Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/00687

 

 

 

 

 

                             

 

 

 

                  2022       02           17   

           101/ШШ2022/00687

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.О-ын гаргасан,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 682 дугаар шүүхийн захирамжаар Г.О-аас Б.Т-т 103,000,000.00 төгрөгийг өгөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Тус захирамжийн дагуу нэхэмжлэгч Г.О миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягт байрлах 45.8 м.кв талбайтай орон сууцыг 136,820,736.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийвэр гүйцэтгэх газар очиж материалтай танилцаж мэдсэн ба надад огт мэдэгдэлгүйгээр үнэлгээ хийсэн байна.

 

Би, тухайн орон сууцыг 2013 онд 145,000,000.00 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ надаас үнийн санал аваагүй, үнэлгээ хийх гэж буй талаар огт мэдэгдээгүй, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч миний дугаарын утсанд мэссэж явуулснаар, мөн интернэтээс олж мэдсэн. Миний бие Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 2-48 байр хаягт оршин суудаг ба энэ хаягийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 682 тоот захирамжид бичигдсэн байгаа юм.

 

Гэвч хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдлийг миний оршин суудаггүй хаягаар явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.5-д тус тус заасныг зөрчсөн байна. Ийнхүү нэхэмжлэгч надад энэ талаар мэдэгдээгүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хаан боогдуулсан. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй”, мөн надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 буюу дуудлага худалдаанд оролцох, мөн хуулийн 72.2-т “Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ”, мөн хуулийн 72.3-т “Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ” гэж заасан эрхээ эдлэх боломж олгоогүй.

 

Одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнэ асар ихээр өсч, хотын төвийн байрны үнэ хамгийн багадаа м.кв нь 3,300,000.00 төгрөг хүрээд байхад миний орон сууцыг маш бага үнээр үнэлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна. Би, дуудлага худалдаанд оруулахыг мэдсэн бол шийдвэр гүйцэтгэх газраас зарах үнэ болох 95,774,517.00 төгрөгөөс илүү өндөр үнээр өөрөө зарах боломжтой байсан.

 

Албадан дуудлага худалдаанд оруулах үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т зааснаар харилцан тохиролцох боломжоор огт хангаагүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчний үнээр худалдан борлуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй тус би хохирсон. Хуульд заасан дуудлага худалдааны талаархи ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг надад хүргүүлээгүй. Би, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мессежийг хүлээн авч өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 2-48 байр, хаягийн дагуу Монгол шуудангийн 20 дугаар салбарт хандахад надад ямар нэгэн шуудан ирээгүй байсан.

 

Иймд, орон сууцны дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны миний өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд очих боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй” гэжээ.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00682 дугаар захирамжаар Г.О-аас 103,000,000.00 төгрөг гаргуулж Б.Т-т олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.О-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр  хаягт байрлах 45,8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн     4-187/14513 тоот мэдэгдлийг талуудад гардуудан өгөхөд тохиролцож зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 9/203 тоот шинжээч томилох тогтоолоор “А” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 136,820,738.00 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17078 тоот мэдэгдлийг Г.О-ад тус өдрийн 11 цаг 39 минутад гардуулан өгч үнэлгээний тайлантай танилцуулан гарын үсэг зуруулсан. Гэтэл Г.О нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээний талаар гомдол гаргасан байдаг боловч шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахгүй нэг цэгээр гомдол гаргасан байдаг. Төлбөр төлөгч Г.О-ад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн эрх үүргийн танилцуулсан бөгөөд удаа дараа зарлан дууддаг боловч ирж уулздаггүй.

 

Ингээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр утсанд залгагахад эргээд залгая гээд “.......Би Налайхад ажилтай явж байгаа тул та шуудангаар мэдэгдлийг явуулчих......” гэж бичсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу шуудангаар хүргүүлсэн.

 

Намайг Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байрны хаягт очиход нэхэмжлэгч Г.О нь өөрөө байдаг байсан. Тиймээс дуудлага худалдааны үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах өдөр, цагийн талаар мэдээгүй гэдэг нь худал. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,
  2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
  3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын       14-ний өдрийн 4-187/17078 тоот мэдэгдэл,
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 тоот захирамж,
  6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын     02-ны өдрийн 4-187/21175 тоот мэдэгдэл,
  7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын     03-ны өдрийн 41724 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулбар хувь,
  8. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,
  9. 2021 оны 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 08-ны өдрүүдийн Монгол шуудангийн баримт,
  10. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д-д гаргасан гомдол,
  11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Б.Д-д гаргасан гомдол,
  12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/2770 тоот гомдлын хариу.

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримтууд:

 

  1. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 564 тоот гүйцэтгэх хуудас,
  2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 тоот захирамж,
  3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2019/06820 тоот захирамж,
  4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын      12-ны өдрийн 4/14181 тоот албан бичиг,
  5. Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын     18-ны өдрийн 565 тоот албан бичиг,
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл,
  8. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд,
  9. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
  10. Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд,
  11. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл,
  12. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Г.О-аас гаргасан үнийн санал,
  13. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Л.Бат-Очирын хүсэлт,
  14. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл,
  15. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,
  16. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Л.Б-ын хүсэлт,
  17. Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол,
  18. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлүүд,
  19. Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг,
  20. Г.О-аас гаргасан баталгаа,
  21. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд,
  22. Зарлан дуудах мэдэгдэлүүд,
  23. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт,
  24. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-187/14513 тоот үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг,
  25. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Г.О-ын үнийн санал,
  26. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлт,
  27. Шинжээч томилох тухай тогтоол,
  28. Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,
  29. А ХХК-ийн үнэлгээний тайлан,
  30. Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт,
  31. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-187/17078 тоот үнэлгээний мэдэгдэл,
  32. Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол,
  33. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-187/19627 тоот мэдэглэл,
  34. Шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл,
  35. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл,
  36. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  1. М ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/39 тоот албан бичиг, хавсралтын хамт.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О-аас хариуцагч НШШГГ-т холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 тоот захирамжаар Б.Т-ийн нэхэмжлэлтэй Г.О-ад холбогдох 103,545,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, уг 101/ШШ2019/00682 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжилсэн 103,545,000.00 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч нь 545,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.О 103,000,000.00 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх, тийнхүү төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягт орших 45.8 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар зохигчид эвлэрсэн байна.

 

Гэвч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.О уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 101/ГХ2019/00564 тоот гүйцэтгэх хуудсыг олгосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгчөөс 103,000,000.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг явуулсан байна .

 

Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах тухай арга хэмжээ болох төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгөтэй эсэх талаарх лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн тухай холбогдох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй болно.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тийнхүү маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч Г.О-аас маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягт орших 45.8 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнийн талаар саналыг нь авахад тэрээр 150,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч Б.Т үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Үүнээс өмнө төлбөр авагч Б.Т-ийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/01/35 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хэдий ч төлбөр төлөгч Г.О нь төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20/05 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9/203 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар тухайн үл хөдлөх хөрөнгийг нийт 136,820,738.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, ийнхүү дүгнэлт гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.

 

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Ч.Ж нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн дүгнэлтийг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хорооллын нутаг дэвсгэрт худалдаж байгаа орон сууцны зах зээлийн үнийг бүрэн судлаагүй гэсэн байна.

 

Гэвч дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Г.О нь хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийн зах зээлийн ханшийг 136,820,738.00 төгрөгөөс “их байх ёстой” гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч тэрээр шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй.

 

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 136,820,738.00 төгрөг биш, харин 150,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэсэн тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй. Харин хариуцагч НШШГГ нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, түүнчлэн 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

  1. Мөн  нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр танилцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тийнхүү хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн 76.2-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан..............эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Г.О нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үнэлгээ хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягт орших 45.8 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар 107,500,000.00 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

 

Гэтэл тус дуудлага худалдаанд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.О оролцоогүй гэсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй хэдий ч хариуцагч НШШГГ нь анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах сар, өдөр, цагийн талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно” гэж, мөн 175 дугаар зүйлийн 175.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.О нь дээр дурдсан орон сууцны өмчлөгч болоод төлбөр төлөгч болохынхоо хувьд анхны болон хоёрдахь дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Дуудлага худалдаанд талуудаас гадна дараахь этгээд оролцож болно” гэж тодорхой зохицуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.О нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 2/48 дугаар байр, хаягт, мөн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 221 дүгээр байр, 173 тоот хаягт тус тус оршин суудаг талаар хариуцагч НШШГГт мэдэгдэж байжээ.

 

Тодруулбал, төлбөр төлөгчийн оршин суудаг эдгээр хаягууд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00682 тоот захирамж, шийдвэр гүйцэтгэгчтэй 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уулзсан тэмдэглэд тус тус тусгагдсан байгаагаас гадна хариуцагч нь эдгээр хаягаар төлбөр авагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг өгдөг байсан байна.

 

Гэтэл хариуцагч НШШГГ нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт товлогдсон анхны албан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч Г.О-ад Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягаар хүргүүлсэн боловч тэрээр гардаж аваагүй байна.

 

Учир нь, хэрэг хянан ажиллагааны явцад “М” ХК-иас ирүүлсэн баримтаар хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон анхны албан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягаар хүргүүлэхэд хүн байхгүй гэсэн шалтгаанаар буцсан боловч дуудлага худалдааны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин хүргүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С хүлээн авчээ.

 

Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчид анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдлийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 2/48 дугаар байр, хаяг, мөн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 221 дүгээр байр, хаягаар тус тус хүргүүлээгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” гэж, мөн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж, түүнчлэн 14.4-т ”Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж тус тус заажээ.

 

Гэвч хариуцагч НШШГГ нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт товлогдсон анхны албан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч Г.О-ад дуудан ирүүлж танилцуулаагүй, оршин суугаа газарт нь очиж биечлэн гардуулаагүй, баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагчийн оршин суудаг хаягаар хүргүүлээгүй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэдэг нь нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд энэ талаар мэдэгдэх зарчимтай холбоотой ба хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Г.О-ад 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдлийг биечлэн болон дуудан ирүүлж танилцуулдаг байсан боловч анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид танилцаагүй, гардуулаагүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Г.О-ын “хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон анхны албан дуудлага худалдааны талаар надад мэдэгдээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж зааснаар дуудлага худалдаанд оролцож, үнийн санал гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар тийнхүү дахин үнэлгээ тогтоолгох талаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараагаар шүүхэд хандаж болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А-д гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/724 тоот албан бичгээр татгалзсан хариу өгснийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/2770 тоот албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариуг үндэслэлтэй гэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар хуульд заасан журмын дагуу холбогдох гомдлыг гаргасан байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох хэсгийг хангахаас татгалзаж, анхны албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.О-ын гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 дугаар байр, хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 48.5 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааны тус орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2021/19579 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР