Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00103

 

З.Ю-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00261 дүгээр магадлалтай,

З.Ю-н нэхэмжлэлтэй

Л.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.З.Ю нь Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар хариуцагч Л.Б-с 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ю-д олгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00261 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-с 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ю-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...307,950 төгрөг...” гэснийг “457,950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Л.Б, өмгөөлөгч Ц.Б, Г.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхэд К гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, нотлох баримтууд гаргаж өгснийг хүлээн аваагүй, гэрчийн мэдүүлэгт мөнгө авах биш өгөх ёстой талаар дурдсаныг үнэлж дүгнээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ. Тухайн мөнгө шилжүүлэх үед К өөрийн нэр дээр дансгүй байсан тул компанийн дансаар мөнгөө шилжүүлж байсан талаарх дансны хуулга, З.Ю-тэй гэр бүлийн баталгаатай хамт амьдарч байсан, шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн зэргийг шүүх анхаарсангүй. Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтуудыг шинжлэн судлаагүй, гэрчийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаагүй, мөн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагч Л.Б, өмгөөлөгч Ц.Б, Г.М нарын магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00420 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч Л.Б, өмгөөлөгч Ц.Б, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч З.Ю нь хариуцагч Л.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Л.Б-тай гэр бүлийн найз, дүүгийн харилцаатай байсан ба Л.Б-н төрсөн дүүгийн бие муудсан гэх шалтгаанаар 2021.05.12-ны өдөр З.Ю надаас 110,000,000 төгрөгийг 2021.10 сард буцаан өгөх нөхцөлтэйгээр зээлсэн. Гэвч хугацаандаа мөнгөө өгөөгүй, удахгүй өгнө гэж хойшлуулсаар байсан. Удаа дараа шаардсаны эцэст эхнэр Ё.А 40,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, одоо үлдэгдэл 70,000,000 төгрөгийг өгөөгүй.” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2021 онд З.Ю болон түүний нөхөр К нар дүүгийн эмчилгээнд 10,000,000 төгрөг хандивлаж, харин 100,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед би энэ их мөнгийг буцаан төлөх чадвар муу байна гэхэд тоглолтоо хийгээд өгөөрэй гээд шилжүүлсэн. Дараа нь З.Ю-н нөхөр К дүүгийн буяны ажилд тусалж, сэтгэлийн дэм үзүүлсэнд талархаж явдаг. Дүүгийн эмчилгээний нийт зардал 500,000,000 төгрөг болсон ба энэхүү санхүүгийн хүндрэлээс гарч чадаагүй байхад миний бие 2 удаа цус харваж, хиймэл түнхний мэс засалд орсноор хэвтрийн дэглэм сахиж, уран бүтээлийн тоглолтоо хийж амжаагүй өдийг хүрлээ. Энэ жилээс биеийн байдал сайжирсан тул 2026.10.09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд томоохон тоглолт зохион байгуулахаар бэлдэж байна, уг тоглолтын дараа би санхүүгийн хүндрэлээс гарч мөнгөө төлнө. Өнгөрсөн хугацаанд хүмүүсийн тусыг хариулахын тулд “M” контентийн эзэмшигчийнхээ эрхээр К, З.Ю нарын гэр бүлийн “В” ХХК-ийн реклам, оролцсон нэвтрүүлгийг **** телевизээр цацуулж ирсэн. Одоогийн байдлаар реклам, оролцсон нэвтрүүлгийн үнийн дүн нийтдээ 103,582,000 төгрөг болсон. Гэхдээ надад өгсөн мөнгийг “В” ХХК-ийн зүгээс өгсөн гэж хэлсэн...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ; “…10,000,000 төгрөгийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, … нэхэмжлэгч уг гэрээг хүчингүйд тооцох шаардлага гаргаагүй, харин талуудын хооронд 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсанаас 40,000,000 төгрөг нь төлөгдсөн тул үлдэх 60,000,000 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Учир нь, З.Ю, К нар гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул Л.Б-д шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “…******-н иргэн гэрчээр мэдүүлэхдээ 10,000,000 төгрөгийг бэлэглэсэн, харин 100,000,000 төгрөгийг зээлсэн гэдгээ илэрхийлсэн, мөнгийг хариуцагчаас шаардахгүй, татгалзсан болохыг илэрхийлээгүй, Л.Б-д мөнгө шилжүүлэх үед З.Ю болон К нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул гэр бүлийн дундын өмч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, харин тэднийг хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн аль нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардаж болно, нэхэмжлэгч 2025.09.19-ний өдөр шүүхэд хандсан, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хугацаа тохироогүй зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх бөгөөд үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрснөөр хугацаа хэтэрсэнд тооцно…” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд бэлэглэлийн болон зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ижил дүгнэлт хийсэн боловч зээлийн мөнгөн хөрөнгийг анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хамтран зээлдүүлсэн гэж дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан ба хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.Ю нь өөрийн ******** банк дахь данснаас хариуцагч Л.Б-н дансанд 2021.05.12-ны өдөр 110,000,000 төгрөгийг гүйлгээний “K” гэсэн утгаар шилжүүлсэн, тухайн үед З.Ю, К нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байхдаа “В” компанийн үйл ажиллагааг хамтран явуулж байсан, хариуцагч Л.Б-н эхнэр Ё.А 2025.01.03-ны өдөр 40,000,000 төгрөгийг З.Ю-н дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

13.Анхан болон давж заалдах шатны шүүх З.Ю-с Л.Б-т шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгөөс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт үндэслэн хариу төлбөргүй бэлэг байсан гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй.

14.Мөн хоёр шатны шүүх дээрх мөнгөн хөрөнгөөс  100,000,000 төгрөгтэй холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй, харин хариуцагч 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна.

15.Нэхэмжлэгч З.Ю, К нар ******-д оюутан суралцахад зуучлах үйл ажиллагааг хамтран эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааны орлогоос зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, “********” ХК дахь хамтран эзэмшдэг ам.долларын дансны хуулга болон З.Ю-н дангаар эзэмшдэг төгрөгийн дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ.

16.Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж, 241.4-т “хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө” гэж тус тус зохицуулжээ.

17.К шүүхэд “... шилжүүлгийн утга дээр миний нэрийг бичсэн байгаа... шүүхээр энэ мөнгийг нэхэмжлээд явж байгаад өөрийнхөө зүгээс хүлээж авч чадахгүй... манай рекламыг цацаж өгсөн... тооцоолоод үзэхэд бид нар авах ёстой биш эсрэгээрээ мөнгө өгөх хэрэгтэй байгаа...” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Давж заалдах шатны шүүх “... К зээлийг хариуцагчаас шаардахгүй, татгалзсан болохыг илэрхийлээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болж чадаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийг зөв хэрэглээгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь нийт зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

18.Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Л.Б-с 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ю-д олгосон шийдэл зөв боловч авлага нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө учир тал хувийг З.Ю нэхэмжлэх эрхтэй гэж үзэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг хэрэглэсэн нь оновчтой болоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00261 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.Б-с 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ю-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б 2026.03.13-ны өдөр 457,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             Д.ЦОЛМОН