Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 70

 

2017         05           22                                                      70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган,

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Хохирогч Т.Бямбацэцэг

Шүүгдэгч Т.Хүрэлхүү нарыг оролцуулан,

 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүүд холбогдох эрүүгийн 201711000087 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүү, Улаанбаатар хотод 1969 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /ЛЮ69062113/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Баяннуурын 6-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 08 сарын 14-ний өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Т.Хүрэлхүү нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд согтуугаар “Ниссан Санни” маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хиймэл нуур”-ын хойд талын автомашины замаар замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…”, мөн дүрмийн 2.5-ын /в/-д “зам тээврийн ослын тухайн цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7-ын /а/-д заасан “жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1-д заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Т.Бямбацэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Хүрэлхүү шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Т.Хүрэлхүү мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 02 сарын 09-ний өдрийн 18-19 цагийн хооронд найз Төмөрбаатар, Төмөрзориг болон жолооч Эрдэнэбат нарыг Улаанбаатар хот руу гаргаж өгөхдөө 1 шил “Ерөөл” нэртэй 0.75 граммын архинаас 3 хундага уусан…Тэгээд өөрийнхөө “Ниссан санни” маркийн 20-22 ДОР улсын дугаартай машинаар “Хиймэл нуур”-ын хойд талын замаар явж байхад замын хажуу талаас усны тэрэг түрсэн эмэгтэй хүн гэнэт гарч ирэхэд машиныхаа тоормосыг дарж зүүн гар тал руугаа жолооны хүрдийг дарсан боловч тэрэг түрж явсан хүний тэрэгний хажуу талаас мөргөхөд тэрэгнийхээ аралд савагдаж замын баруун гар тал руу уначихсан болохоор машинаасаа буугаад харсан чинь настай эмэгтэй хүн өндийгөөд босч байхад нь өргөж босгосон. Питонтой ус нь асгарчихсан байсан учраас машиндаа суулгаад усыг нь авч өгөхөөр худаг руу явсан. Тэр настай эгчээс биеийн байдлыг асуухад “толгой дүүрээд байна” гэж хэлж байсан. Худаг дээр ирээд ус хийж өгөөд усны тэргэн дээр нь питонтой усыг нь тавиад цааш гэр рүү нь хамт явж байгаад машиныхаа хаалгыг цоожлоогүй байсныг санаж “та энд байж бай, машиныхаа хаалгыг цоожлоод ирье” гэж хэлээд явсан. Намайг машиныхаа хаалгыг цоожлоод буцаад очих гэсэн чинь хэдэн хүүхдүүд тэрэгтэй усыг нь түрчихсэн, тэр настай эмэгтэйг дагуулаад явж байсан учраас араас нь дуудсан боловч сонсохгүй байсан болохоор “бие нь гайгүй юм байлгүй дээ” гэж бодоод буцаад машиндаа суугаад явсан. Ингээд машинтай 4 байшингийн хойд талын авто замаар гэр рүүгээ явж байгаад замын цагдаад саатуулагдсан...Тухайн үед тэр эгчийг “бие нь гайгүй” гэж хэлсэн болохоор цагдаад хэлээгүй яваад өгчихсөн юм. Осол гарсан үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа. Би “машиныхаа хаалгыг цоожлоод ирье” гэж хэлээд явахдаа машинаа асаагаад Чойбалсан констракшны гурван байшингийн хамгийн хойд талын байшингийн баруун талын орцны үүдний зогсоол дээр машинаа тавьчихаад  эргээд явган очиж байсан юм...” /хх 81-82/,

Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ...Би Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна, харин 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Машиныхаа хаалгыг цоожлоогүй, зам дээр орхисон байсан болохоор “...машинаа холдуулж...зогсоол дээр тавьчихаад ирсэн..., Тэр эгч өөрийгөө “гайгүй” гэж хэлсэн болохоор яваад өгчихсөн..., Балмагдаж сандарсандаа буруу ярьчихсан байна. Шүр захын урд талд байдаг Петровис шатахуун түгээх станцын урд талын зам дээр намайг цагдаа саатуулсан юм...,Та осол аваарь хийгээд явж байгаа юм биш биз гэсэн цагдаагийн асуултад осол аваарь хийгээгүй, юм мөргөчихсөн...” гэж хариулсан...гэжээ. /хх 85-86/

 

Хохирогч Т.Бямбацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд гэрээсээ гараад 8 дугаар сургуулийн хойд талын худгаас ус авахаар явсан юм. Усаа авчихаад тэргээ түрээд “Хиймэл нуур”-ын хойд талын авто зам дагаад явж байхад өөдөөс машины гэрэл яах ийхийн зуургүй орж ирээд усны тэрэг мөргөчихсөн юм. Одоо санаж байхад нуурын хойно зүүн талын хаалга дээр дайруулсан юм билээ. Би усны тэргэндээ цохигдож арагшаа савж бөгсөөрөө унаж, толгойгоо цохих шиг болсон. Энэ жолооч шатахуун түгээхийн хойно аваачаад “ тохироё, гээд 10000 төгрөг гаргаж өгч байснаа, та явчих” гээд байсан. Би “эгч нь явж чадахгүй, гэрт хүргээд өгөөч” гэж гуйхад хүргэж өгөөгүй. “Машинаа цоожлоод ирье” гээд тэр чигээрээ яваад өгсөн байсан. Би яваад өгсөн гэж мэдээгүй, хүлээгээд байхад ирээгүй. Тэнд хичээлээ тараад явж байсан хэдэн хүүхдүүд намайг “хүргэж өгье” гэхээр нь би “машины жолооч ирнэ” гэхэд, тэр хүүхдүүд “тэр жолооч машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн” гэсэн. Тэгээд тэр хүүхдүүд хүргэж өгсөн. Нэг хүүхэд нь “Хан-Уул” сургууль дээр очиж түргэн, цагдаа дуудсан байсан.  

Тэр оройдоо бие эвгүйрхээд эмнэлэгт хэвтээд 4 хоносон. Тэгээд Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэхээр нь Улаанбаатар хот руу явж шинжилгээ хийлгэн тархины эмнэлэгт 7 хоног, гэмтэлд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний бие урьдын байдагтайгаа адил биш, юм их мартдаг, удаан ярьж чадахгүй, мөн үнэртэх мэдрэмж байхгүй, толгой тархи их өвддөг, асаргаанд гол төлөв байдаг болсон.

Энэ ослоос болж эмчилгээний зардалд 2750000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг жолооч төлсөн. Одоогоор авах хохиролгүй ч, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Энэ хүн огт уулзахгүй байж байгаад сая нэг өмгөөлөгчтэйгээ очиж уулзсан. Би маш их гомдолтой байна гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 518 тоот нэмэлт дүгнэлтэд: “1.Т.Бямбацэцэгийн биед учирсан дагзны төвгөр дайрсан далд хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд дагзны төвгөр дайрсан далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т  зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Т.Бямбацэцэгийн биед учирсан хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Бямбацэцэгийн биед учирсан бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Т.Бямбацэцэгийн биед учирсан бүсэлхий, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2.Т.Бямбацэцэгийн биед учирсан дагзны төвгөр дайрсан далд хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Харин бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 62/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 10 тоот дүгнэлтэд:

“Хариулт-1 Эрүүгийн хэргийн 201711000087 тоот хэрэг материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, жолооч Т.Хүрэлхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5-ын /б/-д “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх”, 2.5-ын /в/-д “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7-ийн /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жоолоодохыг хориглоно”, 9.1-д заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2 Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн жолооч Т.Хүрэлхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам дээр аюул, саад бий болсон үед тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж дүгнэлтийг тогтоов. Хариулт-3: Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн жолооч Т.Хүрэлхүүгийн жолоодож явсан Санни маркийн 20-22 Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэж үзэв” гэжээ. /хх 66/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 45 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн 3 дохионы гэрлийн хагархай хэсгүүд тээврийн хэрэгслийн баруун талын дохионы гэрлийн хэсгүүдтэй нийлж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн 3 дохионы гэрлийн хагархай хэсгүүд өмнө нь нэг бүхэл дохионы гэрэл байсан” гэжээ. /хх 70/

 

Хохирогч Т.Бямбацэцэг /хх 44-46/, насанд хүрээгүй гэрч А.Халиунцэцэг /хх 47-48/, З.Солонгоо /хх 49-50/, гэрч Б.Одгэрэл /хх 51-52/, С.Алдармаа /хх 53-54/, Т.Болд  /хх 55-56/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 7-8/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Nissan sunny” маркийн 20-22 ДОР  дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 18-19/, Жолоочийн эрх хүчинтэй эсэх тодорхойлолт /хх 19/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 3016 тоот дүгнэлт /хх 53/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 91/, Хохирогчийн өвчний түүх /хх 97-117, 180-192/, Хохирлын баримтууд /124-125/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 38-39, 40-41/, Хохирол төлсөн баримт /хх 122-123, задгай/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 27-30, 35-36/, Эд зүйлийн үнэлгээ /хх 31-34, 37/, Шүүгдэгч Т.Хүрэлхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 89/, Урьд ял шийтггдсэн эсэхийг шалгах хуудас /хх 93/, Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд / задгай 4 хуудас/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /задгай 14 хуудас/  зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Т.Хүрэлхүү нь согтуурсан үедээ 2017 оны 02 сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд “Nissan sunny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт “Хиймэл нуур”-ын хойд талаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…”, мөн дүрмийн 2.5-ын /в/-д “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7-ын /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.1-д заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2-д заасан “…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас устай тэрэг түрж явсан явган зорчигч Т.Бямбацэцэгийг мөргөж бие махбодид нь “дагзны төвгөр дайрсан далд хугарал” бүхий хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалтад үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Т.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэг, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн насанд хүрээгүй гэрч А.Халиунцэцэг, З.Солонгоо, гэрч Б.Одгэрэл нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, тухайн ослоос хохирогчийн биед “дагзны төвгөр дайрсан далд хугарал бүхий хүнд, бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр, хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүсэлхий, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн” зэрэг гэмтэл учирсан талаар болон жолооч Т.Хүрэлхүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйгээс зам дээр аюул, саад бий болсон үед тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох арга хэмжээ аваагүй гэм буруутай үйлдлийн улмаас “зам тээврийн осол болох шалтгаан болсон” талаар дүгнэсэн шинжээч эмчийн болон автотехникийн шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Nissan sunny” маркийн 20-22 ДОР  дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Жолоочийн эрх хүчинтэй эсэх тодорхойлолт, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 3016 тоот дүгнэлт, Хохирогчийн өвчний түүх, Хохирол нэхэмжилсэн баримтууд, Хураан авах тогтоол, тэмдэглэл, Хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Т.Хүрэлхүүгийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгч нь Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 08 сарын 14-ний өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцогдох хууль зүйн үр дагавар арилсан байна гэж үзнэ.

 

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 93/, Хохирол төлсөн баримт /хх 122-123, задгай/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Гэвч шүүгдэгч Т.Хүрэлхүү нь мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй,... тэр эмэгтэйг “бие нь гайгүй юм байлгүй дээ” гэж бодоод буцаад машиндаа суугаад явсан...” гэж, түүний өмгөөлөгч Т.Энхболд “...Хохирогч  автомашины зорчих замаар урсгал сөрж явсан буруутай...” гэж мэтгэлцжээ. /хх 81-82, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэтэл шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт холбогдуулж “...машинаа холдуулж...зогсоол дээр тавьчихаад ирсэн..., Тэр эгч өөрийгөө “гайгүй” гэж хэлсэн болохоор яваад өгчихсөн..., Балмагдаж сандарсандаа буруу ярьчихсан байна, Шүр захын урд талд байдаг Петровис шатахуун түгээх станцын урд талын зам дээр намайг цагдаа саатуулсан юм...,Та осол аваарь хийгээд явж байгаа юм биш биз гэсэн цагдаагийн асуултад осол аваарь хийгээгүй, юм мөргөчихсөн...” /хх 85-86/ гэх мэтээр тайлбарласан байх ба энэ үйл баримт нь хохирогч Т.Бямбацэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эгчийх нь толгой эргээд явж чадахгүй байна, чи хүргээд өгчих гэхэд, хүргэж өгөөгүй яваад өгсөн...” /хх 44-45, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, Насанд хүрээгүй гэрч А.Халиунцэцэг, З.Солонгоо нарын  мөрдөн байцаалтад өгсөн “...Хар өнгөтэй жижиг суудлын машин их хурдтай гарч ирээд замаар явж байгаад гэнэт замаасаа гарахдаа тэрэг түрж явсан настай эгчийг дайрчихсан...жолооч ах машинаасаа бууж ирсэн чинь маш их согтсон байдалтай байсан...Тэр жолооч ахад “...цагдаа, түргэн дуудаач гэж хэлсэн чинь ямар нэг зүйл хэлэхгүй байсан...” /хх 47-50/ гэх, гэрч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...Шүр захын урд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр шалгалт хийж байхад “Nissan sanny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун зүгээс зүүн чиглэлд гэрэл, дохио бүрэн бус явж байсан учраас шалгахад, жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...102-оос “Nissan sanny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарлагдсан гэж хэлсэн...жолоочоос осол аваарь хийгээд явж байгаа юм биш биз гэж асуухад, үгүй юм мөргөчихсөн гэж ярьж байсан...” /хх 51-52/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогджээ.

Харин зорчигч Т.Бямбацэцэг замын хөдөлгөөний дүрмийн ямарваа нэг заалтыг зөрчсөн талаар техникийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй байна.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн Т.Хүрэлхүүгийн гэм буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогчийн бие махбодид учирсан гэмтлүүд нь түүний түрж явсан устай тэргийг мөргөсөн Т.Хүрэлхүүгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймээс жолооч Т.Хүрэлхүү нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осолд орсон хүний бие эрүүл мэндэд гэм хор учруулсан нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн болох ба зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор тээврийн хэрэгслийн зогссон байршлыг өөрчлөх, цагдаагийн байгууллагын ажилтанд худал мэдээлэхээс гадна ослын газрыг орхиж явсан түүний идэвхтэй үйлдэл буюу гэмт хэргийн объетив талын бүрэлдэхүүн тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Хүрэлхүүг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуугаар, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, жолооч зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Т.Бямбацэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эмчилгээний зардалд   2750000 төгрөгийн зардал гаргасныг нотлох баримттай мөрдөн байцаалтын шатанд өгсөн ба үүнийг жолооч төлсөн...Одоо цаашдын эмчилгээнд гарах зардал буюу 6-7 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байна.

     Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл,          хохирогч Т.Бямбацэцэг нь гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсний бодит зардалтай холбогдуулж 2750000 төгрөгийн нотлох баримт хэрэгт ирүүлсэн /хх 124-172/ боловч шүүгдэгч нийт 3000000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан /хх 122-123, задгай/ байх тул шүүгдэгч Т.Хүрэлхүүг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй юм.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан “...Гэм хорыг арилгах цаашдын эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өөрт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч шүүхийн шатанд эрүүл мэндийн байдлын талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг ирүүлсэн боловч энэхүү шийдвэрийн үйлчлэх хугацаа 2016 онд дуусгавар болсон “баримт” болохыг дурдвал зохино. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Т.Хүрэлхүү нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 3 ширхэг хагарч бутарсан хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Т.Хүрэлхүү нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс Багануур дүүргийн 5-р хороо 13 дугаар гудамжны  01 тоот 700 м2 газар, уг газар дээрх 24 м2 гражтай 90 м2 талбайтай хувийн орон сууц, “Nissan sanny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 07, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЛЮ69062113 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг нэн даруй, ¹57744 дугаартай жолоочийн үнэмлэх, АЯ 0336780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ямаат овогт Төмөрийн Хүрэлхүүг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас согтуурсан үедээ, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Төмөрийн Хүрэлхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Т.Хүрэлхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Т.Хүрэлхүүд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн 3 ширхэг хагарч бутарсан хуванцар эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Ялтан Т.Хүрэлхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 2000000 төгрөг, шүүхийн шатанд 1000000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн цаашид хийлгэх эмчилгээний зардал /гэм хор/-ын 6-7 сая төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Т.Хүрэлхүүгийн эзэмшлээс Багануур дүүргийн 5-р хороо, 13 дугаар гудамжны  01 тоотод байршилтай 700 м2 газар, уг газар дээрх 24 м2 гражтай 90 м2 талбайтай 14 сая төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууц, “Nissan sanny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай 2500000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 07, 2017 оны 04 сарын 12-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Хүрэлхүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Т.Хүрэлхүүгийн ЛЮ69062113 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг нэн даруй, ¹57744 дугаартай жолоочийн үнэмлэх, АЯ 0336780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ