| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0691/Э |
| Дугаар | 1412 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Үүлэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1412
2020 11 5 2020/ДШМ/1412 МАЛАЛ
Ц.Б, Е.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Үүлэн,
хохирогч С.Наранбаярын өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг,
шүүгдэгч Е.Ц, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Наранбаярын өмгөөлөгч У.Хүрэлсүхийн давж заалдах гомдлоор Ц.Б, Е.Ц нарт холбогдох 2005012051087 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Еншээбүү овгийн Ц.Б, 1973 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 21 дүгээр гудамжны 195 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЖМ73021978/;
2. Боржигин овгийн Е.Ц, 1978 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улааанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Ти Си” инженеринг ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамжны 72 дугаар байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕП78050111/;
Ц.Б нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ Өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Е.Ц нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ Өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэтэрсэн хугарал, баруун чихэнд няцарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Е.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Еншээбүү овогт Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овогт Е.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Цт 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Е.Ц нар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Наранбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б, Е.Ц нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б, Е.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Наранбаярын өмгөөлөгч У.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан ур дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно. ...” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хохирогч С.Наранбаяр нь шүдний эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхээр тохиролцож эмчилгээний шат дараатай график гарснаар С.Наранбаяр нь тус эмчилгээний төлбөрийг төлөх үүрэг үүсэж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бодит хохирлын баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тус баримтыг шүүх хохирлын баримтад тооцож үнэлэхгүй, шүдний эмчилгээ хийлгэсний дараагаар баримт гаргаж өгч, иргэний шүүхэд хандах боломжтой гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Мөн хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байхад шүүх хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчийн ялын саналаас доогуур ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн хохирлын баримтыг хохиролд тооцож шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү. ... ” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 350.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Е.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Шүүгдэгч Е.Цын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж үлдээж өгнө үү. Шүүх хохирогчийг цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Үүнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 500.000 төгрөг С.Наранбаярын дансанд шилжүүлсэн. ...” гэв.
Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой 652.171 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч нар шүүх хуралдааны явцад нийт 700.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдсан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Быг согтуугаар, 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ Өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Е.Цыг согтуугаар, 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ Өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэтэрсэн хугарал, баруун чихэнд няцарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Е.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Е.Ц нарт холбогдох хэргийн хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Цт 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Ц.Быг С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Е.Цыг С.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан. ...” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцогчдын хэн нь хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж, хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Иймээс Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэнгийн үйлдсэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 564 дугаартай яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн бичиж, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан гэх/ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх “...хохирогч С.Наранбаяр /1хх 12-15, 22-25/, гэрч Г.Отгонцэцэг /1хх 31-33/, Б.Ерлан /1хх 34-35/, Ж.Ууганбат /1хх 39-41/, Т.Өсөхбаяр /1хх 47-49/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3936 дугаартай дүгнэлт /1хх 53-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 667 дугаартай дүгнэлт /1хх 76-79/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 174-179/ зэргээр Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Е.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна.
Түүнчлэн хохирогч нь “...шүүгдэгч Е.Цын цохилтоос чихний няцарсан шарх үүссэн. ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч С.Наранбаярын биед учирсан баруун чихний няцарсан шарх нь хөнгөн гэмтэлд хамаарч байгаа талаар шинжээчийн дүгнэлт /1хх 53-54, 76-79/ гарсан байх тул энэ үйлдлийн талаар зохих дүгнэлтийг хийж, тохирох зүйл хэсгээр зүйлчлээгүй байна.
Мөн Ц.Бын архины шилээр цохиход шүдний булгаралт гэмтэл үүсэх эсэх, хүндэвтэр гэмтлийг учруулахад бүлэглэж үйлдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Тодруулбал, хохирогч С.Наранбаярын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтлийг хэн, хэрхэн яаж учруулсан, бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоож, яллах дүгнэлтэд тодорхой дүгнэсний дараа шүүх уг үйл баримтад гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б, Е.Ц нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Б, Е.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогч С.Наранбаярын өмгөөлөгч У.Хүрэлсүхийн гаргасан “...хохирлын баримтыг хуульд зааснаар үнэлж, хохирол, төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б, Е.Ц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ц.Б, Е.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ