Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2018/0157

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компани нь Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, Төв аймгийн Б*******, С******* сумын нутаг Урт нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл, хүсч, өргөдөл гаргасныг танай газрын кадастрын хэлтсээс өргөдлийн NE-02******* /XA-019884/ дугаарт бүртгэн авсан атлаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М ирүүлсэн албан бичгээр танай байгууллагын өргөдлийн талбайг бүхэлд нь Төв аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаар шийдвэрээр манай компаньд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн.

Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл бол уг талбай нь Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар саналаар аймгийн тусгай хэрэгцээний газар давхардсан дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.

Гэтэл Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой,ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 06б/496 дугаар албан бичигт Төв аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт орших ХА-019884-001NE дугаар бүхий өргөдлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалтын газрын хилийн заагтай тус тус давхцалгүй байна гэсэн.

Өргөдөл хүлээн авахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай мөн гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж манай компаниас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гаргасны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчхээд дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь ойлгомжгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтын улмаас иргэн, хуулийн этгээд хохирч үлдэх ёсгүй юм.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол тус талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-д заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа эсэхийг хэн шалгах ёстой гэхээр зохион байгуулж буй захиргааны байгууллага өөрөө нарийн шалгаж тогтоох ёстой бөгөөд үүнийг нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар Журам батлах тухай /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/ журмын 3 дугаар зүйлийн 3.1-т Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялган багцалж нийтэд зарлана, 3.2-т Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 3.1-т заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана, 3.3-т Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 3.4-т Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө, 3.5-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэж тус тус зохицуулан журамласан байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа тавьсан шаардлага, журмын дагуу гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь өөрийн буруутай үйлдлээ бусдад нялзаасан хууль бус шийдвэр болсон байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан  тайлбартаа: “Хуулийн үндэслэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 460 дугаар шийдвэрт Төв аймгийн Засаг дарга “дэмжээгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн албан бичиг ирсэн байсан. Тухайн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь уг заалт нь аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 30 хоногийн дотор хариу мэдэгдсэн байдаг. “Х” ХХК-ийн өргөдөл өгсөн талбай нь Төв аймгийн Б******* сум, С******* сумыг дамжсан байдаг. Хуульд зааснаар Төв аймгийн Б*******, С******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авах ёстой байсан. Гэтэл Төв аймгийн С******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн саналыг аваагүй байдаг. Мөн Төв аймгийн Б******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналаар “дэмжихгүй” гэдэг саналыг ирүүлээгүй, Төв аймгийн Б******* сумын 8 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар “дэмжихгүй” гэсэн санал гаргасан байдаг. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хууль зөрчиж гарсан 460 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “Төв аймгийн Засаг даргын гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуульд  заасан үндэслэл журмын дагуу явагдсан учраас 460 тоот шийдвэр нь хүчин төгөлдөр захиргааны акт юм” гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс бол санал нийлэхгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “баг”, “багийн иргэдийн Нийтийн Хурал” гэсэн үг, үсэг байхгүй байна. Зөвхөн “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” гэсэн байгаа. Миний бие тайлбартаа хэлсэн хариуцагч байгууллагаас 30 хоногийн дотор хариу өгсөн энэ тал дээр маргахгүй. “Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл хүссэн газар нь Төв аймгийн Б******* сум, С******* сумын гэсэн хоёр сумын нутагт хамаарагддаг. Гэтэл Төв аймгийн Б******* сумын иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваад, Төв аймгийн С******* сумын иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй байгаа нь хуульд заасан ажиллагаа хийгдээгүй байна гэсэн үндэслэл болж байна. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 460 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох Захиргааны маргаан шүүхэд хэрэг нь үүсээд явж байх хугацаанд Монгол Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг хассан байдаг. Тухайн хуулиас энэ зохицуулалт хасагдлаа гээд нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг зөрчихгүй байх талаас шүүх шийдвэр гаргахыг хүсэж байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн. Төв аймгийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг зөрчиж гарсан “дэмжээгүй” гэдэг саналыг үндэслээд Ашигт малтмал, газрын тосны газар 460 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус юм.

“Х” ХХК нь Өргөдлийн журмаар ороод, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг хүчин төгөлдөр байхад сонгон шалгаруулалтад тэнцсэн. Өргөдлийн журмаар ашигт малтмал эрэн хайх зохицуулалт хүчингүй болсон боловч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт нь байгаа.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нэхэмжлэгч компани нь Төв аймгийн Б*******, С******* сумдын нутаг Урт нэртэй 510.57 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган кадастрын өргөдлийн бүртгэлийн NE-02******* дүгээрт 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8965 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1729 тоотоор NE-02******* тоот өргөдөлд дурдсан солбилцол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг тус тус ирүүлсэн. Саналын үндэслэлд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, Аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай тухай дурдаж Төв аймгийн Б******* сумын 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 13 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/310 тоот, мөн аймаг сумын 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 тоотыг хавсарган ирүүлсэн.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгонон” гэж заасан заалтын дагуу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр явуулсан ба нэхэмжлэгч компани нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1702/2101 тоотыг ирүүлж захирал Ж.Б******* биечлэн оролцсон болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр NE-02******* дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан  тайлбартаа: ““Х” ХХК-ийн гаргасан Нэхэмжлэлийн хоёр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох зохицуулалтыг оруулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ямар хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэдэг гэхээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, 2015 оны 511 дүгээр тогтоол тус тус гарсан. Тухайн хоёр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагааг даалгасан. Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тодруулж хэлбэл манай байгууллага нь Монгол Улсын Засгийн агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Их Хурлын гаргасан тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тогтоол,  шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй хэрэгжүүлэгч агентлаг юм. Тийм учраас 2014 оны 239 дугаар тогтоол, 2015 оны 511 дүгээр тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа.

Өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК  нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Б******* сумын 510 га талбай бүхий газарт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байгаа юм. Өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх зургийн шүүлт хийхэд тухайн газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолд дурдсан талбайд хамаарч байсан. Энэ асуудлыг өмнөх хурал дээр яриад тодорхой болсон гэж ойлгож байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой Засаг даргаас санал авах албан бичгийг илгээсэн. Ашигт малтмалын тухай хуульд “Тухайн талбай байршиж байгаа сумын иргэдийн Нийтийн Хурлын “санал”-ыг авч Засаг дарга бичгээр хариу өгөх” гэсэн зохицуулалттай. Тухайн зохицуулалтын хүрээнд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/1719 тоот шийдвэрээр “дэмжихгүй” гэх үндэслэлээ тайлбарлаад, “тухайн талбай байршиж байгаа сум, баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын “санал”-ыг авсан байх ёстой гэсэн зохицуулалтаараа Төв аймгийн Б******* сумын 3 дугаар багын иргэдийн Нийтийн Хурлын 13 дугаар тогтоол, Б******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/310 тоот, мөн Төв аймгийн Б******* сумын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 тоот албан бичгийг хавсаргаад Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52.2, 52.7 дугаар зүйл, мөн аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай учраас тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн.

Өргөдлийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цаг хугацааны хувьд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл, нэхэмжлэгч талд байгаа байх. Тусгай зөвшөөрөл хүссэн 490-ээд байгууллагын өргөдөл байсан. Тэдгээр өргөдлүүд нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай... зэрэг шалтгаантай байсан. Үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн сонсох ажиллагаанд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал н.Б******* оролцсон. Сонсох ажиллагаанд “аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэсэн үндэслэл байгаа учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний 460 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн 2******* дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн системээс хасаж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль, Геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт юм.

 Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн өөрчлөлтөөр өмнөх журмыг бүхэлд нь хүчингүй болгосон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай болсон.

Нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн байгаа тул “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

                        “Х” ХХК-ийн захирал Ж.Б Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

              Тэрээр хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай мөн гэж үзэж сонгон шалгаруулалт явуулж манай компаниас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гаргасны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчхээд Төв аймгийн Засаг даргын “дэмжээгүй” гэсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч компани нь Төв аймгийн Б*******, С******* сумдын нутаг Урт нэртэй 510.57 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган кадастрийн өргөдлийн бүртгэлийн NE-02******* дүгээрт 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр бүртгүүлсэн байна.

            Кадастрийн хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д зааснаар шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж мөн хуулийн 19.3-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8965 дугаар  албан бичгээр санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүрүүлснээр тус аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1729 дүгээр албан бичгээр NE-02******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналыг ирүүлжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тухайн аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж хандсан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.д “Аймаг.....ийн Засаг дарга...мэдэгдлийг хүлээн авмагц...30 хоногийн дотор хариу өгөх...” гэсний дагуу ирүүлсэн Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

            Төв аймгийн Засаг даргын “дэмжээгүй” саналын үндэслэлд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт болон аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай талаар дурдаж, тус аймгийн Б******* сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын хуралдааны 13 дугаар тогтоол, багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн 17, тус сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/310 дугаар албан бичиг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 42 дугаар тэмдэглэл зэргийг хавсарган ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч аймгийн Засаг даргын энэхүү “дэмжээгүй” саналтай маргаагүй байна.

            Маргаан бүхий Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаар шийдвэр тухайн үйл баримт болох үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зүйл заалтыг үндэслэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдийн тайлбараар хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

            Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх)-нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн 460 дугаар шийдвэр хуулийн энэ зүйл заалтын зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв.

             Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн Засгийн газрын тогтоолоор зарлагдсан маргаан бүхий талбай нь 2 сумын нутагт хамаарч байхад зөвхөн Б******* сумын багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, сумын Засаг даргын саналыг аваад С******* сумын саналыг аваагүй нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

            Учир нь Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийнТэргүүлэгчдийн   хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуралдааны 42 дугаар тэмдэглэлээр Б*******, С******* суманд 510.64 га газарт тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэснийг үндэслэн аймгийн Засаг дарга “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй......байна.” гэж зохицуулсан байхад маргаан бүхий талбайн С******* сумын нутагт хамаарах хэсэг нь зөвхөн 0.07 га газар байгаа бөгөөд энэ хэсэгт  заавал санал авах шаардлагагүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

            Нөгөө талаар Монгол улсын Их хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай болжээ.

            Хууль эрх зүйн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн “.....манай компанийн гаргасан өргөдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.7, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах “Х” ХХК-ийн захирал Ж.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа тушаасан 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР