Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1087

 

 

  2024           10           03                                    2024/ШЦТ/1087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч А.Марал (ТПГ),

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт О холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Орбитын замд Chevrolet Cruze маркийн ****УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

1. Жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас: “...зам тээврийн ослын тухай” (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

3. Хохирогч Л.Б: “...Би 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 40 минутад Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** ХХК-ны агуулах дээр ажил хийж байгаад тараад хамт ажилладаг Б гэдэг хүнтэй Хараа нэртэй 0,5 литрийн хоёр шил архи хувааж ууж дуусах үед эхнэр ирж авсан. Эхнэртэй хамт явж байтал Орбитын антенуудын орчим явж байтал багажаа далд хийхээ мартсан байхаар нь эхнэртээ “буцаад явъя” гэсэн чинь эхнэр “хүүхэд уйлаад байна, гэртээ шууд харъя” гэхээр би “такси бариад багажаа далд хийчихээд яваад очъё” гэж хэлээд буугаад зам хөндлөн гарч такси барих гэж байгаад машинд мөргүүлсэн. Би тухайн үед ухаан алдсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод шөнө 23 цагийн орчим ухаан орсон. Гадаа цаг агаар дулаахан, жоохон бүрхэг гэхдээ бороо ороогүй, замын орчны хувьд үзэгдэх чөлөөтэй, 2 талын зорчих хэсэгт машин ихтэй байсан ба зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тухайн замыг шинээр тавиад удаагүй байсан. Би Орбит явах төв ертөнцийн зүгээр зүүн талаас баруун талруу гарах гээд зорчих хэсгийн голд хавьд явж байгаад машинд мөргүүлсэн. Биеийн аль хэсгээр мөргүүлснээ мэдэхгүй байна, тухайн үед ухаан алдсан байсан. Тархинд жижиг хэмжээний цус хуралт, баруун гарын шууны нэг яс нь хугарсан зүүн талын бөгс орчим арьс нь шалбарсан, зүүн өвдөг бага зэрэг өвчтэй байгаа, баруун мөр зөөлөн эдийн няцралтай зэрэг гэмтэлтэй байна. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримтууд байгаа гаргаж өгнө. Тархи гавлын тасагт 4 хоног цус шимэгдүүлэх эмчилгээ, гар сарвууны тасагт баруун гарын шууны хагалгаанд орсон. Эмчилгээний зардлыг барагдуулах юм бол гомдол нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),  

 

4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ш: “...Би 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар дүү О сонссон. Тухайн үед надтай утсаар яриад “хүн шүргэчихлээ” гэж хэлэхэд л мэдсэн. Chevrolet Cruze маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өмчлөл эзэмшилд байдаг, би 2022 оны 4 дүгээр сард хувь хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цаг тухайн бүрт үзлэг оношлогоондоо ороод явдаг. Явган зорчигчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...Тээврийн хэрэгсэлд ямар нэгэн хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 22 дахь тал),   

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаартай: “...Л.Б биед баруун богтос ясны далд хугарал, баруун хацар, баруун өгзөг, бүсэлхий, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

 

6. 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:  “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд салхины шил цөмөрч, цацарч хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, баруун урд крыло үзүүр хэсэгт нугаларч, хонхойсон, урд буферын баруун талын сэнж мултарсан, зүүн урд крыло хонхойж будаг халцарсан, копуд баруун талдаа хонхойсон, хойд буфер хагарч цуурсан, зүүн хойд крыло хаалган талдаа хонхойсон, хойд багаажны хаалга дугаарын дээд талд хонхойсон, дуут дохио ажиллахгүй, зүүн урд оврын гэрэл асахгүй, тоормосны зүүн болон баруун талын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

 Урд салхины шил цөмөрч, цацарч хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, баруун урд крыло үзүүр хэсэгт нугаларч, хонхойсон, урд буферын баруун талын сэнж мултарсан, копуд баруун талдаа хонхойсон нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Харин зүүн урд крыло хонхойж, будаг халцарсан, хойд буфер хагарч цуурсан, зүүн хойд крыло хаалган талдаа хонхойсон, хойд багаажны хаалга дугаарын дээд талд хонхойсон, дуут дохио ажиллахгүй, зүүн урд оврын гэрэл асахгүй, тоормосны зүүн болон баруун талын гэрэл асахгүй зэрэг нь хуучин гэмтэл байна” гэсэн, (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

 

7. 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн **** дугаартай: “...Chevrolet Cruze маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...", Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно..." гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Б. Л.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна..." гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 63 дахь тал)

 

8.Шүүгдэгч Б.О: “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг орчим өөрийн төрсөн ах болох Б.Ш эзэмшлийн Chevrolet Cruze маркийн **** УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын зүүн замд зорчин явсан. Орбитын станцын орчим явж байтал миний жолоочийн зүүн гар талаас согтуу бололтой эрэгтэй хүн гарч ирсэн. Тухайн явган зорчигчийг би машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн бөгөөд тухайн хүн  хажуу тийшээ газар унасан. Тэгээд би машинаасаа буугаад явган зорчигч дээр очиж биеийн байдлыг нь хартал ухаангүй байхаар нь яаралтай түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу эхлээд түргэн ирээд нөгөө хүнийг аваад явсан харин дараа Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газрын хэмжилт хийгээд намайг драгер багажаа шалгасан надаас ямар нэгэн зүйл илрээгүй ба миний унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулсан. Би 2012 онд Завхан аймгийн "******" нэртэй жолооны курсийг "В" ангиллаар суралцаж төгссөн ба одоог хүртэл тээврийн хэрэгсэл жолоодож байгаа.  Би ойролцоогоор 45 км цагийн хурдтай явж байсан. Хохирогчийг эмнэлэгт байхад болон гэрийн эмчилгээнд байх үедээ байнга харилцан холбоотой байсан. Тухайн үед эмчилгээнд шаардлагатай менге төгрөгийг өгч байсан. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогчид 3,700,000 төгрөгийг төлсөн ба эвлэрлийн гэрээ байгуулсан. Анх удаа өөрийн буруугаас болж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд маш их гэмшиж байна. Миний хувьд өрх толгойлсон бага насны 3 хүүхэдтэй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч Л.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Л.Б нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, гэрээний дагуу шүүгдэгч хохирогчид 3.700.000 төгрөг өгсөн нь төлбөрийн баримтаар тогтоогдсон, мөн тэрээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (Хавтаст хэргийн 102-105 дахь тал),

Харин хохирогч Л.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.О нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Ш эзэмшлийн Chevrolet Cruze маркийн **** УАХ дугаартай автомашиныг жолоодож явах үедээ осол гаргаснаас үүдэн тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “********” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр уг эд хөрөнгөд учирсан хохирлыг 800.000 төгрөгөөр тогтоосон байна. (хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэвч иргэний нэхэмжлэгч Б.Ш нь шүүгдэгч Б.О хохирол нэхэмжлэхээс татгалзсан байгаа тул шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.О нь бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Л.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.О-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ