Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2026/00131

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00456 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний хураамж, алдангийн төлбөрт 20,078,118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор танхимын тэргүүн Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан агаарын хөлгийн даатгалын гэрээний хураамж, алдангийн төлбөрт 20,078,118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 4,907,818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00456 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “М” ХХК-аас даатгалын гэрээний үүрэгт 20,078,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагчаас 20,078,118 төгрөг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас үүргээ хүлээн зөвшөөрч төлсөн 15,170,300 төгрөгийг хасаж, үлдэх 4,907,818 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлага 20,078,118 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Даатгалын гэрээ дуусгавар болж цуцлагдсан нь даатгуулагч талын даатгалын хураамж төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-д “Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй.” гэж заасан байдаг. Дээр дурдсанаар даатгуулагч гэрээнээс татгалзсан ч хураамж төлөх үүргийн харилцаа хэвээр үргэлжлэх тул түүнийг хангуулах буюу алданги төлүүлэх эрх ч мөн бидэнд үлдэх юм. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дараах байдлаар анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэйгээр хэрэглэсэн. Үүнд:

4.1 Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 240 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болдог. Үүрэг гүйцэтгэгч болох “М” ХХК нь тус хэм хэмжээнд хамаарах байдлаар үүргийг гүйцэтгэсэн, эсхүл бусад нөхцөл байдал бий болж үүргийг гүйцэтгэсэн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй бөгөөд гагцхүү 15,170,300 төгрөг төлсөн талаарх баримт байдаг. “Х” ХХК нь тус үйл баримттай маргадаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хангалгүйгээр хариуцагчийн гомдлыг хангаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлийг анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр хэрэглэсэн буюу үүрэг бүрэн дуусгавар болоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үүргийн эрх зүйн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.

​​​​​​​4.2 Хариуцагч нь 15,170,300 төгрөгийг төлсөнтэй талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4,907,818 төгрөг болгон багасгасан байтал давж заалдах шатны шүүх 20,078,118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хариуцагч гүйцэтгэсэн үүргээ нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх нөхцлийг бий болгож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/00590 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.  

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан агаарын хөлгийн даатгалын гэрээний хураамж, алдангийн төлбөрт 20,078,118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг 15,170,300 төгрөгөөр багасгаж, 4,907,818 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Манай компани нь “М” ХХК-тай 2022.08.01-ний өдөр Г22388956 дугаартай “Агаарын хөлгийн даатгалын гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 2022.09.09-ний өдрөөс 2023.05.09-ний өдөр хүртэл дөрөв хувааж, сар бүр 22,982,500 төгрөг, нийт 91,930,000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн зүгээс 2022.12.23-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргаж, тус өдөр гэрээ дуусгавар болсоноор нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т заасны дагуу даатгалын хураамжийг шаардах эрх үүссэн. Хариуцагч эхний төлөлтийг хугацаандаа хийсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш цуцлагдах хүртэлх даатгалын хамгаалалт үйлчилж байсан 161 хоногоос 53 хоногт ногдох 13,385,412 төгрөгийг төлөөгүй. ... даатгалын хураамжийг хожимдуулсан тохиолдолд алданги тооцохоор гэрээний 9.1-д заасан. Хариуцагч нэхэмжлэл гаргахаас өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,170,300 төгрөг төлчихсөн тул алданги 4,907,818 төгрөгийг шаардана.” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... даатгалын гэрээг 2022.08.01-ний өдөр байгуулсан ... 2022.12.23-ны өдөр манай компанийн саналаар дуусгавар болгож цуцалсан. Хариуцагчийн зүгээс “Х” ХХК-д 2024.10.07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.09.04-ний өдөр 7,170,300 төгрөг, нийт 15,170,300 төгрөг төлсөн. Манай компани нь “Х” ХХК-ийн нэхэмжилж буй даатгалын хамгаалалт үйлчилж байсан гэх 53 хоногт ногдох 13,385,412 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрөөс 15,170,300 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 4,907,818 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн. ... 2022.12.23-ны өдөр даатгалын гэрээ цуцалсан, хариуцагч нэхэмжлэгчид 15,170,300 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Хариуцагч нь гэрээний төлбөрийн хуваарийн дагуу 2022.11.09-ний өдрөөс хураамж төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр тохиролцсон алдангийн үлдэгдэл 4,907,818 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “...талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид ... мэдэгдэж, гэрээг 2022.12.23-ны өдөр дуусгавар болгосон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-д зааснаар гэрээ үйлчилсэн хугацааны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй талаарх дүгнэлт үндэслэлтэй. ... хариуцагч нь 15,170,300 төгрөгийг даатгалын төлбөрт шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул хасаж тооцон 4,907,818 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. ... гэрээний 9.1-д зааснаар даатгалын хураамжийг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги төлнө гэж тохиролцсоны дагуу гэрээ дуусгавар болсноос хойших нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алдангийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, хариуцагчийг гэрээ болон хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. ...үндсэн гэрээ дуусгавар болсон тохиолдолд буюу гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир гэрээний нэмэлт үүрэг мөн адил дуусгавар болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй.” гэж дүгнэсэн.

11. Нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдолд хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, шийдэл зөрүүтэйн зэрэгцээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэжээ. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн нийт шаардлага болох 20,078,118 төгрөгөөс зохигч биелүүлсэн болон нэхэмжлэгч алдаатай тооцсон үндэслэлээр багасгасан 15,170,300 төгрөгийн талаар зохигч маргаагүй гэж үзэн хасаж, үлдэх 4,907,818 төгрөгийн хүрээнд мэтгэлцээн өрнүүлэн хэргийг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчийн гүйцэтгэчихсэн байсан үүрэг болон нэхэмжлэл гарснаас хойших хугацаанд хариуцагчийн зөвшөөрөн гүйцэтгэсэн үүрэгт хамаарах 15,170,300 төгрөгийг, үлдэх 4,907,818 төгрөгийг хамт маргаантай гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь зөрүүтэй талаар гомдолд дурджээ.

12. Нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хангах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлохдоо даатгалын төлөгдөөгүй хураамж 13,385,412 төгрөг, алданги 6,692,706 төгрөг, нийт 20,078,118 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2024.10.07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 4,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2025.09.04-ний өдөр 7,170,300 төгрөг, нийт 15,170,300 төгрөг /8,000,000+7,170,300/-ийг төлсөн нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч даатгалын хураамжид холбогдох 13,385,412 төгрөгийн шаардлагаа бүхэлд нь, зөрүү хэсгээр алдангид холбогдох шаардлагаа тус тус багасгасан байна.

Үүний үр дагаварт нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох 4,907,818 төгрөгийг дэмжин мэтгэлцжээ. Анхан шатны шүүх энэ хүрээнд маргаантай гэж үзэн үндсэн төлбөрийг төлсөн хэдий ч хугацаа хоцроож төлсөн тул алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

13. Харин давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хариуцагч даатгалын хураамжийг зөвшөөрөн төлснийг болон нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасган мэтгэлцсэнийг анхааралгүй даатгалын хураамж ба алдангийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т “...нэхэмжлэгч нь ... шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, ... эрхтэй.”, “... хариуцагч нь ... шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ... эрхтэй.” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу эвлэрч болно.” гэж, 106.5-д “Энэ хуулийн ...106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана ...” гэж заасныг хэрэглээгүй, алдаатай гэж үзнэ.   

14. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрчлөөгүй, харин үүргийг гүйцэтгэсэн үндэслэлээр шаардсан мөнгөн дүнгээ багасгасныг нэхэмжлэлээс тухайн дүнгээр татгалзсантай адилтгах[1] ба нэгэнт уг асуудлаар зохигч маргаагүй тул шүүх татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь талуудын нэгэнт төлсөн төлбөрийг хуульд нийцээгүй гэж үзсэнтэй адил үр дагавар үүсгэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчигдөх юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

15. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох алдангийн төлбөр 4,907,818 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэх талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх “хариуцагчийг гэрээ болон хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. ...үндсэн гэрээ дуусгавар болсон тохиолдолд буюу гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болж гэрээний нэмэлт үүрэг мөн адил дуусгавар болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь талууд “Агаарын хөлгийн даатгалын гэрээ”-г 2022.08.01-ний өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч 2022.12.23-ны өдөр гэрээг цуцалж дуусгавар болгосон. Гэрээний үндсэн хугацаа 1 жил байх ба талууд даатгалын хураамжийн нийт дүнг 91,930,000 төгрөгөөр тогтоосон байна. Гэрээнд зааснаар даатгалын нийт хураамжийг 2022.09.09-ний өдрөөс 2023.05.09-ний өдөр хүртэл дөрөв хуваан сар бүр 22,982,500 төгрөгөөр төлж дуусгахаар талууд тохиролцжээ. Нэхэмжлэгч эхний ээлжийн 22,982,500 төгрөгийг төлсөн боловч гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хуваарийн дагуу төлөх байсан дараагийн төлөлтийг хийгээгүй байна. Зохигч хураамж төлөх хуваарь зөрчигдсөн талаар маргаагүй, хоёр шатны шүүх энэ үйл баримтыг адил тогтоосон.

Анхан шатны шүүх даатгалын хураамж төлөх хуваарь зөрчигдсөн дээрх нөхцөл байдлыг гэрээний үүргийн зөрчил гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч гэрээ болон хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй болжээ. Давж заалдах шатны шүүх чухам ямар шалтгаанаар ийнхүү дүгнэж байгаагаа магадлалд дэлгэрэнгүй тайлбарласангүй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч даатгалын хураамжийн зохих хэсгийг төлөх үүргээ хүлээн зөвшөөрч даатгалын хураамжийг хожим төлсөн нь тогтоогдож байна. Иймд даатгалын хураамжийг төлөх үүргээ хугацаандаа биелүүлсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Нэгэнт даатгуулагч даатгалын хураамжийн хуваарьт төлбөрөө хугацаа хоцроож төлсөн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэрээнд тохиролцсон дүнгээр даатгагч алданги шаардах эрхтэй. Иймд алдангид холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв.

16. Нэхэмжлэгч даатгалын хураамж төлөх үндсэн үүрэгт 13,385,412 төгрөг, алдангийн үүрэгт 6,692,706 төгрөг, нийт 20,078,118 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа гэрээг цуцалсан 2022.12.23-ны өдрийг хүртэлх 161 хоногийн хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилсэн гэж үзэн нэг өдөрт ногдох хураамжийн хэмжээг 251,863 төгрөг /91,930,000 төгрөг:365=251,863.01/-өөр тооцсон болохоо тайлбарлаж байх боловч даатгал үйлчилсэн хоногийг 2022.08.01-ний өдрөөс 2022.12.23-ны өдөр хүртэл 145 хоног байгааг 161 гэж алдаатай тоолсоноо зөвшөөрч байна.

 

Даатгал үйлчилж байсан хоногт ногдох хураамжийг дээрх аргаар тооцсонд хариуцагч маргаагүй. Энэ аргаар тооцоход 145 хоногт ногдох хураамжийн хэмжээ нийт 36,520,165 төгрөг байх ба үүнээс анх гэрээ байгуулах үед хуваарийн дагуу даатгуулагчаас төлсөн 22,982,500 төгрөгийг хасвал үлдэх төлбөрийн дүн 13,537,635 төгрөг болох талаар зохигч мөн маргаагүй. Улмаар даатгуулагч нийт 15,170,300 төгрөгийг хугацаа хожимдуулан төлсөн байна. Иймд төлөгдөөгүй даатгалын хураамжийн үлдэгдэл 13,537,635 төгрөгийг болон зөрүү дүн 1,632,665 төгрөг /15,170,300-13,537,635/-ийн хэмжээгээр алдангийн зохих хэсгийг төлсөн гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл даатгагч алдангийн төлбөрт 6,768,817 төгрөг /13,537,635*50%/ шаардах эрхтэй бөгөөд үүнээс 1,632,665 төгрөгийг хүлээн авсан тул үлдэх төлбөр 5,136,152 төгрөгийг алдангид шаардах хууль зүйн боломжтой байна. Гэвч нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүх нэхэмжлэлээс 4,907,818 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шийдвэрт дурдсан дүнгээр алдангийг гаргуулахаар тогтох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

17. Дээр дурдсанчлан давж заалдах шатын шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлаагүй хууль хэрэглээний алдааг залруулна. Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагын зарим хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 15,170,300 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00456 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “437 дугаар зүйлийн 437.3” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсэгт

“2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 15,170,300 төгрөгийг төлж гүйцэтгэсэн үндэслэлээр шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч “Х” ХХК-аас хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан 15,170,300 төгрөгийг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дугаартай заалтыг нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн “2” гэсэн дугаартай заалтыг “3” гэж, “3” гэсэн дугаартай заалтыг “4” болгон тус тус өөрчилсүгэй:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.13-ны өдөр 258,500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Н.БАЯРМАА

 ШҮҮГЧИД                                                   Н.БАТЗОРИГ

                                                                Б.УНДРАХ

                                                                          Х.ЭРДЭНЭСУВД

 

 

 

 

 

[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, 2014 он, 93 дугаар тал