| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/1072/3 |
| Дугаар | 128/ШШ2019/0285 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Б” ХХК-ийн эзэмшиж байсан XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Б”” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх талбайд тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгаж”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цонгол-Уул нэртэй газарт орших 16061,27 гектар талбайд XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон.
Бид хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд төлж, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын талбайдаа эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, олон ажилчид ажиллуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж хайгуулын ажил явагдаж байсан.
Монгол Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан тогтоол гаргаж, түүнд үндэслэж Засгийн газраас шийдвэр гарсан тул манай компанийн эзэмшлийн талбайг төрийн мэдэлд авахаар болсон байдаг.
Дээрх Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тухайн газруудын хил заагийг Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоож, 2014 оны 260, 281, 2015 оны 130, 199, 289, 302, 2016 оны 155, 2017 оны 83 дугаар тогтоолоор өөрчилсөн байх бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хориглосон талбайтай давхацсан байсан.
Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөх олговор олгох үйл ажиллагааны тухайд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно." мөн журмын 4.7-д “Энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно." гэж заасан байтал Ашигт малтмал газрын тосны газраас энэхүү журамд заасан үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасаар өнөөдрийг хүрсэн.
Манай компани нь өмнө дурдсанчлан нөхөн олговор авахтай холбоотойгоор төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа хандсан боловч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй манай компанийн эрхийг зөрчиж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. ” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу Засгийн газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр Ашигт малтмал газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрхийнхээ хүрээнд “Б” ХХК-д талбайн хэмжээнд дүйцэх газарт тусгай зөвшөөрөл олгохоор байна.
Гэтэл дээрх хууль, журамд заасны дагуу манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК нь хуульд заасны дагуу хайгуулын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газар нь хуулиар хүлээсэн нөхөн олговор олгох үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна.
Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хуулъ бус болохыг тогтоох ” гэж заасан шийдвэрийг шүүхээс гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар “Б” ХХК-ийн ХУ-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/1697 дугаар албан бичгээр “...34.2-т заасны дагуу 9 дэх жилийн төлбөрөө хугацаанд нъ төлөөгүй байна”, "... 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан” гэж заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын 12514Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй, тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг ирүүлээд байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталж улмаар Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад 1 авсан газартай “Б” ХХК-ийн хайгуулын талбай бүхэлдээ давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хязгаарлаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 6-2610 дугаар албан бичгээр нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байсан.
Үүний дагуу компаниас нөхөн олговор авахаар төрийн холбогдох байгууллагад удаа дараа хандсан ч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй атлаа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.3.хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасантай нийцэхгүй хууль бус шийдвэрийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан байна.
Ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Б” ХХК-ийн Х\/-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Б” ХХК-ийн ХV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх талбайд тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
“Б” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдын нутаг Цонгол уул нэртэй 16061.27 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-012514 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх олгожээ.
Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Уг тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох” тухай 194 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалтын газартай бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу 2016 оны 01 дүгээр сард цуцлагдсан байхад 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д “заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм.
“Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-012514 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлж байгаагүй болно.
Иймд тус “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Б" ХХК-ийн Х\/-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудпыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Б” ХХК-ийн ХV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх талбайд тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
“Б” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдын нутаг Цонгол уул нэртэй 16061,27 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-012514 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх олгожээ.
Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан байна. Уг тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох” тухай 194 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалтын газартай бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмалын хайгуулын Х\/-012514 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт юм.
“Б" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-012514 тоот тусгай эөвшөөрлийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг ирүүлж байгаагүй.
Иймд тус “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд хандаж “...тус компанийн эзэмшиж байсан XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Б”” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх талбайд тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлж, “Б”” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б”” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б”” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэж тодруулсан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нөхөх олговор авахаар удаа дараа хандсан боловч шийдвэрлээгүй, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон, хуульд зааснаар дүйцэх газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдын нутаг Цонгол уул нэртэй 16061,27 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаар тусгай зөвшөөрлийг анх “Дорнын чулуулаг” ХХК-д 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон, тус компаниас хүсэлт гаргасныг үндэслэн Геологи уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 639 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн, тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн үйл баримтууд тогтоогдов.
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ба уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно” гэж заасан байна.
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон байх ба энэ тогтоолд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн, ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаар талбай бүхэлдээ багтсан, мөн Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын 1.1 дэх хэсэгт заасан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамааруулан дархан цаазат газрын ангиллаар уг талбайг улсын тусгай хамгаалалтад авсан үйл баримт тус тус тогтоогдов.
Нэг. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдын нутаг Цонгол уул нэртэй 16061,27 га талбайд орших ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө, 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6.Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ” гэснээс үзвэл хориглосон хуулийн үйлчлэлд хамаарч улмаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол гарснаар 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр биш, үйлчлэлгүй болсон тул энэ хугацаанаас эхлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс нэхэмжлэгч компани чөлөөлөгдөхөөр байна.
Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр биш болсон тохиолдолд хууль ёсны эзэмшигч байсан этгээдийн уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үүрэг, тухайлбал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болох юм.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасныг баримтлан ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь дээрхи хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа уг талбайн хууль ёсны эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож, нөхөн олговор олгох журамтай атал энэ ажиллагаа явагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. “Б” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б”” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол улсын Засгийн газарт даалгаж, Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б”” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэх шаардлагын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн нэмэлтийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.19-д түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 11.1.25-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээний зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахад нөхөх олговор олгохоор журамласан, уг нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох үүрэгтэй, ийнхүү хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 2 төрлийн талбайгаас тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, эсхүл сонгон шалгаруулалтаар олговол зохих талбайгаас тусгай зөвшөөрлийг сонгож олгох боломжтой, уг талбайг солбицлоор тодорхойлох үүргийг хариуцагч Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон байна.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд авсан хэдий ч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан “хэлэлцэн тохиролцох, нөхөх олговор олгох” үйл ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь тогтоогдов.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5-д энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно, мөн хуулийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.
Түүнчлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд үндэслэн гарсан Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргана” гэж, мөн журмын 4.2-т “Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох баримт бичгийн хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ, шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно”, мөн журмын 4.7-д “энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно” гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхэд хандаж “...нөхөх олговрыг шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны хариуг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгөхдөө “...Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлтээ гаргах”-ыг мэдэгдсэн, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/041 дүгээр албан бичгээр дахин хандахад 2014 оны 8 сарын 27-ны 6-4859 тоот албан бичгээр хариу өгөхдөө “...эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэх тул...Засгийн газартай тохиролцож шийдвэрлүүлэх хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гаргана уу” гэсэн хариу өгсөн,
Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар албан бичгээр Уул уурхайн яаманд хандаж “Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Уул уурхайн яаманд ханд гэснийг дурдаад тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг шилжүүлж өгнө үү” гэж хүссэн хүсэлтэд Уул уурхайн яамны 2015 оны 3 дугаар сарын 17-ны Б/625 дугаар албан бичгээр “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам шийдвэрлэх тул тус яаманд ханд” гэсэн хариуг тус тус өгч байжээ.
Гэвч нэхэмжлэгч компанид нөхөх олговрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул нэхэмжлэгч компани 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандаж “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу дүйцэх хэмжээний талбайг сонгон шалгаруулалтын талбайгаас авах хүсэлт...” гаргасан боловч уг асуудлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж “...нөхөх олговрын асуудал шийдэгдэхгүй байгаа тул манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу дүйцэх хэмжээний талбайг сонгон шалгаруулалтын талбайгаас авах хүсэлтэй тул уг хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжилж өгнө үү” гсэн хүсэлт хүргүүлсэн боловч “...шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх”-ийг мэдэгдсэн байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нв Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсны дээр уг талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авснаар давхар хориглолтод орсон, энэ 2 тохиолдлын аль алинд нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид нөхөх олговор олгох үүрэгтэй байжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдын нутаг Цонгол уул нэртэй 16061,27 га талбайд орших ашигт малтмалын хайгуулын XV-012514 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлдээ дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд орсон үндэслэлээр төрийн мэдэлд авахдаа нөхөн олговор олгохоор хуульчилсан боловч хариуцагч захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллагаас хууль болон журмын заалтыг зөрчиж нэхэмжлэгчид “нөхөх олговор олгохоос удаа дараа татгалзсан” нь үндэслэлгүй, хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдсон, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.
Нэгэнт захиргааны байгууллагын хууль бус ус үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг Монгол улсын Засгийн газарт, Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол улсын Засгийн газарт, Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН