| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0964/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/949 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т т холбогдох эрүүгийн 2409019060748 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 08 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн паркийн урд замд Yamaha /Яамаха/ МТ-09 маркийн ...улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоциклийн жолооч болох Н.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Г.Т нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 08 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн паркийн урд замд Yamaha /Яамаха/ МТ-09 маркийн ...улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, улмаар Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоциклийн жолооч болох Н.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Н.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ... ХХК-д хүргэлтийн ажил хийдэг. Тухайн осол болох өдөр “Наадам Center” дээр очиж тортой юм хүргэж өгсөн. Тэгээд миний ажил дууссан тул Цирк рүү найз Б тэй уулзах гээд явсан. Явах замдаа Хүүхдийн паркийн урдуур буюу Нарны замаар зүүнээс баруун чиглэлтэй 3 дугаар эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээнээс нэг мотоцикл миний урдуур хөндлөн гарч ирээд мөргөлдчихсөн. Улмаар би газарт унасан бөгөөд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирж намайг үзээд одоохондоо гайгүй байна, зургийг нь авхуулаарай гэж хэлсэн. Очоод зургийн авхуултал баруун гар хугарсан байсан. ...Миний эрүүл мэндэд 436,290 төгрөгийн хохирол учирсан. ...Мотоцикл үнэлгээгээр 4.902.800 төгрөгийн хохирол учирсан. ...Үаmaha МТ-09 маркийн ...УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан байгаа. Мотоциклын хохирлыг барагдуулаагүй байгаа. ...Мотоциклын хохирлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал /хх-ийн 3-4 дүгээр тал/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн: “...“Kawasaki EX-400G” маркийн ...УРА улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлыг нийт 4,902,800 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-21 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8044 дугаартай: “...Н.А ын биед баруун алганы 5-р шивнүүр ясны хугарал, зүүн эгэм, цээж, баруун бугалга, зүүн мөр, бугалга, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 40789890 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар тал/,
Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1547 дугаартай магадлагаа /хх-ийн 58 дугаар тал/,
Хохирогч Н.А нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээлэл, хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 73-74 дүгээр тал/,
Шүүгдэгч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө жолоочийн эмчилгээний зардлыг төлчихсөн байгаа. Одоо даатгалаас мотоциклийн хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/,
Мөн түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.Т нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 08 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн паркийн урд замд Yamaha /Яамаха/ МТ-09 маркийн ...улсын дугаартай мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, улмаар Kawasaki EX-400G маркийн ...УРА улсын дугаартай мотоциклийн жолооч болох Н.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогчийн зүгээс баримт бүхий хохирол нэхэмжлээгүй. Шүүгдэгч Г.Т аас хохирол төлсөн баримт гаргаж өгөөгүй. Хохирогчийн мэдүүлэгт эмчилгээний зардал 436,290 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,270,220 төгрөг нэхэмжилсэн ч шүүгдэгч Г.Т ын хувьд тус төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн 60-79 УРА дугаартай мотоциклийн эвдрэл, хохирлын хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4,902,800 төгрөгөөр үнэлсэн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд 4,902,800 төгрөгийг шүүгдэгч Г.Т аас гаргуулж хохирогч Н.А т олгуулах саналтай байна. Хохирогч Н.А ын хувьд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн байгаа...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №8044 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.А ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж;
Мөн мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1547 дугаартай магадлагаанд: “...Яамаха МТ-09 маркийн ...УН улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус дурджээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Т ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Т ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн хохирогчоор “...эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж авсан, мотоциклийн хохирлыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн /хх-56/ байна.
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Kawasaki EX-400G” маркийн ...УРА улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлыг нийт 4,902,800 төгрөгөөр үнэлжээ.
Иймд шүүгдэгч Г.Т аас 4,902,800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А т олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Г.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,270,220 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т т оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж;
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хураагдан ирсэн шүүгдэгч Г.Т ын ABC ангиллын ... дугаартай жолооны үнэмлэхийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т т оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т аас 4,902,800 /дөрвөн сая есөн зуун хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.А т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г.Т ын ABC ангиллын ... дугаартай жолооны үнэмлэхийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН