| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/05302/И |
| Дугаар | 101/ШШ2022/00629 |
| Огноо | 2022-02-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/00629
| 2022 02 15 | 101/ШШ2022/00629 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 86,572,499.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, К.К, хариуцагч Ц.Б, өмгөөлөгч Д.Ч, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч Ц.Б-той 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 57,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээг байгуулан хариуцагчийн өмчлөлийн Тоёото Ланд крузейр-200 маркийн авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Гэтэл хариуцагч Ц.Б зээлийн гэрээ байгуулсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай компанийн албан бичиг, тамга, гүйцэтгэх захирлын гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдэж, фидуцийн гэрээний зүйлийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэн авч, улмаар “Т” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд шилжүүлсэн байна.
Хариуцагчийн үйлдсэн уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 тоот шийдвэрээр хариуцагч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан.
Тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ түүний гэмт үйлдлээр нэхэмжлэгчид зөвхөн үндсэн зээл буюу 57,000,000.00 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/766 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж манай компанид учирсан хохирол, хор уршгийн талаар “...хохирогч “Д” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр хор уршиг учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ талаар анхан шатны шуүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь зөв байна” хэмээн дүгнэсэн ба хэргийн оролцогч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд Шүүх хэлэлцэхээс татгалзсан.
Эдгээр шүүхийн шийтгэх тогтоолоор талуудын хооронд үүссэн зээлийн харилцаа үүссэн, хариуцагч Ц.Б-ыг 57,000,000.00 төгрөгийг бодитоор авсан талаар дүгнэсэн ба хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 57,000,000.00 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний зүйлийг огт аваагүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан байгаа ч тухайн үед үүссэн нөхцөл байдлыг хоёр шатны шүүхээр дүгнэсэн.
Эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2 удаа Улсын Дээд Шүүхээр орж буцаагдсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь ямар нэгэн төлбөр төлөөгүй, талууд өөрсдийн хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан. Тэгэхээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хадгалагдахаар зохицуулсан. Эрүүгийн шүүх хуралдаанаар бид нар эвлэрлийн гэрээ байгуулж, Тоёота ланд 200 маркын автомашиныг 80,000,000.00 төгрөгөөр үнэлэн 15,000,000.00 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд эвлэрлийн талаарх асуудал яригдахгүй гэж дүгнээд батлаагүй.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол учирсан бол иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул хариуцагчаас зээлийн хүүг нэхэмжилсэн ба хариуцагч нь зээл хүүгийн тооцоололтой маргаагүй. Тэрээр ял эдэлж байхдаа зээлийн үндсэн төлбөрийг буцааж төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас хариуцагчид холбогдуулан хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд зөвхөн зээлийн хүүг нэхэмжилж, харин нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байдаг. Хариуцагч Ц.Б-той байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн хүүг нэг сарын 3.5 хувь гэж тохирсон. Иймд, хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн гэрээний хүүнд 86,572,499.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Би, эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон 57,000,000.00 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг биеэр эдэлж байгаа болно. Гэвч нэхэмжлэгч нь надад 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 57,000,000.00 төгрөгийг бодитоор олгоогүй. Учир нь, нэхэмжлэгч тал бид нарын урьд өмнөх буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр н.Б, Ц.Б нарын зээлсэн мөнгийг зээл чөлөөлдөг танил хүнээрээ дамжуулан төлүүлээд түүний зээлийг төлөхөөр надад дахин зээл өгсөн мэт гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар 57,000,000.00 төгрөгийг миний бие аваагүй.
Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримт болоогүй тул зээлийн хүүг төлөх үүрэг үүсэхгүй. Мөн эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тус тус дүгнэснээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзээгүй бөгөөд эвлэрлийн гэрээг байгуулах саналын хувьд хариуцагч Ц.Б нь хүнд нөхцөл байдалд байсан учраас нэхэмжлэгчийн саналыг зөвшөөрсөн. Учир нь, тэр үед шүүхээс хариуцагчид торгох ял, аль эсвэл хорих ял өгөх тийм гарцаагүй нөхцөл байдал үүсчихсэн байсан.
Талуудын маргаж байгаа зүйлийн талаар эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол гарч, хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан 57,000,000.00 төгрөгийн хохирлыг барагдуулах ажиллагааг ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан борлуулж төлсөн. Тийм учраас зээлийн хүү төлөх үндэслэлгүй. Хэдийгээр хариуцагч нь барьцаалуулсан автомашиныг буцаан авч, өөр этгээдэд зээлийн барьцаанд өгсөн боловч нэхэмжлэгчээс авсан мөнгийг төлж, эрүүгийн журмаар оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байгаа тул зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээг эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх, тогтоол магадлалаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул энэ талаар дахин маргах эрхгүй юм. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Зохигч нарын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК-иас хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,572,499.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компани хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон боловч хариуцагч буюу зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул тэрээр энэхүү зээлийг буцаан төлөх зорилгоор өөр этгээдээс 57,000,000.00 төгрөгийг зээлээд түүгээр нэхэмжлэгчид зээл, зээлийн хүүнд 56,650,000.00 төгрөгийг төлж, нөгөө этгээдийн зээлийг төлөхөөр нэхэмжлэгчээс 57,000,000.00 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ /гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан хууль/.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгийг шилжүүлсэн байх ёстой юм.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 57,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй гэж маргасан боловч хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 тоот шийтгэх тогтоолд хариуцагчийг 57,000,000.00 төгрөгийг авсан гэсэн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгчийн тус нотлох баримтыг үндэслэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар талуудыг уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Ингээд нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Ц.Б-ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 86,572,499.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Энэхүү 2021/ШЦТ/392 тоот шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/766 тоот магадлалаар хэвээр үлдээснийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 382 тоот тогтоолоор тус эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна /х.х-ийн 23-34 хуудас/.
Тодруулбал, хариуцагч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан мэхлэсэн үйлдэл хийж, их хэмжээний хохирол учруулсан буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс 57,000,000.00 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ.
Гэвч зохигчид уг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг өөр, өөрөөр буюу нэг талаас хариуцагч Ц.Б-ыг нэхэмжлэгч “Д” ХХК-нд барьцаалуулсан автомашиныг залилан хийж, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх замаар өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан үйлдэлд л ял шийтгэл ногдуулсан, харин зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн хүүг төлөх ёстой гэж, нөгөө талаас талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй буюу хариуцагчийг 57,000,000.00 төгрөгийг хууран мэхлэх аргаар авсан үйлдэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж, хохирлыг нөхөн төлөхөөр болсон тул зээлийн хүүг төлөх үүрэггүй гэж тус тус тайлбарлан маргасан.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тайлбарлавал, залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван долдугаарт бүлэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах бөгөөд залилагч этгээд бусдын өмч хөрөнгийг хуурч мэхлэн өөртөө авч, өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчдөг байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/392 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ДШМ/766 тоот магадлалд тус тус дурдсанаар хариуцагч Ц.Б-ыг нэхэмжлэгч “Д” ХХК-иас 57,000,000.00 төгрөгийг хууль бус гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Б-ын үйлдсэн залилах гэмт хэргийн объект нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өмчлөх эрх бол, халдлагын зүйл нь фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн тоёото ланд круйзер 200 маркийн автомашин бус, харин нэхэмжлэгчийн өмч болох 57,000,000.00 төгрөг бөгөөд үүнийг хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж авсан гэж дүгнэсэн байх тул тийнхүү залилан авсан 57,000,000.00 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Тийм ч учраас дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зүйл гэж, мөн хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 5,000,000.00 төгрөгийг учруулсан хохирлоос хасаад 52,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байгаагаас тус тус үзвэл хариуцагч Ц.Б-ыг нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өмчлөлийн тоёото ланд круйзер 200 маркийн автомашиныг хууран мэхлэж авсан гэж үзэхгүй.
Зохигчдын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн хувьд тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар талууд эрх, үүргийн хувьд холбогдох чин хүсэл зоригтой байж, үүнийгээ нөгөө талдаа илэрхийлэх учиртай бөгөөд сэдэл, санаа зорилго нь хууран мэхлэх /залилах/ шинжийг агуулаагүй байдаг.
Харин залилан мэхлэх гэдэг бол тухайн эд хөрөнгийн өмчлөгч этгээдэд уг эд хөрөнгийг өөрийн дураар залилан мэхлэж буй хүнд өгөх итгэл үнэмшлийг хуурамчаар төрүүлдэг, ингэснээр эд хөрөнгийн өмчлөгч нь хууран мэхлэгдэж байгаагаа мэдэхгүйгээр өөрийн өмчлөлийн зүйлээ залилан мэхлэж буй этгээдэд зөвшөөрч өгдөг тул тэдгээрийг иргэний эрх зүйн харилцааг үүсгэхээр хүсэл зоригоо илэрхийлсэнд тооцохгүй.
Гэтэл хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч “Д” ХХК-иас хууран мэхлэх замаар 57,000,000.00 төгрөгийг авсан гэж дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тус тус дүгнэсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг шаардах эрх үүсэхгүй.
Энэ талаар тус хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд гэрээний зүйлийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлж байгаа нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлэлцээр байгуулсан гэсэн агуулгыг илэрхийлдэггүй.
Ийм учраас хариуцагч Ц.Б-ыг нэхэмжлэгч “Д” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, фидуцийн гэрээний зүйл болох тоёото ланд круйзер 200 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдлийг нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг залилан авсан гэж эрүүгийн хэргийн шүүхээс дүгнээгүй, харин хариуцагчийг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор уг автомашиныг ашиглан нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэн авсан гэж дүгнээд автомашиныг худалдан борлуулж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаас үзэхэд хариуцагч Ц.Б-ыг нэхэмжлэгч “Д” ХХК-ийг хууран мэхлэн 57,000,000.00 төгрөгийг авсан, хохирлыг уг автомашиныг худалдан борлуулж нөхөн төлөхийг даалгасан шүүхийн шийдвэртэй маргах ёсгүй.
Зохигчид энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар зээлийн гэрээ хүчинтэй, зөвхөн фидуцийн гэрээний зүйлийг залилан авсан гэж маргах нь учир дутагдалтай байна.
Зүй нь, талуудын хооронд жинхэнэ хүсэл зоригт тулгуурласан зээлийн гэрээ байгуулагдаж, иргэний эрх зүйн харилцаа үүссэн тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээх учиртай.
Иймд, нэгэнт шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг тус тус тогтоосон байх тул нэхэмжлэгч “Д” ХХК-нд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Б-оос зээлийн хүүнд 86,572,499.00 төгрөгийг шаардах эрх үүсэхгүйг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР