Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/00957

 

 

 

 

 

                             

 

 

 

                  2022       03           03   

           101/ШШ2022/00957

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: С.Т-д холбогдох,

 

38,479,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани 2020 онд Өмнөговь аймгийн нутагт баригдаж байгаа төмөр зам дээр ажил хийж байхад зэрэгцээд тухайн төмөр замын зарим хэсэгт хариуцагч С.Т нь ажилтнуудаа аваад хувиараа ажиллаж байсан. Тэрээр  2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манайхаас 450 ширхэг барилгын пум авахаар бид нар түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар 7 хоногийн хугацаатай 6,300,000.00 төгрөгөөр пум түрээслэсэн боловч 07 дугаар сарын 31-ний өдөр 191 ширхэг пум, 09 дүгээр сарын 02-ны өдөр 136 ширхэг пумыг буцааж өгөөд, үлдсэн 123 ширхэг пумыг одоо болтол өгөөгүй байна.

 

Мөн манай компани 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойших түрээсийн төлбөрийг өөр компанид түрээслэж байсан өртгөөр тооцож нэхэмжилж байна. Учир нь, хариуцагч С.Т нь удахгүй мөнгө олж өгнө гэж хэлчихээд утсаа авахгүй алга болчихсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд, хариуцагчаас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 250 ширхэг пумны түрээсийн төлбөр 12,000,000.00 төгрөг, 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 200 ширхэг пумны түрээсийн төлбөр 5,600,000.00 төгрөг, үлдсэн 123 ширхэг пумны 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 14,114,250.00 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 31,714,250 төгрөг болон 123 ширхэг пумны үнийг зах зээлийн ханшаар тооцож 6,765,000.00 төгрөг, нийт 38,479,250 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө 123 ширхэг пумыг буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул учирсан хохирлыг 1 ширхэг пумыг 55,000.00 төгрөгөөр тооцож 6,765,000.00 төгрөгийг нэхэмжилсэн” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид, түрээсийн гэрээ байгуулсан дээр маргахгүй, гэхдээ 450 ширхэг пум түрээслэн гэж гэрээ байгуулсан боловч 250 ширхэг пумыг хүлээж авсан. Ингээд 250 ширхэг пумыг буцааж өгөөд төлбөр тооцооны талаар акт үйлдсэн бөгөөд 250 ширхэг пумны түрээсийн төлбөрт 12,000,000.00 төгрөгийг өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь үүнээс 3,600,000.00 төгрөгийг төлчихсөн тул үлдэх 8,400,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үлдэгдэл пумыг хариуцагч С.Т хүлээж аваагүй, авсан пумыг н.Б-оор дамжуулан буцаан өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь тус тооцоог хариуцагчийн тооцоотой хольж байна. Өөрөөр хэлбэл, 123 ширхэг пумыг н.Б хүлээж авсан тул түүнээс төлбөрийг нь нэхэмжлэх хэрэгтэй, 123 ширхэг пумыг ийм үнэтэй гэж бодохгүй байна” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 440,021.00 төгрөг төлсөн баримт,
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм
  4. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн пум түрээслэх тухай гэрээ,
  5. Түрээсийн гэрээ,
  6. Түрээсийн хэвний тооцооны акт,
  7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхэд гаргасан гомдол,
  8. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20376 тоот шүүгчийн захирамж,
  9. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17579 тоот шүүгчийн захирамж.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  2. Хариу тайлбар,
  3. Төрсний гэрчилгээний хуулбар.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад            

 

               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч С.Т-т холбогдуулан 38,479,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хариуцагчаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч С.Т-тай түрээсийн гэрээ байгуулж, 30x120 пум 50 ширхэг, 60x120 пум 400 ширхэг, нийт 450 ширхэг барилгын пумыг 1 хоногийн 2,000 төгрөгийн төлбөртэйгээр 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр тохирчээ /х.х-ийн 9-11 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь аж ахуйн буюу зам-барилгын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор нэхэмжлэгчээс 450 ширхэг пумыг түрээслэхээр тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгчийг 450 ширхэг пумыг бүгдийг нь хүлээлгэн өгөөгүй гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Т-т аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түүний эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгөх, хариуцагч нь тийнхүү гэрээний зүйлийг хүлээн авснаар түрээслэх боломжтой болж, улмаар гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар хэдийгээр зохигчид 450 ширхэг барилгын пумыг түрээслэхээр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хариуцагч нь тэдгээрийг буцаан өгөх, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Э” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан болон түрээсийн төлбөр тооцооны талаар акт үйлдсэн байх боловч тус актанд түрээслэгч С.Т нь гарын үсэг зураагүй байх тул энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна /х.х-ийн 12 хуудас/.

 

Харин зохигчдын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн актанд хариуцагч С.Т нь н.Б гэж хүнтэй хамт нийт 250 ширхэг пумыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ашиглаж, түрээсийн төлбөрт 12,000,000.00 төгрөгийг мөн сарын 28-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй гэж дурджээ /х.х-ийн 8 хуудас/.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ч нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Т-т барилгын 450 ширхэг пумыг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан. Тодруулбал, талуудын хооронд урьд өмнө үүссэн харилцааг хүлээн зөвшөөрч, энэ тухай бичгээр баримт үйлдсэн байвал үүнийг буюу зохигчдын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар үнэлэх учиртай.

 

Иймд, нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Т-т 450 ширхэг пумыг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлоогүй ба 250 ширхэг пум хүлээн авсан тухай тэдгээрийн хооронд тооцоо нийлсэн акт байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид 250 ширхэг пум хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэстэй байна.

 

Харин нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч С.Т-т 450 ширхэг пумыг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлоогүй тул үлдэх 123 ширхэг пумыг биет байдлаар хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохиролд 1 ширхэг пумыг 55,000.00 төгрөгөөр тооцож 6,765,000.00 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч С.Т-ыг нэхэмжлэгч “Э” ХХК-иас түрээслэн авсан 450 ширхэг пумаас 123 ширхэг пумыг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, эдгээр пумыг биет байдлаар өгөх боломжгүй болгосон гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас түрээслүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан баримт, Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид хариуцагч С.Т-ыг түрээсийн төлбөр 12,000,000.00 төгрөгөөс 3,600,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 8,400,000.00 төгрөг байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 38,479,250.00 төгрөгөөс 6,765,000.00 төгрөгийн үнэ бүхий пумыг хүлээлгэн өгөөгүй учраас мөнгөн хэлбэрээр буцаан шаардаж байгаа гэсэн тайлбар, мөн үлдэгдэл түрээсийн төлбөр 23,314,250.00 төгрөгийн талаарх шаардлага нь тус тус хариуцагчид 450 ширхэгийг бус 250 ширхэг пум хүлээлгэн өгсөн, тухайн пумыг хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ашиглаж, түрээсийн төлбөрт 12,000,000.00 төгрөгийг төлөх тухай тооцоо нийлсэн актаар үгүйсгэгдэж байх тул энэхүү 30,079,250.00 төгрөгийг нотлогдсон гэж дүгнэхгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 8,400,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,079,250.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С.Т-аас 8,400,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,079,250.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,021.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР