санаж байна. Тухайн өдөр Д- нь орж ирээд зөөврийн компьютерийн цэнэглэгч байна уу надаа олоод өгөөч гэхээр нь манай гэрт байхгүй байна, чи юу ч гэсэн манай гэрт үлдээчих би чамд цэнэглэгч олоод цэнэглээд өгье гэсэн чинь за гэж хэлээд үлдээсэн юм. Тэгээд би город уруудаж явахдаа цэнэглэгч хайсан боловч хайгаад олоогүй. Тэгээд Дэмбэрэлтүмдэд цэнэглэгч олдохгүй юм байна гэж хэлээд буцаагаад өгсөн юм. Тэгээд тэр өдрийн орой нь Д- манай гэрт ирээд нөгөө зөөврийн компьютероо барчихсан нэг цэнэглэгчийн хамт бариад манай гэрт орж цэнэглэсэн юм. Тэгээд би Д-ээс чи уг зөөврийн компьютерийн хаанаас авсан талаар нь асуусан чинь би энийг хүнээс 150.000 мянган төгрөгөөр худалдан авсан юм гэхээр нь ахын дүү чи үүнийг ойрдоо хэрэглэхгүй юм бол надад 150.000 мянган төгрөгөнд зарчих гэсэн чинь би ч яг 150.000 мянган төгрөгөнд аваагүй хүмүүстэй тоглож байгаад хожиж авсан юм гэхээр нь тэгвэл чи ахдаа зарчих гэж хэлээд гуйсан чинь тэг тэг гэж хэлээд 100.000 мянган төгрөгөнд авахаар болоод эхлээд 35.000 мянган төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Тэгээд байж байтал хоёр гурав хоногийн дараа миний гар утас руу цагдаагийн хүн залгаад “...хулгайн компьютер худалдаж авсан байна” гэхээр нь цагдаа дээр очоод уулзсан юм. Тэгээд би Дэмбэрэлтүмдэд өгсөн 35.000 мянган төгрөгөө эргүүлж аваад зөөврийн компьютерийг нь буцаагаад өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 6 ху/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 8 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол /хх 42-44 ху/
-Х.Д-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-27 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Д- нь урьд нь Б.М-тэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 19-21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух иргэн С.С-ын хашаан дотроос 21 тооны хонь, ямаа хулгайлан 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож тус хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2017 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух А.Д-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж DELL маркын зөөврийн компьютер хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д- ахын хажууд байдаг айлд очоод Д- гуайг асуухад байхгүй байгаа гэсэн. Тэгээд орой нь ирж хашааг нь давж ороод байшингийнх нь цонхоор нь ороод нөтбүүк авсан” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Д- /хх 15 ху/, гэрч Г.Г- /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 6 ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/, хохирлын үнэлгээ /хх 8 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Д-эд тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.т заасныг баримтлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3., 55.1.9.д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Д-д 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд DELL маркын зөөврийн компьютерийг буцаан өгсөн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдооогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч- овогт Х-ын Д-ийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Х.Д-ийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3.т зааснаар шүүгдэгч Х.Д-эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нь буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5.д зааснаар шүүгдэгч Х.Д-эд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдооогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-эд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА